Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/841

 

 

 

     2022        10         31                                     2022/ШЦТ/841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж

улсын яллагч О.Нандинцэцэг,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан эрүүгийн 2211002840854 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт С.Э

Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 4 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч С.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр 0 УБЕ улсын дугаартай Тоёота FJ Cruiser загварын тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг хадгалж, тээвэрлэн, байгаль экологи, амьтны аймагт 13.000.000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2-т зааснаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж ,амьтны аймагт 13.000.000 төгрөгийн хор уршиг учруулсан бөгөөд нийт 26.000.000 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч С.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр 0 УБЕ улсын дугаартай “Тоёота FJ Cruiser” загварын тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг хадгалж, тээвэрлэсэн гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

                                     - хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цоохор ирвэс нь зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийн олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын /CITES/ нэгдүгээр хавсралтад тусгагдаж хамгаалагдсан. Дэлхий дээр 3500 орчим тоо толгой байдгаас Монгол улсад 1000 орчим тоологдож улаан номд орсон байдаг. Би амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, нийслэлийн төрийн сан, хүү торгуулийн орлого, торгууль нөхөн төлбөрийн 100200000906 дугаарын дансанд тушаалгах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал, 34-35 дугаар тал/,

- гэрч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхөр С.Э нь 2011 онд бөө болж буулгаж зайран болсон юм. Тэр цагаас хойш бөөгийн зан үйлээ одоог хүртэл үргэлжлүүлэн хийж байгаа. Миний санаж байгаагаар 2013-2014 оны үед гэж би санаж байна. Баян-Өлгий аймгаас хүүхэд нь унаж татдаг болсон гээд нэг эхнэр нөхөр 2 ирж бөөлүүлж зан үйл хийлгүүлсэн юм. Тухайн үед хүүхэд нь овоо гайгүй болоод 3 хоног болсон ба нөгөө хүмүүс нэг мөнгөн аяга, тэр цоохор арьс, толгой зэргийг өргөл болгон өгсөн. Тэр цагаас хойш бөөгийн зан үйлийн хувцас болох хуяган дээрээ чимэглэл болгон ашиглаж байсан юм. Тэгээд нэлээн удаан хувцас хэрэглэл дээрээ байлгаж байсан юм. Тэгээд одоогоос 3-4 жилийн өмнө хувцас хэрэглэлээ шинэчлэх гээд манай уг /бөөгийн өвөө гэх сахиус/ нь амьтны зовлого үүрэхгүй гэж хэлсэн учир авч авдартаа хадгалсан юм. Тэгээд л тэндээ байгаад байдаг байсан. Саяхан манай нөхөр миний төрсөн ах Гантулга, найз Бат-Амгалан нартай хамтран гар утасны дэлгэц гаднаас оруулж ирсэн юм. Тэгээд Нисэхийн гааль дээр их хэмжээний татварын өрөнд ороод тэгээд мөнгөний хэрэг гараад үүнийг зарна гээд аваад гарсан юм. Өчигдөр надад нэг хүн нөгөө арьсыг авна гэхээр нь би нээх тоогоогүй юм. Тэгээд өглөө намайг унтаж байхад аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Экологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 581 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн арьс, толгой нь нэг бодгаль байж болно. Шинжилгээнд ирүүлсэн арьс, толгой нь Мий /Felidae/ овгийн нас бие гүйцээгүй залуу, эм цоохор ирвэсийнх /Uncia uncia/ байна. Шинжилгээнд ирүүлсэн цоохор ирвэс нь өвлийн улиралд агнагдсан байна. Агнагдсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Цоохор ирвэс /Uncia uncia/ нь “Нэн ховор амьтан”-ны жагсаалтад багтсан. Монгол улсын номын /2016 он/ нэн ховор зүйл. Нэг эм бодгаль цоохор ирвэсийн экологи эдийн засгийн үнэлгээ нь 13.000.000 төгрөг байдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 70-80 дугаар тал/,

- гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

- тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-12 дугаар тал/,

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 дугаар тал/,

- эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 18 дугаар тал, 20 дугаар тал/,

-“Хас” үнэлгээ ХХК-аас тогтоосон үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/,

-мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 95 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Б. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...С.Эт байсан цоохор ирвэсийн арьс, толгой зэргийг агнагдсан эсэхийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан, тэрээр бөөгийн зан үйл хийж үүнийхээ хариуд бусдаас өргөл барьц хэлбэрээр олж авсан, үүнийгээ хадгалж байгаад, зарж борлуулах гэж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ авч явсан, гэхдээ уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчин ажиллагаа хийж хийлгэсэн байж болзошгүй байгаа. Тиймээс энэ байдлыг нь тогтоолгох нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлтээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан. Тиймээс С.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн утга агуулгаар санал гарган маргасан болно.

Шүүгдэгч С.Эын эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор байсан цоохор ирвэсийн толгой, арьс нь Монгол улсын  Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- д заасан нэн ховор амьтны түүхий эд болох нь тогтоогдож байна.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн, арьс, яс бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.”, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт: “ Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”  гэж тус тус хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн дүгнэвэл Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нэн ховор амьтны түүхий эдийг агнасан болон агнаагүйгээс үл шалтгаалан  олж авч хадгалах, худалдахыг хориглосон байна.

Гэтэл С.Э нь нэн ховор амьтны түүхий эдийг зохих байгууллагад нь мэдэгдэлгүй 2014 оны үед бусдаас олж авч, өөрийн гэртээ хадгалж байгаад, улмаар худалдан борлуулах зорилготойгоор өөрийн тээврийн хэрэгсэл дотроо тээвэрлэж явсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”  гэж хуульчилжээ.   

Шүүгдэгч С.Эын гэмт үйлдлийг илрүүлэхийн тулд гүйцэтгэх ажиллагааг явуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй  болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс С.Э нь цоохор ирвэсийн толгой, арьс 1 ширхгийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт үйлдэл нь нотлогдсон гэж үзэж, өмгөөлөгчийн гаргасан дээрх саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

В. Шүүгдэгч С.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 0 УБЕ улсын дугаартай “Тоуоta FG kruiser” загварын тээврийн хэрэгсэлд нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсийн түүхий эд болох толгой болон арьсыг хадгалж, тээвэрлэн, байгаль экологи, амьтны аймагт 13.000.000 төгрөгийн шууд хохирол, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.2-т зааснаар байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж амьтны аймагт нийт 26.000.000 төгрөгийн хохирол хор уршиг учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11000 нэгжээр торгох ялыг оногдуулж, өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

            Бусад асуудлын талаар

Энэ гэмт хэргийн улмаас Байгаль экологи, амьтны аймагт 13.000.000 төгрөгийн шууд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т: “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.” гэж хуульчилжээ.

Тиймээс С.Эыг байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, амьтны аймагт нийт 26.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн түүнээс гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгуулахаар шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн С.Эын өөрийн эзэмшлийн 0 УБЕ улсын дугаартай “Тоёота FJ Cruiser” загварын 65.000.000 төгрөгийн үнэлгээ тээврийн хэрэгслийг хураан авч хохирол нөхөн төлүүлж, илүү гарсныг нь улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн тул хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэн С.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С.Эыг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Эыг 11.000 /арван нэгэн мянган/ нэгж буюу 11.000 /арван нэгэн мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эыг торгуулийн ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасныг баримтлан С.Эаас ноогдох хөрөнгөөс нийт 26.000.000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж, Байгаль орчны яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 0 УБЕ улсын дугаартай “Тоёота FJ Cruiser” загварын 65.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хураан авч хохирол нөхөн төлүүлж, илүү гарсныг нь улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг журамлан эд мөрийн баримтаар хураагдсан цоохор ирвэсийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсүгэй.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ