Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 850

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норолхоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т.От-ийн нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 101 дугаартай хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.От- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Га-, Т.От- бид Улиастай сумын Богдын гол багийн халуун усны баруун талын 3 давхар байрыг 3 давхар, подволын давхарын болон гадна талбайн газар зэргийг үнэлгээчнээр үнэлүүлэхэд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байгаа тул гомдол гаргаж байна. Тус 3 давхар байшин нь бетон сууртай карказан барилга тул зах зээлийн үнэлгээгээр 1м2 нь 1.500.000 төгрөг байгаа тул 1 давхар нь 252 сая болох ба нийт 756 сая болох юм. Газар нь зах зээлийн үнэлгээгээр 100 сая төгрөгийн үнэлгээтэй болно.

Иймд 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 101 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Норолхоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Богдын гол багийн иргэн Пүрэвсүрэнгийн Га- / ИЭ*******/, Таржидын От- /ИФ******/ нараас 216460092 төгрөгийг гаргуулж Хас банкны Завхан салбарт ологохоор шийдвэрлэсэн. П.Га-, Т.От- нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Хас банк нь тус газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагшаа хийлгэхээр хүсэлт гаргаж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18120070 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч П.Га-, Т.От- нарын Завхан айгийн Улиастай сумын Богдын гол багийн Халуун усны баруун талд байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001641 дугаарт бүртгэлтэй 168 мкв талбайтай гэр, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 3 давхарын хэсэг, Ү-0918002108 дугаарт бүртгэлтэй 168 мкв талбайтай гарж, үйлчилгээний зориулалтай барилгын подволын хэсэг, 0198410 дугаар бүхий эзэмших эрхийн гэрчилгээний 900 мкв газрыг тус тус битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж мэргэжлийн үнэлгээчнээр дээр үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны үнэлгээчний тогтоосон үнэлгээг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн бөгөөд үнэлгээг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй болохыг танилцуулсан. Тус газар нь төлбөр төлөгч П.Га-, Т.От- нарын дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний мэргэжлийн үнэлгээчнээр үнэлүүлсэн тул нэхэмжлэгч Т.От-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норолхоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Га-, От- нарын нэхэмжлэлтэй хариуцагчтай гүйцэтгэх баримт бичиг тус газар ажиллагаа явуулах явцад шинжээчийн тогтоосон үнэлгээн дээр талууд санал зөрөлдсөний улмаас гүйцэтгэх баримт бичиг одоогоор зогсонги байдалтай байна. Уг үнэлгээг От-, Га- нар нь хүлээн зөвшөөрөөгүй учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон шийдвэр гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан үнэлгээг От-, Га- нар нь хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд сүүлд гаргасан шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Т.От-т мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.От-ийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Нэхэмжлэгч Т.От- нь Завхан аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж, өөрийн өмчлөлийн Улиастай сумын Богдын гол багт байрлах 900 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1, 3 давхар болон подволын хэсгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар, шинжээчээр 287,416,000 төгрөгийн үнэлгээ тогтоолгосныг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдлоо гаргажээ.

Барьцааны эд зүйл болох Завхан аймгийн Улиастай сумын Богдын голд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай барилгын 1, 3 давхар болон подволын хэсгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч мэргэжлийн шинжээчээр үнэлүүлсэн боловч энэ үнэлгээг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд дахин шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүх хөрөнгийн үнэлгээ ХХК-т дахин шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахад уг үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 406,672,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэлийн шатанд 287,416,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг үндэслэлтэй зөв гарсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд тухайн эд хөрөнгийг дахин үнэлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих журмын дагуу явуулан нь зүйтэй байна гэж үзээд

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байрлах П.Га-, Т.От- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0918001641 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 168 мкв талбайтай гэр, худалдаа үйлчилгээний зориулалттай 3-р давхар, Ү-0918002108 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 168 мкв талбайтай граж, үйлдвэр үйлчилгээний зориулалттай зоорийн давхар, Ү-0918002109 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй 168 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай 1-р давхар, 121700738 нэгж талбарын дугаартай 900 мкв талбайтай газар эзэмших эрх зэргийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйдийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.От-ээс шинжээчийн зардал 300.000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

 5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ