Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/935

 

 

 

 

 

 

 

    2022         11          30                                 2022/ШЦТ/935

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Х.У,

нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,

улсын яллагч Б.Батцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2211016651848 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц ургийн овогт Х.У

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, Халх, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт амьдардаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Х.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 13 дугаар гудамжны тоот бусдын эзэмшлийн гэрт хохирогч Э.Уын биед шалтгаангүйгээр халдсаны улмаас “зүүн чихний дэлбэнд шарх, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, дух, бүсэлхий, баруун, зүүн ташаа, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн сарвуу, ташаа, гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Х.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 13 дугаар гудамжны тоот бусдын эзэмшлийн гэрт хохирогч Э.Уын биед шалтгаангүйгээр халдсаны улмаас “зүүн чихний дэлбэнд шарх, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, дух, бүсэлхий, баруун, зүүн ташаа, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн сарвуу, ташаа, гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Х.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэртээ Батцэцэгийн хамт байж байтал гаднаас У нь согтуу орж ирсэн бөгөөд манай хоёр нялх хүүхэд унтаж байхад тэр чанга чанга хашхираад орилоод байхаар нь би түүнийг гэрээс гар гэж хэлсэн. Тэгсэн тэр би утаснаас чинь симээ авмаар байна гэхээр нь би түүнд гаргаж өгөх гэхэд тэр миний хэвлий хэсэг рүү 1удаа өшиглөөд миний үснээс татахаар нь би түүнийг зөрүүлж үснээс нь зулгааж байгаад хажуу талын өрөө хэсэг рүү чирч оруулж байгаад түүний толгой хэсэг рүү нь 2-3 удаа өөрийн баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн тэрний зүүн чихнээс нь цус гараад эхэлсэн, би эмнэлэг рүү явах уу гэхэд тэр зүгээрээ гээд яваагүй..., би түүнд эмчилгээний зардал гэж 1,000,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,

- хохирогч Э.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байх найз У, Батцэцэг нарын гэрт байж байгаад бид хэд маргалдаад У нь намайг үснээс зулгааж байгаад газар унагааж намайг бодсон. Миний биеийн чихний ар хэсэг язарсан, нүүр хавдсан байсан. Тухайн гэмтэл нь У намайг зодох үед үүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,   

- гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гаднаас Ууганжаргал согтуу орж ирээд гэрт хашхираад байхаар нь гэрээс гар гэж хэлээд цааш нь түлхсэн тэгсэн тэр эргэж хараад миний хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгсэн цаанаас нь У нь түүний үснээс зулгаагаад цаад талын өрөө рүү чирээд орохоор нь араас нь орсон. Тэгтэл У нь Уын толгой хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөтөл Уын чихнээс цус гараад эхэлсэн. ...У, У нар нь хоорондоо зодолдоод байхаар нь салгах гэж голоор нь зөндөө орсон. Уын биед учирсан гэмтлийг У нь учруулсан байх..., ...тухайн зодон болох үед Ууганжаргал, У бид гурав байсан ба өөр хэн нэгэн байгаагүй ээ, надад бол гомдол ,санал байхгүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/

- Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 04/4955 дугаартай албан бичиг, хавсралт баримт,

- иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч Э.Уд Эрүүл мэндийн даатгалын сангаас 209,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж гарсан байх тул дээрх тусламж, үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар тал/.

- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12855 дугаартай “1 .Э.Уын биед зүүн чихний дэлбэнд шарх, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, дух, бүсэлхий, баруун, зүүн ташаа, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн сарвуу, ташаа, гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Дээрх гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үүссэн байх боломжтой, 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Шүүгдэгч Х.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Нуурын 13 дугаар гудамжны  тоот бусдын эзэмшлийн гэрт хохирогч Э.Утай үл ялих шалтгааны улмаас маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь “зүүн чихний дэлбэнд шарх, баруун, зүүн хацар, баруун чихний дэлбэн, дух, бүсэлхий, баруун, зүүн ташаа, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун, зүүн сарвуу, ташаа, гуя, баруун шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Х.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Х.Ут шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Э.У шүүгдэгчээс 1.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Х.У нь бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нь хохирогч Э.Уын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 209.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.Уээс гаргуулах нь үндэслэлтэй байх тул өөрийнх нь саналыг харгалзан нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ц овогт Х.Ут хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Уийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Х.Уийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уээс 209.000 /хоёр зуун есөн мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

 7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ