Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/875

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         11          14                                 2022/ШЦТ/875

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч П.Ш, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан нарыг оролцуулан эрүүгийн 2111000001221 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн П.Ш

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч П.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вестерн гэх нэртэй караокед үйлчлүүлж байхдаа иргэн Б.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж унагаан зодсоны улмаас биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, дух, хоёр чамархайн хуйх, баруун дээд, доод зовхи, хоёр чихэнд цус хуралт дух хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

А. Шүүгдэгч П.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вестерн гэх нэртэй караокед үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Цтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж унагаан зодсоны улмаас биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, дух, хоёр чамархайн хуйх, баруун дээд, доод зовхи, хоёр чихэнд цус хуралт дух хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

- хохирогч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өрөөнд танихгүй нэг залуу сууж байсан. Ороод сууж байтал сүүлд нэрийг нь мэдсэн Ш гэх залуу нь ахын дүү гээд дуудаад байсан, би согтуу байсан болохоор яг юу гэж хэлсэн эсэхийг одоо сайн санахгүй байна. Тэгээд л Ш нь босоод намайг нүүр ам руу цохиод эхэлсэн, би нилээд согтолттой байсан болохоор газар уначихсан, тэгсэн чинь нөгөө нэг хамт сууж байсан залуу нь миний дээрээс нуруу хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн. Ш гэх хүн намайг түрүүлж цохисны улмаас би газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

- гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нэг эрэгтэй нь Цийг ахын дүү хаана ажилладаг юм бэ гэж асуухад Ц хариуд нь ахархаад байх юм байхгүй би чиний дүү биш гэж хэлэхэд тэр үед хоёр залуу шууд босож ирээд Цийг толгой руу нь цохиж аваад ширээн дээр толгойгоор нь цохиж аваад байхаар нь Ц бид хоёр айгаад караокений эзнийг дуудаад ороод ирсэн чинь Цийг газар унагачихсан хоёр талаас нь өшиглөөд зодож байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

- гэрч Б.Ций мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ..2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02 цаг 42 минутад Ш гэх залуугийн байгаа караоке рүү орсон. Ш босож ирээд Цийн хоёр хацар руу нь гараа 3-4 удаа цохиод дараа нь хэвлий хэсэгт нь гараараа мөн хэд хэдэн удаа цохисон. Тэгснээ дагзнаас нь үсдэж барьж байгаад ширээ рүү хэд хэдэн удаа савсан. Шинэ- Идэр Цийг зодохыг би маш сайн харсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

 - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 9980 дугаартай “...Б.Цийн биед зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, дух, хоёр чамархайн хуйх, баруун дээд, доод зовхи, хоёр чихэнд цус хуралт, дух хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

                                   

Б. Шүүгдэгч П.Ш нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Цтэй үл ялих шалтгааны улмаас маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас зодож биед нь зүүн дээд, доод зовхи, хацар, шанаа, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, дух, хоёр чамархайн хуйх, баруун дээд, доод зовхи, хоёр чихэнд цус хуралт дух хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учирхад зориуд хүрэгсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч П.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь  тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан П.Шт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед гомдолтой, хохирлоо нэхэмжилнэ гэх боловч хэрэгт хохирлын талаарх баримт авагдаагүй, мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэн ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүгдэгч П.Шийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Б овогт П.Шт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Шийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Шийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

  5. Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

  7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

  8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ