Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/918

 

 

 

 

 

  2022         11         23                                   2022/ШЦТ/918

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2202005640373 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ш овогт Д.Д

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Д.Д нь 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 82,45 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс өвс гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 82,45 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч Д.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

- мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 317 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 18-19 дугаар тал/,

- эд зүйл, тээврийн хэрэгсэлд /1622 УНХ Тоёота Приус 20/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,

- хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 4549 дугаартай “Д.Д УК02301179” гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно ” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 4550 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “5” гэж дугаарласан “СОFFE SHOP HOLLAND” гэсэн бичиглэлтэй төмөр савтай ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнаббинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “3” гэж дугаарласан тугалган цаас, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай хөвөнтэй мод, “6” гэж дугаарласан “Тебантин З00 мг" гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйл, тариур тус бүрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрээгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

- шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 930 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Б. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм. Уг бодисыг хүн хэрэглэснээр хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний биед улиг муу зуршил бий болгодгоороо нийгэмд үзүүлэх хор уршиг өндөртэйд тооцогдон нийгэмд аюултай гэм үйлдэл гэж үздэг. Тиймээс Монгол улсын Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж үзэн хууль тогтоогч хуульчилжээ. Энэ гэмт хэргийг үйлдэж буй хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг мансуурах зорилгоор шууд санаатайгаар түүж бэлтгэн, улмаар хадгалж хэрэглэснээр хэргийн бүрдэл хангагдаж уг гэмт хэрэг төгссөнөөр тооцогдог билээ.  

 

Иймд шүүгдэгч Д.Д нь 2022 оны 7 дугаар сард Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс өвс гэх нэршилтэй НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 82,45 гр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, улмаар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0 УНХ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Дд ял шийтгэл оногдуулахдаа шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан 1 жил хорих ял оногдуулж, шүүхээс оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлуудыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д нь урьд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тариураар нэг удаа хэрэглэж байсан гэж өөрөө мэдүүлсэн, мөн өөрийн түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлөөлөх бодисоо хэрэглэсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх ба сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд мансуурах хэмээх сэтгэцийн донтох өвчин үүсэж өөрийн бие махбодод эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Тиймээс дээрхийг харгалзан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмээс тусгаарлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах  саналыг хүлээн авахаас татгалзав.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл цэвэр жин нь 36,5 грамм, №2 гэж дугаарлан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 45,4 грамм, №3 гэж дугаарласан тугалган цаас, №4 гэж дугаарласан зиплок гялгар ууттай хөвөнтэй мод, №5 гэж дугаарласан “СОFFЕ SHOP HOLLAND”, гэсэн бичиглэлтэй төмөр савтай ургамал мэт зүйл, савтай жин нь 15,2844 грамм цэвэр жин нь 0,5538 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,4726 грамм, №6 гэж дугаарласан “Тебантин 300 мг” гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 5 ширхэг, тариур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Д.Дыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дд 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Д.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Д.Дд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай өвс мэт зүйл цэвэр жин нь 36,5 грамм, №2 гэж дугаарлан гялгар ууттай ургамал мэт зүйл цэвэр жин 45,4 грамм, №3 гэж дугаарласан тугалган цаас, №4 гэж дугаарласан зиплок гялгар ууттай хөвөнтэй мод, №5 гэж дугаарласан “СОFFЕ SHOP HOLLAND”, гэсэн бичиглэлтэй төмөр савтай ургамал мэт зүйл, савтай жин нь 15,2844 грамм цэвэр жин нь 0,5538 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,4726 грамм, №6 гэж дугаарласан “Тебантин 300 мг” гэх бичиглэлтэй капсултай эм мэт зүйл 5 ширхэг, тариур зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ