Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/876

 

 

         

 

 

 

 

 

 

   2022         11          14                                 2022/ШЦТ/876

 

       
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Б.Очгэрэл,

шүүгдэгч Ц.Г

нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2211000001523 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Б овогт Ц.Г       

 Монгол Улсын иргэн, 1991 оны 03 сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар супермаркетын эсрэг талд Р.Аийн эрх, эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас нь дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, хацрын зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Г нь 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” гэх нэртэй супермаркетын орчимд хохирогч Р.Аийн эрх, эрх чөлөөнд халдан цохиж, зодсоны улмаас нь биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

-хохирогч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр найз Эрхэмбаяртай уулзчихаад салж явах замдаа ганцаараа нэг лааз пиво авч уугаад харих гээд явж байтал замд үл таних хүн таараад надаас архи асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь над руу уурлахаар нь би явах гэж байтал зүс мэдэх ганаа гэж залуу хүрч ирээд “чи манай ахыг яаж байгаа юм” гэж хэлээд миний дагз руу цохихоор нь би манараад унасан чинь Ганаа яваад өгсөн. Би тэгэхээр нь босоод дүү Б.Мартбаярын гэрт очоод утсаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 13 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн газрын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11181 дугаартай “...Р.Аийн биед дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдсон ба мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 35-40 дүгээр тал/

- Ц.Г хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 48-75 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ц.Гийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” гэх нэршилтэй супермаркетийн эсрэг талд хохирогч Р.Аийг шалтгаангүйгээр шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн өөрийнх нь санал, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

            Хохирогч Р.А нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ц.Г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ