Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/921

 

 

 

 

  2022         11         23                                    2022/ШЦТ/921

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч М.Б,

хохирогч Д.Д,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,

улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан эрүүгийн 2211009111606 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Х ургийн овогт М.Б

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, Халх, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа сургалтын төвийн үйл ажиллагаа эрхэлдэг, ам бүл 1, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Б нь шууд санаатай, амар хялбар аргаар мөнгө олох, гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилготойгоор “зээлье, 2 сарын дараа өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч Д.Доос 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх 6 дугаар байрны 3 тоотод бэлнээр 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт, гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч М.Б нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх 6 дугаар байрны 3 тоотод бэлнээр “ мөнгө зээлье, 2 сарын дараа өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч Д.Доос 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

              - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

                - хохирогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нутгийн Мэндбаяр гэх айлын охин надаас 2 сарын дараа мөнгийг буцааж өгнө гэж хэлэхээр нь мөнгө хэрэгтэй болсон юм байлгүй гэж хэлээд 5,000,000 төгрөг би бэлнээр өгсөн боловч авчхаад залилаад таг чиг байхгүй болсон. ...”мөнгийг чинь өгнөө, хүлээж бай 7 хоногийн дараа, 10 хоногийн дараа өгнө” гэх мэтээр хойшлуулаад одоо болтол өгөөгүй байна. ...би энэ хүнийг хайгаад өөрөө арай гэж Баянзүрх дүүргийн ар талын 12 давхар байшингийн 23 тоотоос олоод цагдаа дээр ирчхээд байж байна. ...гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

            -хохирогч М.Бын эзэмшлийн “Хаан” банкны дансны орлого, зарлагын гүйлгээнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 23-34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Иймд шүүгдэгч М.Б нь шууд санаатай, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “зээлье, 2 сарын дараа өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хохирогч Д.Доос 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх 6 дугаар байрны 3 тоотод бэлнээр 5,000,000 төгрөгийг өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч, одоог хүртэл эгүүлэн төлөөгүй болох залилсан хууль бус гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ,хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүхээс М.Бд оногдуулсан торгох ялыг шүүхийн хэлэлцүүлэгт өөрийнх нь гаргасан санал, орлого олох боломж зэргийг нь харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Дид нийт 5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид 300.000 төгрөг төлсөн байх тул хохирол төлбөрөөс хасаж тооцон шүүгдэгч М.Боос нийт 4.700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Дид олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Уг хохирлыг шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан хохирогчид хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт М.Быг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Быг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Боос 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Д.Д /РД: /-д 4.700.000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийг олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ