Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/00303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК -ийн нэхэмжлэлтэй,

/                  /

 

Хариуцагч: Ж.Д-д холбогдох,

/                         /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 281.877.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ХХК  нь иргэн Ж.Д-тэй 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16-008 тоот зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Э“ ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ..... үйлдвэрийн зориулалттай барилга (Ү-2206020800), Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай .... 360 м.кв талбай газрыг тус тус барьцаалсан. Зээлдүүлэгч тал зээлдэгч Ж.Д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзаж шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа болно. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь хүүнд 6.150.000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй байна. Энэ нь манай байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Манай байгууллага өмнө нь Ж.Дхолбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/06548 тоот, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2018/09367 тоот захирамжуудаар хариуцагч Ж.Дийг 2 удаа шүүх дээр албадан ирүүлж байсан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар “Э ХХК -ын нэхэмжлэлтэй иргэн Ж.Дхолбогдох “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 262.180.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах“ тухай нэхэмжлэлийг буцаасан юм. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу иргэн Ж.Д 16-008 тоот зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 100.000.000 төгрөг, зээлийн хүү 150.150.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.030.000 төгрөг, нийт 280.180.000 төгрөг, өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагад тушаасан улсын тэмдэгтийн хураамж болох 1.697.000 төгрөг, нийт 281.877.000 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж өгнө үү гэв.  

 

            Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Э ХХК -ийн нэхэмжлэлтэй, Ж.Дхолбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 281.877.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Ж.Д, Э ХХК ийн хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16-008 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Э ХХК  нь 100.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлдэгч Ж.Дзээлдүүлэхээр тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг талууд байгуулсан байна гэж дүгнэв.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгч Ж.Д нь үндсэн зээлд 100.000.000 төгрөг, зээлийн хүүд 150.150.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 30.030.000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд нийт 280.180.000 төгрөгийг хариуцагч Ж.Д гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д  олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцэж байна.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан Ж.Д, Э ХХК  нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16-008А дугаар “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, барьцаалуулагч Ж.Д нь Э ХХК -иас олгосон 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлийн дагуу Э ХХК -ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо .... үл хөдлөх эд хөрөнгийг, мөн Э ХХК -ийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо .... 360 м.кв газрыг Э ХХК-д барьцаалжээ.  

 

Иймд хариуцагч Ж.Д нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйлээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

 

Мөн нэхэмжлэгчийн “...шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2018/11520 дугаар захирамжийн дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 1.697.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Учир нь шүүхээс хариуцагч Ж.Д нэхэмжлэлийн хувийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тэрээр нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2018/13818 дугаар захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж байсныг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 281.877.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д  олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Днь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо .... хөдлөх эд хөрөнгө болон Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо  .... газрыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөг, 1.567.335 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Д улсын тэмдэгтийн хураамжид 1.637.535 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.СЭМЖИД