Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/03578/и |
Дугаар | 001/ХТ2021/01212 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/01212
2021 10 07 001/ХТ2021/01212
.........ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03383 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191 дүгээр магадлалтай,
.........ХХК-ийн нэхэмжлэлтэй
.........д холбогдох
Түрээсийн төлбөр, алданги, хохирол нийт 187,303,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баатарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай .........ХХК нь .........сургуультай харилцан тохиролцож тэдний хүсэлтийн дагуу 2018.04.09-ний өдөр Байр ашиглалтын гэрээг байгуулсан болно. Энэхүү гэрээний 2, 3, 10 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож байр ашиглалтын хугацаа болон төлбөрийг 2017.07.28-ны өдрөөс эхлэн 2018.06.27-ны өдөр хүртэл байхаар тохиролцсон. Мөн гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу байр ашиглалтын сарын төлбөр 9,711,780 төгрөг байхаар заасан. Хариуцагч нь тус компанийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөл хотхоны 5 давхар барилгын хоёр давхрыг бүхэлд нь подволын хамт буюу нийт 2100.19 м.кв талбайг 2017.07.25-ны өдрөөс эхлэн харилцан тохиролцсоны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байсан. Ийн ашиглах явцдаа .........сургууль, түүний удирдлагууд нь банкны зээл гармагц уг ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгөө худалдаж авна хэмээн бидэнтэй тохиролцсон боловч банкны зээлийн асуудал нь бүхэлдээ худлаа байсан болох нь сүүлд тодорхой болсон. Харин бид энэ хугацаанд тэдний үгэнд итгэн үйл ажиллагааг нь дэмжин байраа ашиглуулж, удаа дараагийн хүсэлтийнх нь дагуу байр ашиглалтын төлбөрийг авах хугацааг хойшлуулж ирсэн, гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлж байр ашиглалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Хариуцагч нь 2018.06.20-ны өдөр байр ашиглалтын төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн бөгөөд өөрөөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт байр ашиглалтын төлбөрөө төлөөгүй байна. Бидний зүгээс удаа дараа байр ашиглалтын төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч хариуцагч нь төлбөр төлж барагдуулах талаар ямар нэг арга хэмжээ авсангүй. Талууд хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу хариуцагч нь байрыг 2017.07.28-ны өдрөөс эхлэн 2018.06.27-ны өдөр хүртэл ашиглахаар заасан боловч хариуцагчийн хүсэлтийн дагуу байр чөлөөлөх хугацааг сунган 2018.08.31-ний өдөр хүртэл буюу нийт 13 сарын турш бид тус сургуульд байраа эзэмшүүлж, ашиглуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд заасны агуу 13 сарын байр ашиглалтын нийт төлбөр 126,253,140 төгрөг болно. Харин үүнээс тэдний төлсөн 10,000,000 төгрөгийг хасаад байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл 116,253,140 төгрөг болж байна. Мөн гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу байр ашиглалтын төлбөрийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр заасан. Тиймээс байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл 116,253,140 төгрөгийн 0.5 хувь нь 581,265,7 төгрөг ба үүнийг төлбөрийг төлж барагдуулж дууссан байх ёстой 2018.06.27-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 329 өдөрт үрүүлбэл 191,236,415,3 төгрөг болно. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар 50 хувиар тооцвол 58.126.570 төгрөгийн алданги гарч байна. Үүнийг үндсэн байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл дээрээ нэмж тооцвол нийт 174,349,710 төгрөг болно. Мөн хариуцагч нь дээрх хугацаанд байрыг ашиглах явцдаа эд хөрөнгүүдэд хохирол учруулж биет байдлын доголдолтой болгосон. Эдгээрийг дахин засаж сайжруулах, шинээр солих ажлын зардал нийт 12,923,930 төгрөг болно байна. Тэгэхээр энэхүү эд хөрөнгөд учруулсан хохирлын төлбөрийг байр ашиглалтын төлбөрийн үлдэгдэл, алданги дээр нэмж тооцвол нийт 187,303,640 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар байна. Иймд талууд хооронд байгуулсан Байр ашиглалтын гэрээний 2, 3, 10дугаар зүйлд заасныг, Иргэний хуулийн 288 дугаар зүйл, 289 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн манай .........ХХК-д хариуцагч .........сургуулиас нийт 187,303,640 төгрөгийг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд хэргийг харьяаллын дагуу шийдвэрлэх зүйтэй байдаг. Тус нэхэмжлэлийг Д.Оюундэлгэр миний оршин суух хаяг буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 412, 174 тоот гэх гэргийн хаягаар гаргажээ. Дээрх хаяг нь .........сургуулийн хаяг биш, харин хариуцах эрхгүй этгээд буюу Д.Оюундэлгэр миний гэрийн хаяг болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэх заасан байдаг. Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Иймд .........ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .........ХХК-тай 2018.04 дүгээр сард гэрээ байгуулсан. Гэхдээ үйл ажиллагаа эхлээд байраа үзүүлээд явж байх хугацаанд гэрээ хийсэн. .........ь 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай байгууллага юм. Иймээс үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд өөрсдийн гэсэн байртай болохоор байр хайхад Хаан банк ХХК-ийн ажилтан н.Билгүүндарийн санал болгосноор Дөл хотхоныг түрээсэлсэн. 2018.06.04-ний өдрөөс 2018.08.27-ны өдрийг хүртэл н.Наранбулаг гэх хүн түрээс төлөөгүй гэх үндэслэлээр хаалга түгжиж явсан. Ингээд манайхаас 40,000,000 төгрөг өгье, 20,000,000 төгрөгийг нь элсэлтээ авсны дараа өгье гээд лацадсан хаалгаа онгойлгож өгөхийг удаа дараа шаардсан бичиг явуулсан. 6 дугаар сараас 8 дугаар сар .........ийн элсэлт авдаг үе байсан. Нэхэмжлэгч талд тухайн үед төлбөр төлье гэхэд аваагүй байж одоо нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манайх байрны 1 давхрыг нь ашиглаж байсан боловч зоорины давхрыг нь огт ашиглаагүй. Мөн манай зүгээс байрыг засварлахад 7,000,000-10,000,000 төгрөгийн төсөв гарсан.Түүнээс ямар нэгэн доголдол үүсгээгүй. Бид Дөл хотхоны 1 давхар болон зоорины давхрыг худалдан авах зорилготой байсан. Гэтэл 1 сарын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр байрыг битүүмжилсэн үйлдэл нь анхнаасаа зохион байгуулалттай мэт харагдаж байна. Мөн манай .........ийн 10 гаруй багш Дөл хотхоны байранд нүүж орсон асуудал байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс жижиг шалтгааны улмаас байрнаас хөөж гаргаж, үйл ажиллагааг зогсоож, мөн 40,000,000-60,000,000 төгрөгийн асуудлыг 187,303,640 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Манайх удаа дараа 40,000,000 төгрөг өгье гэх албан бичиг явуулж байсан бөгөөд үүнийг нотлох баримтад хавсаргасан байгаа. Хаан банк ХХК-ийн зүгээс Дөл хотхоныг санал болгосон захирал н.Сэргэлэн, ажилтан н.Билгүүндарь нар нь сүүлдээ холбоогүй болсон. Бид Хаан банк ХХК-иас зээл гаргуулах байсан бөгөөд энэ талаар н.Билгүүндариас асуухад удаа дараа зээл удахгүй бүтнэ, яарах хэрэггүй, би гадаадад явж байна, дараа 7 хоногт уулзъя гэж мэйл илгээж байсан. Манай компанийн зүгээс .........ХХК-д зээл бүтвэл байрыг худалдаж авах талаар албан бичиг явуулж байсан. Ингээд бизнесийн үйл ажиллагаа зогссоны улмаас 18 ажилчин, 30 гаруй сурагчдын эрх ашиг хөндөгдөж байгаа тул манай компани өөрсдөө алдагдалд ороод байна. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн сар бүрийн түрээсийн төлбөр 9,711,780 төгрөгөөр тохиролцсон гэж байна. Гэхдээ анх Байр ашиглалтын гэрээ-г байгуулах явцад .........ХХК үнийг нэмсэн асуудал байгаа юм. Мөн 2 сарын хугацаатай манай байрыг түгжиж явсан нь 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан сургуулийн эрх ашгийг хөндөж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Иймээс нэхэмжилж буй 187,303,640 төгрөг нь манай байгууллагад хамааралгүй, үндэслэлгүй юм. Мөн манай компани зоорины давхрыг ашиглаж байгаагүй гэдгийг жижүүр мэдэж байгаа. Манай компани байрыг ашиглаж байх явцад паар задарч багш нар цэвэрлэж байсан бөгөөд анхнаасаа доголдолтой байсан юм. Манай зүгээс байр түрээсэлсэн гэдэгт маргахгүй. Нэхэмжлэгч талаас 40,000,000 төгрөг өгье гэхэд авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Хаалга лацдаж түгжсэн асуудал нь манай үйл ажиллагааг санаатай зогсоох гэсэн санаа байсан гэж харагдаж байна гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03383 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 227 дугаар зүйлийн 227.3 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан хариуцагч .........ь Боловсрол сургалтын байгууллагаас 121,036,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .........ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 66,266,665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,094,469 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.........ь” Боловсрол сургалтын байгууллагаас 763,134 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .........ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төр-Эрдэнэ хяналтын гомдолдоо: 2018.04.09-ний өдөр хийсэн гэрээ нь хууль зүйн шаардлага хангаагүй, нэг талын эрх ашгийг зөрчиж хийсэн гэрээ бөгөөд “.........ь” Боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, тус байгууллагын эрх ашгийг зөрчиж, хуулийн зүйл заалтыг үндэслээгүй гэрээ юм. Тус гэрээний үндсэн дээр маргасан талуудын эрх ашгийг шүүх адил тэгш шийдвэрлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.Тус байрыг анхнаасаа худалдах, худалдан авах зориулалтай байсан. Нэхэмжлэгч тал ч үүнийг мэдэж байсан. 2018.04.09-ний өдөр хийсэн “Байр ашиглалтын гэрээ” нэхэмжлэгч талын шахалтаар нэг талын хүсэл зориг зөрчигдөж хийсэн гэрээ юм. Хариуцагчийн зүгээс энэхүү магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. 2018.04.09-ний өдөр .........ХХК-тай “Байр ашиглалтын” гэрээ байгуулж, тус компаний өмчлөлд байдаг. Дөл хотхоны 1,2 давхар, подволын хамт талбай бүхий байрыг түрээсэлсэн. Бодит байдал дээр энэ байрыг анхнаасаа худалдан авах зорилгоор талууд тохиролцсон. Явцын дунд манай зүгээс банкны зээл хүлээгдэж байсан нь удааширсан учраас нөгөө тал “Байр ашиглалтын гэрээ”-г нөхөж байгуулахыг санал болгож байгуулсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн харилцаанд хамаарах юм. Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. Гэхдээ энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318.3-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул тус хуулийн 318.4-т заасны дагуу анхнаасаа хүчин төгөлдөр бус юм. Гэтэл анхан шатны шүүхээс уг шийдвэрийг хүчин төгөлдөр хэмээн үзэж дүгнэсэн төдийгүй тус гэрээг үндэслэн төлбөр гаргуулах болон, алданги ногдуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм..........ХХК-тай хийсэн гэрээгээр үйл ажиллагаа явуулахдаа 1,2 давхарын нийт 624,79 мкв талбайг ашигласны төлбөрийг 1мкв -ыг сарын 12,000 төгрөгөөр тооцож нийт 7,497,480 төгрөгөөр тооцож гэрээ хийсэн. Мөн подволын 369,05 мкв талбайг 1мкв талбайг сарын 6,000 төгрөгөөр нийт 2,214,300 төгрөгөөр тооцож бодсон байдаг. Манай ......... нь тус Дөл хотхоны байр ашиглах явцдаа подволын давхарыг огт ажиглаагүй. Сургуулийн үйл ажиллагаа подволын давхарт явагдах үндэслэл байхгүй. Тиймээс уг хэрэгт подвол ашигласны 1 сарын төлбөр болох 2,214,300 болон нийт 22,143,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна. Тухайлбал Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-т “Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ” гэж заасан байдаг. Тухайн подволь сургуулийн үйл ажиллагаа явуулах боломжгүй, зориулалтын бус газар учир подвольд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, ашиглах боломжгүй байсан учир Иргэний хуулийн 318.2-т заасан хуулийг зөрчсөн. Уг хэрэгт нотлох баримтыг үндэслээгүй, хэргийн үнэн зөвийг тогтоож шийдвэрлээгүй, хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж хуульчилсан байдаг. .........ХХК нь “Байр ашиглалтын гэрээний төлбөр, түүний алданги эд хөрөнгөд учруулсан хохирлын төлбөрт 187,303,640 /зуун наян долоон сая гурван зуун мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. .........сургууль 18 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн байгууллага. Гэвч .........ХХК-ийн үйлдлээс болж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан үйл ажиллагаа зогсож хохирсон. Тус компаний барилгыг ашиглаж байх хугацаанд 2018.06.04-ний өдрөөс хаалгаа түгжин гацаасаар манай орлогыг хаасан мөртлөө 187,303,640 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. 2019.12.02 өдрийн дугаар 101/ШШ2019/03383 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг шинжлэн судлаагүй, хэргийн нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 14 дугаар зүйлийн 14.2-т хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана. ......... нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Дөл хотхон 976 байранд оршин байрлах гэж шүүх дурдсан боловч хэргийг Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүх дээр шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж байна. Шийдвэр болон магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг нарийн судлаагүй, хэргийг шийдвэрлэхэд хэрэглэх ёстой Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т заасан зүйл заалтыг хэрэглээгүй. Тус хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давд заалдах шатны шүүхээс 2020.01.24-ний өдөр шийдвэрлэж, 191 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч .........ХХК нь хариуцагч .........д холбогдуулан түрээсийн төлбөр, алданги, хохиролд нийт 187,303,640 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй боловч татгалзлаа нотолж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 121,035,975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээжээ.
Хоёр шатны шүүх хэргийн харьяалалыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байна.
Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөл, хариуцагчийн үүргийн зөрчил, хариуцлагын асуудлаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1-д нийцсэн дүгнэлтийг хийсэн боловч анзын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийж чадаагүй байх тул залруулж, энэ үндэслэлээр алдангийг багасгаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Талууд үл хөдлөх хөрөнгө түрээслэхээр амаар харилцан тохирч, хожим нь 2018.04.09-ний өдөр гэрээг бичгээр байгуулж, .........ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дөл хотхоны 97б байрны 1, 2 давхар, подвалын хамт нийт 993,85 м.кв талбай бүхий байрыг ашиглуулах, .........д нь 1,2 давхрын нийт 624.79 м.кв талбайг ашигласны төлбөрийг 1 м.кв-ыг сарын 12,000 төгрөгөөр тооцож нийт 7,497,480 төгрөгөөр, харин подвалын 369.05 м.кв талбайг 1 м.кв-ыг сарын 6,000 төгрөгөөр нийт 2,214,300 төгрөгөөр тус тус тооцож, нийт 9,711,780 төгрөгийн төлбөрийг сар бүр төлөх, гэрээний хугацаа нь 2017.07.28-2018.06.27 хүртэл гэж харилцан тохиролцжээ.
Түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг зориулалтын дагуу сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах, үүний төлөө төлбөр төлөх талуудын тохиролцоо түрээсийн гэрээ бөгөөд уг хөрөнгө нь 5 давхар үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг тул улсын бүртгэлд бүртгүүлээгүй боловч түрээслэгч нь тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авч байгаа тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зөрчихгүй.
Гэрээ хүчин төгөлдөр тул талууд үүргээ харилцан биелүүлэх үүрэгтэй, хариуцагч нь гэрээний хугацаа буюу нийт 11 сарын түрээсийн төлбөр 106,829,580 төгрөгийг төлөхөөс 10,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 96,829,580 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Хариуцагч нь сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн, гэрээний 10-т зааснаар алданги төлөх үүрэгтэй боловч анзын талаарх гэрээг 2018.04.09-ний өдөр бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т “анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасны дагуу энэ үеэс эхлэн алданги төлөх үүрэг үүссэн гэж үзнэ. 2018.04.09-ний өдрөөс хойш хариуцагчийн биелүүлээгүй үүрэг 2 сарын түрээсийн төлбөр болох ба алдангийг хуульд заасан хязгаарын дотор буюу 9,711,780 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй байх ба энэ үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Нэхэмжлэлээс “түрээсийн зүйлийг гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгаснаас үүдэж гарсан засварын зардал 12,923,930 төгрөг”-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т “хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” гэж заасан зохицуулалтад нийцжээ.
Хариуцагч нь подвалыг ашиглаагүй гэж маргасан, энэ талаар гомдол гаргасан боловч подвал нь түрээсийн зүйлд хамаарсан болохыг гэрээнд тодорхой заасан, уг хөрөнгийг хүлээлгэн өгсөн тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй, хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 191 дүгээр магадлалын 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...121,036,975” гэснийг “...106,541,360” гэж, “...66,266,665” гэснийг “...80,762,280” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...763,134” гэснийг “...690,656” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 763,134 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ