Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Хохирогч Т.С

         Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Хт холбогдох 2216000000180 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, 31 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, сумын эрчим хүчинд гагнуурчнаар ажиллаж байгаа, Говь-Алтай аймгийн Дарив сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Т овогтой Б.Х гэв.

Хэргийн товч утга: Шүүгдэгч Б.Хыг согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 2022 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс 2-р багийн нутагт хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Т.Стэй “ганц шил архи өгчхөөд мөнгийг нь нэхлээ” хэмээн маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, чирч гулдрах, толгой, цээж дээр нь гараараа дарах зэргээр эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн чамархай, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, баруун гарын 4-р хуруунд зулгаралт, элэгний 5-р сегментэд цусан бүлэн бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт хамааруулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 2022 оны 10 дугаар сарын 12-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дарив сумын Ихэс 2-р багийн нутагт хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн Т.Стэй “ганц шил архи өгчхөөд мөнгийг нь нэхлээ” хэмээн маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, чирч гулдрах, толгой, цээж дээр нь гараараа дарах зэргээр эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн чамархай, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, баруун гарын 4-р хуруунд зулгаралт, элэгний 5-р сегментэд цусан бүлэн бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Х гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би хийсэн зүйлдээ гэмшиж байгаа. Буруугаа хүлээж байгаа. Хохирогч Т.С нь манай аавын дүүгийн хүүхэд. Бид одоо эвлэрсэн. Хохирлын 1,500,000 төгрөгийг өөрийнх нь данс руу нь шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

          Хохирогч Т.Сийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Х залгаад хадлангаа хийе гэж ярьсан. Д.Х удалгүй машинтай 2 литрийн пиво, 0.5 литрийн архи авч ирээд бид хэд хувааж уусан. Тэгээд харанхуй болоод сум явахаар болоод замаараа Батболдынд орсон. Тэгээд Батболдынд орчхоод би гэрээсээ 0.5 литрийн тал архи авч ирээд бид хэд хувааж уусан. Тэгээд би дахиад архи уухаар ярилцаж би манай гэрт нэг шил архи байгаа хувааж төлөх юм бол дахин би гэр лүүгээ яваад авч ирж ирье гэж хэлэхэд Б.Х шалчигнаад байлгүй аваад ир бид хэд хуваагаад төлчихье гэхээр нь гэрээсээ очиж дахин нэг шил архи авч ирээд хувааж уусан. Д.Х сүн түшээд уугаагүй. Тэгээд замдаа явж байгаад би архиа хувааж төлнө шүү гэж хэлэхэд Б.Х олон юм битгий яриад бай ганц шил архин дээр үхэх гэж байна уу гээд маргалдаж эхэлсэн. ...Тэгэхэд Б.Х ирж намайг барьж авсан. Би явахгүй гээд газар дээр суусан Б.Х дээлнээс татаад дээлний энгэр урсан. Батболд миний зүүн талын хавирга орчим луу нэг удаа өшиглөсөн. Тэгээд машин руу Б.Х чирч оруулахаар орохгүй гэхэд миний хөл рүү гараараа 2 удаад цохисон мөн машин дотор оруулаад зүүн талын шанаан дээр нэг удаа цохисон. ...Намайг яагаад зодоод байгаа юм бэ гэхэд чиний аав миний аавын өвөлжөөг булааж авсан гэж хэлж байсан. ...Би гэрээсээ 2 удаа архи авч ирсэн сүүлийн архийг хувааж төлбөл ууя гэснээс болж маргаан эхэлж сүүлдээ намайг зодсон. Намайг Б.Х эхлээд дээр гарч суугаад олон удаа цээжин дээр тохойлдсон мөн дараа нь хөл рүү 2 удаа гараараа мөн шанаа руу нэг удаа гараараа цохисон. Дараа нь мөн цээжин дээр гарч суугаад цээж, шанаа орчим тохойгоороо олон удаа дарсан. Б.Х цээжин дээр олон удаа тохойгоороо дарснаас болж цээж багтарсан. Мөн зүүн талын шанаа руу цохисноос болж шанаа хавдсан, зүүн талын хөл булчингаараа хавдсан байсан. Батболд миний зүүн хавирга руу нэг удаа өшиглөснөөс болж гэмтэл учраагүй. Би Д.Б.Хаас 1.500.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ44, 46/,

      

           Гэрч С.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2022 оны 10 сарын 11-ний өдрийн орой 20 цаг өнгөрч байхад манайд Д.Х, Б.Х, Т.С 3 ирсэн. Т.С, Б.Х 2 архи уусан бололтой ирсэн. Т.С гэр лүүгээ яваад тал шилтэй архи гаргаж ирээд уусан, Д.Х сүн түшээд бид хэдэд хийж өгсөн. Тэр архи дуусахад Т.С дахин нэг шил архи авч ирээд хувааж уусан. Тэгээд Д.Х эрүүл учраас машин бариад би урд нь суугаад хойд талд Б.Х, Т.С 2 суусан. Т.С ээж ирэхээс өмнө архийг нь буцааж тавимаар байна гэж хэлээд үглээд байсан. Б.Х ганц шил архи авч ирж өгчхөөд юунд харамсаад байгаа гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. ...Би энэ үед согтуу байсан болохоор зарим явдлын санахгүй нэг мэдэхэд Т.Сийн гадаа очоод Т.Сийг буулгаж байсан. ...Машинд орсны дараа Т.Сийн зүүн шанаа руу Б.Х хэдэн удаа цохисон гэж надад хэлж байсан. Би Т.Сийн мөрнөөс татаж босгох гэтэл дурангийн оосор баригдахад Т.С наад дуран чинь чамаас үнэтэй дуран шүү гэж хэлэхээр уур хүрээд өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 48/,

 

           Гэрч Д.Хийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тэгээд сум руу би машинаа бариад миний хажууд буюу урд талд С.Б, хойд суудалд Б.Х, Т.С нар суусан явж байхдаа Т.С согтсон архины үнийг төлөөрэй гээд бид нарт хандан хэлэхэд Б.Х мөн адил согтсон ганц шил архин дээр үхлээ юу гэхэд Т.С ээж ирээд уурлана гээд хэлээд тэр 2 маргалдаж байхад ...Т.С гараад машинаас буугаад харайсан. Ардаас нь С.Б, Б.Х нар очоод барьсан байхад нь би машинаас бууж очсон. Т.С машинд орохгүй гээд газарт хэвтчихсэн байсан. С.Б мөрнөөс татаад босгох гэтэл чамаас үнэтэй дуран шүү гэж Т.С хэлэхэд С.Б уурлаад Т.Сийн зүүн талын хавирга орчим нэг удаа өшиглөсөн. Б.Х Т.Сийн дээлнээс нь татаад машинд суулгасан. Би машиндаа суугаад Т.Сийг гэрт чинь хүргээд өгье гээд хөдөлсөн. Б.Х Т.Сэд хандан танай аав манай аавын өвөлжөөг булааж авч байсан гээд уурлаад цохиж байсан. Машин барьж явж байсан болохоор эргэж харж чадаагүй. Т.Сийн гэрийн ойролцоо очоод Т.Сийг буулгасан. Т.С Б.Х хоёр архинаас болж хоорондоо маргасан. Т.Сийг Б.Х эхлээд дээр гарч суугаад цээжин дээр дараад тохойгоороо дараад байсан. Машинд орсны дараа Б.Х Т.Сийг цохиж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 51/,

 

 

                  Шинжээч Д.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 294 дугаартай “...1. 2. Т.Сийн биед тархины доргилт, зүүн чамархай, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, зүүн шилбэ, баруун шуунд цус хуралттай, баруун өвдөг, баруун гарын 4-р хуруунд зулгаралт, элэгний 5-р сегментэд цусан бүлэн гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2022.10.11-12-нд шилжих шөнө үүсэн байх боломжтой гэмтэл болно. 4. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ63-64/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Уг үйл баримт нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 Иймд шүүгдэгч Б.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид хохирол төлөгдсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Хтай тохиролцсон ял буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Хыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Сэд 1,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Түмэн урианхай овгийн Базаррагчаагийн Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

             4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Хт мэдэгдсүгэй.

   5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогч Т.Сэд 1,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.МӨНХТУЯА