Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/434

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,

Улсын яллагч Ц.Сонинмөнх,

Шинжээч Ц.Түвшинцэнгэл /онлайн/

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн, Н.Болорцэцэг, Ц.Мөнхтулга

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Гд холбогдох эрүүгийн 2134000000177 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19788оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжин хөндий” гэх газарт замд таарсан гэх шар өнгийн ковшны жолоочид 500.000 төгрөг өгч 144м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, алтны агууламжтай шороог “17-65 УБЗ” улсын дугаартай “Хово” маркийн, “72-73 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдээр ачуулж, байгаль орчинд 1.517.258 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Г.Г нь: “2021 оны 5 дугаар сард цементийн үйлдвэрт ажил хийхээр очсон. Тухайн үед цаг агаар сайнгүй, цас бороотой байсан тул гэртээ харих гээд зогсож байтал хажуугаар том том машин тэргүүд явсан. Тэгэхээр нь нэг машиныг зогсоогоод энд юу болоод байгаа юм бэ? гэж асуухад тухайн жолооч энд шороо ачиж байгаа гэхээр нь гэртээ хоосон очиж байхаар гээд үйл ажиллагаа явуулж байсан газарт нь очсон. Тэгтэл шар өнгийн ковшоор шороо ачиж байсан.Тэгэхээр нь түлшний 500.000 төгрөг өгсөн. Маргааш нь хашаандаа байж байтал цагдаа нар ирээд бариад явсан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэн нь: “Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаль орчны нөхөн сэргээлтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр оролцож байна. Тухайн газар одоогоор үйл ажиллагаа явагдахгүй байгаа. 2021 оны намар үйл ажиллагааг таслан зогсоож, хамгаалалтын байгууллагатай гэрээ хийж хамгаалалтанд авсан. Би өөрөө Байгаль орчны байцаагчийн ажлаа хавсран хийдэг гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулга нь: “2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр машинаа 120.000.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Тухайн үед эхнэрийнх нь данс руу мөнгийг хувааж хийсэн” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Болорцэцэг нь: “Зээлийн үлдэгдлийг хугацаанд нь төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Шинжээч Ц.Түвшинцэнгэл нь: “Хөрсөнд учирсан байгаль орчны үнэлгээтэй холбоотой асуудлыг тооцох аргачлалууд байдаг. Талбайн араас тодорхой хэмжээний дээж авч, шинжилгээнд шинжлүүлж, хөрсөнд учирсан хохирлыг тооцож гаргадаг. Хөрсөнд учирсан хохирлыг тооцохдоо холбогдох салбарын сайдын тушаалд үндэслэдэг. Үүнд: Коэффициент болон холбогдох заалтад үндэслэдэг...Хөрөнгийн үнэлгээг 2 үндэслэлээр хийсэн. Иргэн, аж ахуйн нэгжийн гэрээ болон төрийн эрх бүхий албан тушаалтны шийдвэр тогтоолоор хийдэг. Үүнийг Төв аймгийн Цагдаагийн газраас шинжээч томилох тогтоолын дагуу хийж гүйцэтгэсэн. Бид нар талбайн хэмжээг нь 144 м.кв гэсэн дүгнэлт гаргаж тогтоосон. Хэдийгээр ухагдаагүй талбай байгаа боловч тухайн талбай дээр дээж авч судлахад хөрсний үржил, шим алдагдсан. Өөрөөр хэлбэл, ухсан талбай болон ухагдаагүй талбайд дүгнэлт хийж нийлбэр дүнг гаргасан.... Тухайн газар, орон байршил, ерөнхий мэдээллийг авч, түүн дээр судалгаа шинжилгээ хийдэг. Ерөнхий байцаагч мөрдөн шалгах ажиллагааны явцад таамаг мэдээлэл өгдөг. Харин бид нар үүн дээр нарийвчилсан хэмжилт, хийж түүнийг зургаар баримтжуулж, шинжээчийн дүгнэлтэд тусгадаг. Мөрдөгчийн анхны тодорхойлолтод үндэслэгдэж явагддаггүй...Хөрс эвдэх сүйтгэхтэй холбоотой асуудлаар зөвхөн хөрс нь гэмтээд, хэвлий нь гэмтээгүй нь гэж үзэх үндэслэл байхгүй...Байгаль, эх дэлхийтэй холбоотой нөөц баялгийг холбогдох дүрмийн дагуу зүй бусаар ашигласан. Ингэхдээ газрын хөрс болон хэвлийд тодорхой хэмжээний хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргасан” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134000000462 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Г.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжин хөндий” гэх газарт замд таарсан гэх шар өнгийн ковшны жолоочид 500.000 төгрөг өгч 144м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, алтны агууламжтай шороог “17-65 УБЗ” улсын дугаартай “Хово” маркийн, “72-73 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдээр ачуулж, байгаль орчинд 1.517.258 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 6 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-14 тал/,

-Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-21 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 22-23 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн “...Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчны тухай хуулийн дагуу гурав нугалуулан гаргуулж авах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31 тал/,

-Гэрч Т.Гүррагчаагийн “...Миний хувьд Г.Г гэдэг хүний машиныг жолоодож цалинждаг хүн бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргээс Г.Г цагаан өнгийн “72-73 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн машинаа бариад би Улаан өнгийн “17-65 УБЗ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Мөнхийн бас гал” ХХК-ийн шохойны ачаанд явахаар очсон чинь гэнэт Г.Г өөр тийшээ явна гээд дагуулаад явсан. Тэгтэл хаана гэдгийг нь бол мэдэхгүй, нинжа нар байгаа газар очоод жижиг шар ковшоор шороо ачаад буцаад налайх орсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/,

-Шүүгдэгч Г.Гын гэрчээр өгсөн “...Миний хувьд өөрөө 2 ширхэг Хово маркийн машиныг банзнаас зээл авч авсан бөгөөд уг машинаараа тээвэрт явж мөнгө олдог юм. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн баян гал” ХХК-ийн шохойн тээвэр хийх гэж очсон чинь цас ороод явах боломжгүй бйахаар нь буцах гэсэн чинь тэнд тээвэрт явж байсан хүмүүс зам дагуу ойрхон шорооны алт гарч байгаа гэж сонсоод мөнгө олчих санаатай хоёр машинаа аваад уг газрыг олж очоод тэндээ нэг жижиг ковш маркийн хоёр техник ажиллаж байхаар нь гуйж байгаад 500.000 төгрөг өгөөд хүмүүсийн ухаж байсан газрын хажуу талаас нь уг жижиг ковш маркийн техникээр хоёр машиндаа тэвшээр нь цацуулаад ачуулж аваад буцаад шөнөдөө Налайх дүүрэг рүү явсан юм. Налайхад өөрийнхөө буюу 7 дугаар хороо Бадралын 17-1 тоотод хашаанд оруулж тавих гэтэл улаан өнгийн хово маркийн тээврийн хэрэгслийн түлшний хөөх нь эвдрээд арай чүү оруулаад өдөр 16 цагийн орчим Сэргэлэн сумын цагдаа ирээд шорооны талаар асуухаар нь үнэнээ хэлсэн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/103 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 40-57 тал/,

-2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №01 дугаартай шинжээч С.Эрдэнэцогтын шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 62-64 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Н.Болорцэцэгийн “...Хэрэв хууль шүүхийн байгууллагаас тээврийн хэрэгслийг  улсын орлого болгосон тохиолдолд уг тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлөлтийг буруутай этгээдээс гаргуулж авна . Одоогийн байдлаар зээл хэвийн төлөлттэй явж байгаа бөгөөд зээлийн төлөлт 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ямар нэгэн асуудалгүй төлөгдсөн тохиолдолд уг тээврийн хэрэгслийг буцаагаад эзэмшигч Г.Гд буцаагаад өгнө...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-144 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл шинжилгээнд тэнцэж байна, шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл алтнны металл мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл мөнгө-/Ag-4.0%/, алт-/Au-85.3%/, зэс-/Cu-0.6%/, төмөр-/Fe-6.0%/, хар тугалга-/Pg-3.8%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна. Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл 38.8 грамм /гялгар ууттай хэмжсэн үр дүн/ масстай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 174-148 тал/,

-“Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгэр сарын 21-ний өдрийн №Т22-10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 151-179 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын “...72-73 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгслийг фэйсбүүкийн зарын дагуу 2022 оны 02 дугаар сарын сүүлээр буюу цагаан сарын сүүлээр зарна гэх зар байрлагдсаны дагуу 2022 оны 03 дугаар сард уулзаж ярилцахаар болоод Г.Г гэх хүнтэй Налай дүүрэгт байдаг хашаанд нь очиж уулзаад худалдан авахаар тохиролцоод машин нь өөрөө банк бустай байгаа гэж байсан бөгөөд нийт 120.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож би өөрөө өөрийнхөө “Harrier” маркийн “48-72УБА” улсын дугаартай тээврийн хэрэгслийг 38.000.000 төгрөгөөр бодож үнэлээд үлдсэн мөнгийг нь би банк бусад барьцаанд тавьж бэлнээр нь өгсөн байгаа. Тухайн үлдэгдэл мөнгийг н.Батцэцэг гэдэг байсан эхнэрийнх нь дансаар  шилжүүлж өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 226-228 тал/,

-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 07/228 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 240-244 тал/, шүүгдэгч Г.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжин хөндий” гэх газарт замд таарсан гэх шар өнгийн ковшны жолоочид 500.000 төгрөг өгч 144м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, алтны агууламжтай шороог “17-65 УБЗ” улсын дугаартай “Хово” маркийн, “72-73 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдээр ачуулж, байгаль орчинд 1.517.258 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Г нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг. Шүүгдэгч Г.Гын Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжин хөндий” гэх газарт замд таарсан гэх шар өнгийн ковшны жолоочид 500.000 төгрөг өгч 144м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Гыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “гэмт хэргийн шинжид хамаарахгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ...газар нутгийн хувьд өөр нэршилтэй байна ” гэж маргаж мэтгэлцдэг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 147-150 тал/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын №Т22-10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 151-179 тал/, “Эм Жэй Жэй ЭМ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 07/103 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 40-57 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-14 тал/,  шинжээч Ц.Түвшинцэнгэлийн “...Бид нар талбай нь хэмжээг нь 144 м.кв гэсэн дүгнэлт гаргаж тогтоосон. Хэдийгээр ухагдаагүй талбай байгаа боловч тухайн талбай дээр дээж авч судлахад хөрсний үржил, шим алдагдсан. Өөрөөр хэлбэл, ухсан талбай болон ухагдаагүй талбайд дүгнэлт хийж нийлбэр дүнг гаргасан. Хэвлий бүрэн хэмжээнд бус тодорхой хэмжээгээр сүйтгэгдсэн.. Хөрс эвдэх сүйтгэхтэй холбоотой асуудлаар зөвхөн хөрс нь гэмтээд, хэвлий нь гэмтээгүй нь гэж үзэх үндэслэл байхгүй....” мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Г.Г нь тусгай зөвшөөрөлгүйгээр Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжин хөндий” гэх газар ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, шүүгдэгч Г.Гын 17-65 УБЗ” улсын дугаартай “Хово” маркийн, “72-73 УНЦ” улсын дугаартай “Синотрак” маркийн тээврийн хэрэгслүүдээр ачуулж явсан алтны агууламжтай шорооноос 38.4 грамм шаргал өнгийн металл гарсан байдал, эрүүл байсан газрын хөрсийг гэмтээж байгаль орчинд хохирол учруулж,  газар ашигт малтмалын олборлолт явуулсан гэж үзэх  үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь “газар нутгийн хувьд хоёр өөр нэршилтэй байна” гэх боловч Эрүүгийн 2134000000177 дугаартай хавтаст хэрэгт авагдсан “хэргийн газрын үзлэг дээрх шүүгдэгч Г.Гын тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газрыг заан үзүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8 тал/, газрын координатыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн “Сүүжийн хөндий, Ар цагаан гэх газрууд нь ерөнхийдөө нэг газрыг хэлж байгаа” гэх мэдүүлгээр Төв аймгийн Сэргэлэн сум, авдар 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Арцагаан”, “Сүүжийн хөндий” гэх газрын нэршлүүд нь нэг газар байна гэж  үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Ц.Сонинмөнхөөс: “...Шүүгдэгч Г.Гд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  ” ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “ Миний үйлчлүүлэгч эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн. Байгаль орчинд учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал зэргийг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч гэм буруу болон үйлдэл дээрээ маргахгүй байгаа. Тиймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү, эсвэл тэнсэж өгнө үү “ гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Г.Гын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ хорих ял оногдуулахгүйгээр тэнжсэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй .

Учир нь шүүгдэгч Г.Г нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ч гэм бруугийн талаар мэтгэж маргалдсан гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах боломжгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хасаж, түүний торгох ялыг 5.985.0 /таван сая есөн зуун наян таван / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.985.000 /таван сая есөн зуун наян таван мянган / төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад ял шалгах хуудсаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Г.Гын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид буюу хөрсөнд 1.517.258 төгрөгийн хохирол, ургамалд 24.858 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дугаар хэсгийн 5-2-т “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу нийт 4.676.064 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 518.400 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээч С.Эрдэнэцогтын шинжээчийн зардал 437.481 төгрөг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн зардал 3.200.000 төгрөг нийт 8.831.945 /найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийн гаргуулахаар шийдвэрлсэнийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан. Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Г.Г нь экологи эдийн засгийн хохирол нөхөн төлбөр болон нөхөн сэргээлтийн ажлын зардал, шинжээчийн зардал нийт нийт 8.831.945 /найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлтийг үндэслэн мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн хугацаагаар завсарлуулж хохирлыг бүрэн төлсөн байна. Иймд энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

            Шүүгдэгч Г.Г нь Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд “ зээлийн төлөлт хэвийн явагдаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Н.Болорцэцэг мэдүүлдэг.

            Шүүгдэгч Г.Г нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт “ нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй “ гэсэн тул энэ тогтоолоор гаргуулахаар хохиролгүй байна.

 

Эрүүгийн 2134000000177  дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсонг, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял 11 оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Транс Капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “Хово” маркийн “17-65 УБЗ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 49.626.700 /дөчин есөн сая зургаан зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөг, Н.Эрдэнэцогтын нэр дээр бүртгэлтэй “Sinotruck” маркийн “72-73 УНЦ” улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 82.600.000 /наян хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг нийт 132.226.700 /нэг зуун гучин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч Г.Гас гаргуулж улсын орлого болгож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт хураагдан ирсэн 38.4 грамм /гялгар ууттай дүн/ шаргал өнгийн металл /алт/-ыг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Гыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт яуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хасаж, түүний торгох ялыг 5.985 /таван мянга есөн зуун наян тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.985.000 /таван сая есөн зуун наян таван/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд оногдуулсан 5.985.0 /таван сая есөн зуун наян тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.985.000 /таван сая есөн зуун наян таван/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Howo Sinotruck” маркийн “72-73 УНЦ” улсын дугаартай хэрэгслийн үнэлгээ болох 82.600.000 төгрөг, “Howo Sinotruck” маркийн “17-65 УБЗ” улсын дугаартай хэрэгслийн үнэлгээ болох 49.626.700 төгрөг, нийт 132.226.700 /нэг зуун гучин хоёр сая хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн 2134000000177 дугаартай хэрэгт хураагдан ирсэн 38.4 грамм /гялгар ууттай дүн/ шаргал өнгийн металл /алт/-ыг улсын орлого болгуулахаар харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт 1 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Транскапитал Банк Бус Санхүүгийн Байгууллага нь зээлийн гэрээний талаархи нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА