Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 04

 

Д.Золбаярын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                             Хэргийн индекс: 148/2017/00535/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                             Б.Батзориг

                             Шүүгчид                                       С.Оюунцэцэг

                                                                                   Г.Давааренчин

                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 655 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор Д.Золбаярын нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдох “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдолтой” иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын  26-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      Д.Золбаярын шүүхэд гаргасан гомдлдоо: “Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 548 тоот шүүгчийн шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн 2 дугаар хэсэгт байршилтай  246м2 талбай бүхий 8-н өрөө хувийн орон сууцыг маань ШШГГ-ын гүйцэтгэх ажиллагаагаар албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүрэг 5.500.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэгдсэн. Уг шийдвэрт шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж “Ашид билгүүн” ХХК нь уг байрыг маань 136.313.000 гэж үнэлсэн.  Тухайн орон сууцны зах зээлийн дундаж үнэ нь 160.000.000-180.000.000 төгрөг байгаа тул миний бие энэхүү үнэлгээг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  дахин хийлгэж үнэн бодит үнэлгээ тогтоолгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Далайжаргал шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 548 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Золбаяраас 5.551.000 төгрөг гаргуулан иргэн Х.Идэртөгсөд олгохоор шийдвэрлэгдсэний дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 203 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн ирснийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 188 тоот тогтоол үйлдэн ажиллагаа хийсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Золбаярын арилжааны банкууд дахь дансны зарлагын гүйлгээг хааж, төлбөр төлөгчийн шүүхээс заасан хаягаар очиход тэр хаягандаа амьдраагүй байсан бөгөөд уг хашаа байшинг 5 жилийн өмнө худалдаж авсан гэх тайлбарыг тухайн хаяганд оршин суудаг М.Ганболд гэдэг хүн өгсөн.

Төлбөр төлөгч Д.Золбаярт төлбөрөө төлөх шаардлагыг удаа дараа хуулийн дагуу тавьсан ба Д.Золбаяр нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удааширсан, тодорхой цалин, орлого байхгүйг тогтоосон тул Д.Золбаярын хөрөнгийн талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авахад Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Золбаярын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэгт байрлах Ү-1317001635 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай 246м2 талбайтай 1 давхар хувийн орон сууц, 699м2 талбайтай Г-1317001975 дугаартай газар байгаа нь илэрсэн тул түүний  эд хөрөнгө болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 72/01 битүүмжлэх тогтоолоор битүүмжилж төлбөр төлөх хугацаа өгч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд хураан авч хуулийн дагуу дуудлага худалдаанд оруулна гэдгийг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 72/01 хураах тогтоолоор хурааж тухайн хаяганд амьдардаг төлбөр төлөгчийн аав Ж.Дашдоржид хадгалуулсан.

Талуудаас үнийн санал авахад үнийн саналууд зөрүүтэй ирсэн тул “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр томилсон. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр” Ашид билгүүн” ХХК-иас тухайн эд хөрөнгийг 136.313.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт ирж талуудад мэдэгдсэн. Үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргасан бөгөөд үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нь хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүй байдаг.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Мөн дахин Д.Золбаярт холбогдуулан шүүхийн 2 шийдвэр гарсан, манайд саяхан ирсэн” гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 03 дугаартай шийдвэрээр:

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар Д.Золбаярын гомдолтой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг хэрэгсэхгүй болгож,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д зааснаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1921 дугаартай захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зйүлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Золбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Давж заалдах гомдолын үндэслэл нь Сэлэнгэ аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар нь миний Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8-р багт байрлах Ү-1317001635 улсын бүртгэлийн дугаартай 246 м2талбайтай 1 давхар хувийн орон сууц, 699 м2 талбайтай Г-1317001975 дугаартай газрыг маань “Ашид билгүүн” ХХК-р үнэлгээ хийлгэн 136.313.000 гэж үнэлүүлсэн. Уг үнэлгээг хийхдээ барьж байгуулсан зардал болоод түүнд орсон материал хэрэгсэлийн судалгааг хийсэвээр таамаглан хийсэн нь одоогийн зах зээлийн үнэлгээтэй нийцэхгүй байна. Мөн уг үнэлгээний зураг авалт хийсэний дараа 3*5 харьцаатай авто граш, нэмж баригдсан нь уг үнэлгээнд ороогүй байна.

Сэлэнгэ аймгийн анхан шатны шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийг ямар шалтгаанаар хэрэгсэхгүй болгосныг тодорхой заагаагүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн анхан шатны 2017 оны 12-р сарын 12-ний өдрийн 655 тоот шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээрийн 8-р багт байрлах үл хөдлөх хөрөнгийг маань дахин үнэлгээ хийж зах зээлийн бодит үнэлгээг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Золбаяр нь Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эд хөрөнгөд үнэлгээг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийг судлан үзвэл: Гомдол гаргагч Д.Золбаяр иргэн Х.Идэртөгсд зээлийн гэрээний үүрэг 5.500.000 төрөгийг  төлөхөөр хүлээн зөвшөөрснөөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Х.Идэртөгсийн хүсэлтээр   шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч тус захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасан ажиллагааг явуулжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Золбаярын өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилэн тухайн хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр шийдвэр гүйцэтгэгч нь  2017 оны 08 сарын 25-ны өдрийн 08 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг томилсон байна.

Хэрэгт авагдсан  нотлох баримтаас үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх бөгөөд талууд үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэгдсэн хөрөнгөд үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий этгээдээг томилж үнэлгээ тогтоолгосон нь хууль зөрчөөгүй байна.

Гомдол гаргагч Д.Золбаяр нь давж заалдах гомдлынхоо үндэслэлээ анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг хийлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу гэж тайлбарлажээ.

Гомдол гаргагч Д.Золбаяр нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг одоогийн зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарлан маргаж улмаар шүүхээр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаа боловч  ямар нотлох баримтыг үндэслэн  зах зээлийн ханшнаас доогуур үнэлгээ хийсэн гэж үзэж байгаа, зах зээлийн үнэлгээний талаар бодит мэдээлэл баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд гомдол гаргагч Д.Золбаяр нь гомдлынхоо шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй анхан шатны шүүх маргаанд үндэсэлэл бүхий  тайлбар хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуль зөрчөөгүй байна гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч Д.Золбаярын  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 655 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар гомдол гаргагч Д.Золбаярын   давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн оролгод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН