| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0869/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/919 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/919
2022 11 23 2022/ШЦТ/919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Л.Д,
нарийн бичгийн даргаар Ц.Нэргүй,
улсын яллагч Б.Дөлгөөн нарыг оролцуулан эрүүгийн 2211000001897 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: М овогт Л.Д
Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, хоёр дүү, хоёр хүүхдийн хамт, урьд Хан- Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн 2 дугаар гудамжинд хохирогч Э.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж хохирогч Э.Бын биед хамрын нурууны хугарал, зулгаралт, цохонд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сурагчийн 2 дугаар гудамжинд хохирогч Э.Бтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт 3-4 удаа цохиж хохирогч Э.Бын биед хамрын нурууны хугарал, зулгаралт, цохонд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн гудамжны үзүүр дээр буулгаад явсан юм. Тухайн үед шөнийн 01 цаг өнгөрч байсан ба дээшээ өгсөөд гудамжинд шээж байхад приус 20 машин гудамжаар ухраад жолооч нь намайг холдчих гээд байхаар нь чи байж байлдаа гээд орилсон чинь тухайн залуу машинаас бууж ирэхээр нь би шээж дуусаагүй байх чинь гэсэн чинь өөдөөс юм яриад байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа гараа цохисон бөгөөд тухайн залуу намайг тэвэрч аваад бид хоёр ноцолдсон. Тэгээд би доошоо харчихсан байсан байх үед баруун гараараа нүүр билүү цээж рүү нь хоёр удаа цохиод би доошоо унаад тухай залуу дээр гараад унасан. Тухайн үед тэр залуугийн дүү нь гэх залуу ирж салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-51 дүгээр тал/,
- хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 2-10 тоотоос найз Хонгорзулын хамт хашааны үүдээр гарч 2949 УБВ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад гудамжны үзүүр дээр байдаг ил зогсоол дээр байрлуулах гээд машинаа хойш нь ухрааж байсан чинь 25-30 насны орчим нэг залуу гар утсаараа оролдоод гудамж голлоод зогсоод байхаар нь би цонхоо онгойлгоод холдоорой гэж хэлсэн чинь тухайн залуу тоохгүй байсан.Тэгэхээр нь би машины хаалгаа онгойлгоод хөөе холдооч ээ гэж хэлсэн чинь тухайн залуу тоохгүй байсан. Тэгэхээр нь^*би машинаа онгойлгоод хөөе холдооч ээ гэж хэлсэн чинь тухайн залуу юу гэнээ гээд хүрээд ирэхээр нь манай урд талын гудамжинд байдаг Д гэх залуу байхаар нь би таньсан бөгөөд гудамжинд голлож зогсоод байна гэж хэлсэн чинь юу гэнээ мангар бацаан минь гээд миний нүүрэн тус газар нэг удаа мөргөж ороод ирэхээр нь би Дг барьж аваад ноцолдсон бөгөөд би доошоо хараад байж байх хооронд Д гараараа 3-4 удаа миний хамар луу цохиод өвдөгөөрөө өвдөглөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-9 дүгээр тал/,
- гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хойд байшингийн 2 дугаар давхарт гэртээ ганцаараа унтаж байхад шөнө 01 цагийн үед гэж бодож байна хашааны хаалга нүдээд байгаа ч юм уу, түс тас дугараад нохой хуцаад байхаар нь хашааны хаалгаар хувцсаа өмсөөд гарсан чинь манай ихэр Э.Бын хамраас цус гараад хамар нь шалбарчихсан байдалтай, хажууд нь Д гэх таньдаг ах хоёулхнаа зогсож байсан. Тэгээд би манай ихэр Э.Быг яаж байгаа юм бэ гэтэл Д гэх ах яадаг юм, яах юм чи ална шүү гээд над руу дайраад байхаар нь 102-луу дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/,
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн N914214 дугаартай “...Э.Бт хамрын нурууны хугарал, зулгаралт, цохонд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. .” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сурагчийн 2 дугаар гудамжид хохирогч Э.Бтай үл ялих шалтгааны улмаас маргалдан өөрийн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан, эрүүл мэндэд нь халдаж зодсон үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас биед нь хамрын нурууны хугарал, зулгаралт, цохонд цус хуралт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Л.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Л.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Э.Бт шүүгдэгчээс 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч Л.Д нь бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Л.Дд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Дг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Л.Дг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ