Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1773

 

 

 

 

 

 

 

 

2022         12           05                                       2022/ШЦТ/1773

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэндулам,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Түвдэн /ҮД:3327/,

Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б, Б.Ш нарт холбогдох 2202 00000 0359 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа, барилгын шилэн фасад угаадаг ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь заалтыг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Жовогт Ан Б /РД: /.

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, барилгын шилэн фасад угаадаг ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгойн 2 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Бгийн Ш /РД: /.

 

Хэргийн товч агуулга:

А.Б нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах газар тариалангийн талбайн хажуугаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар Б.Штай бүлэглэн дээрх түүж бэлтгэсэн нийт 5537.2 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан,

Б.Ш нь А.Бтай бүлэглэн А.Болортулгын түүсэн гэх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 5537,2 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Ийм аймар зүйл гэж мэдээгүй. Цахим хуудаснаас л уншиж байсан. Бодис авч ирсэн гэдгийг 7 хоногийн дараа мэдсэн Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. 08 дугаар сард түүсэн. 2 жилийн өмнөөс мэдэж байсан. Ийм ял шийтгэлтэй гэж мэдээгүй. Өмнө нь карантинд байхдаа нэг хэрэглэж үзсэн. Тэгээд сая 08 дугаар сард ажлаар явж байгаад олж авсан. Авчраад 7 хоногийн дараа хэрэглэж үзсэн. Янжуур тамхи шиг ороож боогоод хэрэглэсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06-15/,

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.16-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Болортулгын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 57-14 ХӨВ улсын дугаартай хар өнгийн Аванте ЭХДИ маркын автомашинтай ганцаараа Төв аймгийн Жаргалант сумын нутаг руу явж, тэнд байдаг газар тариалангийн талбайн хажуугаас цагаан өнгийн шуудайны талаас арай доогуур хэмжээтэй каннабис гэх өвс ургамал түүж өөрийн амьдардаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2-11 тоотод аваачаад манай хашаанд байдаг, явдаггүй, эвдэрхий, 44-51 УБД улсын дугаартай автомашин дотор хийж хадгалаад өөрийн найз болох Штай хамтдаа бага багаар гаргаж ирээд хэрэглэж байсан, тэгтэл өнөөдөр гэнэт 23 цагийн үед манай хашаанд цагдаа нар орж ирээд манай найз Ш бид 2-г бариад Шын гэрт болон хашаанд байсан эвдэрхий, явдаггүй, 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан байсан каннабис өвсийг хураан аваад Хар тамхитай тэмцэх газарт авчирсан. Би 2021 онд зам ангийн туслахаар ажиллаж байхдаа Төв аймгийн Жаргалант суманд каннабис өвс ургадаг болохыг анх мэдэж авсан ба тухайн үедээ маш бага хэмжээтэйгээр түүж ирээд хэрэглэж байсан. Энэ жил 2 дахиа явж түүсэн ба өөрийн найз Штайгаа хамт хэрэглэх л гэж түүсэн, түүнээс биш бусдад зарсан асуудал огт байхгүй. 2019 оны үеэс л анх хүнээс сонсоод хэрэглэж эхэлсэн, би урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх.33-34/,

“... Би яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн гүйцэт уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд /хх.180, 185/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Шын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн найз болох Болортулгын хамт Баянзүрх дүүргийн 8 сугаар хороо, 2-11 тоот гэр хорооллын хашаанд зэрэгцэн амьдарч мөн хамтдаа Зайсан хилл комплекст дуудлагаар шил угаах ажил хийдэг ба 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэж санаж байна. Би Ирланд улсаас ирсэн багын найз болох Гарьдвантай уулзахаар болсон учир ажилдаа яваагүй юмаа. Тэгээд нэг бүтэн өдөр ажил таслаад, маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө Бтай уулзаад ажилдаа хамт явсан. Тэгээд ажилдаа явах замдаа бид хоёр ярилцаж байх үед Б надад Төв аймгийн Жаргалант сумаас өвс мэт зүйлийг түүж, гэрийн хооронд байх эвдэрхий автомашинд хадгалсан талаараа хэлсэн. Тэгээд би оройн цагаар буюу ажлаа тарж ирээд тус эвдэрхий машин дотор хийсэн гэх өвснөөс 2 хоногт нэг удаа өвсөө гялгар мөнгөлөг цаасан дээр тавьж хатаагаад, шатсан утаанаас нь сорох, тамхи шиг хэлбэртэй ороосон цаасан дотор өвсөө хийж сорох, мөн мөнгөлөг цаасыг бөөрөнхийлж тогоо шиг хэлбэртэй болгоод, усны сав цоолоод дотор нь нарийхан гуурс хийж сорох аргуудыг ашиглан хэрэглэдэг байсан. Би мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “Өвс” нэршилтэй бодисыг л хэрэглэдэг бөгөөд хэрэглээд 1 жил болж байна. Б мөн 1 жилийн хугацаанд энэ өвс гэх зүйлийг хэрэглэж байгаа. Би өвс гэдэг зүйлийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Зарим үед нойр огт хүрэхгүй өдрүүд байдаг. Харин өвс хэрэглэх үед их тайвширч нойр хүрдэг учраас би хэрэглэдэг юм аа...гэх мэдүүлэг /хх.36/,

“... Би маш их харамсаж байна. Буруу зүйл гэдгийг мэдсээр байж хэрэглэсэн нь миний буруу байгаа юм. Дахин ийм хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх.197/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Памын өгсөн: “... Манай нөхөр бид хоёр 2 хүүхэдтэйгээ 2022 оны 07 дугаар сард лагерь луу явж байх замд машин эвдрээд эвдэрсэн газар нь үлдээсэн. Тэгээд хэд хоногийн дараа машин дээрээ иртэл машины урд хоёр гэрэл, 1 дугуйг нь хүн авчихсан байхаар нь машинаа чирэгч машинаар чирүүлээд манай нөхрийн танил машин засдаг Шинээ гэх залуугийн гэрт аваачиж үлдээсэн. Тэрнээс хойш машин дээрээ огт очоогүй...” /хх.38/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх.52-55/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4562 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан тугалган цаас, 4 гэж дугаарласан тугалган цаас, бритка, хуйлсан цаас, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 6 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 7 гэж дугаарласан ургамал мэт зүйл. 8 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 10 гэж дугаарласан улаан өнгийн төмөр сав, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 12 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 гэж дугаарласан зүйлсээс дельта-9 Тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

3. Шинжилгээнд 1 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 9.5 гр, 2 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 4.2 гр, 5 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 71.2 гр, 6 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 46.0 гр, 7 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 175.7 гр, 8 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 183.3 гр. 9 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 46.8 гр, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шуудайтай жин 4930.5 гр, уг шуудайтай зүйлийн цэвэр жинг тогтоох боломжгүй. 12 гэж дугаарласан цэвэржин 70.0 гр болов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.58-66/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4561 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б УХ90053036 2022.09.16”гэх хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2.3. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.82-83/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4560 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ш УХ93050813 2022.09.16”гэх хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2.3. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.88-89/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 856, 857 дугаартай дүгнэлтүүд /хх.102, 105/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.172-174, 188-190/,

Яллагдагч нарт эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.179, 194/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч О.Лхагвасүрэнгийн өгсөн: “№7 дугаартай дүгнэлт зураг №19-оос 21 хүртэл зурагтай таарч байгаа. №8 нь зураг №21-ээс №24 дугаартай зурагтай таарсан байх боловч бичилтийн алдаа гарсан байна. Бодит жингүүд бол  зураг дугаар 22, дугаар 23, дугаар 24 дээр байгаа жин бодит дүгнэлтийн жин юм...” гэх мэдүүлэг /хх.199/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Мөнхмайн өгсөн мэдүүлэг /хх.46/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Майрагулийн өгсөн мэдүүлэг /хх.48/, 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.108-109/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.113, 115/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх.134, 145/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.182/,

Гэрлэлтийн лавлагааны хуулбар /хх.183/,

Шийтгэх тогтоолын хуулбар /шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

А. Б нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт орших газар тариалангийн талбайн хажуугаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

А. Б, Б.Штай нар нь бүлэглэн дээрх түүж бэлтгэсэн нийт 5537.2 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хаягт байрлах 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.06-15/,

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.16-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Болортулгын яллагдагчаар өгсөн: “... Би яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн гүйцэт уншиж танилцлаа. Тогтоолтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгүүд /хх.180, 185/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Шын яллагдагчаар өгсөн: “... Би маш их харамсаж байна. Буруу зүйл гэдгийг мэдсээр байж хэрэглэсэн нь миний буруу байгаа юм. Дахин ийм хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх.197/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх.52-55/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4562 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 3 гэж дугаарласан тугалган цаас, 4 гэж дугаарласан тугалган цаас, притка, хуйлсан цаас, 5 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 6 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 7 гэж дугаарласан ургамал мэт зүйл. 8 гэждугаарласан ургамал мэт зүйл, 9 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 10 гэж дугаарласан улаан өнгийн төмөр сав, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйл, 12 гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 гэж дугаарласан зүйлсээс дельта-9 Тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.

3. Шинжилгээнд 1 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 9.5 гр, 2 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 4.2 гр, 5 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 71.2 гр, 6 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 46.0 гр, 7 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 175.7 гр, 8 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 183.3 гр. 9 гэж дугаарласан зүйлийн цэвэр жин 46.8 гр, 11 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн шуудайтай жин 4930.5 гр, уг шуудайтай зүйлийн цэвэр жинг тогтоох боломжгүй. 12 гэж дугаарласан цэвэржин 70.0 гр болов” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.58-66/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4561 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б УХ90053036 2022.09.16”гэх хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2.3. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.82-83/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээч цагдаагийн дэслэгч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4560 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ш УХ93050813 2022.09.16”гэх хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

2.3. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-д багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.88-89/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б, Б.Ш нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Б, Б.Ш нарын холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг тусган хуульчилж, 1 дэх хэсэгт нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг дурджээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дагуу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор тодорхойлсон байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4562 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 4560, 4561 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч А.Б, Б.Ш нарын оршин суудаг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар гудамжны 11 тоот хашаанд орших 44-51 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээс илэрсэн “өвс” мэт зүйл буюу Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад оржээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.

“Хууль бусаар олж авсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаж авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авсан үйлдлийг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд, үндэсний аюулгүй байдал, цаашлаад удмын санд нөлөөлөх хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан байдаг.

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах зэрэг бусад аргаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

А.Б нь Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх газар тариалангийн талбайн хажуугаас өвс гэх мансууруулах бодсыг түүж, бэлтгэсэн, улмаар А.Б, Б.Ш нар нь худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрсдийн оршин суух газарт хадгалсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч маргаагүй болно.

А.Б, Б.Ш нарын үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч А.Болортулгыг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, олж авах” гэмт хэрэг үйлдсэн, Б.Шыг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас үүсэх хохирол, хор уршгийн талаар:

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Гэхдээ сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавар үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг онцлогтой болно.

 Нөгөөтээгүүр гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.

Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд болон учирсан бодит хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

А.Б, Б.Ш нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч А.Б, Б.Ш нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, санаа зорилго, сэдэлт, арга хэрэгсэл, нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Шт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдгээр ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б, Б.Ш нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг хүссэн болно.

Хэдийгээр Б.Ш анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, А.Б, Б.Ш нар нь гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн боловч олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэнд, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргээс үзэхэд шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “№1 гэж дугаарласан цэвэр жин нь 9,5 грамм өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан цэвэр жин нь 4,2 грамм өвс ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан тугалган цаас, N94 гэж дугаарласан тугалган цаас, бритка, хуйлсан цаас, №5 гэж дугаарласан цэвэр жин нь 71,2 грамм өвс ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан цэвэр жин нь 46,0 грамм өвс мэт ургамал зүйл, №7 гэж дугаарласан цэвэр жин нь 175,7 грамм өвс ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан цэвэр жин нь 175,7 грамм өвс ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан цэвэр жин нь 46,8 грамм өвс ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан улаан өнгийн төмөр сав, №11 гэж дугаарласан цэвэр жин нь 4923,9 грамм өвс ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан цэвэр жин нь 70,0 грамм өвс ургамал мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгахаар тогтоов.

          Шүүгдэгч А.Б, Б.Ш нарт урьд нь тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жовогт Ан Болортулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах, олж авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Бгийн Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Шт 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Шт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

          4. Шүүгдэгч А.Б, Б.Ш нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

          5. Шүүгдэгч А.Б, Б.Ш нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж буй “№1 гэж дугаарласан цэвэр жин нь 9,5 грамм өвс мэт зүйл, №2 гэж дугаарласан цэвэр жин нь 4,2 грамм өвс ургамал мэт зүйл, №3 гэж дугаарласан тугалган цаас, N94 гэж дугаарласан тугалган цаас, бритка, хуйлсан цаас, №5 гэж дугаарласан цэвэр жин нь 71,2 грамм өвс ургамал мэт зүйл, №6 гэж дугаарласан цэвэр жин нь 46,0 грамм өвс мэт ургамал зүйл, №7 гэж дугаарласан цэвэр жин нь 175,7 грамм өвс ургамал мэт зүйл, №8 гэж дугаарласан цэвэр жин нь 175,7 грамм өвс ургамал мэт зүйл, №9 гэж дугаарласан цэвэр жин нь 46,8 грамм өвс ургамал мэт зүйл, №10 гэж дугаарласан улаан өнгийн төмөр сав, №11 гэж дугаарласан цэвэр жин нь 4923,9 грамм өвс ургамал мэт зүйл, №12 гэж дугаарласан цэвэр жин нь 70,0 грамм өвс ургамал мэт зүйл зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР