| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0197/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/205 |
| Огноо | 2022-12-02 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ө овогт Б-ийн Г-д холбогдох 2235000000221 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-нд Увс аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, , ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ...... сумын ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан Ө овогт Б-ийн Г /РД:.........../.
Холбогдсон хэргийн товч утга:
Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Нутгийн удирдлагын ордон”-ны байрны нэг давхарт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр албан үүргээ биелүүлж байсан Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, ахлах ахлагч Г.Д-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, өмсөж явсан албаны парад гителны товч, зүүж явсан зангиаг нь тасласан гэх гэмт хэрэгт холбогджээ
1. Шүүгдэгч Б.Г-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Нутгийн удирдлагын ордон”-ны байрны нэг давхарт 2022 оны 10 дугаар сарын 14-нд албан үүргээ биелүүлж явсан Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, ахлах ахлагч Г.Д-ын шаардлагыг эсэргүүцэж, өмсөж явсан албаны парад гителны товч, зүүж явсан зангиаг нь тасласан болох нь:
1. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
2. Хохирогч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Б нь надад 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тус аймгийн Засаг даргын тамгын газарт төрийн албаны шалгалт авч байгаатай холбогдуулан Улаангом сум болон Нийтийн хэв журам хамгаалах албанаас албан бичгээр уг шалгалтын явцад хамгаалалтаар ажиллах цагдаагийн алба хаагч шаардлагатай гэсэн тул Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н-ийн хамт 2022 оны 10 дугаар сар 14-ны өглөө 07 цагт Засаг даргын тамгын газарт очиж хамгаалалтад ажиллах чиглэл өгсний дагуу очиж ажилласан. Цагдаагийн дэд ахлагч Н нь засаг даргын тамгын газрын гурван давхарт буюу гаднаас орж ирэх иргэд шалгалтын үйл ажиллагаанд саад учруулах, үймээн самуун үүсгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед гаднаас орж ирсэн зүс таних Б.Г гэгч нь дотогш нэвтрэхгүйгээр үүдний хэсэгт жижүүр болон бусад хүмүүстэй ярилцаж байх явцдаа Т гэх хүнийг гэнэт цээжин хэсэгт нь гараараа цохиод авахаар нь би ойрхон байсан учраас очиход Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул уг байранд төрийн албаны шалгалт авч байгаа тул хэрүүл маргаан болон үймээн гаргахгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд төрийн байгууллага үйлчилдэггүй мөн бусдын биед халдах болон танхайрах зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан тул уг зөрчлийг таслан зогсоож, уг байрнаас гарах хууль ёсны шаардлага тавьж гадагш гаргахад Б.Г нь би дотогш ормоор байна миний орох нь та нарт ямар хамаатай юм бэ? Чи намайг хорьдог хэн юм бэ би Т-аас албан бичиг авах ёстой гэж хэлэхээр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа тул эрүүл ирж уулз гэж хэлээд гаргасан. Би тухайн үед ар гэрт нь болон жижүүрийн цагдаад хүлээлгэж өгөх гэсэн боловч хамгаалалтын байраа орхиж болохгүй тул буцаж дотогш ороод байж байхад дахин Б.Г нь орж ирээд албаны ажипаар явж байна чи намайг хорьдог юу юм пизда минь гэж хэлэхээр нь би дахин төрийн албаны шалгалт явагдаж байгаа тул бусдын амгалан тайван байдал битгий алдагдуулаад бай гэж хэлээд гарах шаардлага тавихад гарахгүй гэхээр нь албадлагын арга хэмжээ хэрэглээд буюу Б.Г-ийг гадагш түлхээд гаргасан. Б.Г нь гадна хаалган дээр гараад намайг заамдаж хоолой боох гэхээр нь би гарыг тавиулах гэхэд баруун гараараа миний зангиа татаж тасалсан мөн парад гителийн товч тасалхаар нь мигтй хувцас урчихлаа гэж хэлэхэд Б.Г нь надаас холдоход би дотогшоо орж ерөнхий жижүүрт мэдэгдчихээд гадагш гараад ирэхэд Б.Г байхгүй байсан. Тухайн хэргийн улмаас миний өөрийн авсан зангиа нь зүүх хэсгээрэй тасарч ашиглах боломжгүй болсон боловч Б.Г нь надаас уучлалт гуйж гадад шинэ зангиа авч өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад зангиа авч өгсөн тул миний зангиад шинжээч томилж үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй. Хохирлоо бүрэн барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 28 дахь тал),
3. Гэрч Х.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 16-17 цагийн үед урьд санхүү хяналт аудитын газарт нярав ажилтай байсан Б.Г гэх хүн орж ирээд ЗДТГ-т ажилладаг Т гэх хүнтэй ярилцаж байгаад гэнэт цохиод авахад ЗДТГ-т явагдаж буй төрийн албаны шалгалтын томилгоонд ажиллаж байсан алба хаагч төрийн байгууллага дотор, төрийн албаны шалгалт явагдаж байна үймээн үүсгэж болохгүй гэж хэлсэн. Б.Г нь чанга дуугаар юм яриад байхаар нь цагдаагийн алба хаагч төрийн албаны шалгалт явагдаж байна гадагш гараарай гэсэн шаардлага тавьж гадагш ” түлхэж гаргасны дараа Б.Г нь дахин орж ирэх гэж байхад цагдаагийн алба хаагч дахин гадагш гаргах шаардлага тавьж гаргах гэхэд Б.Г нь урдаас нь түлхэж хоорондоо барьцалдаад гарсан тухайн үед гараад юу гэж маргалдсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дахь тал),
4. Гэрч Т.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би аймгийн Засаг даргын тамгын газарт ажилладаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр ажлаа тараад ажлаасаа гадагш гарах гэж байхад 17 цагийн үед ажпын нэг давхарт буюу коридорт зүс таних Б.Г гэх хүн намайг дуудахад нь яваад очиход хамт зогсож байсан хүмүүстэйгээ юм ярьж байгаад надаас миний өгсөн бичгийн хариу яасан бэ гэж асуухаар нь би танд албан бичгийн хариуг урьд өмнө үзүүлээд албан ёсоор тамга тэмдгийг нь дараад өгий гэхэд та өөрөө явчихсан таны өргөдөл дээр холбогдох хуулийн байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байгаа засаг даргын тамгын газрын зүгээс хариу өгөх боломжгүй гэж хэлэхэд намайг гэнэт цээжин хэсэг рүү гараараа хальт цохиход нь би Б.Г гэх хүнийг урагш түлхэж холдуулахад тамгын газрын үүдний хэсэгт сууж байсан цагдаагийн алба хаагч ирээд Б.Г-т хандаж чи яаж байгаа юм боль энд ийм үйлдэл гаргаж болохгүй гэж хэлээ д дагуулж гарахад Б.Г нь надад хандаж албан бичгийнхээ хариу авч байж гадагш гарна гэж хэлээд гадагш гарахаар нь би буцаж ажлынхаа өрөө орж Б.Г-т өгөх бичгийн хариуг аваад буцаж нэг давхарт бууж ирэхэд Б.Г нь буцаад орж ирээд зогссон байхаар нь би бичгийг нь өгчихөөд би шууд гадагш гарч явсан. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 33 дахь тал),
5. Гэрч Ц.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр би 17 цагийн үед аймгийн захирганы кордор хэсэг буюу хамгаалагчийн хажууд байж байхад зүс таних Б.Г гэгч эь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд дотор байсан хүмүүстэй ярилцаж зогсож байхад Т гэх захиргааны ажилтан бууж ирээд Б.Г-тэй ярилцаж байх хугацаандаа маргалдаж Б.Г нь Т-г хальт цохиод авахад захиргаанд авагдаж байсан төрийн албаны шалгалтын хамгаалалтанд ажиллаж байсан цагдаагийн алба хаагч ирээд Б.Г-т хүний биед халдаж болохгүй гэж хэлээд гадагш аваад гарсан. Түүнээс хойш болсон үйлдлийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 35 дахь тал),
6. Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан ба согтолтын зэрэг нь 3.02% согтолттой байсан болох нь мөрдөгчийн ар гэр асран хамгаалах хүнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
8. Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “......2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Засаг даргын тамгийн газрын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Т-с албан бичгийн хариу авахаар 17 цагийн үед очсон бөгөөд тухайн албан бичгийг 09 дүгээр сард хариугаа авч чадаагүй байсан бөгөөд Т нь тайлбарлахдаа би танд амаар хариуг нь өгсөн биздээ гэж хэлэхэд нь би албан бичгийн хариуг амаар өгдөг юмуу Т-гийн цээжин хэсэгт хальт цохиход Т нь намайг түлхсэн. Би өөрөө согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэггүй бөгөөд тухайн үед хэрэглэсэн байсан учраас ажил төрлийн хувьд бухимдалтай байсан бөгөөд миний гаргасан үйлдлийг харсан цагдаагийн алба хаагч надад зүй ёсны шаардлага тавьсан нь үнэн, тухайн үеийн стресс бухимдлаас болоод өөрийгөө хянаж чадахгүйгээр цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлэх явцад албаны зангианы түгжээ нь тасарсан мөн товч чинь тасарсан үйл явдал болсон бөгөөд тухайн үйлдлээ ухамсарлаж шаардлагын биелүүлж гэрлүүгээ харьсан. Энэхүү болчимгүй үйлдлээ хүлээн зөвшөөрч ухамсарлаж байна. Мөн торгох ялын хугацааг 26 сарын хугацаатай төлөхөөр шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна” (хавтаст хэргийн 59-60 дахь тал) гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан "хууль сахиулагч" гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон тул Увс аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, ахлах ахлагч Г.Д нь хууль сахиулагч мөн байна.
Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хууль сахиулагч буюу цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлага хууль ёсны эсэх нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлт болдог.
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах “Нутгийн удирдлагын ордон”-ны байрны нэг давхарт Т.Т-гийн биед халдсан үйлдлийг хууль сахиулагч Г.Д албан үүргээ биелүүлж таслан зогсоох талаарх тавьсан шаардлагыг эсэргүүцэн түүнийг заамдаж өмсөж явсан албаны парад гителны товч, зүүж явсан зангиаг нь тасласан үйлдэл нь хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл юм.
Шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 458 дугаартай “Үзүүлэгч Г.Д-ын биед үзлэг хийхэд гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал)-ээр хууль сахиулагчийн биед гэмтэл учраагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирогч Г.Д-ын “...албан үүргээ биелүүлэхтэй нь буюу түүнийг заамдаж өмсөж явсан албаны парад гителны товч, зүүж явсан зангиаг нь таслах зэргээр эсэргүүцэж хүч хэрэглэсэн үйлдэлд ямар нэгэн учирсан гэмтэл, хохирол байхгүй ба Б.Г нь надаас уучлал гуйж, хохирол бүрэн барагдуулсан тул санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг нотариатаар баталгаажууласан (хавтаст хэргийн 97 дахь тал) баримтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хууль сахиулагчийн биед халдсан үйлдэл нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь урьд нь ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 77-80 дахь тал/–оор тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдлын талаар: Гэрч Б.Б-ний өгсөн: “......Б.Г ах нь 2-3 жилийн өмнө гэр бүлтэй болсон бөгөөд эхнэр нэг хүүхдийн хамт амьдардаг. Мөн төрсөн аав ээж нь 60 орчим насны хүмүүс байдаг. Ажилсаг хөдөлмөрч байдлын хувьд гэвэл хүн бүрт сайн харилцаатай бөгөөд янз бүрийн харилцаа ихээр үүсгээд байдаггүй хүнрүү түрүүлж маргаан үүсгэдэггүй уудаггүй бөгөөд би өөрөө архи уусан байх үеийг нь 1-2 удаа л харж байсан. Би тухайн хүнийг 2010 оноос хойш одоог хүртэл ихэвчлэн хамт байж байсан учраас сайн мэдэх тул надад болон бусад хамаатан, найз нөхөддөө сайн ханддаг. Авьяас чадварын хувьд гэвэл сагсан бөмбөг сайн тоглодог бөгөөд тэмцээнд уралдаанд амжиллтай оролцдог мөн спортын 1-2 дугаар зэрэгтэй.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 39 дэх тал), Гэрч А.Н-ын өгсөн: “....Би өөрийн нөхөр Б.Г-тэй 2015 онд танилцаж албан ёсоор 2020 онд гэр бүл болсон. Би өөрөө Увс аймгийн .......... ажилтай. Манай нөхөр Б.Г нь Б гэх айлын 3 дахь буюу дээрээ нэг ах, нэг эгчтэй бөгөөд айлын бага нь гэж явдаг. 2011 онд Монгол Улсын их сургуулийг Татварын эдийн засагч мэргэжилээр төгссөн. Эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Хувийн зан байдлын хувьд төлөв даруу бусадтай харилцахдаа найрсаг харилцаатай найз нөхдийн болон хамт олны хүрээлэл өндөртэй нийгмийн идэвх зүтгэл сайтай гэж хэлж болно. Архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэггүй.”гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 41 дэх тал)-ууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, прокурортой 2900 /хоёр мянга есөн зуу/ буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тохиролцсоныг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, уранхай зангиа, соёмботой төмөр товчийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, уранхай зангиа, соёмботой төмөр товчийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.-Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ