Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 709

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.*******, нэхэмжлэгч С.Бу-, хариуцагч Л.Чо- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.Бу-ын нэхэмжлэлтэй Л.Чо-т холбогдох *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо-ыг гаргуулах, хэрэв үнэмлэхийг маань үрэгдүүлсэн бол 45 хоногийн курсын төлбөр 150.000 төгрөг, миний E салоноо ажиллуулж олох ёстой байсан орлого болох 109.000.000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Бу- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бу- би 2010 оны 10 сард Улаанбаатар хотод E гоо сайханы салоны гоо сайханчийн 45 хоногийн сургалтанд 150.000 төгрөгийн төлбөртэйгөөр хамрагдан гоо сайханч мэргэжлийн үнэмлэх авч 2010 оны 12 сарын 15-наас эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ы байранд E гоо сайханы салоныг бие даан ажиллуулж эхэлсэн.

Ийнхүү салоноо удирдан ажилуулж байгаад түр амраад ирэх хойгуур буюу 2011 оны оны 07 сард Л.Чо- нь миний ажлын байранд хууль бусаар нэвтрэн орж, миний гоо сайханы бүх тоног төхөөрөмжийг ачаад явсан ба ийнхүү ачиж явахдаа ажлын ширээний нүдэнд байсан миний гоо сайханы мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ромбо зэрэг миний чухал бичиг баримтуудыг хамт ачаад явсан байсан. Л.Чо- нь миний нөхөр байсан бөгөөд тухайн үед тусдаа амьдарч байсан. Үүнээс хойш бид 2013-2016 оны хооронд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчөөс ногдох хэсгийг гаргуулах тухай асуудлаар шүүхээр явж, шүүхийн шийдвэр Л.Чо-ын талд гарсан. Харин гоо сайханы салонтой холбоотой асуудлаар шүүхэд хандаагүй. Мөн 2011 оноос хойш Л.Чо-аас өөрийн гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх, Монгол улсын их сургуулийн Завхан сургуулийн ромбо зэргийг өг гэж удаа дараа шаардаж байсан боловч аваагүй гэж мэлздэг. Ингээд би мэргэжлийн үнэмлэх байхгүй учраас 2011 оноос өнөөг хүртэл гоо сайханы салоноо ажилуулж чадахгүй байгаа бөгөөд уг мэргэжлээрээ өөр бусад салонд ч ажиллаж чадахгүй байна. Өөр салонд ажиллах гэхээр хяналт шалгалж ирж, үнэмлэхгүй хүн ажиллуулж болохгүй гээд ажлаасаа гардаг.

Мөн би уг салоноо ажиллуулж байхдаа өдөрт багадаа 200.000 төгрөгийн орлогтой байсан бөгөөд 2011 оноос хойш дээрх шалтгааны улмаас үйл ажиллагаагаа явуулж чадаагүй маш их хохирч байна. Гэсэн ч би олох ёстой байсан орлогоо Л.Чо-аас 2011 оноос хойш нэхэмжлэхгүйгээр, 2016 оны 09 сараас эхлэн 2018 оны 07 сарыг дуустал хугацааны орлогыг нэхэмжилж байна. 2016 оны 09 сараас 2018 оны 07 сарыг дуусталх 21 сарын орлогыг өдрийн 200.000 төгрөгөөр тооцон нэг сарын ажлын хоногийг 26 хоног гэж тооцвол 109.200.000 төгрөг болж байна.

Иймд Л.Чо-аас С.Бу- миний гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбыг гаруулах хэрэв үнэмлэхийг маань үргэдүүлсэн бол 45 хоногийн курсын төлбөр 150.000 төгрөгийг гаргуулах, E салоноо ажилуулж олох ёстой байсан орлого болох 109,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Чо- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Бу-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Гоо сайханы үнэмлэх, ромбо намайг авснаас болж гоо сайханы салоноо ажиллуулах боломжгүй болж хохирсон гэж үндэслэлгүйгээр ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Манайх гоо сайханы салон ажиллуулж байхдаа миний төрсөн эгч Л.*******гийн гоо сайханы тоног төхөөрөмжийг түрээслэн ажиллуулдаг байсан. Тэр хүн өөрийнхөө тоног төхөөрөмжийг авсан. С.Бу- нь иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтаа түрийвчиндээ хийн байнга биедээ авч явдаг байсан болохоор өөрөө авч явсан. 2011 оноос хойш одоог хүртэл гоо сайханы салоноо ажиллуулж чадахгүй хохирч байна гэжээ .Удаа дараагийн шүүхээр гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд С.Бу- нь гоо сайханы салоноо ажиллуулдаг ажилтай, орлоготой гэж бичсэн байдаг. Гоо сайханы салон ажиллуулдаг нь нотлогдсон ч хэдэн төгрөгийн орлоготой ажилладагаа нотолж чадаагүй. 2016 оны 05 сарын 10-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр С.Бу- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Завхан аймагт ******* гэх гоо сайханы салон хувиаараа ажиллуулдаг бөгөөд сардаа 500.000-600.000 төгрөгний цэвэр орлоготой байдаг. Энэ жил үүнээс арай доогуур байгаа гэж хэлсэн нь гоо сайханы салоныг зохих зөвшөөрлийн дагуу гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэхийг үндэслэн ажиллуулдаг нь нотлогдож байгаа бөгөөд гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх өөрт нь байгаа нь үүнээс тодорхой харагдаж байгаа. МУИС-ийн Завхан сургуулийг төгссөн диплом, ромбо 2 нь хамт байдаг байсан. Диплом нь өөрт нь байгаа болохоор ромбо нь хамт байгаа. Иймд С.Бу-ын гаргасан нэхэмжлэл үндлэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч С.Бу- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Бу- би 2010 оны 10-р сард Улаанбаатар хотод E гоо сайхны салоны *******ийн 45 хоногийн сургалтанд 150.000 төгрөгийн төлбөртэйгээр хамрагдан, гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх авч, 2010 оны 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ы байранд E гоо сайхны салоныш бие даан ажиллуулж эхэлсэн. Ийнхүү салонаа удирдан ажиллуулж байгаад түр амраад ирэх хойгуур буюу 2011 оны 07-р сард Л.Чо- нь миний ажлын байранд хууль бусаар нэвтэрч миний гоо сайхны бүх тоног төхөөрөмжийг ачаад явсан ба ийнхүү ачиж явахдаа ажлын ширээний нүдэнд байсан миний гоо сайхны мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ромбо зэрэг миний чухал бичиг баримтуудыг хамт ачаад явсан байсан. Л.Чо- нь миний нөхөр байсан бөгөөд тухайн үед бид тусдаа амьдарч байсан. Үүнээс хойш бид 2013-2016 оны хооронд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчөөс ноогдох хэсгийг гаргуулах тухай асуудлаар шүүхээр явж, шүүхийн бүх шийдвэр Л.Чо-ын талд гарсан. Харин гоо сайхны салонтай холбоотой асуудлаар шүүхэд хандаагүй. Мөн 2011 оноос хойш би Л.Чо-аас өөрийн гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо зэргийг өг гэж удаа дараа шаардсан боловч Л.Чо- нь аваагүй гэж мэлздэг. Ингээд би мэргэжлийн үнэмлэх байхгүй учраас 2011 оноос хойш өнөөг хүртэл гоо сайхны салонаа ажиллуулж чадахгүй байгаа бөгөөд уг мэргэжлээрээ өөр бусад салонд ч ажиллаж чадахгүй байна. Өөр салонд ажиллах гэхээр хяналт шалгалт ирж үнэмлэхгүй хүн ажиллуулж болохгүй гээд ажлаасаа гардаг. Мөн би уг салоноо ажиллуулж байхдаа өдөрт багадаа 200.000 төгрөгийн орлоготой байсан бөгөөд 2011 оноос хойш дээрх шалтгааны улмаас үйл ажиллагаагаа явуулж чадаагүй улмаас маш их хохирч байна. Гэсэн ч би олох ёстой байсан орлогоо Л.Чо-аас 2016 оны 09-р сараас эхлэн 2018 оны 07-р сарыг дуустал хугацааны олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байна. 2016 оны 09-р сараас 2018 оны 07-р сарыг дуустал 21 сарын орлогыг өдрийн 200.000 төгрөгөөр тооцон 1 сарын ажлын хоногийг 26 гэж тооцвол 109.200.000 төгрөг болж байна. Иймд би Л.Чо-аас С.Бу- миний гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо гаргуулах, хэрэв үнэмлэхийг маань үрэгдүүлсэн бол 45 хоногийн курсийн төлбөр 150.000 төгрөгийг гаргуулах, миний E салоноо ажиллуулж олох ёстой байсан орлого болох 109.200.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Л.Чо- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ үсчин гоо сайхны салон ажиллуулдаг байсан гэж ярьсан. Манайх үсчин гоо сайхны салон ажиллуулдаг байсан нь үнэн. Гэхдээ тухайн гоо сайхны салон миний төрсөн эгч болох *******гийн өмчийн салон байсан. Тэр салон үсчин, гоо сайхны салон байсан учраас эхний ээлжинд үсчиний салоныг нь үсчинд түрээслүүлээд түрээсийнхээ мөнгийг ******* эгчид өгөхөөр, гоо сайхны салоныг ер нь худалдаж авах зорилготойгоор үйл ажиллагаа нь жигдэртэл зээлээр авъя, дараа нь мөнгийг нь өгье гэдэг байдлаар ******* эгчтэй тохиролцоод гоо сайхны салоных нь тоног төхөөрөмжийг авч манайх гоо сайхны салон ажиллуулж байсан. Энэ салоныг манайх худалдаж аваагүй. Энэ талаар Бу- шүүхэд ...гоо сайхны салоныг худалдаж авахаар тохиролцсон байсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед 2010 онд манайх үсчин, гоо сайхны салоныг ажиллуулж байгаад 2011 оны 06-р сард гэр бүлийн маргаанаас болоод гэр бүл салсан. Тухайн үед Наранцэцэг гэдэг хүний байрыг түрээслэж гоо сайхны салоноо ажиллуулдаг байсан. Тэгтэл 1 сар гаран Бу- гоо сайхны салоноо ажиллуулахгүй алга болоод Наранцэцэг надруу утасдаад ...Эхнэр чинь хааяа нэг ирээд юмаа авах юм. Түрээсийн мөнгөө өгөөч, ажиллуулах юм уу? ажиллуулахгүй юм уу? гээд эхнэрээс чинь асуухаар надад хамаагүй гээд байна. Тийм учраас би эхний ээлжинд түрээсээ авья, хоёрдугаарт манай байрыг суллаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би 1 сарын түрээсийн мөнгийг нь өгөөд ах дүү нартайгаа хамт очоод тухайн гоо сайхны салоны тоног төхөөрөмжүүдийг ачиж авчраад ******* эгч байхгүй байсан учраас охин *******д нь хүлээлгэж өгсөн. Одоо хүртэл тоног төхөөрөмжүүд нь Оюу-Эрдэнийн гражид нь хадгалаастай байдаг. Тухайн үед намайг гоо сайхны бүх тоног төхөөрөмжийг ачиж явахдаа ажлын ширээний нүдэнд байсан гоо сайхны мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ромбо зэрэг чухал бичиг баримтуудыг хамт ачаад явсан байсан учраас 2011 оноос хойш өнөөг хүртэл гоо сайхны салонаа ажиллуулж чадахгүй байна. Гоо сайхны салон ажиллуулж олох ёстой байсан орлого болох 109.200.000 төгрөг нэхэмжилж байна гэж байна. Тэгэхээр би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг ямар үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гоо сайхны салоны тоног төхөөрөмжүүдийг би ачаад явсан нь үнэн боловч тухайн бичиг баримтууд нь ширээнийх нь нүдэнд байх ямар ч үндэслэл байхгүй. Яагаад гэвэл тийм чухал бичиг баримтуудыг тухайн хүн биедээ авч явах ёстой. Бичиг баримтуудаа хадгалж хамгаалж авч явах нь тухайн хувь хүний хариуцлага. Би тэрийг мэдэхгүй. Нэхэмжлэгч энэ нэхэмжлэлдээ дурдахдаа тэдгээр бичиг баримтуудаа гоо сайхны салоны ширээний нүдэнд байсан гэж дурддаг. Өмнө нь 2012 оны 05-р сарын 04-ны өдөр гаргаж байсан нэхэмжлэлдээ нэхэмжилсэн байсан МУИС-ийн диплом, өөрийнх нь нэр солиулсан гэрчилгээ, дүүгийнх нь гэрчилгээ зэрэг бусад бичиг баримтууд гэрт ханын стенкэнд байсныг нь би шүүхээр дамжуулан өөрт нь өгсөн. Тухайн үед буюу 2012 оны 05-р сарын 04-ны өдөр нэхэмжлэхдээ Миний амьдарч байсан гэрийн ханын стенкэнд бичиг хэрэг хийдэг улаан хайрцагт байгаа... гэж өөрөө нэхэмжилсэн байдаг. Одоогийн нэхэмжлэл дээрээ гоо сайхны үнэмлэх гоо сайхны салоны ширээн дотор байгаа... гэж 2 өөр байдлаар нэхэмжилсэн байдаг. Хоёрдугаарт Бу- 2011 оноос хойш гоо сайхны салоны үйл ажиллагаа явуулж байсныг нь мэргэжлийн байгууллагууд болон гэрчүүд, үйлчлүүлэгчдийн мэдүүлсэн нотлох баримтуудаар нотлогддог. Тэгэхээр гоо сайханч хүн гоо сайхны үйл ажиллагаа явуулна гэдэг бол хүний гоо зүйтэй холбоотой учраас тухайн орон нутагт гоо сайхны үйл ажиллагаа явуулахад мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл авна, стандарт хангана, хамгийн гол нь тухайн хүнийг гоо сайханч мөн юм уу? биш юм уу? гэдгийг нь гоо сайхны үнэмлэхээр нь нотолно. Тухайн үед ар ажиллаж байсан нь 2014 онд Бу-ыг гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэхтэй, гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг, гоо сайханч мөн гэж тодорхойлсон тодорхойлолт Тосонцэнгэл сум дахь шүүхийн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Хэрвээ Бу- намайг 2011 онд бичиг баримтыг нь аваад алга болгочихсон гэж үзэж байгаа юм бол дарга 2014 онд тийм тодорхойлолт хийж өгөхгүй шүү дээ. Тийм учраас би Бу-ын гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх өөрт нь байна, намайг гүтгэн гүжирдэж байна гэж үзэж байна. Мөн гоо сайхны салон ажиллуулж байхдаа 1 сард 200.000 төгрөг олдог байсан гэж ярьж байна. Гэтэл өнөөдрийн Монголын эдийн засгийн нөхцөл боломж ямар байгаа билээ, өдөрт 200.000 төгрөгийн ашиг олдог тийм ашигтай байгууллага юу билээ гэдэг нь амьдралаас хол байна гэж би бодож байна. Тухайн хүн хэрвээ олдог байсан юм бол иргэнийхээ хувьд хүн амын орлогын албан татвар тушаах ёстой. Энэ нь хувь хүн ажиллаж байгаагийн хувьд өгдөг. Бу- өдөрт 200.000 төгрөг олдог байсан юм бол 1 сард 26 хоногоор бодоход 5.200.000 төгрөг олдог байна. Тэгэхээр Бу- сард 520.000 төгрөгийг татварт тушаадаггүй байсан юм бэ? Тухайн үед гэр бүлийн маргаан шүүхээр явж байхад би орлогогүй ашиггүй гэж ярьдаг байсан шүү дээ. 36 хяналтын шатны шүүхээр манай гэр бүлийн маргаан дамжиж өнөөдрийг хүрсэн. Тэгтэл энэ хүн ийм сонин зүйлээр нэхэмжлэл гаргаад явж байгааг би гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэ үзэж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Бу- нь Л.Чо-т холбогдуулан *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо-ыг гаргуулах, хэрэв үнэмлэхийг маань үрэгдүүлсэн бол 45 хоногийн курсын төлбөр 150.000 төгрөг, миний E салоноо ажиллуулж олох ёстой байсан орлого болох 109.000.000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

С.Бу- нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ...гэр бүлийн маргааны улмаас *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо зэргийг Чо-аас авч чадаагүй, тухайн үед дээрх баримтуудаа авахуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч шүүх биелүүлээгүй, мэргэжлийн үнэмлэх байхгүйн улмаас E салоноо ажиллуулж чадахгүй байна... гэсэн тайлбарыг шүүхэд өгч байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа ...2016 оны 05 сарын 10-ны өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Бу- Завхан аймагт ******* гэх гоо сайханы салон хувиаараа ажиллуулдаг бөгөөд сардаа 500.000-600.000 төгрөгний цэвэр орлоготой байдаг. Энэ жил үүнээс арай доогуур байгаа гэж хэлсэн нь гоо сайханы салоныг зохих зөвшөөрлийн дагуу гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэхийг үндэслэн ажиллуулдаг нь нотлогдож байгаа бөгөөд гоо сайханчийн мэргэжлийн үнэмлэх өөрт нь байгаа нь үүнээс тодорхой харагдаж байгаа. МУИС-ийн Завхан сургуулийг төгссөн диплом, ромбо 2 нь хамт байдаг байсан. Диплом нь өөрт нь байгаа болохоор ромбо нь хамт байгаа... би Бу-ын *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо зэргийг аваагүй, надаас болж энэ хүн хохироогүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.Бу- нь *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо зэргийгээ Л.Чо-ыг авсан гэдгээ нотлоогүй, энэ талаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Л.Чо-ын буруугаас шалтгаалан тухайн E гоо сайханы салоноо ажиллуулаагүй гэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Бу- нь үсчин, Б.гийн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн тодорхойлолтыг ирүүлсэн боловч уг тодорхойлолтод ...С.Бу- нь түр хугацаанд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа нь үнэн болно... гэж бичсэн байдлаас харахад нэхэмжлэгчийг яг хэзээнээс эхлэн хэдий хүртэл хугацаанд ямар шалтгааны улмаас E гоо сайханы салоны үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа талаар тодорхой дурдаагүй байна.

Хариуцагчийн тайлбарлаж байгаагаас хархад нэхэмжлэгч нь 2016 оны 05 сарын 10-н хүртэл ******* гэсэн нэртэй гоо сайханы салон ажиллуулж байжээ. Энэ талаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 10-ны өдрийн 160 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч С.Бу- тодорхой тайлбарласнаар харагдаж байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т зохигч түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлзэх эрхтэй гэж, мөн хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38-р зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч эдгээр эрх, үүргийнхээ дагуу нотлох баримтыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо-ыг хариуцлагч Л.Чо- авсан гэдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд Чо-ын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч С. E гоо сайханы салоноо ажиллуулж чадаагүй хохирсон болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Бу- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхийг түр хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн бөгөөд шүүх дээрх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.4-т зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг түр хугацаагаар хойшлуулсан байна.

Тэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх төлбөрийн чадваргүй байх ба энэ байдлыг тодорхойлсон Завхан аймгийн ******* сумын багийн 2018 оны 06-р сарын 25-ны өдрийн 4/948 тоот албан бичгийг үндэслэн түүнээс гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т заасныг харгалзан шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С.Бу-ын нэхэмжлэлтэй, Л.Чо-т холбогдох *******ийн мэргэжлийн үнэмлэх, МУИС-ийн ******* сургуулийн ромбо-ыг гаргуулах, хэрэв үнэмлэхийг маань үрэгдүүлсэн бол 45 хоногийн курсын төлбөр 150.000 төгрөг, миний E салоноо ажиллуулж олох ёстой байсан орлого болох 109.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхийг түр хугацаагаар хойшуулсан бөгөөд мөн хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснааршийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй брлохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ