Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0816/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/877 |
Огноо | 2022-11-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.О |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/877
2022 11 14 2022/ШЦТ/877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Очгэрэл,
шүүгдэгч Б.Р
нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг нарыг оролцуулан эрүүгийн 2211008191574 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б.Р
1985 оны 07 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт,
Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнө оногдуулсан ялын зарим болох 6 сарыг нэмж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, мөн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Р нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт үл таних Г.Этай маргалдан зодолдож, Г.Эгийн биед баруун нүдний дотор буланд язарсан шарх, дээд зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Р нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт үл таних хохирогч Г.Этай маргалдан зодож хохирогчийн биед баруун нүдний дотор буланд язарсан шарх, дээд зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч Г.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чикаго нэртэй шөнийн цэнгээний газар байж байхад орой 01 цагийн орчимд нэг үл таних залуу агсам согтуу тавьж, хүнтэй маргалдахаар нь манай хамгаалагч үүдэнд аваачсан юм байна лээ. Тэгээд би гаднаас орж ирээд таксны хажууд байх сандал дээр сууж байтал тухайн залуу хүрч ирээд гэнэт миний баруун нүд рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн залуу эхнэртэйгээ, 2 найзтайгаа олуулаа явж байсан. Намайг зүгээр байхад ирээд цохичихоор нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Миний баруун нүднээс цус гарсан бөгөөд зүүн нүдний доод хэсэг хавдсан байсан... Сүүлд нэрийг нь Р гэдэг гэж мэдсэн. Тухайн өдөр Р гэх залууг цагдаагийн байгууллагад дуудлага өгч явуулахад цагдаагийн алба хаагчид надаас мэдүүлэг авахаар Р гэх залуугийн хамт нэг машинд цуг суулгаад аваад явсан. Энэ үед Р гэх залуу нь надад агсан тавиад аль гараараа гэдгийг нь санахгүй байна, гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Ингэхэд тус шинжээчийн дүгнэлт дээр дурдагдсан гэмтэл нь надад учирсан. Тэгэхээр нь би хоёр гарыг нь барьж байхад цагдаагийн алба хаагчид тухайн залуугийн гарыг урд нь гавласан. Ингээд бид нар Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23, 25 дугаар тал/,
- гэрч Ё.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манай найз Болортуяагийн төрсөн өдөр болоод найзуудаараа тэмдэглэхээр болсон. Тэгээд манай нөхөр Золбаяр, Анхбаатар, Болортуяа, Р, Батцэцэг, бид нар сансрын колонкын ард байх ресторанд хоол унд идэж байгаад тухайн газраасаа гарч Баянбүрдийн тойргийн ойролцоо байх Чикаго нэртэй шөнийн цэнгээний газар орсон. Болортуяа бид хоёр нойлд байж байгаад тэгээд бүгдээрээ тухайн шөнийн цэнгээний газраас гарахаар болоод үүд рүү явж байхад Р, Анхбаяр, Батцэцэг, Золбаяр тэр хэд хамгаалагчтай нь маргалдаад зогсож байсан. Тэр үед Батцэцэг явах гээд такси бариад зогсоосон байхаар нь бүгдээрээ гараад явах гэж байтал хамгаалагч нар нь цагдаа дуудчихсан байгаа ирэхээр нь учраа олоод явъя гэж хэлсэн. Тухайн үед Батцэцэг нэг халзан толгойтой хүнийг цохичих шиг болсон. Сүүлд Батцэцэг ярихдаа яг бөгжтэй гараараа цохичих шиг болсон гэж байсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд Р болон зохион байгуулагч гэх хүнийг аваад явсан. Тухайн шөнийг цэнгээний газар өөр ямар нэгэн зодоон болоогүй. Ргийн хувьд ямар нэгэн байдлаар хүн цохих боломж байгаагүй ба би Рг хүзүүнээс нь тэврээд бариад гарах гэж байсан. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- гэрч Ү.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн өдөр манай нэг найз болох Бийн төрсөн өдөр болоод манай найзууд болох А, О, бид 4 эхлээд уулзаж байгаад Рг хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд Р бид нарын байсан сансрын колонкын ард байх ресторанд ирээд араас эхнэр нь болох Б ирсэн. Бид нар тухайн ресторанд хоол идэцгээчхээд шөнийн цэнгээний газар орно гээд Чикаго нэртэй шөнийн цэнгээний газар орсон. Бид хэд тухайн шөнийн цэнгээний газар цаг орчим болоод гарах гэхэд Ргийн эхнэрийг нэг залуу мөрлөсөн гээд хүмүүстэй маргалдаад зогсож байсан. Тэр үед цохиулсан гэх залуу хамгаалагч нартайгаа бөөндөө хүрч ирээд маргалдаж эхэлсэн. Тэгээд байж байтал гэнэт цагдаагийн байгууллагаас хүмүүс ирсэн. Р тухайн цохиулдаг залуу хоёр маргалдаж байхаар нь би Рг салгаж аваад явах гэхэд эхнэр Б тухайн хүнийг цохиж хоёр хүнийг аваад явсан. Бид хэд араас цагдаагийн байгууллага дээр ирэхэд Рг эрүүлжүүлэх байр луу аваад явчихсан, зодуулсан гэх залуу нь нэг давхарт үүдэнд сууж байсан. Тухайн үед цохиулсан гэх залуугийн нүд хэсэг нь улайсан, арьс нь бага зэрэг хуурсан харагдаж байсан. Би ямар нэгэн байдлаар хүн цохиж зодоогүй. Мөн намайг ч гэсэн ямар нэгэн хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
- гэрч М.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн дуудлага мэдээлэл дээр очиход Чикаго байрны гадна олон хүмүүс бужигнаад хоорондоо маргалдсан байдалтай байсан. Ингээд би дуудлага өгсөн хүнтэй уулзсан. Гадаа маргалдаад байсан хүмүүс албаны машиныг явуулахгүй, шаваад Р гэх эрэгтэйг өгч явуулахгүй гээд тал талаас нь дайраад дуудлага өгсөн Э гэх эрэгтэй рүү мөн тал талаас нь дайраад байхаар нь Р, Э хоёрыг хоёуланг нь албаны машинд суулгасан юм. Хүмүүсийг тараачхаад буцаад машиндаа ороод ирэх хооронд Э нь Р гэх эрэгтэйгийн хоёр гарыг барьчихсан сууж байсан. Мөн нүднийх нь доороос бага зэргийн цус гарчихсан байсан. Ингээд тухайн 2 эрэгтэйг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр авч ирж, Рг эрүүлжүүлсэн. Тухайн үед олон хүн шавчихсан байсан учраас Э гэх эрэгтэйн биед ямар нэгэн гэмтэл учирсан эсэхийг харах боломжгүй байсан. Гэхдээ нүүрэн дээр нь ямар нэгэн шарх сорви ажиглагдаагүй. Р гэх эрэгтэй, Э гэх эрэгтэй хоёрыг машинд суулгаад, шавсан хүмүүсийг машины урдаас холдуулаад буцаад машинд ирэхэд Э нь Ргийн хоёр гарыг барьчихсан сууж байсан. Албаны машин дотор явж байхдаа Э нь энэ намайг цохичихлоо, миний нүүрнээс маажчихлаа, гэх зэрэг яриа өрнүүлж ярьж байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Эгийн нүдний доод хэсгээс цус гарчихсан байсныг анзаарсан...”гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 36 дугаар тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6428 дугаартай шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн: “...Г.Эгийн биед баруун нүдний дотор буланд язарсан шархтай, дээд зовхинд цус хуралттай, зовхи хацар овойж хавдсан, баруун нүдний дотор талд язарсан шарх, дээд зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
- Б.Ргийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 48-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд ш¿¿ãäýã÷ Б.Рг 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чикаго” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч Г.Этай үл ойлголцол үүсч маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож баруун нүдний дотор буланд язарсан шарх, дээд зовхинд цус хуралт, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч Б.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Г.Эд шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Рг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Рд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Рг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Рг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ