Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/480

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

-улсын яллагчаар Ц.Сонинмөнх,

-шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2234005440497 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх П.Н
  2. Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цагдаа-жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, цэргийн байнгын тэтгэвэртэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх У.Э
  3. Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Ж.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Төстэй 2 дугаар багийн нутаг орон нутгийн тусгай хэрэгцээний “Өлийн даваа” гэх газарт Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Түр хяналтын цэг /пост/ байгуулж алба хаагчдыг ажиллуулах тухай” А/93 дугаар тушаалын дагуу 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Балжиннямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хамгаалалтын бүс рүү нэвтэрч алтны агууламжтай чулуу авч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч П.Н нь: “Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч У.Э нь: “Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Ж.Б нь: “Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Төв аймгийн Заамар сумын Төстэй 2 дугаар багийн нутаг орон нутгийн тусгай хэрэгцээний “Өлийн даваа” гэх газарт Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Түр хяналтын цэг /пост/ байгуулж алба хаагчдыг ажиллуулах тухай” А/93 дугаар тушаалын дагуу 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тус аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Балжиннямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хамгаалалтын бүс рүү нэвтэрч алтны агууламжтай чулуу авч өөрсддөө давуу байдал бий болгох зорилгоор 4.000.000 төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 57, 60-63 тал/,
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 64 тал/,
  • Гэрч Б.Балжиннямын мэдүүлэг /1-р хх-ийн 115-116 тал/,
  • Шүүгдэгч П.Нын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 118-119 тал/,
  • Шүүгдэгч У.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 тал/,
  • Шүүгдэгч Ж.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125 тал/,
  • Гэрч Д.Гантулгын мэдүүлэг /1-р хх-ийн 127-128 тал/,
  • Гэрч А.Анхбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 тал/,
  • Гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 тал/,
  • Гэрч Н.Майбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 136-137 тал/,
  • Гэрч Н.Мөнхбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 тал/,
  • Гэрч Ц.Батсайханы мэдүүлэг /-р хх-ийн 142-143 тал/,
  • Гэрч А.Одонхүүгийн мэдүүлэг /1-р хх-ийн 145-147 тал/,
  • Гэрч С.Болдбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 150-152 тал/,
  • Гэрч Г.Тэмүүжингийн мэдүүлэг /1-р хх-ийн 156-158 тал/,
  • Шүүгдэгч Д.Намжилын яллагдагч өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 183-184 тал/,
  • Шүүгдэгч У.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 193-194 тал/,
  • Шүүгдэгч Ж.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 203-204 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нар нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 217-219 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 227 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 234-235 тал/ 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч П.Н, У.Э, Ж.Б нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 217-219 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн 3 дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Авилгатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа / яллах дүгнэлтэнд дурьдагдснаар / эд мөрийн баримтаар хураан авсан 195 /нэг зуун ерэн тав/ ширхэг 20.000 /хорин  мянга/ төгрөгийн дэвсгэрт буюу нийт 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 2234005440497 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөхийг завдсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарт шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх        тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Наас хурааж авсан Авилгатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх 195 /нэг зуун ерэн тав/ ширхэг 20.000 /хорин мянга/ төгрөгийн дэвгэрт буюу нийт 3.900.000 /гурван саян есөн зуун мянга/ төгрөгийг хурааж улсын орлого болгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн 2234005440497 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч П.Н, У.Э, Ж.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА