Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/911

 

 

 

 

 

 

 

 

 

    2022        11          22                                   2022/ШЦТ/911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Ж.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Соронзонболд нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Ж.Бд холбогдох эрүүгийн 2211000001527 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Ж.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 7, хадам аав, ээж, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт, урьд шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 05 дугаар сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нано капитал банк бус санхүүгийн байгууллагаас И-монголиагаас гарган авсан зээлийн мэдээллийн лавлагааг хуурамчаар үйлдэн Ай фоне 13 загварын гар утас 2 ширхгийг зээлийн гэрээ хийж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 05 дугаар сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нано капитал банк бус санхүүгийн байгууллагаас И-монголиагаас гарган авсан зээлийн мэдээллийн лавлагааг хуурамчаар үйлдэн Ай фоне 13 загварын гар утас 2 ширхгийг зээлийн гэрээ хийж залилан 7.980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 12, 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2 ширхэг Ай фоне 13 загварын гар утас авсан Жаргалсайханы Б гэх хүн зээлийн төлбөрөө хийхгүй байсан бөгөөд тухайн үед манай байгууллагын зээлийн эдийн засагч А.Буянбат нь бүрдүүлж өгсөн баримтад нь шалгалт хийхэд энэ хүн И-Монголиагаас гаргуулан өгсөн зээлийн мэдээллийн лавлагааг шалгаж үзсэн чинь хуурамчаар өөрийн зээлийн мэдээллийг засаж хуурамчаар бий болгоод манай байгууллагад ирүүлсэн байсан. Тэгээд энэ хүн манайхаас авсан 2 ширхэг гар утсаа зарж борлуулаад хаана байгаа нь тогтоогдохгүй алга болсон. Би гэрийн нь хаягаар очиход тийм хүн байхгүй гэсэн бөгөөд угаасаа тийм хүн огт байгаагүй гэсэн. Мөн ажил нь Худалдаа хөгжлийн банк дээр очиход “Манайд ажилдаг. Гэхдээ ажилтны мэдээлэл өгөхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

- гэрч А.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ж.Б гэх залуу “Ай фонестори” гээд манайтай хамтран ажилдаг байгууллагын дэлгүүрээс Ай фоне 13 загварын гар утас авахаар зээлээ судлуулсан. Тухайн үедээ над руу и-мэйлээр над руу и-монголиагаас нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын лавлагааг явуулсан байсан. Тэгээд би зээлийн түүхийг нь судалж үзээд зээл олгох боломжтой байсан болохоор и-мэйлээр хариу боломжтой гэж явуулаад тэр залуу ирээд гэрээ байгуулаад 05 дугаар сарын 12-нд утсаа аваад явсан. Үүний дараа 2022 оны 05 дугаар сарын 25-нд дахин нэг утас зээлээр авч болох уу гэхэд судалж үзсэн чинь зээл гарах боломжтой байхаар нь дахин гэрээ хийж Ай фоне утас гаргасан. Тэгээд сарын зээлийн төлөлтийн графикийн дагуу төлөлтөө эхний сарынхыг хийгээд дараа сараас нь төлөлтөө хийгээгүй. Тэгээд 60 хоногийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хүнтэй холбогдож чадахгүй байсан болохоор тухайн хүний материалд шалгалт хийгээд зээлийн мэдээлэл, нийгмийн даатгалыг нь шалгасан чинь “зээлийн мэдээллийн сангийн лавлагааг нь шалгахад зээлийн ангилал нь буурсан хэвийн бус зээл ихтэй байсныг засаж засаад хэвийн болгоод өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

- Нано капитал банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ202205-752 дугаартай баталгаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 12-16 дугаар тал/,

- Нано капитал банк бус санхүүгийн байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ202205-831 дугаартай баталгаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,

- Ж.Б зээлийн материал бүрдүүлэхдээ гаргаж өгсөн гэх 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн мэдээллийн сангаас гаргах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягт /хавтаст хэргийн 5-11 дүгээр тал/,

- шүүгдэгч Ж.Бн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед ажилгүй болчихсон мөнгө төгрөггүй болчихсон байсан болохоор нийгмийн даатгалд цалингийн мэдээлэл дараа сараас нь төлөгдөөгүй гэж гарч ирэхээс нь өмнө банк бус санхүүгийн байгууллагаас утас зээлээр аваад ломбардад тавиад мөнгөтэй болъё гэж бодсон. Тухайн үед миний и-монголиа сайтаас гарах “зээлийн мэдээллийн сангийн лавлагаа” анхаарал татах гэсэн ангилалд орсон байсан болохоор надад зээл гарахгүй гэдгийг мэдэж байсан болохоор “пи ди эф” болгосон материалыг “онлайн эдитор” гэх сайтад оруулан “анхаарал хандуулах” төлөвтэй байсныг “хэвийн болгож засаж бичсэн. Тэгээд тухайн материалаараа Гэсэрийн уулзвараас чигээрээ хойшоо явахаар Ай нетворкстори гээд дэлгүүрээс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ай фоне 13 про загварын гар утсыг 3,990,000 төгрөгийн зээлээр Нано капитал банк бус санхүүгийн байгууллагаас гэрээ байгуулан авсан. Тухайн гар утсыг Сансарын тэнд байдаг Бан бан гэж ломбардад 2,400,000 төгрөгөөр барьцаанд 14 хоногийн хугацаатай тавьсан. Тухайн мөнгөөрөө өр зээлээ төлөөд 1хбет дээр бооцоо тавиад гэр бүлдээ зарцуулаад дуусгасан. Үүний дараа сар дуусахаас өмнө дахин дээрх газраа ирээд нэмээд нэг гар утас зээлж болох уу гэхэд болно гэхээр нь Ай фоне 13 про загварын гар утсыг 3,990,000 төгрөгөөр зээлийн гэрээ байгуулж аваад Тэнгисийн энэ хавьд нэг ломбардад 2,200,000 төгрөгөөр барьцаанд тавиад хадмын нөүтбүүкийг ломбардаас аваад үлдсэн мөнгөөр нь өрөө төлөөд 500,000 орчим төгрөгөөр 1хбет тавиад алдсан. Би өөр газар ажилд орж байгаад зээлийн төлөлтөө хийгээд явчихна гэж бодож байсан ч ажилгүй, цалингүй болохоор зээлээ төлж чадаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна. Уг гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгддэг. Ж.Бн дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч “Нано капитал ббсб” ХХК-д 7.980.000 төгрөгөөр хохирол учирснаас шүүгдэгч Ж.Б нь 500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 7.480.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бгээс 7.480.000 /долоон сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо СУИС-ын хойно “Чингис” оффисын 2 давхарт байрлах “Нано капитал ББСБ” ХХК-д олгосугай.

5. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ХАЛИУН