Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2024/0663

 

  

 

 

 

 

 

 

Т.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч П.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Н

Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Гуравдагч этгээд Д.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Хот байгуулалт, хотын стандартын газраас “М констракшн” ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэн Т.Н миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тул тус зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0551 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Н

Хэргийн индекс: 128/2023/0957/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Н нь нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулж “Хот байгуулалт, хотын стандартын газраас “М констракшн” ХХК-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас иргэн Т.Н миний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн тул тус зөвшөөрлийн гэрчилгээг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0551 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн байна.

3. Нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч П.А нар давж заалдах гомдолдоо:

“...Үндэслэх хэсгийн 4.6-д “...гуравдагч этгээдийн барилга нь нэхэмжлэгчийн оршин суугаа байр, хотхоны гадна байрлах тул уг барилгажих талбай нь хороолол дундах газар гэж үзэхгүй”, 4.8-д “...иргэн Т.Н-аас санал авах шаардлагагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:

Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.1-т “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана”, 4.2-т “Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, 4.2.1-т “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад”, 4.3-т “Журмын 4.2-д заасан санал авах тохиолдолд, дараах байдлаар авна. 4.3.1 орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс”, 4.3.1.5-д “16 давхар барилгад 45 метр” гэж заасан.

Гуравдагч этгээд нь хуучин барилгыг нураагаад дахин шинэ барилга барьж байгаа бөгөөд энэ тохиолдолд барилгажаагүй талбайд тооцогдох ба нэхэмжлэгчийн оршин суух орон сууц болон гуравдагч этгээдийн барилгын дундах зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтын 1 дүгээр зүйлийн 1.2.44-т заасан хороолол тэмдгийг байрлуулсан байх тул орон сууцны хороолол дундах талбай мөн юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн орон сууцны эргэн тойрон тэр чигтээ орон сууцны хороолол байдаг тул хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах маягтыг ашиглан нэхэмжлэгчийн амьдардаг орон сууцны сууц өмчлөгчдөөс санал авах ёстой байсан учраас анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Үндэслэх хэсгийн 4.7-д “...Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД30-01-10/-н 4-р хавсралтын 12-р хүснэгтэд заасан хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилгын хувьд 20м байна гэсэнтэй нийцэж байгаа бол барилгын тууш /урт/ талуудын хоорондын зай хэмжээ 16 давхар 45м байх норматив хамаарахгүй юм” худал мэдээлэл бичиж, дүгнэлт хийсэн тухайд:

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэг дүгээр  хавсралтаар батлагдсан “Монгол Улсын барилгын норм ба дүрэм Орон сууцны барилгын зураг төсөл  төлөвлөлт /31-01-10/” баримт бичиг албан ёсны сайт дээр байсаар байтал шүүгч уг БНбД 31-01-10-г дурдсан атлаа 16 давхар барилгын хувьд 20м хэмээн уг баримт бичигт огт байхгүй худлаа мэдээлэл бичсэн. Шүүгчийн дурдаж буй норм, дүрмээр цонхтой хөндлөн талуудын хооронд “16 давхар бол 32м” гэж заасан бөгөөд уг норм, дүрэмд 20м гэдэг хэмжээ огт байхгүй.  

Мөн анхан шатны шүүгч нь нэхэмжлэгч талаас тухайн шүүх хурал болдог 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн орон сууц болон гуравдагч этгээдийн барилга хоорондын зай нь БНбД 31-01-10-г хангаж байгаа эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаад байхад хангаагүй атлаа өөрөө шууд шинжээч мэтээр барилгын тууш, хөндлөн талыг дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  байх хуулийн заалтыг зөрчжээ. 

Үндэслэх нь хэсгийн 4.4-т “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ХТХ2023/00-**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон, дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан баримт зэргийг үндэслэн Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр олгосон БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон” гэх үндэслэлийн тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох барилгын зөвшөөрлийн гэрчилгээ үндэслэсэн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТХ2023/00-**** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсанаар 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГБМЗХ2020/14-**** Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэл болсон доорх баримтууд нь хүчингүй болсон 2020 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэсэн байна. Үүнд: 1-р хавтаст хэргийн 122 дахь тал 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн УБЦТС Техникийн нөхцөл мөн 2020 оны ГБМЗХ2020/14-**** буюу өөр Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэсэн. 1-р хавтаст хэргийн 152 дахь тал өөр компанийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт. 1-р хавтаст хэргийн 188-189 дахь тал дахь гэнэтийн ослын даатгалын гэрээ нь нэхэмжлэгч Т.Н-ийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ. 1-р хавтаст хэргийн 62 дахь тал Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 551/**** дугаартай “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт”-д 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГБМЗХ2020/14-**** буюу өөр Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр хийсэн. 1-р хавтаст хэргийн 125-128 дахь тал 2022 оны 11-р сарын 08-ний өдрийн УБДС ТӨХК-ийн Техникийн нөхцөл мөн 2020 оны ГБМЗХ2020/14-**** буюу өөр Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэсэн. 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газрын “Барилга хоорондын зай хэмжээ, төлөвлөлтийн тухай” бичиг мөн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ГБМЗХ2020/14-**** буюу өөр Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэсэн. 

Нэгэнт хүчингүй болсон 2020 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэж гарсан дээрх баримтууд нь мөн адил хүчингүй төдийгүй шинээр Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа дээрх зураг төслийн магадлалын дүгнэлт, Техникийн нөхцөлийн, Мэргэжлийн хяналтын газрын бичгийг аваагүй байгаа нь БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус болохыг нотолж байна. Гэтэл шүүх шийдвэртээ эдгээр баримтыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон” гэж үзэх үндэслэлгүй болно. Мөн иргэний  (нэхэмжлэгчийн) гэнэтийн ослын даатгалын гэрээг үндэслэж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгодоггүй болохыг дурдах нь зүйтэй болов уу. 

Гуравдагч этгээд анхан шатны шүүгчийн “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж”-ийг огт биелүүлэхгүй байгаа тухайд:

Анхан шатны шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3933 дугаартай захирамжаар маргаан бүхий захиргааны акт болох БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний биелүүлэлгүй, барилгаа барьсаар байна. Асуудал үүсгэсэн хэвээр байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэх хуудас бичүүлж, гэрчилгээний биелэлтийг өнөөдрийг хүртэл түдгэлзүүлэх ажиллагаа огт хийхгүй байгаа.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0551 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, Барилгын тухай хуулийг үндэслэлтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Т.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч П.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Нэхэмжлэгч нь орон сууцны эргэн тойрон тэр чигтээ орон сууцны хороолол байдаг тул хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах маягтыг ашиглан нэхэмжлэгчийн амьдардаг орон сууцны сууц өмчлөгчдөөс санал авах ёстой байсан, барилга хоорондын зай Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-10-01-10/-ийг зөрчсөн хэмээн маргажээ.

          3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд Д.Э нь Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Ойн * гудамж, * тоот хаягт байрлах 564 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2******* дугаартай газар, мөн *** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2******* дугаартай газар, *** тоот хаягт байрлах 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2******* дугаартай газрыг тус тус холимог ашиглалттай үйлчилгээний барилга барих хүсэлт гаргаснаар Нийслэлийн Ерөнхий архитектурын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ХТХ2023/00-**** дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгож, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 551/**** дугаартай “Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн БАЗГ2023/*** дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г тус тус олгожээ.

          4. Нэхэмжлэгч Т.Н-ийн оршин суугаа Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, *** дүгээр байр ертөнцийн зүгээр хойд зүгт байрлах ба гуравдагч этгээдийн барилгаас 21.72-22.16 метрийн зайтай байрлаж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан “Г” ХХК-ийн хэмжилт хийсэн зураг, шүүхийн хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байна.

          5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д “барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Барилгын ажлын зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох бөгөөд энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна”, 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, Зөвшөөрлийн тухай хуульд заасан хугацаагаар зөвшөөрөл олгоно” гэж тус тус заасан.

6. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн иргэн Д.Э-д өгсөн “Барилга хоорондын зай хэмжээ, төлөвлөлтийн тухай”  02-02/**** дугаар албан бичгээс үзвэл “...Тус төлөвлөж буй барилга нь ... Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дүгээр хавсралтад гал тэсвэршилтийн l, ll зэрэгтэй орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зай хэмжээ болон тус норм ба дүрмийн 2 дугаар зүйлийн 2.11 дэх заалтыг хангаж байна” гэжээ.    

7. Үүнээс үзвэл “...Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 31-10-01-10/-ийг хангаж байгаа эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргахад анхан шатны шүүх шинжээч мэтээр барилгын тууш, хөндлөн талыг дүгнэсэн хууль зөрчсөн...”  гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. 

8. Түүнчлэн нэхэмжлэгчийн “...барилга хоорондын зай ойртсоноос орон сууцанд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлгүй, барилгын ажлын зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөв дүгнэсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч П.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0551 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Н, түүний өмгөөлөгч П.А нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                              Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА