Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0675

 

 

“СТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М;

 

Нэхэмжлэгч: “СТ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/84* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0594 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/1071/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “СТ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/84* дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “СТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/84* дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо:

3.1. Нийслэлийн Засаг дарга 2021 оны “Газар хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/84* дугаар эзэмших захирамжаар “СТ” ХХК-д газрын төлбөр, Газрын дуудлага худалдааны үнэ болох 52.800.700 төгрөгийг төлөөгүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалтыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.

3.2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон актыг 2021 онд гаргасан бөгөөд нэхэмжлэгч аж, ахуй нэгж 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Газрын дуудлага худалдааны төлбөр 52.800.000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл 2 жилийн дараагаар Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн, мөн анхан шатны шүүх газар ашигласан талаар үйл баримтыг цуглуулах ажлыг хэрэгжүүлж ажиллаагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0594 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
  2. Талуудын маргааны зүйл нь “газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт хуульд нийцсэн эсэх талаар байна.
    1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 27* дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 40000 м.кв газрыг “үйлдвэрлэл, үйлчилгээний” зориулалтаар 5 жилийн хугацаатай “СТ” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/2* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/128* дугаар захирамжаар дээрх газрыг үйлдвэрлэл, үйлчилгээ, амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
    2. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/84* дугаар захирамжаар нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
    3.  “СТ” ХХК-иас дээрх маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/84* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 449* дүгээр захирамжаар “...Хариуцагч нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэж буруутгасан бөгөөд нэхэмжлэгчээс газрын төлбөр төлсөн гэх баримтуудыг шүүхэд ирүүлсэн тул нэхэмжлэгч газрын төлбөрийг бүрэн төлсөн эсэхийг шалгаж тодруулах, мөн дуудлага худалдааны анхны үнийг төлөх төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй шалтгааныг тодруулах, хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн гэж байгаа боловч энэ нь хэрэгт баримтаар тогтоогдохгүй байна. ...Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийж, бодит нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, хэргийн оролцогчид хэн аль нь уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжтой...” гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, “СТ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
    4.  Хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээлгэх захирамжийн төслийг бэлтгэн хянуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хүргүүлсэн бөгөөд хараахан захирамж баталгаажиж гараагүй байна” гэх хариу тайлбар (хх-ийн 35 дахь тал), Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны №3762 дугаартай “Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт”-д нэхэмжлэгч “СТ” ХХК-иас гаргасан 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлтийг “Шийдвэрлэсэн тухай мэдээлэл” гэсэн хэсэгт “Тус байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу судлан үзээд Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг сэргээхээр захирамжийн төсөл хянагдаж байна” /хх-ийн 25 дахь талд/ гэх тэмдэглэгээ, Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрхийг сэргээн олгох тухай” захирамжийн төсөлтэй танилцсан, хянасан, боловсруулсан эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдсан баримт /хх-ийн 84-85 дахь тал/ зэргээс үзэхэд, Захиргааны ерөнхий хуулийн 92-98 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагаас газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх гомдлоор маргаан бүхий актыг захиргааны журмаар дахин хянаж, “газар эзэмшигчийн эрхийг сэргээх” хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
    5. Энэхүү захиргааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “СТ” ХХК дуудлага худалдааны анхны үнэ болох 52,800,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
    6. Түүнчлэн нэхэмжлэгч “СТ” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 27* дугаар захирамжаар газар эзэмших эрх үүссэнээс хойш хөрөнгө оруулалт, худалдан авалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх, төлөвлөсний дагуу “СБ” хотхон баригдаж ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь хэрэгт авагдсан маргаан бүхий газрын фото зураг, СБ” хотхоны танилцуулга, ажлын зураг, төсөл гүйцэтгэгч “БК” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...2021 онд эхлүүлсэн “СБ” хотхон нь ... одоогийн хийсэн хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 30 орчим хувь буюу 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна” гэх албан бичгээр нотлогдож байна. /128/2023/01**/3 индекстэй хэргийн 141-174 дэх тал/
    7. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч “СТ” ХХК-ийн газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн энэ тохиолдолд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах.” гэж тус тус заасны дагуу хууль ёсны итгэл хамгаалагдах онцгой нөхцөл бий болсон гэж үзэхээр байна.
    8. Энэ талаар анхан шатны шүүх “...хариуцагчийн энэхүү үйлдэл нь “СТ” ХХК-ийг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлсөн болохыг үйлдлээрээ хүлээн зөвшөөрч байна. ...шүүхээс нэхэмжлэгч газрын дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр захирамжид дурдсан үндэслэл бодитоор арилсан, газар дээрээ үл хөдлөх хөрөнгө бүхий бүтээн байгуулалтыг хийсэн ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцжээ.
    9. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч аж, ахуйн нэгж 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газрын дуудлага худалдааны төлбөр 52,800,000 төгрөгийг төлсөн ...анхан шатны шүүх газар ашигласан талаар баримтыг цуглуулах ажлыг хэрэгжүүлээгүй ...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0594 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ   

             ШҮҮГЧ                                                                              Г.БИЛГҮҮН   

             ШҮҮГЧ                                                                              Т.ЭНХМАА