Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/891

 

 

 

 

   2022         11          16                                 2022/ШЦТ/891

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ж.Баянжаргал,

 шүүгдэгч Ц.Д,

нарийн бичгийн даргаар А.Мөнхтүшиг нарыг оролцуулан эрүүгийн 2211018551890 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Ц.Д

Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээ хүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 0 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин Д.Хтай “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгааны улмаас түүний баруун шанаа, баруун мөр, зүүн дал хэсэг рүү нэг нэг удаа цохиж биед нь баруун хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн даланд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 0 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин Д.Хтай “гэртээ оройтож ирлээ” гэх шалтгааны улмаас түүний баруун шанаа, баруун мөр, зүүн дал хэсэг рүү нэг нэг удаа цохиж биед нь баруун хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн даланд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь  хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд сургалтаа тараад би гэртээ иртэл манай аав Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба манай дүү Булгантамир бид хоёрт хандаж “...Гэртээ эрт ирсэнгүй, оройтож ирлээ...” гэж хэлээд хэл амаар доромжилж уурлаад хэрүүл маргаан үүссэн. Аав тэр үедээ уурлаж миний баруун талын чамархай хэсэг рүү гараараа нэг удаа цохисон мөн үргэлжлүүлэн баруун мөр, зүүн дал хэсэг рүү нэг, нэг удаа цохисон. Тэр үед манай  дүү Булгантамир аавыг салгаж болиулаад цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

 - гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр хичээлээ тараад 17 цагийн орчимд гэртээ ирсэн ба тэр үед аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба удалгүй 19 цагийн орчимд эгч Х гэртээ ирсэн. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн зантай хүн ба эгчийг ажлаасаа эрт ирж бай гэх мэт зүйлийг хэлж уурласан ба Х эгчийн нүүр буюу хацар хэсэг, чамархай хэсэг рүү нэг удаа гараараа алгадсан. Би тэр үед нь аавыг салгаж болиулсан ба манай гэрт Х эгчийн 2 настай, эрэгтэй дүү байдаг учраас дахин том асуудал болж магадгүй гэх бодол төрж урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагад хандсан. Миний биед ямар нэгэн байдлаар учирсан гэмтэл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14407 дугаартай “...Д.Хгийн биед баруун хоёр шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 0 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин, хохирогч Д.Хг гэртээ оройтож ирлээ гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон буюу шууд санаатайгаар хохирогчын эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Ц.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Насанд хүрээгүй хохирогч Д.Х: “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Ц.Дыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Ц.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Дыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Дыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ