| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одонгийн Баатарсүх |
| Хэргийн индекс | 174/2019/0044/э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 08
2019 оны 04 сарын 24-ний өдөр 2019/ДШМ/08 Баруун-Урт
О.Өт холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
прокурор С.Сугар
шүүгдэгч О.Ө
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуянгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч О.Өт холбогдох 1830003900006 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, О.Ө.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ө нь Сүхбаатар аймгийн Онгон сумын төв дээр байх гэртээ С.Дийн нүдэн тус газар тохойлдож цохисноос эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимний склерийн урагдал, зүүн нүдний харааны сохрол” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч О.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө дээрх тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, шүүхийн шатанд шүүгдэгч О.Өт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр хохирогч С.Дийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Сугар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг зүйлчлэхдээ хохирогчийн зүй бус буруутай үйлдэлд дүгнэлт хийж, гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл нь шүүгдэгч О.Өын үйлдэл дээр илрээгүй байхад шүүх “тохиолдлын шинжтэй болгоомжгүй үйлдэл” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн эсэхийг дүгнээгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч О.Өт холбогдох хэргийг зүйлчилсэн зүйл хэсэг тохироогүй, хэргийн талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх О.Өт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна. Тухайлбал:
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад гэрч П.С нь “... Ө нь орноосоо босоод сууж байтал согтуу хүн нь Өын нүүр рүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл Ө тохойгоороо уг хүний нүүрэн тус газар цохисон” гэх мэдүүлгийг өгсөн боловч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... Ө тонгойгоод гутлаа өмсөх гэж байтал нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгээд дахиад цохих шиг болохоор нь Ө тохойгоороо хаах шиг болсон” гэж, гэрч Л.М нь “... Ө босоод орон дээрээ сууж байтал гэнэт чимээ гарсан чинь манай нөхрийн шанаан тус газар Д цохисон бөгөөд зөрүүлээд Ө нь тохойгоороо цохисон” гэх мэдүүлгийг өгсөн боловч, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... Би зүүн талд аяга угаагаад байж байсан. Гэтэл “ээ” гэхээр нь харсан чинь цохисон байсан” гэж тус тус өөрчлөгдсөн байна. /хх-ийн 8, 65, 9, 63х/
Гэтэл шүүх зөвхөн дээрх гэрчүүдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлж, прокурорын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилсөн нь нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай хооронд нь харьцуулан шинжлэн судлах буюу нотлох баримтын шалгах үе шатыг орхигдуулжээ.
Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Өт холбогдох эрүүгийн 1830003900006 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
О.БААТАРСҮХ