Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/878

 

 

         

 

 

 

 

 

 

      2022          11            14                             2022/ШЦТ/878

       
 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Ж.Баянжаргал,

хохирогч А.А,

шүүгдэгч Т.Б,

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар эрүүгийн 2211000001561 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Т овогт Т.Б

Монгол Улсын иргэн, , 1996 оны 05 сарын 06-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. 

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хайлаастын 21 дүгээр гудамд иргэн А.Атэй өөрийн төрсөн дүү Т.Хыг өмөөрч зодолдон түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж А.А биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 21 дүгээр гудамд хохирогч А.Атэй өөрийн төрсөн дүү Т.Хыг өмөөрч зодолдон түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж А.А биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дөхөж очоод тээврийн хэрэгслээ зогсоогоод би гэр орондоо шээгээч гэтэл цаад талаас нь дахин нэг үл таних жижигхэн биетэй залуу над руу дөхөж ирээд “чи яах гээд байгаа юм гудамжинд шээсэн ч яадаг юм. Чи дуугүй зайл” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгээд жижиг биетэй залуу миний зүүн талын хацар болон нүд хэсэг рүү хоёр удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би тухайн залуугийн цамцнаас заамдаж хашаа руу түлхэж боосон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12012 дугаартай “...А.А биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 21 дүгээр гудамд хохирогч А.Атэй өөрийн төрсөн дүү Т.Хыг өмөөрч зодолдон түүний нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж А.А биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн хацар, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж оногдуулах нь тохирно гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч А.А нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Медтравма эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс тусламж үйлчилгээ авч нийт 140.000 төгрөгийг эмчилгээний зардалд зарцуулсан хэмээн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Бгаас гаргуулж олгуулах нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нь хохирогч А.А эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 256.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Бгаас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.   

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Т.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Т.Бд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгаас нийт 140.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Ад олгож, Т.Бг 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгаас 256.000 /хоёр зуун тавин зургаан мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 2 /хоёр/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ