Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01216

 

2021           10            12                                          001/ХТ2021/01216

 

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03059 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаар магадлалтай,

 

.........ын нэхэмжлэлтэй

.........д холбогдох

 

Худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолд 23,916,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч .........ын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ........., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., хариуцагчийн өмгөөлөгч Д.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... миний бие .........ын цахим хаягт тавигдсан автомашин зарах тухай зар болон зарах гэж байгаа автомашины фото зураг, танилцуулгыг үзэж, түүнтэй холбогдон, Япон Улсаас оруулж ирсэн мөнгөлөг өнгөтэй, Лексус GS450Н маркийн 3450 сс хөдөлгүүртэй, GWL10-6008242 арлын дугаартай суудлын автомашиныг худалдан авахаар сонирхож байгаагаа хэлсэн. Тухайн үед уг автомашин нь Монгол Улсын хилээр дөнгөж орж ирээд, гааль дээр байсан бөгөөд, худалдагч уг автомашиныг бичиг баримт бүрэн, ямар нэг эвдрэл гэмтэлгүй, Япон Улсад унаж хэрэглэгдэж байсан учир шууд асаагаад унах боломжтой, авахдаа асааж шалгаж ачуулдаг, байнга автомашин оруулж ирж зардаг учир бүх автомашин ийм байдлаар ирж зарагддаг, энэ бүр сайн автомашин гэсэн тул итгэж худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед гааль дээр байгаа учир үзэж шалгахын тулд заавал гааль, татвар төлж байж контейнерээс авч үзэх хэрэгтэй гэсэн тул эхлээд 7,000,000 төгрөгийн гааль, тээврийн зардлыг би төлж, автомашиныг гаалиас авч асаах гэхэд хүйтний улиралд хол газар тээвэрлэгдсэн царцуу байгаа, дулаан газар оруулж хонуулаад асаа, харин гэрээгээ хийгээд автомашинаа аваад яв гэж худалдагч талын шаардсаны дагуу автомашиныг гаалиас ачиж яваад, дулаан гаражид хонуулаад, 2019.01.23-ны өдөр гэрээ байгуулан, үлдэгдэл 18,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь автомашинаа асаах гэхэд асахгүй байсан учир ......... руу залгаж, хэлэхэд мотор кропны тос маслыг нь солиод шууд асна гэсэн. Тос маслыг нь солиод дулаан гараашд байлгаж байгаад асаах гэхэд машин асахгүй, худалдагч талтай дахиад холбоо барихад том асуудал байхгүй, санаа зоволтгүй, баттерей нь суусан байх. Дуудлагын засвар дуудаад үзүүлээтхээч гээд өөрөө ирээгүй. Бид наймаагаа буцаая гэхэд гэмтэл эвдрэл байхгүй, яаж ийгээд асаачих, зардлыг нь өгнө гээд, үүнээс хойш өвчтэй байна гэх зэргээр худлаа үнэн яриад алга болсон. Бид автомашиныг эхлээд хувь хүний засварын газарт арай гэж асаалгасан боловч огт явахгүй байсан. Тэндээс том засварын газарт үзүүл гэсний дагуу Хан-Уул дүүрэгт байрлах Дельта авто засварын газарт оношлуулахад мотор эвдэрхий, ашиглах боломжгүй гэсэн. Энэ асуудлаар .........тай холбоо барихад ямар ч байсан асаагаад жигдрүүлчих, зардал мөнгийг нь шийдье гэсэн. Ингээд Япон Улс руу моторыг захиж авчруулан, угсруулах үед засварын газрын хүмүүс уг автомашиныг осолд орж, кузов нь мурийсан, радиатор эвдэрхий, явах эд анги эвдрэл, элэгдэл ихтэй, энэ байгаа байдлаараа ашиглах боломжгүй гэсэн онош тавьсан. Би энэ автомашины үнэд төлсөн 25 500,000 төгрөгөөс гадна автомашиныг гаалиас авсан цагаас өнөөдрийг хүртэл эвдрэл гэмтлийг оношлуулах, засварлуулах, мотор бусад шаардлагатай сэлбэг хэрэгсэл авах, кузов засвар хийлгэх зэрэгт нийт 15,280,800 төгрөг зарцуулаад байгаа ба цаашид мэргэжлийн байгууллагын тавьсан оношлогооны дагуу явах эд анги бусад засварт 8,636,000 төгрөг шаардлагатай болоод байна. .........д авсан цагаасаа энэ асуудлыг хэлж мэдэгдэж байсан боловч арга хэмжээ авалгүй, хэл сураггүй алга болсон. Фэйсбүүк хуудаст зар тавихдаа автомашиныг 40,000,000 төгрөг гэсэн байсан. 01 сарын 20, 21-нд автомашиныг үзэхээр ярилцсан. Ингэхдээ нэхэмжлэгчийн нөхөр Ц.Бямбадорж болон хариуцагчийн ах ......... нар хоорондоо ярилцаж, амаар тохирсон байдаг. 01 сарын 22-ны өдөр автомашиныг гэсгээхэд радиатор хагарсан, ус гоожоод эхэлсэн байсан. Наймаагаа буцаая гээд Ц.Бямбадоржийг хэлэхээр 01 сарын 23-ны өглөө ......... нь автомашиныг 25,500,000 төгрөг болгож багасгая гэсэн байдаг. Түүнийг нь автомашины гэмтлийн улмаас хямдруулж байна гэж үзсэн. Ингээд нэхэмжлэгчийн нөхөр Акуа автомашинаа 10,000,000 төгрөгт тооцож өгөхөөр болж, худалдан авсан. Автомашиныг ......... хүлээж аваагүй. Уг автомашин нь үнэлгээгүй, хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй. Худалдагч тал Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт заасан чанарын шаардлага хангасан автомашин хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд зааснаар акт үйлдэн, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Зориулалтаар нь ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн учраас гарсан хохирлоо шаардах эрхтэй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......... болон түүний нөхөр Ц.Бямбадорж нар тус автомашиныг худалдан авахдаа харилцан тохиролцож, автомашины засвар үйлчилгээний мөнгийг хасаж тооцон, худалдаж авсан. Худалдан авахдаа хэд хэдэн засвар оношилгооны газраар оношлуулж авсан. Тус автомашины зах зээлийн үнэлгээ 55,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөг байдаг. Гэтэл уг автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Иймд засварын мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал 7,000,000 гаруй төгрөгийг гаалийн татварт, 18,000,000 орчим төгрөгийг миний ах .........ын дансанд, үлдсэн дүнд Тоёота акуаавтомашин оруулж төлсөн. Гаалиар автомашин орж ирэхдээ 1, 2, 3 гэсэн үнэлгээ өгдөг. 50,000,000 төгрөгийн автомашиныг 40,000,000 төгрөгт зарахаар тохирсон. Мөн Акуа автомашиныг нь нэмж тооцоод хоорондоо тохиролцож наймаалцсан. Нэхэмжлэгч тал автомашины доголдлын талаар мэдсээр байж худалдаж авсан. Гэрээг ........., ......... нар хийсэн ч, гэрээний дагуу төлбөр хариуцагч .........д шилжиж ороогүй, бодитоор автомашиныг ......... биш, харин түүний ах ......... зарсан харагдаж байна. Гибрид оношлогоо 01 сарын 22-ны өдөр 100,000 төгрөгөөр оношлуулаад авсан байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар доголдлын талаар худалдан авагч тал мэдэж байсан. Мэдээд буцаах санал тавьсан учраас хохирол шаардах эрхгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03059 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........аас 11,399,300 /арван нэгэн сая гурван зуун ерэн есөн мянга гурван зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч .........д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 11,753,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,534 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 197,338 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаар магадлалаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/03059 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...11 753 000...” гэснийг “12 517 500” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215 230 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ......... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдэхдээ хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэж нотлох баримтыг үнэлээгүй хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь уг авто машины байдлыг бүгдийг нь мэдсээр байж авсан байдаг. Энэ талаар гэрчийн мэдүүлэг болон тайлбартаа дурдсан байдаг. Мөн нэхэмжлэгч нь бодитоор надад машиныг хүлээлгэж өгөөгүй гэж маргасан байдаг. Бодитоор нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдээгүй. Гэтэл нэхэмжлэгч нь авто машины хохирлыг ......... надаас шаардаж байна. Миний бие авто машин зарахад зуучилсан бодитоор уг наймааг гэрч ......... гэрч Бямбадорж нарын хооронд хийгдсэн хэлцэл юм. Энэ талаар талууд шүүх хуралдаанд хангалттай тайлбарлан хэлсэн байдаг. Мөн нэхэмжлэгч нь авто машины үнэд Акуа авто машиныг оролцуулан авсан. Гэтэл уг авто машиныг тусдаа зарсан дахин зарга үүсгэсэн байдаг. Нэхэмжлэгч болох Бямбадорж нар нь шүүхэд худал тайлбар мэдүүлэг өгч залилан мэхлэх ажиллагаа хийж байна. Миний бие энэ талаар эрүүгийн цагдаад гомдол гаргаж шалгуулна гэж бодож байна. Нэхэмжлэгч талын гэрч Бямбадорж ......... нар. Гэтэл уг цахим хаягт үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хязгаартай хийж хариуцагч миний эрх ашгийг зөрчсөн байдаг. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь мөн тооцооллын алдаатай болсон гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлээгүй хуурамч баримтуудыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагчид үнийг төлөх үүрэгтэй гэвч надад худалдан авсан авто машины үнийг төлөөгүй нь тус гэрээг надтай байгуулаагүй болох нь тогтоогдож байна. Иймд миний бие уг төлбөрийг хариуцах үндэслэлгүй юм. Миний ах .........тай уг тохиролцоог хийсэн боловч нэхэмжлэгч нь анхнаасаа авто машинаа үнэлгээгүй машин гэдгээ мэдэж байсан. Гэрчийн мэдүүлэгт гэрч Бямбадорж нь өөрийг инженер гэж тайлбарладаг бөгөөд авто машин зардаг байсан гэж тайлбарладаг. Мөн талуудаас гаргасан утсанд үзлэг хийхдээ бүрэн хийж баталгаажуулаагүй тул миний бие хэргийг дахин анхан шатны шүүхрүү буцаах саналтай байна. Шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн эрхийн тэнцвэртээ хангаагүй хуулийг буруу хэрэглэж нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхрүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй байх тул хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч .........д холбогдуулан худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолд 23,916,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 11,753,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. Анхан шатны шүүх тооцооны алдаа гаргасны улмаас нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон хэмжээг алдаатай тусгасныг давж заалдах шатны шүүх залруулсан байна.

 

Зохигч талууд 2019.01.23-ны өдөр гэрээ байгуулж, ......... нь гааль дээр байгаа Япон Улсаас оруулж ирсэн, мөнгөлөг өнгөтэй Лексус GS450Н маркийн суудлын автомашин, түүний өмчлөх эрхийг шилжүүлэх, ......... нь үнийг төлөх үүрэг хүлээсэн, ......... нь эд хөрөнгийг хүлээн авч, автомашины үнэд 25,500,000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэсэн байна.

 

Шүүх гэрээний төрөл, гэрээг байгуулсан талууд, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын үүрэг, нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийн талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 251.2-т заасан зохицуулалтад нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Эд хөрөнгийн зарим хэсэг доголдолтой байж болох хэдий ч гэрээний зүйл болох автомашин зориулалтаар нь ашиглах боломжтой эд хөрөнгө байх ёстой талаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.” гэж заасан тул ......... нь энэ шаардлагад нийцсэн эд хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй юм.

 

Автомашины мотор нь тээврийн хэрэгслийн гол эд анги тул эвдэрхий байсны улмаас гэрээгээр шилжүүлсэн автомашиныг ашиглах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, Дельта автосервис засварын газрын оношлогоогоор тогтоогдсон, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.” гэж зааснаар доголдлыг арилгахад гаргасан зардлаа шаардах эрхтэй болно.

 

Шүүх моторын үнэ, тээврийн хөлсөнд 7,740,800 төгрөг, оношилгооны зардал болон, мотор, явах эд анги засварласны төлбөрт 2,240,000 төгрөг, радиатор засахад 450,000 төгрөг, мотор солиход гарсан зардал 750,000 төгрөг, моторын тос, тосолын үнэ 218,500 төгрөг, нийт 11,399,300 төгрөгийг хариуцагч .........аас гаргуулж, нэхэмжлэгч .........д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Аливаа гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд ......... нь гэрээг байгуулсаны үндсэн дээр автомашиныг .........д шилжүүлсэн, ......... нь үнийг төлсөн тул гэрээг өөр этгээд байгуулсан, гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, автомашины үнийг хүлээж аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 215,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

         

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

 

                                      ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                                 П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                                    Д.ЦОЛМОН

 

                                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД