Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/836

 

 

 

 

 

 

 

 

  2022         10         28                                    2022/ШЦТ/836

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч А.С,

хохирогч Д.Сайнбилэг, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Батцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211005861353 дугаартай хэргийг 2022 оны 08 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С ургийн овогт А.С

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, Халх, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөл бөмбөгийн дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 5, эцэг,
эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч А.С нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж.Уыг “хэвлэлийн үйлдвэртэй, зах зээлийн ханшнаас доогуур үнээр журнал, мэдэгдэх хуудсыг хийж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, улмаар тус компаниас 5,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 2611191734 дугаарын дансаар дамжуулан өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

 

А. Шүүгдэгч А.С нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах У-г өөр хэвлэлийн үйлдвэрээр зах зээлийн ханшнаас доогуур үнээр журнал, мэдэгдэх хуудсыг хийж өгнө” хэмээн улмаар -ийн компаниас нийт 5,000,000 төгрөгийг өөрийн  дугаарын дансаар дамжуулан өөртөө шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

              - шүүгдэгч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ...би мөнгийг нь өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусчихсан. “А” ХХК-аас авсан 5,000,000 төгрөгөөс журнал зарцуулах, аюулгүй мэдэгдэх хуудас зэргийг захиалахад зарцуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дугаар тал/,

              - хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “А” ХХК-ийн менежер Ж.У нь Улаанбаатар хот руу компанийн хэвлэлийн материал хэвлүүлэх зорилгоор ирсэн бөгөөд тухайн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэвлэлийн газар хайж явж байгаад “Х” хэвлэлийн газарт орж тухайн газарт байсан А.С гэх хүнтэй уулзаж өөрийн байгууллагын 1800 гаруй журналыг хэвлүүлэх талаар ярьтал А.С гэх хүн нь “би 100 айлд хэвлэлийн үйлдвэртэй, танай журналыг зах зээлийн үнээс хямд өртөгт хэвлэж өгье” гэж шалсаар байгаад хэвлүүлэхээр болсон байсан. Тухайн өдрөө Ж.У нь А.Стай ярилцаад тохиролцож, нийтдээ 1828 ширхэг журнал, 70 ширхэг аюулгүйн мэдэгдэх хуудсыг хэвлүүлэхээр болоход А.С нь эдгээр материалыг хэвлэхэд нийтдээ 6.993.800 төгрөг болно, мөнгөө яаг одоо авна гэж хэлэхэд Ж.У нь эхний удаа 5.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгөөд, үлдэгдэл 1.993.800 төгрөгийг ажлаа дуусахаар чинь өгье гэж тохирсон. А.С нь урьдчилгаа мөнгийг шилжүүлэхээс өмнө надад итгэж болно санаа зовох хэрэггүй би ажлаа 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусгана буюу 7 хоногийн дотор хэвлэж дуусгаад Эрдэнэт хот руу унаанд хийж өгөөд явуулна гэж хэлсэн. Тохирсон ёсоор 7 хоног өнгөрсний дараа манай байгууллагын залгаж холбогдох гэсэн боловч А.С нь утсаа авахаа больсон, ингээд манай “А” ХХК-ийн менежер Ж.У нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө Улаанбаатар хотод ирж Сын үйл ажиллагаа явуулдаг, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайн ард байрлах “Силвер” төвийн Б1 давхарт очиход, Сын оффис хаалттай байхаар нь эргэн тойрны хүмүүсээс нь асуугаад А.Сыг 100 айлд хэвлэлийн үйлдвэргүй гэдгийг мэдсэн бөгөөд Ж.У нь 2022 оны 03 дугаар сарын 07- ны өдрийг хүртэл хайсан боловч уулзаж чадаагүйн улмаас Эрдэнэт хот руу буцаж ирсэн, манай байгууллагаас А.Стай холбогдох гэж хичээж байгаад нэг холбогдоход А.С нь явдаг газраараа яв, цагдаад ханд гэж хэлсэн. А.С нь анхнаасаа гуйж шалсаар байгаад 100 айлд хэвлэлийн үйлдвэргүй байж манай байгууллагын ажилтан Ж.Ут итгэл үнэмшил төрүүлж шунахай сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар биднийг төөрөгдөлд оруулж итгэл эвдэх аргаар компанийн мөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. А.Сын явдаг газраараа яв гэж хэлсэн үйлдлийг харахад анхнаасаа дан ганцаар ашиг олох зорилгоор манай “А” ХХК-ийг хохироосон гэж харагдаж байна. ...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэт хотод байхдаа Хаан банкны салбараас А.Сын 2611191734 дугаарын данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн, нэг ч төгрөг эргүүлж аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

              - гэрч Ж.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тохирсон ёсоор 7 хоног буюу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүлээсэн боловч А.С нь арай болоогүй байна удахгүй явуулна гэж хэлсэн боловч утсаа авахгүй алга болчихоор нь би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хотоос А.Сын ажлын байран дээр ирэхэд утсаа авахгүй, ажлын байран дээрээ байхгүй байсан, би өдөржингөө хүлээх зуураа хүмүүсээс асуутал А.Сыг хэвлэлийн үйлдвэргүй талаар надад хэлсэн би А.Стай холбогдох гэхээр одоо утсаа авахгүй байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

              - “А” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/12 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд /хавтаст хэргийн 7-14 дүгээр тал/,

 - “А” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/12 дугаартай “...хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Доржоо овогтой Сайнбилэгийг томилж байна...” гэх албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар хувь /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,

- Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 4/6532 дугаартай албан бичиг, “Х” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /хавтаст хэргийн 78-99 дүгээр тал/,

 - “Х” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 2611191734 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 32-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч А.С нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” гэх нэртэй хэвлэлийн газарт  хохирогч “А” ХХК-ийн менежер Ж.Уыг “ өөр хэвлэлийн үйлдвэрээр зах зээлийн ханшнаас доогуур үнээр журнал, мэдэгдэх хуудсыг хийж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, улмаар тус компаниас 5,000,000 төгрөгийг, өөрийн “Хеброн” ХХК-ны эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 2611191734 дугаарын дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан хууль бус гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр хохирогч байгууллага нь тус мөнгийг Эрдэнэт хотоос шилжүүлсэн гэх байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлэлцэх шүүх хуралдаанд мэдэгдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсний дагуу тус хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлсөн, хувийн байдлыг нь  тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.С нь нийт 9 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон нэг хоногийг 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр тооцож түүнд оногдуулсан 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 365 /гурван зуун жаран таван/ нэгж буюу 365.000 /гурван зуун жаран таван мянган/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

 “А” ХХК-д нийт 5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба уг хохирлыг шүүгдэгч А.С нь гэм буруугийн хуралдаан дууссаны дараа ажлын 5 хоногийн завсарлага авч  бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нийт 9 хоног цагдан хоригдсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт А.Сыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч А.Сын нийт 9 хоног цагдан хоригдсоныг нэг хоногийг 15 /арван тав/ нэгж буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгөөр тооцож 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгт шилжүүлэн, түүнд оногдуулсан 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаас хасаж, нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 365 /гурван зуун жаран таван/ нэгж буюу 365.000 /гурван зуун жаран таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Сыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсуга

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТГЭРЭЛ