| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0836/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/925 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттулгын Гд холбогдох эрүүгийн 2211 01447 1572 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Баттулгын Г /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 19-160 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь цахим хэрэгсэл ашиглан буюу фейсбүүк олон нийтийн сүлжээнд автомашин худалдах зар байршуулан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мөнх-Эрдэнийг “урьдчилгаа мөнгө өгвөл өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдана” гэж хуурч, түрээсийн гэрээгээр ашиглаж байсан бусдын тээврийн хэрэгслийг өгч, түүнээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 744 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч Б.Г нь цахим хэрэгсэл ашиглан буюу фейсбүүк олон нийтийн сүлжээнд автомашин худалдах зар байршуулан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мөнх-Эрдэнийг “урьдчилгаа мөнгө өгвөл өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдана” гэж хуурч, түрээсийн гэрээгээр ашиглаж байсан бусдын тээврийн хэрэгслийг өгч, түүнээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр залилж авсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Ц.Мөнх-Эрдэнээс бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүний эзэмшлийн 5543132104 дугаар бүхий “Хаан” банкны” депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
Хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хэрэгцээнд автомашин худалдан авах гээд фейсбүүкээр зар харж байтал “Приус-20” маркийн автомашин урьдчилгаа төлөөд хувь лизингээр худалдана гэсэн зар байсан юм. Тэгэхээр нь уг зарын дагуу холбогдсон ба ...Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Цагаан” байрны автобусны буудал дээр уулзахаар болсон юм. Тэгээд би уг газарт очиход өөрийгөө Г гэж танилцуулсан залуу байсан ба саарал өнгийн “Приус-20” маркийн 59-09 УБЛ улсын дугаартай автомашинтай байсан. Тэгэхээр нь автомашиныг үзэж харж байгаад автомашиныг худалдаж авахаар болсон ба Г нь уг автомашиныг 10,900,000 төгрөгөөр худалдана гэсэн ба эхлээд урьдчилгаанд 3,000,000 төгрөгийг аваад үлдсэн төлбөрийг нь 1 сард 600,000 төгрөгөөр төлж барагдуулахаар амаар харилцан тохиролцоод 1 cap болгон төлбөр төлж байна гэх утгатай зүйл цаасан дээр би бичиж өгсөн юм. Тэгээд би тухайн үед автомашины бичиг баримтыг шалгахад банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан юм. Тэгсэн Г надад миний өөрийн автомашин байгаа юм. Би банк бусаас худалдаж авч байсан юм. Одоо 1,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байгаа, чамаас авах 3,000,000 төгрөгөөсөө төлбөрийг нь төлөөд дуусгачихна, тэгэхээр банк бус дээр ямар нэгэн өргүй болчихно. Тэгээд чи автомашины төлбөрөө төлж дуусгаад автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлж авахад ямар нэг асуудалгүй гэж хэлэхээр нь би итгээд автомашиныг авсан. Тэгээд тухайн үед автомашиныг авч явахдаа эхлээд 2,000,000 төгрөгийг 5062258168 дугаарын данс руу өөрийн 5543132104 дугаарын данснаас Хаан банкны интернэт банкаар шилжүүлээд автомашиныг өөрөө аваад явсан ба замдаа явахдаа би дахиад 1,000,000 төгрөгийг шилжүүлье гэж бодоод Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Дөрвөн шонхор” худалдааны төвийн “ATM” ороод 5062258168 дугаарын данс руу дахиад 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би тэр дороо орон нутагт ажилтай байсан тул автомашинаа унаад хөдөө ажлаар явж байгаад гэртээ ирээд байж байтал гэнэт үл таних хүмүүс ирээд уг автомашиныг Г гэх хүнд түрээсэлсэн байсан чинь түрээсийн мөнгөө төлөхгүй, автомашин аваад алга болчихсон байсан гээд надад түрээсийн гэрээ болон бусад зүйлийг харуулсан ба тухайн үед би автомашиныг худалдан авсан талаараа хэлээд Гтэй уулзахаар болоод цагдаагийн байгууллагад хандсан юм... Автомашин түрээсэлсэн компанийнх нь хүмүүс надад түрээсийн гэрээ болон холбогдох баримтуудаа үзүүлсэн болохоор автомашиныг тэр хүмүүст өгөөд явуулсан...” /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,
Гэрч Д.Гүндсамбуу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 онд 59-09 УБЛ улсын дугаартай “Приус 20” маркийн автомашиныг “Эко кар рэнт” ХХК-ийн хэрэгцээнд худалдан авсан юм. Тухайн үедээ автомашин худалдан авах мөнгөний тал мөнгийг төлөөд үлдсэн мөнгийг “Би Эс Би” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 7,000,000 төгрөгийн барьцаанд тавьж авсан санагдаж байна... 2021 оны 02 дугаар сард автомашины зээл дуусаад “Эко кар рэнт” ХХК-ийн эзэмшилд бүрэн шилжүүлж авсан боловч автомашин торгуулийн асуудал байсан тул банк бус байгууллагаасаа автомашины эзэмшлийг шилжүүлж аваагүй байгаа юм... “Эко кар рэнт” ХХК нь миний үүсгэн байгуулсан автомашин түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм, би өөрөө захирлаар нь ажилладаг юм. “59-09 УБЛ” улсын дугаартай “Приус-20” "маркийн автомашиныг иргэдэд түрээслүүлж ашиглуулдаг байсан юм... 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автомашин түрээсэлнэ гээд манай компани дээр ирсэн юм. Тэгээд 1 өдрийн 70,000 төгрөгийн төлбөртэйгөөр 1 өдрийн хугацаанд түрээслэх талаар түрээсийн гэрээ байгуулан авч явсан юм. Тэгсэн түрээслэн авсан 1 өдөр өнгөрсөн чинь надтай холбогдоод автомашиныг сунгана гээд автомашиныг өгөхгүй явж байсан ба сунгалтын мөнгө шилжүүлж байсан. Манай автомашин нь “GPS” төхөөрөмжтэй болохоор хаана байгааг нь харж болдог ба Хөвсгөл аймагт явж байгаад Улаанбаатар хотод ирэхээр нь би уулзахад над руу 1,000,000 төгрөг шилжүүлээд автомашиныг унаад яваад байсан юм. Тухайн үед би хөдөө орон нутагт явж байгаад 2022 оны 07 дугаар сарын сүүлээр ирээд автомашины GPS төхөөрөмжийг шалгахад Хэнтий аймагт заагаад байсан ба автомашинаа Улаанбаатар хотод ирэхээр нь хойноос нь хөөцөлдөж байгаад уулзахад өөр хүнд миний автомашиныг 3,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад зарчихсан байсан. Тэгээд би автомашинаа худалдаж авсан хүнээс аваад явсан ба одоо автомашин манай компанид байгаа юм. Г гэх хүн автомашиныг аваад 1 cap гаруй алга болсон... тэгсэн харин миний автомашиныг миний зөвшөөрөлгүй зарж борлуулсан байсан... Гэс манай байгууллага төлж барагдуулах төлбөр тооцоо байхгүй. Автомашинаа буцааж авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 33 дугаар тал/,
“Эко кар рэнт” ХХК-ийн захирал Д.Гүндсамбуугаас гаргаж өгсөн тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, автомашин түрээслэх гэрээний хуулбарууд /хавтаст хэргийн 35-37 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн эзэмшлийн 5062258168 дугаар бүхий “Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,
59-09 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар тал/,
“БСБ Финанс ББСБ” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22/2132 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 45 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр автомашин түрээслэхээр болоод “Эко кар” нэртэй автомашин түрээсийн газраас 59-09 УБЛ улсын дугаартай “Приус-20” загварын саарал өнгөтэй автомашиныг 1 өдрийн 70,000 төгрөгийн төлбөртэйгөөр 1 өдрийн хугацаанд түрээслэх талаар түрээсийн гэрээ байгуулан авч явсан юм. Тэгсэн түрээслэн авсан 1 өдөр өнгөрөөд цаашид автомашины түрээсийг сунгаад автомашиныг өгөхгүй өөрөө унаад явж байсан ба сунгалтын мөнгө шилжүүлж байсан, Тэгээд би автомашинтайгаа баяр наадмын өдрүүд таараад гэр бүлийн хамтаар Хөвсгөл аймагт зугаалж явж байгаад Улаанбаатар хотод ирсэн ба тухайн үед автомашины түрээсийн төлбөрийг төлөөгүй тул бөөнд нь төлөх хэрэг гарсан юм. Мөн надад өөр мөнгөний хэрэг гараад байсан юм. Тэгэхээр нь би мөнгө олохын тулд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк цахим орчинд “авто машины худалдаа”, “Да хүрээ” гэсэн зарын томоохон группэд “Приус-20 загварын авто машиныг урьдчилгаа авч хувь лизинг хийнэ” гэсэн утгатай зар байршуулан өөрт байсан түрээсээр авсан 59-09 УБЛ улсын дугаартай Приус-20 загварын саарал өнгөтэй бүтэн “G” тээврийн хэрэгслийн зургийг байршуулан тавьсан юм. Тэгсэн надтай үл таних хүн холбогдсон ба бид хоёр фейсбүүк чатаар холбогдож хоорондоо дугаараа солилцсон... Тухайн хүнтэй автомашиныг худалдаж авахаар бол урьдчилгаа 3,000,000 төгрөгийг эхлээд авна, түүний дараа cap бүрийн 20-ны өдөр 600,000 төгрөг төлж байхаар тохирцгоосон. Тэгээд бид хоёр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Цагаан байрны автобусны буудал дээр уулзахаар болсон ба би автомашинаа аваад очсон ба тухайн залуутай уулзаад автомашиныг үзүүлсэн ба өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм, мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа юм. Банк бусаас худалдаж авч байсан юм. Тэгсэн харин одоо 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болохоор автомашины нэрийг шилжүүлж аваагүй байгаа. Чамаас авсан мөнгөнөөс би 1,000,000 төгрөгийн зээлийг төлчихнө, тэгээд би төлбөрөө төлж дуусахаар чинь чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж худлаа ярьсан юм. Тэгсэн нөгөө залуу итгээд автомашиныг худалдан авсан ба миний хаан банкны 5062258168 тоот дансанд 3,000,000 төгрөгийг авто машины улсын дугаараар нь хийчих гэж хэлээд мөнгийг нь шилжүүлж авсан... Тэгээд би уг 3,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг автомашины түрээсийн төлбөрт төлөөд үлдсэн, мөнгийг өөрт хамааралтай өр болон хувийн хэрэгцээнд зарцуулсан...” /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Г цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Г хохирогч Ц.Мөнх-Эрдэнэд 3,000,000 төгрөгийн хохирол учруулж, хохирлоо төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Гэс нийт 3,000,000 төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4-р баг Хаяа гэх газар оршин суух хаягтай, Ц.Мөнх-Эрдэнэ /РД: ЙВ98021113/-д олгуулахаар шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Баттулгын Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гэс нийт 3,000,000 төгрөг гаргуулан хохирогч Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4-р баг Хаяа гэх газар оршин суух хаягтай Ц.Мөнх-Эрдэнэ /РД: ЙВ98021113/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД