Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0729/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/801 |
Огноо | 2022-10-12 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/801
2022 10 12 2022/ШЦТ/801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ж.Энхжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,
шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран нарыг оролцуулан эрүүгийн 2203003600392 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Х овогт Ө.Ц
Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны шөнө, 23 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутаг, “Чингэлтэйн өргөн чөлөө”, Засварын буудлын замд “Тоуоta prius-20" маркийн 0 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: “...гэрэл нь ...бүдэг асдаг болсон;”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Быг дайрч амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингэлтэйн өргөн чөлөө” Засварын буудлын замд “Тоуоta prius-20" загварын 0 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: “...гэрэл нь ...бүдэг асдаг болсон;”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Р.Быг дайрч амь насыг нь хохироосон үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болсон суудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн осол гарсан өдөр манай дүү ажлаа тараад гэртээ ирж хоол, ундаа уучхаад 20 цаг 30 минутын үед халуун усанд орохоор гэрээсээ гараад явсан, тэгээд зам тээврийн осолд орсон байсан гэж надад хэлж байсан. Миний дүү Р.Б нь 1965 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт төрсөн. Улаанбаатар хотод эхнэрийн хамт амьдардаг байсан бөгөөд хоёр охин нь тусдаа амьдардаг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1796 дугаартай:
“,..4.Талийгаач нь дээрх цээж, хэвлийн болон мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 73-85 дугаар тал/,
- "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын
үзлэгийн төвийн шинжээчийн 38\А/8ВМ дугаартай дүгнэлт: “...Хариулт 1. ...зүүн,
баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага
хангахгүй байгаа нь Автотээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангахгүй
байна...”. /хавтаст хэргийн 96-103 дугаар тал/,
- мөрдөгчийн 796 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/,
- дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дугаар тал/,
- Камерын бичлэг түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Шүүгдэгч Ө.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэмд заасан хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах ёстой болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнд оролцоно гэсэн тус тус заалтуудыг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний амь насыг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж дээрх замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Цын өөрийн өгсөн мэдүүлэг, биеэ авч явж буй байдлаараа хараа муутай болох нь тогтоогдсон ба өөрөө энэ талаараа мэдэж байсан болохыг дурдах нь зүйтэй..
Иймд шүүгдэгч Ө.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингэлтэйн өргөн чөлөө” Засварын буудлын замд “Тоуоta prius-20" загварын 0 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: “...гэрэл нь ...бүдэг асдаг болсон;”, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч Р.Быг дайрч амь насыг хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Мөрдөгчийн 796 дугаартай магадалгааны /хавтаст хэргийн 110-111 дүгээр тал/ 2-т: “... явган зорчигч Р.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ. Мөн тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад хохирогч Р.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замд оролцохдоо дээрх заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад: “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэж заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Ө.Цт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор 5 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Цт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг, ял оногдуулсан үеэс эхлэн тооцох, 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, оршин сугаа газрын хаяг зэргийг харгалзан зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас учирсан амь хохирогчийн буяны зардалд нийт 14.910.950 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц нэхэмжилснээс шүүгдэгч Ө.Ц нь 3 сая төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. шүүгдэгч нь үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хариуцагч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эхнэр Цт Тоёота Приус-20 маркийн 0 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл олгосон. Би бусдад учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулна...” гэх /хавтаст хэргийн 56 дугаар тал/ мэдүүлгийг үндэслэн, мөн тус хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болох тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг эзэмшигч хангах үүрэгтэй зэргийг харгалзан үлдэх хохирлыг Ө.Цоос 5.602.204 төгрөгийг, иргэний хариуцагч Г.Эаас 5.602.204 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц олгохоор тогтоож шүүх шийдвэрлэв.
шүүгдэгч, иргэний хариуцагч нарын орлого олох боломж, шүүгдэгч Ө.Цын санал зэргийг харгалзан шүүгдэгчийг 1 жил 6 сарын хугацаанд, иргэний хариуцагч Г.Эыг 1 жилийн хугацаанд тус тус хохирлыг төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад гэм хорын хохирлын холбогдох баримт нь шүүхэд ирээгүй тул хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн BCDE ангиллын 1175798 дугаартай Ө.Цын жолооны үнэмлэхийг түүнд шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангаж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн хүргүүлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ө.Цыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Ө.Цт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цыг эрх бүхий байгууллагын хяналт дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Цоос 5.602.204 /таван сая зургаан зуун хоёр мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийг, иргэний хариуцагч Г.Э 5.602.204 /таван сая зургаан зуун хоёр мянга хоёр зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц-д олгохоор тогтоож, шүүгдэгч Ө.Цыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд, иргэний хариуцагч Г.Эыг 1 /нэг/ жилийн хугацаанд тус тус хохирлыг төлж барагдуулахаар тогтоож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цт оногдуулсан эрх хасах ялыг, ял оногдуулсан үеэс тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн BCDE ангиллын 1175798 дугаартай Ө.Цын жолооны үнэмлэхийг эрх хасах ялыг тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ