| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0760/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/802 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/802
2022 10 12 2022/ШЦТ/802
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Д.Н,
шүүгдэгч Н.Н,
шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Хандармаа,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран нарыг оролцуулан эрүүгийн 2211000001426 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Д.Н
Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч: Б овогт Н. Н
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр аав, ээж, эгч нарын хамт, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Н.Н, Д.Н нар нь бүлэглэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр сургуулийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг гараараа болон төмрөөр цохиж эрүүл мэндэд нь уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Н.Н, Д.Н нар нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр сургуулийн баруун талын эмнэлгийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Н.Н нь хохирогчтой заамдалцан зууралдах, Д.Н нь гараараа болон төмрөөр хохирогчийг цохиж бие махбодод нь дэд нь уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тус тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 24 дүгээр сургуулийн баруун талын эмнэлгийн барилгын ажил дээр ажилладаг. Өнөөдөр буюу 2022.07.20-ны өдөр манай барилгын даамал А гэх хүнтэй холбогдон барилгын хаалга суулгахаар 2 хүн ирсэн юм. Тэгээд тухайн ах хүүг эхний ээлжид нэг давхрын манаач амьдардаг өрөөний хаалгыг суулгаад өгчих гэхэд би уурлангуй байдалтайгаар “би байн байн багажаа зөөж чадахгүй” гээд коридороор явахдаа писда гээд хараал хэлээд яваад өгөхөөр ямар харьцааны соёлгүй юм бэ гэж хэлээд хоорондоо маргах болсон. Тэгээд гадаа гарснаа уурлаж газарт труба аваад та нарыг ална шүү гээд манай ажилчид болон над руу дайрахаар нь биеэ хамгаалж хорьж цааш нь түлхэж тухайн хүнтэй маргаж байхад цаанаас хамт ирсэн хүү нь гэх залуу ирээд надтай маргаж намайг нүүр рүү гараараа нэг удаа цохиход нь би түүнийг зөрүүлээд толгой дух хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд барьцалдаад байж байтал тухайн залуугийн аав нь барьж байсан трубагаар миний нуруу хэсэг рүү цохиж намайг уруул хэсэг рүү тухаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
- гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах 24 дүгээр сургуулийн баруун талын эмнэлгийн барилга дээр ажлаа хийж байхад аав, хүү хоёр хаалга суулгахаар ирсэн юм. Сүүлд нь нэрийг нь мэдсэн чинь аавыг нь Н, хүүг нь Н гэж байсан шүү. Тэгсэн Ө нэг давхрын манаачийн өрөөний хаалганаас эхэлж хаалга суулгая гэсэн юм билээ. Тэгсэн чинь танай даамал хоёр давхраас нь хаалга суулга гэж хэлсэн гээд маргаан анх эхэлсэн юм. Тэгээд аав нь гэх Н нь Өтай маргалдаж зууралдаад эхэлсэн энэ үед хүү нь салгах гээд дундуур нь орж байсан чинь Ө Нийн толгой хэсэг рүү нь 1 удаа мөргөж байгаа харагдсан. Бид нар ч хажуугаас нь салгах гэж оролдсон үнэхээр дийлдэхгүй байсан. тэгсэн чинь Н гээд хүү нь Өиас аавыгаа салгах гээд зууралдаж маргалдаж байх үед нь Н гэх аав нь төмөр трубагаар Өийн нуруу хэсэг рүү нь трубаг махийтал нь цохичиход Өийг эргээд харах үед нь нүүр ам хэсэг рүү нь толгойгоороо хүчтэй мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 28 дугаар тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10174 дугаартай “...Б.Өийн биед уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 10167 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Хохирогч Б.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд гадаа гарснаа уурлаж газарт труба аваад та нарыг ална шүү гээд манай ажилчид болон над руу дайрахаар нь /Д.Н/ биеэ хамгаалж хорьж цааш нь түлхэж тухайн хүнтэй маргаж байхад цаанаас хамт ирсэн хүү нь гэх залуу /Н.Н/ ирээд надтай маргаж намайг нүүр рүү гараараа нэг удаа цохиход нь би түүнийг зөрүүлээд толгой дух хэсэг рүү нь толгойгоороо мөргөсөн. Тэгээд барьцалдаад байж байтал тухайн залуугийн аав нь /Д.Н/ барьж байсан трубагаар миний нуруу хэсэг рүү цохиж намайг уруул хэсэг рүү тухаараа мөргөсөн...” гэх мэдүүлэг,
- гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүүлд нь нэрийг нь мэдсэн чинь аавыг нь Н, хүүг нь Н гэж байсан шүү. Тэгсэн Ө нэг давхрын манаачийн өрөөний хаалганаас эхэлж хаалга суулгая гэсэн юм билээ. Тэгсэн чинь танай даамал хоёр давхраас нь хаалга суулга гэж хэлсэн гээд маргаан анх эхэлсэн юм. Тэгээд аав нь гэх Н нь Өтай маргалдаж зууралдаад эхэлсэн энэ үед хүү нь салгах гээд дундуур нь орж байсан чинь Ө Нийн толгой хэсэг рүү нь 1 удаа мөргөж байгаа харагдсан. Бид нар ч хажуугаас нь салгах гэж оролдсон үнэхээр дийлдэхгүй байсан. тэгсэн чинь Н гээд хүү нь Өиас аавыгаа салгах гээд зууралдаж маргалдаж байх үед нь Н гэх аав нь төмөр трубагаар Өийн нуруу хэсэг рүү нь трубаг махийтал нь цохичиход Өийг эргээд харах үед нь нүүр ам хэсэг рүү нь толгойгоороо хүчтэй мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 10174 дугаартай “...Б.Өийн биед уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний эмтрэл, нуруу бүсэлхийн цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, шүүгдэгч Н.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт тулгуурлан түүний үйлдлийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт шүүх хийв.
Шүүгдэгч Н.Н нь өөрийн төрсөн эцэг Д.Нг хохирогч Б.Өлзий суурьтай маргалдан, улмаар зууралдан авахад өмөөрч, салгах зорилгоор дундуур нь орж хохирогчтой зууралдан авсан байх ба хэрэг учрал болох үед тэдгээрийн дэргэд байсан хүмүүс салгах зорилготой байсныг гэрчилж, тэдгээр хүмүүс нь мөн маргааныг зогсоох зорилготой байжээ. мөн шүүгдэгч Н.Нийн үйлдлийн улмаас хохирогч бие дэх гэмтлийн аль нэг учирсан болох нь тогтоогдохгүйгээс гадна Н.Н нь хохирогчийг аавыгаа төмрөөр цохих гэж байгааг мэдэж, хохирогчийн биеэ хамгаалах үйлдлийг хориглон зориудаар хөдөлгөөнийг нь хорьж, барьж байгаад цохиулсан болох үйлдлээрээ бүлэглэх санаа, сэдэлт тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт санаа зорилго буюу субьектив шинжгүй өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
В. Шүүхээс шүүгдэгч Д.Нг өөрийн хүү Н.Нтой бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн тул түүнд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр сургуулийн баруун талд баригдаж буй эмнэлгийн барилга дээр ажиллаж байхдаа хохирогч Б.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг духаараа мөргөх болон төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцож, ял шийтгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор 500 нэгжээр торгох ял шийтгэлийг шүүх оногдуулав.
Түүнд оногдуулсан торгох ялыг орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Б.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ: “...надад эмчилгээний зардлын баримт гэж 120.000 төгрөгийн баримт байгаа юм. Тэрийгээ нэхэмжилнэ. Үүнийгээ прокурор, шүүх дээр гаргаж өгнө. Одоогоор надад алга. Гомдолтой байна ...” гэж мэдүүлсэн хэдий ч баримтаа шүүхэд ирүүлээгүй тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.4, 36.6, 36.9, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Нгийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Б овогт Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
7. Хохирогч Б.Ө нь энэ гэмт хэргийн учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Н, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ