Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/890

 

 

 

 

 

    2022         11          16                                   2022/ШЦТ/890

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Уранбайгаль,

шүүгдэгч С.С,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

нарыг оролцуулан эрүүгийн 2203005940518 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт С.С

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 25-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 аав, ээж, дүү, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч С.С нь “2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт “Петровис” ШТС-ын баруун замд Т.Приус маркийн 0 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд |оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар |замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө“ болон тус дүрмийн ”1 дүгээр хавсралтын хоёр. Хориглох тэмдэг, 2.1-т « Орох хориотой» - тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно’’ гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж явсан “Даюун” маркийн мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч Р.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.С нь “2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Петровис ШТС-ын баруун замд Т.Приус маркийн 0 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд |оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар |замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө“ болон тус дүрмийн ”1 дүгээр хавсралтын хоёр. Хориглох тэмдэг, 2.1-т « Орох хориотой» - тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно’’ гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж явсан “Даюун” маркийн мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч Р.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр миний өөрийн мотоцикл болох улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодон 39-ын авто засвараас гараад гэртээ харих гээд явж байсан. Дэнжийн 1000-н замаар урдаас хойш чиглэлд явах үед зам түгжрэлтэй байсан бөгөөд би урсгал сөрөөд урдаас хойш чиглэлд явж зайтал гэнэт зорчих хэсгийн зүүн талаас цагаан өнгийн автомашин гарч ирэхээр нь тоормос 1 гишгэсэн боловч шарваад мөргөлдсөн. Би газарт унаад байх үед жолооч нь бууж ирээд зүгээр үү гэхээр нь хөл хугарсан байна гээд түргэн дууд гэж хэлсэн. ...Надад жолоочийн үнэмлэх байхгүй. Жолоочийн сургалтад сууж байсан боловч дундаас нь хаяад гарчихсан. Үнэмлэхгүй. Мотоциклийг хөдөө амьдарч байхдаа унаж сурч байсан. Хотод өмнө нь унаж зайгаагүй. Тухайн мотоцикл нь улсын дугааргүй бөгөөд гаалийн бичиг ч байхгүй. Одоо авсан хүнээ танихгүй. Тухайн өдөр унаж явах үед бүх юм нь асуудалгүй ажиллаж байсан. Эвдрэл гэмтэлгүй байсан. Тухайн үед би хамгаалах малгай, бусад хэрэгсэл хэрэглээгүй байсан. Урсгал сөрж болохгүй гэдгийг би мэднэ. Би тэр клонкийн гарц байдгийг мэднэ. Доороос ирж байх үед машин харагдаагүй юм... Үнэлгээ хийлгэхгүй. Би засаад авна. Энэ мотоцикл нь миний өөрийн эзэмшлийнх юм. Анх авах үед л гаалийн бичиг байгаагүй юм. ... Тооцоо гаргаж өгнө. Эрүүл мэндтэй холбоотой гарсан эм тарианы мөнгийг өгчихвөл санал гомдол байхгүй. Хагалгааны зардлыг цаанаас нь гаргасан гэсэн ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч Р.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гарсан зүйл байхгүй. Би хамт байгаагүй. Би энэ автомашиныг 2021 оны 5 дугаар сард худалдан авсан бөгөөд тухайн үедээ Хас банкнаас 15.000.000 төгрөгийг зээл авч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өөрөө төлж авсан. Энэ машиныг манай нөхөр Наранбаатар голдуу унадаг бөгөөд манай хүргэн С надаас гуйж унаад номын сан ороод ирнэ гээд гарсан юм. Би ослын газарт Сээс сонсоод яваад очиход мотоциклтой мөргөлдсөн байсан. Нөгөө хүн нь гэмтэл явчихсан байсан. Ээж нь гэх хүн ирчихсэн байсан. Миний машинд урд буфер, номер, гуфер нь ханзарсан байсан. Эвдрэлтэй холбоотой нэхэмжилнэ. Үнэлгээ хийлгэнэ. Одоогоор бүрэн дүн гараагүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

- иргэний хариуцагч Р.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би зам тээврийн осол гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр хэлсэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дүгээр тал/,

- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон зайдал, хэмжилтийн бүдүүвч, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-12 дугаар тал/,

- “авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хавтаст хэргийн 57-61 дүгээр тал/,

- мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 63 дугаар тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн №13344 дугаартай 1. Р.Б-н биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун гарын зөөлөн эдийн няцрал, баруун гар, баруун бугалга, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Шинэ гэмтлүүд байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч С.С нь “2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 10-р хороо Петровис ШТС-ын баруун замд Т.Приус маркийн 0 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд |оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар |замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө“ болон тус дүрмийн ”1 дүгээр хавсралтын хоёр. Хориглох тэмдэг, 2.1-т « Орох хориотой» - тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно’’ гэсэн заалтыг зөрчсөний улмаас урсгал сөрж явсан “Даюун” маркийн мотоциклийг мөргөж, мотоциклийн жолооч Р.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийг торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан С.Сийг шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Р.Б: “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, иргэний нэхэмжлэгч Р.Батхишигийн “...үнэлгээ хийлгэхгүй, гомдол саналгүй” гэх  /хавтаст хэргийн 82 дугаар тал/ хүсэлтүүдийг үндэслэн шүүгдэгч С.Сийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Б овогт С.Сийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сийг 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар С.Сийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ