Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/894

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүгдэгч У.А,

нарийн бичгийн дарга Ц.Нэргүй, 

хохирогч М.Наранбат, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,

улсын яллагч Ц.Хулан нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Урангэрэлийн Ад холбогдох эрүүгийн 2211 01341 1571 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Урангэрэлийн А /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо “Мандал Овоо” 8 дугаар гудамж 1 тоотод оршин суух хаягтай боловч, эх, дүү, үеэл дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-28 тоотод түр оршин сууж байгаа,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.А нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хадам эцэг М.Наранбатыг “архи битгий уу” гэж хэлсний улмаас нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун доод 1, 2 дугаар үүдэн шүдний сулрал, доод уруул, зүүн дээд зовхи шарх, доод уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 747 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч У.А нь

Шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч У.А нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн хадам эцэг М.Наранбатыг “архи битгий уу” гэж хэлсний улмаас нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун доод 1, 2 дугаар үүдэн шүдний сулрал, доод уруул, зүүн дээд зовхи шарх, доод уруулд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11235 дугаартай дүгнэлтэд:

М.Наранбатын биед баруун доод 1, 2 үүдэн шүдний сулрал, доод уруул зүүн дээд зовхи шарх, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

Хохирогч М.Наранбат шүүхийн хэлэлцүүлэгт, манай хүргэн У.А архи уухаараа их эвгүй авир гаргадаг. Тухайн өдөр гуанзнаас гарч явахдаа У.А нь миний охинтой хэрэлдээд, бага охиноо цементэн шалан дээр унагаах шахсан. Хоорондоо хэрэлдэж байгаад орц руу орсон. Тэгээд би У.Ад ”Миний хүү битгий архи ууж бай” гэхэд тэрээр “Чамд ямар хамаатай юм бэ пизда минь” гээд нүүр рүү цохиод авсан. Тэгэхээр нь би чи намайг яагаад цохиж байгаа юм, цохиж байгаа юм бол дахиад цохь” гэхэд тэрээр нэлээд чанга цохисон. Миний охин У.Алтанбаганын гараас татаж, цагдаа дуудсан. Тухайн үед миний хоёр шүд доод сууриараа хөдөлсөн байсныг зургийг нь авхуулж эмчлүүлсэн. Зүүн нүдний хөмсөг сэтэрсэн байсан. Одоо миний ам том ангайж болохгүй өвдөөд одоог хүртэл эдгэрэхгүй байна гэх,

Хохирогч М.Наранбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр манай охин Мөнхгэрэл нөхөр А нь 5 дугаар сургуулийн хажууд өөрийн дүүгийндээ байна гэнээ очиж авч ирнэ гэхээр нь “аав нь машиныг нь барьж явъя” гээд би охин 2 зээгийн хамт Алтаншагайн дүүгийн гэрт ирэхэд гэр нь эзгүй байсан ба манай охин Мөнхгэрэл нөхрөө хайна гээд 2 охиноо аваад гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа манай том зээ 9 настай Цэлмүүн гаднаас хутга бариад орж ирээд аав хутга өвөртөө хийчихсэн байна гэхээр нь би хутгыг нь аваад хураасан. Тэгээд байж байтал гаднаас орж ирээд манай охин Алтанбаганын дүүгийн эхнэр рүү утасдаад танай гэрт эд нар архи уух гээд байна гэж хэлэхэд А 2 найзын хамт гараад явсан бөгөөд манай охин араас нь бага охиноо тэврээд гарч яваад хэсэг хугацааны дараа ганцаараа орж ирээд архи уулгахгүй гээд охиноо тэврүүлчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээгээ аваад явъя согтуу хүнд яах гэж хүүхэд өгч байгаа юм гээд бид хоёр гараад Алтанбаганыг хайж байтал нэг цайны газар 2 найзын хамт манай бага зээг найздаа тэврүүлчихсэн архи уугаад сууж байсан... замдаа охин хүргэн хоёр муудалцаад хэрэлдээд А охиноо тэвэрч байгаад төмөр шон мөргүүлчих шиг болсон ба дүүгийнхээ байрны гадна ирээд 2 давхар руу гарч байтал манай бага зээ охин уйлаад байхаар нь толгой нь зүгээр үү, миний хүү “битгий архи уу” гэж хэлсэн чинь “чи муу пизда зайл аа, чамд хамаагүй” гээд миний нүүр хэсэг рүү гараараа маш хүчтэй цохисон тэгэхээр нь би “өө чи аавыгаа цохиж байгаа юм уу, за цохь цохь” гэсэн чинь миний нүүр хэсэг рүү 5-6 удаа гараараа цохисон. Тэгээд би яаж байгаа юм гээд нэг удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохисон бөгөөд манай охин Мөнхгэрэл ааваа цагдаа дуудчихсан гээд бид нар гараад Алтанбаганыг гаргахгүй гээд орцны хаалгыг дараад зогссон ба цагдаа нар ирээд Алтанбаганыг аваад явсан...” /хавтаст хэргийн 24 дүгээр  тал/,

Гэрч Н.Мөнхгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд байж байтал манай нөхрийн 2 найз ирээд бид нар хамт Алтанбаганын дүүгийн гэрт орсон бөгөөд манай нөхөр би энэ хоёр найзыгаа гаргаж өгчхөөд ирье гээд байхаар нь би архи нэмж уулгахгүйн тулд бага охиноо тэврүүлээд гаргачхаад араас нь би өөрөө дагаад гарсан чинь намайг орж бай гээд байхаар нь би том охиноо дагуулаад гэр рүү орсон. Тэгээд удалгүй би буцаад гартал манай нөхөр бага охин хоёр байхгүй байхаар нь аав бид хоёр ойр хавиар хайгаад нэг цайны газар луу ортол манай нөхөр А 2 найзын хамт нэг найздаа манай бага охиныг тэврүүлчихсэн архи уугаад сууж байхаар нь би уурлаад загнасан чинь миний өөдөөс уурлаад элдэв хараалын үгээр хэлээд байсан ба цайны газраас гараад явж байснаа манай нөхөр А бага охин Есөнгоог тэврээд явж байхдаа миний дух руу 2 удаа гараараа цохисон ба охиноо алдаад агаарт шидээд барьж авсан тэгэхээр нь би хүүхдээ булааж аваад бид нар орц руу орж байтал манай аав Наранбат “ямар дэвтэй архи уучихсан юм бэ миний хүү хүүхдээ унагаах шахлаа ш дээ” гээд хэлсэн чинь манай нөхөр А “чамд ямар хамаатай юм пизда минь” гээд шууд манай аавын нүүр хэсэг рүү нь гараараа 5-6 удаа дараалаад маш хүчтэй цохисон ба тохойгоороо цээж хэсэг рүү нь цохисон. Тэгээд би цагдаа дуудсан...” /хавтаст хэргийн 26, 29 дүгээр тал/,

Шүүгдэгч У.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би бага охиноо тэвэрч явсан ба охиноо унагаах шахсан чинь манай хадам аав, эхнэр хоёр над руу дайраад хадам аав намайг нэг удаа шанаадсан тэгэхээр нь би зөрүүлээд хадам аавыг зүүн гараараа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиод газарт унагаасан...” /хавтаст хэргийн 76 дугаар тал/,

шүүгдэгч У.А шүүхийн хэлэлцүүлэгт, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй  гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. 

Хохирогч М.Наранбатын мэдүүлэг, дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

            Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч М.Наранбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч У.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч У.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар архи согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах тухай дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахын зэрэгцээ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ давхар оногдуулсан тохиолдолд нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулах зарчимд харшилж байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч У.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Урангэрэлийн Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ад 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Хохирогч М.Наранбат цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

 

           

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД