Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01211

 

2021           10            07                                          001/ХТ2021/01211

 

 

 

.........гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02185 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаар магадлалтай,

 

.........гийн нэхэмжлэлтэй

“.........” ХХК, .........нарт холбогдох

 

“.........” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Х.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.........” ХХК-ийн 40 хувь болох 1,200,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг .........д шилжүүлэхийг .........д даалгаж, “.........” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс түүнийг хасаж, .........г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай .........д холбогдох шаардлагаа дэмжиж байна. Харин энэ маргаанд “.........” ХХК-ийг оролцуулах шаардлагагүй тул хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан хүсэлтээ дэмжинэ. .........тэй харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсангийн аманд байрлах 3.3 га талбайтай, 414 тоот гэрчилгээ бүхий Ж.Цэрэндагвын нэр дээрх аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг .........гийн нэр дээр шилжүүлэхээр 2007.11.01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т газар ашиглагч нь /.........г ойлгоно/ өөрийн газар дээр хөрөнгө оруулах баталгаа болгон нийт 650,000 ам.долларыг 2 хувааж өгснөөр 2 тал тэнцүү эрхтэй болно, мөн гэрээний 2.1-д энэхүү гэрээг байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан Б талд А тал 400,000 ам.долларыг хөрөнгө оруулалтын баталгааны урьдчилгаа болгон хүлээлгэн өгнө гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа .........д 2007.11.02-ны өдөр 400,000 ам.долларыг .........гээр дамжуулан бэлнээр хүлээлгэн өгсөн. Хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр болох 250,000 ам.долларыг гэрээний 2.5-д газар ашиглах гэрчилгээ хөрөнгө оруулагчийн нэр дээр шилжсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан 250,000 ам.долларыг газар эзэмшигчид хөрөнгө оруулалтын баталгаа болгон өгнө гэсний дагуу төлөхөөр болсон. Харин .........нь гэрээний 3.1-д хөрөнгө оруулалтын урьдчилгааг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгнө гэснийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэхгүй байна. Тухайн үед .........нь урьдчилгаа төлбөрийг авсны дараа ......... чиний нэр дээр гэрчилгээ гарсан байгаа гэж байсан ч энэ нь худал байсан ба харин өөрийн “.........” ХХК-ийн нэр дээр Байгаль орчны яамны 661 дугаар гэрчилгээг шинээр гаргуулж шилжүүлэн авсан байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасалдаагүй бөгөөд 2008.06 дугаар сард О.Үржин гэх хүн .........тэй хамт ирж ........., ......... нартай уулзаж, авсан мөнгөө буцааж хүүгийн хамт 2008.09.10-ны дотор төлж дуусгана, төлж чадахгүй бол 2 хоногийн дотор 3.3 га газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх бөгөөд хэрэв үүнээсээ татгалзвал .........залилан хийснээ зөвшөөрч байна гэж бичиг хийж өгсөн боловч биелэгдээгүй. 2009.03 дугаар сард .........нь дээрх 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон “.........” ХХК-ийн бичиг баримт, тамга тэмдгийг авчирч өгөн газар шилжүүлж өгөх үүргийг гүйцэтгэх баталгаа болгон компанийнхаа 60 хувийн хувьцааг .........гийн нэр дээр шилжүүлэхээр амлаж 2009.03.30-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт хувьцаагаа шилжүүлэх баримтад гарын үсэг зурж, .........д “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн. Үүний дагуу ......... нь тус газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусгавар болж хураагдах болоод өөрийн нэр дээрх “Далай Омбо” ХХК-аар “.........” ХХК-д хүсэлт явуулж, мөн Байгаль орчны яамны нөхөн сэргээх хандивт 3,000,000 төгрөг хандивлаж Байгаль Орчны яамнаас манай компанид тус газар ашиглах эрхийг сэргээж, “.........” ХХК-аас шилжүүлэн өгсөн. Гэвч .........нь 2013 онд Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах зэргээр өнөөдрийг хүртэл маргалдаж байна. 2007.11.01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш .........нь уг газарт нэг ч төгрөг зарцуулаагүй ба өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд ........., ......... нар нь зардлыг төлж, дэд бүтцэд 950,000,000 төгрөг, мөн гадаадын Мэй Юань ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 20,000,000 орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийж 252 айлын 7 корпус барилга, 250 машины гарааш, үйлчилгээний 5 давхар барилга мөн хүүхдийн 3 давхар цэцэрлэг зэргийг барьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл .........нь энэ бүхнийг харж сувдаг сэтгэл гарган уг газрыг буцааж “.........” ХХК-ийн нэр дээр болгох нэхэмжлэл гаргаж, 2016.06.27-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 228 дугаар тогтоолоор “.........” ХХК-ийн нэр дээр болгосон. .........гийн дээрх гэрээний үүргээ биелүүлдэггүй, биелүүлсэн дүр эсгэн “.........” ХХК-ийн хувьцааны 60 хувийг шилжүүлсэн боловч, “Далай Омбо” ХХК-ийн нэр дээр газрьг шилжүүлсэн сайдын тушаалыг хожим хүчингүй болгуулсан нь одоог хүртэл 2007 оны Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэлгүй улмаар шударгаар гэрээний үүргээ биелүүлж, гадаад болон дотоод хөрөнгө оруулалтаар их хэмжээний хөрөнгө оруулсан манай “Далай Омбо” ХХК болон Мэй Юань ХХК нар нь газаргүй болж хохироод байна. Улсын Дээд шүүхийн 2018 оны 204 дүгээр тогтоолоор өмнөх гэрээний харилцаануудын дагуу .........д хүлээлгэн өгсөн 400,000 ам.долларт ......... “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь хууль ёсны болохыг дүгнэсэн тул ......... анхнаасаа газрыг өөрийн нэр дээр гаргуулах гэрээний харилцаатай байхад компанийн нэр дээр .........нь гаргасан тул үлдэх 40 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, түүний дараагаар 250,000 ам.долларыг .........д өгч гэрээний харилцаа, эрх, үүргийг дуусгавар болгох нь зүйтэй. “.........” ХХК нь газар ашиглах эрхтэйгээс өөр өмч хөрөнгөгүй, татварт Х тайлан өгч явдаг тул тус компанийн хувьцааг шилжүүлэн авах замаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломж үүснэ гэж үзэж байна. Иймд .........гийн эзэмшиж буй “.........” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг .........д шилжүүлэхийг даалгаж, “.........” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс .........г хасаж, .........г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. .........нь 2007.08.09-ний өдөр Ж.Цэрэндагвыг төлөөлж Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах 414 дугаартай газрыг захиран зарцуулах үйлдэл хийх эрх олгосон Ж.Цэрэндагвын итгэмжлэлийн үндсэн дээр 2007.11.01-ний өдөр .........тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр 2 тал эрх, үүргээ тохирсон. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар дээрх гэрээний үүргийг иргэн Ж.Цэрэндагваас хангуулах хуультай. “.........” ХХК-ийн хувьцаа эзэмшигч .........г ......... 2009 онд дарамталж байгаад компанийн хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Улсын мөрдөн байцаах газарт .........г ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Эрдэнэдалайг авч ирж маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009.03.30-ны өдөр өөрийн хүү болох .........гийн өгсөн гэх 400,000 ам.долларын оронд компанийн 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож ........., Ч.Мөнхбат, М.Эрдэнэдалай нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Эрдэнэдалай .........г төлөөлөх эрхгүй этгээд байсан. 2009.04.10-ны өдөр .........г ирсний дараа Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “.........” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. .........гээс Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж “.........” ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг .........д шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс 2009.04.10-ны өдрийн гэрээгээр ......... 2007.11 дүгээр сард шилжүүлэн өгсөн 400,000 ам.долларын хөрөнгө оруулалтад компанийн нийт хувьцааны 60 хувь болох 1,800,000 төгрөгийн үнэ бүхий 600 ширхэг хувьцааг эзэмших, үүсгэн байгуулагч нийт хувьцааны 40 хувь болох 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг эзэмшихээр тохиролцсон. 2007.11.01-ний өдөр ......... болон Ж.Цэрэндагва нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэж, уг гэрээний эрх үүргийг талууд шинээр байгуулагдсан гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэрээ гэж үзэхээр байна гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. ......... 400,000 ам.долларын хөрөнгө оруулсан гэрээний эрхийг өөрийн эцэг .........д шилжүүлж, ......... “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцааг авч үүргийн гүйцэтгэлээ хангуулсан байгаа ба дахин 40 хувийн хувьцааг авах эрх .........д байхгүй. .........Мэй Юань ХХК-аас хөрөнгө оруулалт оруулахаас өмнө 2013.05 дугаар сард хуурамч бичиг баримт үйлдсэн тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 201301051030 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж одоо тус прокурорын хяналтад хянагдаж байна. “.........” ХХК-ийн эзэмшдэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг хууль бусаар “Далай Омбо” ХХК-д шилжүүлсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016.06.27-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор тогтоогдож, Байгаль орчны яамны сайдын 2016.10.10-ны өдрийн А/68 тоот тушаалаар “.........” ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээ гарсан. Иймд .........гоос гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан .........д холбогдох “.........” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах .........гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, .........гийн нэхэмжлэлээр “.........” ХХК-д холбогдуулан үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2019/02185дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 240 дүгээр зүйлийн 240.1.5-д гэснийг 9 дүгээр зүйлийн 9.4.8-д гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд хяналтын гомдолдоо: Магадлалыг бичгээр гарсныг гардан авч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг ИХ-ийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээ гэж маш буруу тодорхойлж, ИХ-ийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 220 дугаар зүйлийн 220.3, 220.4-т заасныг үндэслэн “...талууд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид тавих үүрэгтэй болохыг хуульчилсан нь гэрээний аль нэг талын шаардлагын дагуу гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг шүүхэд олгоогүй... гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх нь талуудын хүсэл зоригоос гадуур хэрэгжих боломжгүй...гэрээг шинэчлэн шинэ нөхцөл байдалд нийцүүлэх хэмээн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2007.11.01-ний өдрийн гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлж, хөрөнгө оруулалтын баталгаа 400,000 ам.долларыг хариуцагчид шилжүүлэн, улмаар гадаад болон дотоод хөрөнгө оруулалтаар Зайсангийн аманд байрлах 3.3 га газарт дэд бүтцэд 950,0 сая төгрөг, гадаадын “Мэй Юань” ХХК-ний хөрөнгө оруулалтаар 20,0 сая орчин долларын хөрөнгө оруулалт хийж 252 айлын 7 корпус барилга, 250 машины гараж, үйлчилгээний 5 давхар барилга, хүүхдийн 3 давхар цэцэрлэг зэргийг барьж их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Иймд дээрх гэрээний 4.4-т зааснаар “Хөрөнгө оруулалтын баталгаа 650,000 ам.долларыг газар эзэмшигчид бүрэн төлж дууссаны дараа уг газар дээр тэнцүү хэмжээгээр А ба Б тал хөрөнгө оруулах ба хэрэв аль нэг тал хөрөнгө оруулалт оруулахгүй бол хөрөнгө оруулагч тал уг газрыг оруулсан хөрөнгийн хэмжээгээр эзэмших эрх эдэлнэ” 2008.06.11- ний өдрийн -Баталгаа гаргах гэрээ”-ний 1-д “О.Үржингийн дүү болох .........нь 2007.11.03-нд хийсэн хөрөнгө оруулалтын гэрээнээсээ сайн дураараа татгалзсан тул газрын төлбөрийн урьдчилгаа болгон авсан 400,000 ам.долларыг банкны зээлийн дундаж хүүгийн хамт 2008.09.10-ны өдөр төлж барагдуулахыг бүрэн хариуцна”, 2-т “.........уг мөнгийг төлж чадаагүй бол уг 3.3 га газрыг иргэн .........д захиран ашиглах эрхийг шууд шилжүүлнэ..., 2018.11.21-ний өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.1-д “Шилжүүлж буй шаардах эрх нь: энэхүү гэрээний 1.2-т заасны дагуу 2008.06.11-ний өдөр байгуулагдсан “Баталгаа гаргах гэрээ”-ээр “.........гийн хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, Зайсангийн аманд байрлах 3,3 га газрыг захиран ашиглах эрхийг шилжүүлэх, мөн газар ашиглах эрхтэй холбоотой аливаа шаардлага, нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүдсэн болон тухайн гэрээнээс үүдэх аливаа шаардах эрх байх...” хэмээн заасан зэргээр 2007.11.01-ний өдрийн гэрээ, 2008.06.11-ний өдрийн гэрээний аль алинд зааснаар газрын эзэмших эрх нэхэмжлэгчид шилжих хууль зүйн үндэслэл бүрдсэн болно. Харин хөрөнгө оруулалт болох 400,000 ам.долларын баталгаа болгож “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлсэн буюу “.........” ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.9-д зааснаар “хувь нийлүүлэгч .........нь хувь нийлүүлэгч .........гийн хөрөнгө оруулалтаар оруулсан 400,000 ам.долларыг .........гийн хүү .........той байгуулсан 2007.11.01-ний өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу буцаан өгсөн тохиолдолд ......... нь компанийн хувь нийлүүлэгчээс гарч болох талаар” тохиролцсон зэргээр уг хувьцаа нь газрыг шилжүүлж өгөх үүргийг гүйцэтгэх, цаашилбал газрыг бусдад шилжүүлэхгүй байлгах баталгаа тул 3.3 га газрыг шилжүүлэх хариуцагч .........гийн үүрэг дуусгавар болоогүй болно. Анх гэрээ байгуулагдах үед .........гийн нэр дээр шилжүүлэх байсан газар ашиглах эрх “.........” ХХК дээр шилжиж анхны гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд давж заалдах шатны шүүх “Талуудын анх тохиролцсон нөхцөл болох газар ашиглах эрхийг иргэний нэр дээр шилжүүлэх хууль зүйн хувьд боломжгүй болсон нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлд хамаарна” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн алтлаа “гэрээний аль нэг талын шаардлагын дагуу гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг шүүхэд олгоогүй” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” хэмээн зааснаар нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж уг эрхээ хамгаалуулах, сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан байтал шүүхээс “...гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээг шинэчлэн шинэ нөхцөл байдалд нийцүүлэх” хэмээн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргалаа. Түүнчлэн шүүхээс “...компанийн өрийг /үүргийг/ хувьцаагаар солих буюу газар эзэмших эрх шилжүүлэх үүргийг хувьцаагаар шилжүүлэхээр тохиролцож байгаа бол Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3-т заасан журам үйлчилнэ” хэмээн үндэслэлгүй дүгнэсэн. Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар компани бусдын өмнө хүлээсэн үүргээ өөрийн компанийн хувьцаагаар сольж болох талаар зохицуулсан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарч байхад хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дугаар зүйлд заасан журам үйлчилнэ хэмээн компанийн дотоод асуудалд хамаарах журмыг нэхэмжлэгч шийдвэрлэж чадахгүй болохыг анхаарч үзэлгүй хэт нэг талыг барин дүгнэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ талуудын хооронд анх 2007 онд байгуулагдсан гэрээг “Хөрөнгө оруулалтын гэрээ” болон “Хамтран ажиллах гэрээ” гэх холимог төрлийн гэрээ гэж тодорхойлсон байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын дунд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлох УДШ-ийн даалгаврыг биелүүлээгүй болно. Тус холимог гэрээний үндсэн дээр тухайн гэрээг цуцлах, эсхүл хэрэгжих боломжгүй болсон байгаа нөхцөл байдалд нийцүүлэх эрхийг хэрэгжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон “.........” ХХК-ийн үлдэх 40 хувийн хувьцааг шилжүүлэхийг даалгахыг хүсэж байгаа болно. Иймд Нэхэмжлэгч нь газар дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, барилга байгууламжийг барьж гүйцэтгэсэн боловч тус газар дээр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй .........нь газрыг “.........” ХХК-ийн нэр шилжүүлэн авч, барилгыг улсын комисс авхуулахгүй байх бүхий л зарга, саадыг хийж Хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гарган барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болж, улсын комисс ажиллахгүй болгож маш ихээр хохироож байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “.........” ХХК нь газар ашиглах эрхтэйгээс өөр өмч хөрөнгөгүй, татварт X тайлан өгдөг болох нь тогтоогдох тул тус компанийн 40 хувийн хувьцааг шилжүүлэн авах замаар газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх болохыг шүүх анхаарч үзэн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “...2007.11.01-ний өдрийн гэрээний дагуу .........нь 3,3 га газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн, гэтэл газар эзэмших эрхийг “.........” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул гэрээний үүргийг хангуулж компанийн 40 хувийн хувьцааг авч, үнэ 250,000 ам.долларыг төлөх үндэслэл бий болсон, газар дээр олон тооны барилга, орон сууц барьж Улсын комисст оруулж, худалдан авагч нарт өмчлөх эрхийг шилжүүлэх ажилд хариуцагч байнга саад хийж байгаа...компанийн 40 хувийг шилжүүлэн авснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэж, эрх сэргээгдэнэ, ...шүүх Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3-т заасан хэм хэмжээг хэрэглээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн байх ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болжээ.

 

Шүүх талуудын хооронд хувьцаа шилжүүлэх үүрэг үүсээгүй, гэрээ байгуулах талуудын эрх, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх үндэслэл бий эсэх талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн, Иргэний хуулийн нийтлэг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээг буруутгах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ........., “.........” ХХК-д холбогдуулан “.........” ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1,200,000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч “.........” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. Нэхэмжлэлд тусгасан “...“.........” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс .........г хасаж, .........г хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэлийн үр дагавар гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2007.11.01-ний өдрийн гэрээг ........., нөгөө талаас Ж.Цэрэндагвыг төлөөлж .........байгуулсан, гэрээний дагуу ......... нь урьдчилгаанд 400,000 ам.доллар, газар эзэмших эрхийг шилжүүлсний дараа 250,000 ам.долларыг шилжүүлэх, .........нь Хан-Уул дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Зайсангийн ам, 3,3 га газрын эзэмших эрхийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. ......... нь 2007.11.02-ны өдөр .........д 400,000 ам.долларыг шилжүүлэн өгсөн боловч газар эзэмших эрх шилжүүлэх эсэх талаар талуудын хооронд маргаан үүссэн нь захиргааны болон иргэний хэргийн шийдвэрүүдээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн аав ......... шилжүүлсэн 400,000 ам.долларыг харилцан тооцож “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон үйл баримт тогтоогджээ.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд, гэрээгээр тохирсон газар ашиглах эрх шилжүүлэх үүргийг компанийн хувьцаа шилжүүлэх үүрэг болгон өөрчилсөн байдал баримтаар тогтоогдоогүй, газар эзэмших эрх хуулийн этгээдийн эзэмшилд шилжсэн тул шүүх .........д холбогдох нэхэмжлэгч .........гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 186 дугаар зүйлийн 186.1, Компанийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн аав ......... шилжүүлсэн 400,000 ам.долларын хэмжээнд “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болсон нь ........., Ж.Цэрэндагва нарын байгуулсан гэрээтэй холбоотой боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох талуудын эрхийн хүрээнд үүссэн үр дагавар юм.

 

......... нь 2007.11.01-ний өдрийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосноос гадна гэрээг байгуулсны үндсэн дээр уг газар дээр дэд бүтэц, 252 айлын 7 корпус барилга, 250 машины гараж, үйлчилгээний 5 барилга, хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж, оршин суугчид эзэмшиж, ашиглаж байгаа, хариуцагч нь эдгээр барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх ажилд саад болж байгаа гэсэн үндэслэл заасан байх ба энэ үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаараагүй болохоос гадна нэхэмжлэгч нь “.........” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч тул энэ асуудлаа компанийн шийдвэр гаргах журмын дагуу шийдвэрлэх боломжтой болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 166 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                           ШҮҮГЧИД                                                              П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                          Б.МӨНХТУЯА

 

                                                                                                          Х.СОНИНБАЯР

 

                                                                                                          Б.УНДРАХ