| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2018/00670/И |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-01-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 60
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч Д.Цо-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав /Увс аймгаас онлайн/-аар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор, Э.Гомбодорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.Цо-гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цо- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Дашдоржийн Цо- миний бие 1997 онд Европ хэлний дээд сургуульд элсээд 2001 онд төгсөөд Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуульд Англи хэлний багшаар ажиллаж байгаад 2014 оны 08 сарын 08-нд Завхан аймгийн Идэр сумын сургуулийн захирлаар томилогдон ажилласан юм. Миний бие Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй, тогтвор суурьшилтай 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Гэтэл миний бие ажил үүргээ ном журмын дагуу гүйцэтгэж байтал Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан нь 2018 оны 09 сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас Аймгийн засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж чөлөөлсөн юм. Миний нөхөр Д.Батсүх нүдний хагалгаанд Улаанбаатар хотод орох болсон тул би 2018 оны 03 сарын 12-ны өдрөөс эхлэн 10 хоногийн цалинтай чөлөө аймгийн Засаг даргаас авч явсан. Гэтэл нөхөр маань хагалгаанд орсны дараа явж чадахгүй дахин шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул миний бие ажлын 2 хоногийн чөлөөг Идэр сумын Засаг дарга Х.Баярмаагаас түүний 98113766 дугаартай утас руу нөхөр Д.Батсүхийн 80158292 дугаартай утаснаас 2018 оны 03 сарын 23 өдөр 3 минут хиртэй ярьж албан ёсны чөлөө авсан юм.
Миний бие албан ёсоор гачигдалаа утсаар хэлж чөлөө авсан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын 2 хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна.
Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Б/66 тоот Завхан аймгийн Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд буцааж эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Дашдоржийн Цо- нь Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/66 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/66 дугаартай захирамж нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсэргийн нэгж түүний удирдагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан болох нь Завхан аймгийн Автотээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018 оны хот хооронд зорчсон талаарх тасалбар, оролцогч Д.Цо-гийн сонсох ажиллагааны тайлбар болон холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тасалбар болгон Д.Цо-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг хангаж байх тул Д.Цо-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Цо- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажлыг 2014 оноос эхлэн хийж байгаад ажлаасаа үндэслэлгүй халагдсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний нөхөр 2018 оны 03-р сарын 06-ны өдөр хүнд зодуулж хүнд гэмтэл авсан. Ингээд нөхрийгөө 2018 оны 03-р сарын 08-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай хугарсан, хамар хугарсан байна. Заавал Улаанбаатар хот руу эмчилгээнд явах шаардлагатай гэж эмч нар хэлсэн учраас би 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг дарга өгөх ёстой гэж Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргаас 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс ажлын 10 хоногийн цалинтай чөлөө авсан. Ингээд би нөхрийгөө аваад 2018 оны 03-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хот ороод 2018 оны 03-р сарын 12-ны өдөр Нэгдүгээр эмнэлэгт үзүүлээд 2018 оны 03-р сарын 20-ны өдөр нүдний ухархайн хагалгаанд ороод 2018 оны 03-р сарын 23-ны өдөр эмнэлгээс гаргасан. Тухайн үед нөхөр маань маш их хэмжээний цус алдсан, нэг нүд нь боолттой байсан учраас нэг хүн заавал хамт явах шаардлагатай байсан. Ингээд би байнга хамт явж байсан. Манай нөхрийг эмнэлгээс гарахад нь эмч 2018 оны 03-р сарын 26-ны өдрийн өглөө нүднийх нь хагалгааны оёдлыг авхуулаарай гэж хэлсэн. Миний чөлөөний хугацаа 2018 оны 03-р сарын 23-ны орой дууссан учир би 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн оройн 06 цаг 30 минутад сумын Засаг дарга Баярмаатай утсаар холбогдоод ...нөхөр маань 2018 оны 03-р сарын 26-ны өглөө нүднийхээ хагалгааны оёдлыг авхуулахаар байна. Мөн шинжилгээнд хамрагдаж магадгүй байна. Та 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрийн чөлөө өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Засаг дарга Баярмаа зөвшөөрсөн. Тийм учраас би аймгийн Боловсрол соёлын газрын дарга болон аймгийн Засаг дарга руу чөлөөний асуудлаар яриагүй. Ингээд би 2018 оны 03-р сарын 26-ны өдөр нөхрийнхөө нүднийх нь хагалгааны оёдлыг авахуулаад 2018 оны 03-р сарын 27-ний өдөр автобусанд суугаад 2018 оны 03-р сарын 28-ны өдөр ажилдаа бэлэн ирсэн. Тийм учраас 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрүүдэд сумын Засаг даргаас чөлөө авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 4.4.2-д 3 өдрийн чөлөөг Боловсрол соёлын газрын дарга, 4.4.3-д 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг дарга, 4.4.1-д 1 өдрийн чөлөөг сумын Засаг дарга өгнө гэж заасан. 2 хоногийн чөлөөг хэн өгөх нь тодорхой бус байсан учраас би сумын Засаг даргаас 2 хоногийн чөлөө авсан. Тухайн үед сумын Засаг дарга Баярмаа надад 2 хоногийн чөлөө өгөхийг зөвшөөрсөн учраас би өөр хэн нэгэн рүү чөлөөний асуудлын талаар яриагүй. Ийм учраас 2 хоног ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсандаа гомдолтой байна. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүсч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Цо-гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Цо-г аймгийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гэдгийг Засаг даргаас Цо-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д ...3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргын зөвшөөрснөөр, 6.1.1-д ...ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө, 9.3.5-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй бол гэсэн эдгээр 3 заалтуудыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэж эдгээр заалтуудыг баримтлан ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Цо- нь 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл 10 хоногийн цалинтай чөлөөг аймгийн Засаг даргаас авсан байдаг. Цо-гийн 10 хоногийн чөлөөний хугацаа 2018 оны 03-р сарын 23-ны өдөр буюу 5 дахь өдөр дууссан. Цо-гийн нөхөр нь нүдний хагалгааныхаа оёдлыг 2018 оны 03-р сарын 26-ны өдөр авахуулах шаардлагатай байсан. Тухайн үед өвчтэй нөхрийг нь эмнэлэгээр авч явах хүн Цо-гаас өөр байгаагүй учраас Цо- 2 хоногийн чөлөө авсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай юм. Цо- нь чөлөө авсан хугацаандаа нөхрийгөө хагалгаанд оруулсан, оёдлыг нь авахуулсан, үзүүлж, эмчлүүлж, сувилуулсан байдал нь өвчний карт дээрх эмчийн үзлэгийн тэмдэглэл, эмчилгээ хийлгэсэн бичилтээс харагддаг, нотлогддог. Нөхрийнх нь өвчний картыг хэрэгт албан ёсны нотлох баримтаар нотариатаар баталгаажуулан хавсаргасан байгаа. Нөгөө талаар Цо- нь Завхан аймгийн Идэр сумын бүрэн дунд сургуулийн захирлаар 4 жил ажиллаж байгаа удирдах албан тушаалтан юм. Ямар тохиолдолд чөлөө авах, ямар тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан болох талаар Цо- өөрөө мэдэж байсан учраас 2018 оны 03-р сарын 23-ны өдрийн 18 цаг 24 минут 43 секундэд Цо- нөхрийнхөө 80158292 дугаарын утаснаас Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Баярмаагийн 98113766 дугаарын утас руу залгаж ярьсан ярианы билл нь тодорхой байдаг. Хэрэв Цо-д Идэр сумын Засаг дарга Баярмаа ямар нэгэн чөлөө өгөөгүй бол Цо- ямар нэг аргаар Боловсролын газар, эсвэл аймгийн Засаг дарга руу утсаар ярьж чөлөө хүсэх боломжтой байсан. Гэтэл Идэр сумын Засаг дарга Баярмаа Цо-д чөлөө өгсөн учраас өөр хэн нэгэн рүү холбогдож чөлөө хүсэх шаардлага байгаагүй. Тэгэхээр Цо-гийн 2 хоног ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар Цо-г ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэдгийг нэхэмжлэгч тал ярьлаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ноцтой зөрчилд хөдөлмөрийн гэрээний 4.4.3-д ...3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргын зөвшөөрснөөр, 6.1.1-д ...ажил үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, эрх бүхий байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг мөрдөнө, 9.3.5-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 хоног түүнээс дээш хоног ажилдаа ирээгүй бол гэсэн үндэслэлүүд байгаа. Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь заалтыг тайлбарлъя. Цо- нь аймгийн Засаг даргаас 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс цалинтай 10 хоногийн чөлөө хүссэнээр аймгийн Засаг дарга Цо-д 10 хоногийн цалинтай чөлөө олгосон. Хэрэв Цо- нөхрийгөө үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол хамгийн эхэлж хэнээс чөлөө авсан тэр албан тушаалтандаа хандаж дараагийн чөлөөний асуудлаа шийдвэрлүүлэх ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан 2 хоногийн чөлөө хэнээс авах нь тодорхойгүй байсан гэж яриад байна. Гэтэл Хөдөлмөрийн гэрээнд 1 хоногийн чөлөөг сумын Засаг дарга, 2, 3 хоногийн чөлөөг Боловсрол соёлын газрын дарга, 3-аас дээш хоногийн чөлөөг аймгийн Засаг даргаас авахаар заасан байгаа. Тэгэхээр 2 хоногийн чөлөөг хэнээс авах нь тодорхойгүй зүйл байхгүй. Мөн 2018 оны 03-р сарын 26, 27-ны өдрүүдэд нөхрийгөө үзүүлсэн учраас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж нэхэмжлэгч ярьж байна. Үүнийг нотлох баримтаар 1-р эмнэлгийн магадлагаа гаргаж өгсөн байна лээ. Нотлох баримт гэдэг бол хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн, хуульд заасан хэлбэрийг хангасан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт нь Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалаар батлагдсан эмнэлгийн магадлагаа ямар журам, ямар шаардлагыг хангасан байх журмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн ИХШХШТХ-ийн 38-р зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал: Эмнэлгийн магадлагаанд эмчлэгч эмч, ерөнхий эмч гарын үсгээ зурж, албан тушаалаа бичээд тамга тэмдэгээ дарсан байх ёстой. Мөн тухайн эмнэлэгээс гарч байгаа эмнэлэгийн магадлагаа нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж үзэж болохоор бол зайлшгүй эмнэлэгийн тамга тэмдэгээр баталгаажуулсан байх ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайдын 1999 оны тушаалд тодорхой заасан байна. Тийм учраас Цо- нь 26, 27-ны өдрүүдэд чөлөө хүсэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Цо- нь Сумын засаг даргаас 2018 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 14-ний өдрийн хооронд 4 хоногийн чөлөө авсан байсан. Гэтэл сумын Засаг дарга 4 хоногийн чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан биш. Цо- хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хэд хоногийн чөлөөг хэнээс, ямар албан тушаалтнаас авах талаар мэдэж байсан гэдэг нь Цо-гийн аймгийн Засаг дарга, сумын Засаг даргаас авсан чөлөөний болон Боловсрол соёлын газраас авч байсан чөлөөний баримтуудаар нотлогдож байна. Мөн сумын Засаг дарга Баярмаа гэрчийн мэдүүлэгтээ Цо-г ...өөрөөс нь чөлөө авъя гэж яриагүй, нөхөр нь ийм өвчтэй байна. 2 хоног ажилдаа ирэх боломжгүй байна гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй аймгийн Засаг даргатай холбогд гэж хэлсэн гэж мэдүүлсэн байна. Тийм учраас Цо- нь аймгийн Засаг даргаас чөлөө авах ёстой байсан боловч аваагүй нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байна гэж үзэж байна. Мөн 2018 оны 03-р сарын 12-ны өдрөөс чөлөө авчихаад 2018 оны 03-р сарын 23-нд чөлөөний хугацаа дуусахад нь аймгийн Засаг даргаас чөлөөгөө авах ёстой байсан. Мөн Сумын засаг даргаас 2018 оны 04-р сарын 11-ний өдрөөс 2018 оны 04-р сарын 14-ний өдрийн хооронд 4 хоногийн чөлөө авсан байсан. Энэ хугацаанд хадам ээжийгээ эмнэлэгт үзүүлсэн гэж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй, чөлөөг Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу аймгийн Засаг даргаас авах ёстой байсныг сумын Засаг даргаас авсан байгаа тул хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Энэ хугацааг мөн ажил тасалсан хоногт оруулан тооцож байгаа. Тийм учраас аймгийн Засаг даргын 2018 оны 09-р сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гомбодорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэмэлт тайлбар байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :Нэхэмжлэгч Д.Цо- нь хариуцагч Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч тал ...Д.Цо-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2018 оны 03 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд, мөн 2018 оны 04-р сарын 14-ний өдөр, 2018 оны 06-р сарын 18, 19-ний өдрүүдэд ажил тасалсан... ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Завхан аймгийн Засаг даргын захирамж нь хууль зүйн үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг хангаж гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Д.Цо- нь 2017 оны 03 сарын 09-ний өдөр Завхан аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж, тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь хөдөлмөрийн гэрээ, Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/40 дугаартай захирамж болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгч Д.Цо-г Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 сарын 21-ний өдийн Б/66 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон нь зохигчдын тайлбар, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Б/66 дугаартай захирамж, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдов.
Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга дээрх Б/66 дугаартай захирамжийг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29-р зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн гаргажээ.
Дээрх тушаалд нэхэмжлэгч Д.Цо-г аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.3, 6 дугаар зүйлийн 6.1.1-д дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэлгүй 9 дүгээр зүйлийн 9.3.5-д заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзэж ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Уг тушаалдД.Цо- хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг хэзээ хэрхэн гаргасан талаар огт дурьдаагүй, ямар зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байх боловч Д.Цо- нь хөдөлмөрийн сахилгын ямар зөрчлийг хэдий хугацаанд давтан гаргасан гэдэг нь тогтоогдохгүй бөгөөд баримтаар нотлогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл Д.Цо-гийн гаргасан гэх ноцтой зөрчлийн улмаас тухайн байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсан эсэх, тухайн байгууллагын эрх, ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагавар бий болсон эсэх, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх нь тогтоогдоогүй байна.
Хариуцагч тал Д.Цо-г 2018 оны 03 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд, мөн 2018 оны 04 сарын 14-ний өдөр, 2018 оны 06 сарын 18, 19-ний өдрүүдэд ажил тасалсан нь Автотээврийн газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 77 тоот албан бичгээр ирүүлсэн 2018 оны хот хооронд зорчсон талаарх тасалбараар нотлогдож байна гэж үзэж хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлажээ.
Гэвч Д.Цо-г ажил тасалсан гэх зөрчлийг тээврийн хэрэгслээр зорчсон талаар албан бичгийг ажил олгогчид ирүүлснээр зөрчлийг илрүүлсэн гэж байгаа боловч энэ нь зөрчлийг илрүүлсэн хугацаа гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь Д.Цо-г ажил тасалсан тухай асуудлыг тодруулахын тулд Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас Авто тээврийн үндэсний төвд 2018 оны 08 дугаар сарын 22-ний өдөр албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ албан бичгийн дагуу 8 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот руу зорчсон тухай баримт ирүүлснийг зөрчил илрүүлсэн хугацаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөрчлийг 8 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө илрүүлсэн гэж үзнэ. Ийнхүү илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараа сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээ цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна гэснийг зөрчсөн байна.
Хөдөлмөрийн гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Д.Цо-г 2018 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд, мөн 2018 оны 04 сарын 14-ний өдөр, 2018 оны 06 сарын 18, 19-ний өдрүүдэд ажил тасалсан гэж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Тухайлбал нэхэмжлэгч2018 оны 03 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод өөрийн нөхөр Д.Батсүхийг эмнэлэгт хэвтэж байхад нь асарсан үйл баримт хэрэгт авагдсан өвчтөний карт, Идэр сумын засаг даргад 2018 оны 03 сарын 28-ны өдөр гаргасөн нэхэмжлэгчийн чөлөө олгох тухай өргөдөл, УНТНЭ-гийн Д.Цо-г 2018 оны 03 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа, мөн 2018 оны 04 сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэгчийн чөлөө олгох тухай өргөдөл, түүнд цохолт хийсэн Идэр сумын Засаг даргын Тамгын газрын бичиг баримтуудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Д.Цо- 2018 оны 06 сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод сургалтанд хамрагдаж байсан нь БСШУСЯ-ны ерөнхий боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн баталсан сурагчдын дотуур байранд санхүү, хүний нөөц, эд хөрөнгийн удирдлага, ус ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах нь гэсэн удирдах ажилтны сургалтын удирдамжаар тус тус нотлогдож байна.
Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаан гэх ойлголтыг тодорхойлоогүй боловч өвчтөн асарсан, сургалтанд хамрагдсан тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Д.Цо- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Д.Цо-г Завхан аймгийн Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цо-г Завхан аймгийн Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ