Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 16

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өрнөхжаргал хариуцагч Г.Чу- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ХААН банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Г.Чу-т холбогдох 3.624.604 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Завхан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Ам- хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Чу- нь тус банкны Завхан салбараас 2014 оны 10 сарын 20-ний өдөр ЦЗ-14-65-1 тоот нэмэлт зээл олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 6.000.000 төгрөгний зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч нь нэмэлт зээл олгох, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2016 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл хугацааны байдлаар үндсэн зээлд 2431975.91 төгрөг төлөхөөр байна. Зээлдэгч нь нэмэлт зээл олгох зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 1.4.3-д заасан нөхцлийг зөрчсөн тул, банк барьцаат зээлийн гэрээний 5.1.5 дахь заалтын дагуу 2016 оны 09 сарын 06-ны өдрүүдэд зээл төлөх мэдэгдэл өгч удаа дараа 89807085, 88632738, 94457665, 99084581 дугаарын утсаар холбогдон зээл төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.

Иймд банк нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний болон барьцаат зээлийн гэрээний холбогдох заалтыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

а/ үндсэн зээлийн үлдэгдэл 2.431.975 төгрөг

б/ зээлийн хүүгийн төлбөр 10409,5 төгрөг

в/нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг бүгд 2.442.385 төгрөг гэжээ.

Хаан банкны Завхан салбар шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээс зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 3.624.604 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Чу- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дархан-Уул багийн иргэн Амгалангийн Амартөгс нь 2013 оны 06 сараас Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт бүжигчнээр ажиллаж Улиастай сумд амьдарч байсан. 2014 огы 08 сард 1.300.000 төгрөг, 2014 онгы 10 сард нэмэлтээр 4.700.000 төгрөгийг цалингийн барьцаат зээлүүдийг авсан. Тухайн үеүдэд А.Амартөгсийн эхнэр Баянтэс сумын иргэн миний авга дүү болох Б.Ганцэцэг нь нялх хүүхэдтэй суманд байсан учраас банкны шаардлагын дагуу хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах хамгийн ойрын хамаатны хүн хэрэгтэй байна. А.Амартөгс миний ах дүү, хамаатан садан энд байхгүй. Хадам талын ойрын хүн гээд чамайг дуудсан би хамтран зээлдэгчээр орох юм байна гэсний дагуу хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Зээлдэгч иргэн А.Амартөгстэй өөртэй нь холбогдож зээлийг нь төлүүлэх тал дээр ХААН банк удаашралтай хандаж байгаа. Миний тухайд А.Амартөгсийн зээлийг төлөх ямар ч боломжгүй юм. Би энэ зээлээс нэг ч төгрөг авч ашиглаагүй байхад миний харилцах данснаас 920.000 төгрөг төлүүлсэн. Миний авга дүүтэй хамт амьдарч байсан болохоос төрсөн болон мах цусны хамаатан садан биш, А.Амартөгсийн зээлийг төлөх боломжгүй. Сард өөрийн 722.356 төгрөгийн зээлийг ХААН, Төрийн банкуудад төлдөг. Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж үндсэн зээлдэгч А.Амартөгсөөр зээлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өрнөхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн болон бусад заалтуудыг дэмжиж байна. Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.3-т зааснаар ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу банкны зүгээс хамтран үүрэг гүйцэтгэгч Чу-аас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилсэн. Гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дагуу мөнгөн дүнгээ дэмжиж оролцож байна. Ер нь бол хамтран үүрэг гүйцэтгэгч юм уу аль нэг үндсэн үүрэг гүйцэтгэгчийг аваад явах боломжтой байсан боловч Чу-аас гаргасан хүсэлтийн дагуу өмнөх жилүүдэд Амартөгсийг эрэн сурвалжлах болон бусад шаардлагуудыг нь дэмжиж аль болох боломжит байдлаар хамтран ажилласан. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн зээлийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд зааж болно гэсэн заалтын дагуу гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохирч гарын үсэг зурсан. 20 хувиасаа хэтрээгүй. Мөн Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас дээрх хуулийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон Иргэний хуульд зааснаар зээлдэгч авсан зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол зээлийн гэрээний төлбөрөө бүрэн төлж дуусах хүртэл хугацаат зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж Иргэний хуулийн болон гэрээний зохицуулалттай тул Чу-аас нэхэмжлэлийн дагуу мөнгөн дүнг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсч байна гэв.

Хариуцагч Г.Чу- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд миний гарын үсэг байгаа. Анх 2014 оны 10 сарын 20-ны өдөр зээл авсан байдаг. Өмнө нь 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй, нэмэлтээр 1.700.000 төгрөгийн зээл аваад нийт 6.000.000 төгрөгний зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр миний гарын үсэг байдаг. Энэ зээл нь төлөгдөхөө байгаад сүүлдээ ХААН банкнаас намайг зээлийг төл гэсэн шаардлагыг тавьсан. Би тухайн үед үндсэн зээлдэгчийн талаар мэдээллийг ХААН банкинд байнга өгч байсан. Зээлээ төлөхөө больсноосоо хойш үндсэн зээлдэгч нь нэлээд олон аймагт ажилласан. ХААН банкны эдийн засагчийг би үндсэн зээлдэгчийн араас хангалттай хэмжээнд хөөцөлдөөгүй гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд 2016 оны 10 сарын 28-нд миний харилцах данснаас 920.000 төгрөг бэлэн бусаар тус зээлийн төлбөрт төлөгдсөн. Үүнийг нь мэдээд би зээлийн хүүг нь зогсоолгох хүсэлтийг ХААН банкинд гаргасан. Асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод үндсэн зээлдэгчийг эрэн сурвалжлуулсан боловч олдохгүй байсаар хугацаа нэлээд алдсан. Тийм учраас би шүүх хуралдаанд үндсэн зээлдэгчийг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан. Би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Миний гарын үсэг байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Амартөгсийн эхнэр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах байсан боловч энд байгаагүй. Баянтэс сумд байсан. Амартөгс энд таних хүн байхгүй гэсэн учраас би гарын үсэг зурсан. Би өнөөдрийн шүүх хуралдаан болохоос өмнө ХААН банкинд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэсэн хүсэлт өгсөн боловч ХААН банк нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн байна. Би энэ зээлийг өөрөө аваагүй болохоор төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Завхан салбар нь Г.Чу-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 2,431,975.91 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10409.5996 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2,442,385.51 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Улмаар 2018 оны 12 сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 3,624,604 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ирүүлсэн байна.

Хариуцагч уг зээлийг аваагүй, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан учир үндсэн зээлдэгчээр зээлийг төлүүлж өгнө үү гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Учир нь нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Г.Чу-ыг тус банкны Завхан салбараас 2014 оны 10-р сарын 20-ны өдөр ЦЗ-14-65-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан 6,0 сая төгрөгийг зээлсэн гэж үзэж, Хаан банкны 2014 оны 10-р сарын 20-ны өдрийн нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2014 оны 04 сарын 7-ны өдрийн ЦЗ-14-40 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, Г.Чу-ын банкинд гаргасан хүсэлт, зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн боловч эдгээр баримтууд нь тухайн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс тодорхойлбол иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа байгууллага өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд бичмэл нотлох баримт гаргахдаа өөрөө баталгаажуулна гэсэн ойлголтоор хуулийн заалтыг хэрэглэж хэвшүүлэх тохиолдолд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг ....болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулах ёстой.

Түүнчлэн хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь өгнө. Хэрэв бичмэл нотлох баримтын эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэснийг нэхэмжлэгч байгууллага биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Г.Чу-ыг Хаан банкны Завхан салбараас зээл авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ НЬ:

1. Хаан банкны нэхэмжлэлтэй Г.Чу-т холбогдох 3,624,604 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54028 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ