Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 118/2024/0010/3 |
Дугаар | 221/МА2024/0673 |
Огноо | 2024-10-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2024/0673
Ж.Х-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Х
Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Гуравдагч этгээд Б.Ч
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ж.Х-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 118/ШШ2024/0050 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Х
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, З.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 118/2024/0010/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ж.Х нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулж “Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ж.Х-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 118/ШШ2024/0050 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ж.Х-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Х-ыг тус аймгийн ЗАсаг даргын Тамгын газрын ******* албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Х-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажилдаа эгүүлэн томилогдох хүртэл хугацаагаар тооцон олгох, зохих санд нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:
“...Шийдвэрт “...4.13 иймд аймгийн Засаг даргын Тамгын газарт шаардлагатай 4 өрөө 1 автомашины зогсоолыг 192.000.000 төгрөгөөр худалдан авахаар төсөвт тодотгол оруулж энэ хүрээнд зарлагдсан худалдан авах ажиллагааны хүрээнд 192.720.000 төгрөгөөр тендер шалгаруулж, орон нутгийн хөгжлийн сангаас худалдан авалтыг Ж.Х-ын гарын үсгээр шилжүүлсэн, зөрүү 720.000 төгрөг болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй ажлын хэсгийн дүгнэлтэд тусгагдсан Төрийн албаны тухай хуулийн 37.1.6,..37.1.8, 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн үндэслэлд хамаарна гэсэнтэй нийцэж байна. Гэсэн мөртлөө ...6.3-т ...зөрчлийг гарснаар хойш 12 сараас илүү хугацаа нь ... дуусгавар болсон, энэ хугацааны дотор сахилгын зөрчлийг илрүүлж, энэ хугацаа дуусахаас өмнө сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба сахилгын зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь 2023 оны А/** дүгээр ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар ажлын хэсэг томилж дүгнэлт гаргуулан зөрчлийг илрүүлсэн үйл явдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд Ж.Х нь зөрчил гаргасан хугацаанаас хойш Санхүү төрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд зөрчил гарснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай, хугацаа тасалдсан нөхцөл байдал үүссэн байдаг. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа тодорхой дурдсан байдаг юм. Өөрөө хэлбэл хэдийгээр 2017 онд гаргасан зөрчлийг 2023 онд илрүүлж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй болно.
Иймд Завхан аймгийн дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 118/ШШ2024/0050 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Х-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Хариуцагчаас “...2017 онд гаргасан зөрчлийг 2023 онд илрүүлж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” хэмээн маргасан.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ** дүгээр тогтоолоор[1] Засаг даргын Тамгын газрын 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 192.000.000 төгрөгөөр нэмж тодотгон, Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/** дугаар захирамжаар[2] Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр, 1 автомашины гараашны хамт нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.
4. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаартай Үнэлгээний хорооны дүгнэлтээр[3] Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр, 1 машины гараашны хамт нийлүүлэгч компаниар “И” ХХК-г сонгож гэрээ байгуулахаар дүгнэлт гарсны дагуу 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ** дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний[4] 1. Ерөнхий зүйлд “Завхан аймгийн Жинст багийн нутаг дэвсгэрт байршилтай ** дугаар байрны * дүгээр орцны * давхрын * тоот орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр”, 2. Гэрээний үнэ, төлбөр тооцоо хийх зүйлд “97 м.кв орон сууцны 1 м.кв үнэ 1.600.000 /НӨАТ тооцоогүй/, граж үнэ 10.000.000 /НӨАТ тооцоогүй/, нийт үнэ нь 192.700.000 /НӨАТ орсон/ төгрөгөөр” тохиролцож гэрээ байгуулсан байна.
5. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/** дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар[5] “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Х-т сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах ажлын хэсэг”-ийг байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах ажлын хэсгийн дүгнэлт”-ээр[6] “...Засаг даргын Тамгын газрын дарга “И” ХХК-тай Завхан аймгийн Жинст багийн нутаг дэвсгэрт байрлах * дугаар байрны * орцны * давхрын * тоот орон сууцыг хүлээн авах “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээний үүргийн дагуу “И” ХХК-ийн данс руу Орон нутгийн хөгжлийн сангаас 4 өрөө байр, 1 автомашины гараашны үнэ болох 192.720.000 төгрөгийг шилжүүлэхээр заасан байтал “И” ХХК-ийн он, сар, өдөргүй хэзээ ирүүлсэн нь үл мэдэгдэх албан тоотын хүсэлтийн дагуу “З” ХХК-ийн дансанд 4 өрөө орон сууц, 2 гараашны үнэ 192.720.000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Х-ын гарын үсгээр шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна. 1 гараашны мөнгөн төлбөр илүү шилжсэн гэж үзэхээр байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
6. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/** дугаар “Ж.Х-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар[7] Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/** дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Х-т 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
7. 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ** дугаар “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ээр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт 4 өрөө байр 1 машины гараашны хамт нийлүүлэх ажилд 192.720.000 төгрөгийн үнийн санал гаргаснаар “И” ХХК шалгарч гэрээ байгуулахаар дүгнэлт гаргаж, “И” ХХК нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт “...манай борлуулалтын компани болох “З” ХХК-ийн ...төгрөгийн дансанд шилжүүлнэ үү” гэх албан бичиг[8] хүргүүлж, “З” ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр “...4 өрөө орон сууц 97 м.кв*1.600.000=155.200.500 төгрөг, Граж 2*10.000.000=20.000.000 төгрөг, дүн 175.200.000 төгрөг+/НӨАТ/ 175.250 төгрөг, нийт 192.720.000 төгрөгийн нэхэмжлэх[9] явуулснаар Орон нутгийн хөгжлийн сангаас “З” ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 192.720.000 төгрөгийг шилжүүлэх төлбөрийн хүсэлт гаргасан.
8. Үнэлгээний хорооны шийдвэр, Худалдах, худалдан авах гэрээнээс үзвэл 4 өрөө орон сууц, 1 автомашины гараашны хамт хүлээн авах ёстой байсан болох нь тогтоогдох боловч “З” ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу 192.720.000 төгрөгийг захиалагчаас шилжүүлсэн, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/** дугаар “Ажлын хэсэг томилох тухай” тушаалаар[10] “...4 өрөө бүхий орон сууц гараашны хамт биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, үл хөдлөх хөрөнгө болон түүнтэй холбоотой баримт бичгийг үнэлж Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд шилжүүлж авах...” үүргийг Ажлын хэсгийн ахлагч Ж.Х хэрхэн зөрчсөн нь зөрүүтэй байна.
9. Өөрөөр хэлбэл анх Үнэлгээний хорооны дүгнэлт болон Худалдах, худалдан авах гэрээгээр 4 өрөө орон сууц, 1 автомашины гараашны хамт хүлээн авах ёстой байсан боловч ийнхүү “З” ХХК-ийн нэхэмжлэхээр гараашны тоо нэмэгдэж 2 болсон байх бөгөөд ямар баримтыг үндэслэж Ж.Х-ыг 1 гараашны төлбөр илүү шилжүүлсэн хэмээн ажлын хэсэг буруутгаж байгаа нь тодорхойгүй болжээ.
10. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан.
11. Анхан шатны шүүх “...Ж.Х-ын сахилгын зөрчил гаргасан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зөрчил гаргасан цаг хугацаа эхэлж нэхэмжлэгчийн зөрчилд сахилгын хариуцлага ногдуулах зөрчлийг гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон, энэ хугацааны дотор сахилгын зөрчлийг илрүүлж, энэ хугацаа дуусахаас өмнө сахилгын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба сахилгын зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.5-д заасныг зөрчсөн” гэж үндэслэлтэй дүгнэжээ.
12. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа гаргасан гэх зөрчлийг үнэн зөв, тодорхой тогтоох шаардлагатай бөгөөд энэхүү тохиолдолд хэрэгт авагдсан баримтууд зөрүүтэй байхын зэрэгцээ сахилгын зөрчил ногдуулж болохгүй нөхцөл буюу хэрэв зөрчил гаргасан гэж үзвэл шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
13. Тодруулбал 2019 онд гаргасан гэх зөрчилд 2023 онд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх бөгөөд зөрчлийг илрүүлсэнээр 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсныг сахилгын шийтгэл ногдуулах боломжтой гэж үзэхгүй.
Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын талаар зөрчил гарсан тухай зөрүүтэй дүгнэсэн байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 118/ШШ2024/0050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] 1 хавтаст хэргийн 96-102 хуудас
[2] 1 хавтаст хэргийн 67 хуудас
[3] 1 хавтаст хэргийн 69 хуудас
[4] 1 хавтаст хэргийн 77-79 хуудас
[5] 1 хавтаст хэргийн 62 хуудас
[6] 1 хавтаст хэргийн 64-65 хуудас
[7] 1 хавтаст хэргийн 59 хуудас
[8] 1 хавтаст хэргийн 76 хуудас
[9] 1 хавтаст хэргийн 81 хуудас
[10] 1 хавтаст хэргийн 72 хуудас