Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/821

 

 

 

  2022         10          24                                 2022/ШЦТ/821

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч П.Б,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000001428 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Б овогтой П.Б  

          Монгол Улсын иргэн, нь, 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, хэрэг хариуцах чадвартай,

           Урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч П.Б нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Хонэе” нэртэй зочид буудлын 601 тоотод О.Атай үл ялих шалтгааны улмаас маргалдан эрх, эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас биед нь зүүн шуунд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

А. Шүүгдэгч П.Б нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонэе” гэх нэртэй зочид буудлын 601 тоотод хохирох О.Атай үл ялих шалтгааны улмаас маргалдан, улмаар зодож бие махбодод нь зүүн шуунд шарх бүхий  хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 7 сарын 24-ний орой миний таньдаг ах болох Норовсамбуу уулзъя гээд намайг дуудсан бөгөөд уулзаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Хонэе” нэртэй зочид буудалд орсон. Буудалд ороход Норовсамбуугийн ажлын газрын хүн болох Оюунбат байсан ба бид нарыг орж ирээд удаагүй байхад Батзаяа, А 2 1 ширхэг 1 литрийн хэмжээтэй виски болон 20 орчим ширхэг 0.5 литрийн хэмжээтэй пиво авч орж ирсэн бөгөөд бид нар хоорондоо танилцаад ууж сууцгааж байгаад Норовсамбуу согтоод унтаад өгсөн бөгөөд үүрээр 5 цагийн үед бид нар явах талаар ярилцаж байгаад Оюунбат машин руугаа яваад ирье гээд гарч яваад Батзаяа ариун цэврийн өрөө орсон ба өрөөнд Энхзаяа А бид 3 үлдээд би тэр хоёрыг одоо харь, харь гэсэн чинь А чи намайг хөөдөг хэн бэ гээд бид хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд намайг цохиод А бид хоёр орны хажуу тал руу давхардаж унаад газар ноцолдсон ба босож ирсний дараа Агийн гараас цус гарчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

- хохирогч О.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Билгээ намайг гичий минь гэж орилоод байхаар нь би яасан гэнээ гэтэл ядуу янхан минь гэх зэргээр намайг хэл амаар маш их доромжлоод 3 удаа салаавч гаргасан. Тэгээд би “Чи яагаад агсраад байгаа гөлөг вэ” гэтэл Билгээ над руу цохих гээд дайраад зууралдаад байсан ба би Билгээг хөлөөрөө жийж холдуулсан. Тэгээд гэнэт өөрийгөө анзаарсан чинь миний гараас цус гарч байсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

- гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Билгээ шууд Ану руу салаавч гаргаад “хөөе ядуу гичий минь” гэх зэргээр муухай үг хэллэг хэлсэн. Тэгсэн чинь Ану тэвчихээ болиод тэр хоёр ноцолдоод зурагтын хажуугийн тавиур руу давхралдаад унасан. Тэгээд орны тэнд очоод ноцолдоод байхаар нь би салгах гээд чадаагүй. Тэгээд эргээд харахад тэр хоёр ноцолдохоо болиод салчихсан байсан ба Анугийн гараас цус гарчихсан байсан. Тэгээд гаднаас Заяа. Оюунбат хоёр юу болсон талаар асуухад Билгээ “би хутгалчихсан юм” гээд инээсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

- гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би юу болсон юм бэ гэхэд А “энэ намайг хутгалчихсан” гэж хэлсэн. Мөн өрөөний зурагт хагарсан, сандал унасан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 26-ний өдрийн 10378 дугаартай шинжээчийн “...О.Агийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/ зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч П.Б нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонэе” гэх нэртэй зочид буудлын 601 тоотод хохирогч О.Атай үл ялих шалтгааны улмаас маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь зүүн шуунд шарх гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь саналыг харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч О.А нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул  шүүгдэгч П.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б овогт П.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Бийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Бийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ