Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2024/0679

 

 

 

“ЗАХЖТД”-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-Э

Гомдол гаргагч: ЗАХЖТД Г.С

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э

 

Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007987* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0683 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Г.С,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-Э,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.З,

Хариуцагч Ч.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0601/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 683 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан ЗАХЖТ-ыг төлөөлж Т.Б-Э-ээс гаргасан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007987*  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-Э давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тухай үндэслэлийн талаар: Захиргааны хэргийн анхан шатны шүүх Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2024 оны 04-р сарын 12-ны өдрийн 007987* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.1. Анхан шатны шүүх Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28.1-д “Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах амины эрх эдэлнэ”, 28.1.1-д “тоглолтондоо нэрээ дурдуулах”, 28.2-д “Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд дараах үйл ажиллагааг зөвшөөрөх онцгой эрх эдэлнэ”, 28.2.2-д “тоглолтыг шууд өргөн нэвтрүүлэх, эсхүл бусад аргаар нийтэд дамжуулах Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан “дамжуулах” гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй.”, 28.2.4-д “тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх” гэж тус тус заасныг үндэслэж ЗА ХЖТ нь зөрчил үйлдсэн нь байна гэж дүгнэсэн.

 

Гэвч анхан шатны шүүх Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар 28.1-д заасан “Тоглогч уран бүтээлч нь өөрийн тоглолтын хувьд гэснийг ЗАХЖТ-ын хувьд өөрийн тоглолт уу, эсвэл Н.Т өөрийн тоглолтын хувьд эдлэх эрх үү гэдгийн ялгааг тайлбарлан шийдвэрлэж чадаагүй байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Зохиогчийн эрхийн тухай хуулийн тус зүйлд заасан “өөрийн тоглолт” гэдгийг хэрхэн ойлгохоос Тоглогч уран бүтээлчийн эрхийг зөрчсөн эсэх нь хамаарах юм.

 

2.2. Тус маргааныг өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал “холбогдогчийг зөв тогтоох” замаар шинэ захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгасан бөгөөд хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан процессын хувьд алдаа гаргаж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн хариуцлага хүлээлгээгүй атал анхан шатны шүүх түүнийг харгалзаж үзэлгүй хариуцагч нь хууль зөрчөөгүй байна гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

2.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.1-д “дараах тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй.”, 1.9.1.1-д “зөрчлийн шинжгүй;”, 1.9.1.2-т “Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн;”. Мөн маргаан бүхий зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч нь хэрхэн тооцсон талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тодруулахад тодорхой хариулт өгөөгүй ба анхан шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхэд дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна. Тухайлбал анхан шатны шүүх ЗАХЖТ нь Өндөр Гэгээн Занабазар дуулалт жүжгийг анх 2018 онд ЗАХЖТ-т тоглосон. 2022 онд “***” апплейкшнтэй гэрээ байгуулан байршуулсан.

Энэ үйл баримтаас хариуцагч зөрчил үйлдсэн гэх хөөн хэлэлцэх хугацааг хэдий үеэс эхлэн тоолж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн болон шүүх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байхад энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгаагүй байна.

 

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар 128/ШШ2024/0683 шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Гомдол гаргагчийн төлөөлөгч Г.С давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1. Миний хувьд ЗАХЖТ-т 30 жил ажиллаж байна. 2016 оноос тус театрын даргаар ажиллаж эхлэн уран бүтээлийн шинэчлэл хийгээд “Өндөр гэгээн Занабазар” хэмээх томоохон уран бүтээл эхэлсэн. 2018 оны 03 дугаар сард тус бүтээл маань нээлтээ хийсэн. Н.Т гэх уртын дуучинтай тус бүтээлийн бодрол хэсэг дээр шуум маягаар ашиглах уртын дууг дуулуулсан.

 

3.2. Шүүх Н.Т-ын Оюуны өмчийн газарт гаргасан гомдлыг дахин хянаж үзэхийг хүсэж байна. Энэхүү гомдолд дандаа гүтгэсэн зүйл байсан. Оюуны өмчийн газар гомдлыг дэлгэрэнгүй хараагүй, зөвхөн уртын дуу дуулсан гэдэг өнцгийг барьсан. “Өндөр гэгээн Занабазар” бүтээлд наймаачны дүр огт байхгүй. Н.Т-ыг “Дуртмал сайхан” гэх дууг дуулсан гэж цахимаар сурталчилсан зүйл байхгүй. Н.Т нь ЗАХЖТД-тай тохиролцон студид ирж уг дууг бичүүлсэн гэх баримтыг огт хараагүй. Н.Т нь “Дуртмал сайхан” дууг дуулсан гэх сошиал бичлэг, сиди мөн байхгүй бөгөөд зөвхөн энэ жүжгийн шууманд зориулж дуулсан. Энэхүү жүжиг нь тоглолт концерт биш тайзны томоохон бүтээл юм. Уг жүжигт дуучин дуулах биш, дуучны дууг шуум маягаар ашигладаг гэдгийг Н.Т өөрөө хүлээн зөвшөөрч дуугаа бичүүлсэн. ...Зөрчил гарахгүй болохоор энэхүү маргаанаар гомдол гаргасан. Тиймээс уг гомдолтой дэлгэрэнгүй танилцаж хүчингүй болгохоор гомдлоо дэмжиж байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-Э-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй тул хүчингүй болгож шийдвэрлэв.

 

  1. Маргаан бүхий үйл баримтын талаар:

 

2.1. Л.В-ы нэрэмжит ЗАХЖТ-т 2018 оны 03 дугаар сард төрийн соёрхолт Ц.Б-ийн зохиол, ерөнхий найруулагч төрийн соёрхолт Н.Н-ын найруулсан “Өндөр гэгээн Занабазар”-ын дуулалт жүжиг тоглогдож, уг жүжгийн “Дуртмал сайхан” нэртэй уртын дууг наймаачны туслах дүрд тоглосон театрын жүжигчин Б.О дуулахдаа Н.Т-ын дуу хоолойгоор /ашигласан/ дуулсан үйл баримтаар талууд маргасан.

 

2.2. Дээрх үйлдлийг зөрчил гэж үзэн Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 007987*  дугаар шийтгэлийн хуудсаар “...ЗАХЖТ Г.С нь ЗЭТХ-ын 28.1.1, 28.2.4 зөрчсөн ...” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 5 000 000 төгрөгөөр хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулжээ.

2.3. Гомдол гаргагч ЗАХЖТД Г.С-оос уг шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргасныг хариуцагч эс зөвшөөрч “Өндөр гэгээн Занабазар дуулалт жүжгийн зохиогчийн эрхийг эзэмшдэг ЗАХЖТ нь иргэн Н.Т-ын дуулж бичлэг хийлгэсэн “Дуртмал сайхан” уртын дууны бичлэгийг зөвшөөрөлгүй Б.О-ээр хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийн дагуу /ам бариулж/ дуулуулсан нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 28.2.2 дахь хэсгийг зөрчсөн тул шийтгэл оногдуулсан үндэслэлтэй” гэжээ.

 

3. Хууль хэрэглээний талаар:

 

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гомдол гаргагч ЗАХЖТ нь “Өндөр гэгээн Занабазар” дуулалт жүжгийг анх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найруулан тайзанд тоглож, жүжгийн найруулга тоглолтод өөрчлөлт оруулалгүйгээр олон нийтийн хүртээл болгосон байх тул энэхүү бүтээлтэй холбоотой маргаантай харилцааг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-иар зохицуулагдахаар байхад хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э 2021 онд батлагдсан “Зохиогчийн эрхийн тухай хууль”-ийг үндэслэн зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.

3.2. Учир нь ЗАХЖТД Г.С болон зөрчлийн хэрэгт гомдол гаргагч иргэн Н.Т нар харилцан тохиролцож 2017-2018 оны хооронд “Өндөр гэгээн Занабазар” дуулалт жүжгийн Наймаачны туслах дүрд зориулан “Дуртмал сайхан” нэртэй уртын дууг дуулж, жүжиглэхээр театрын дэргэдэх дуу бичлэгийн студид бичлэг хийлгэсэн болох нь иргэн Н.Т-аас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр Оюуны өмчийн газрын хяналтын газарт гаргасан “...“Дуртмал сайхан” дууг дуулж Наймаачны дүрийг бүтээж оролцохыг хүссэн...дуугаа дуулж бичүүлэхийг Г.С дарга санал болгосон. Энэ дууг дээрх студид бичүүлсэн” гэх гомдол /хх-ийн 31-32 дахь тал/, зөрчлийн хэрэгт авагдсан хохирогч Н.Т-ын “...Г.С дарга яриад энэ дуугаа дуулаад өгөөч гэсний дагуу хоёр удаа жүжигчидтэй цуг бэлтгэл хийсэн. Тэгээд дуугаа бичүүлчих гэхээр нь дуугаа бичүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дэх тал/, холбогдогч Ц.Ү-ийн “...2017 онд “Дуртмал сайхан” дууг бичлэг хийлгэхээр иргэн Н.Т зөвшөөрсөн. Зөвхөн энэ жүжигт ашиглуулахаар дуулуулж бичлэг хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дахь тал/ болон шүүх хуралдаанд мэтгэлцсэн талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

 

3.3. Зөрчлийн хэргийн гомдол гаргагч иргэн Н.Т нь “Дуртмал сайхан” уртын дууг “Өндөр гэгээн Занабазар” дуулалт жүжгийн Наймаачны дүрд зориулж тус театрын дэргэдэх дуу бичлэгийн студид дуулж бичүүлэх талаарх ХЖТД Г.С-ын саналыг хүлээн авч дуугаа бичүүлсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.8-д “Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ:”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон;” гэж заасан хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

 

3.4. Тодруулбал, ЗАХЖТ нь уран бүтээлч Н.Т-тай Иргэний хуулийн дагуу хэлцэл хийн харилцан тохиролцсоны үндсэн дээр “Өндөр гэгээн Занабазар” дуулалт жүжигт зориулж “Дуртмал сайхан” уртын дууг уран бүтээлчээр дуулуулж бичлэг хийлгэн, жүжигтээ фонограмм хэлбэрээр “Наймаачин” туслах дүрд дуу оруулж ашигласан нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль” /2006 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ.” гэсэн хуулийн заалт болон Монгол Улсын олон улсын гэрээ /2002 он/ “Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн Байгууллагын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн (e)-д “бичигдсэн тоглолт буюу дуу авианы бичлэгийг “нийтлэх” гэж бичигдсэн тоглолт буюу дуу авианы бичлэгийн хувийг эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр олон нийтэд санал болгох” гэсэнтэй нийцжээ.

 

3.5. Гэтэл хариуцагчаас ЗАХЖТ-ыг Зохиогчийн эрхийн тухай хууль /2021 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “тоглолтондоо нэрээ дурдуулах;”, 28.2.4-т “тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх” гэж заасан иргэн Н.Т-ын тоглогч уран бүтээлчийн амины эрхийг зөрчсөн зөрчил гаргасан гэх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь хууль бус байх бөгөөд үүний улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

 

4. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл, зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зааснаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих зөрчил гаргасан болох нь нотлогдохгүй байгаа энэ тохиолдолд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э нь зөрчлийн шинж болон бусад нөхцөл байдлыг шалган тогтоолгүйгээр Зохиогчийн эрхийн тухай хууль /2021 он/-ийг буцаан хэрэглэж 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 1.3-д заасантай нийцэхгүй байна.

 

5. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0683 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 007987*  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагч ЗАХЖТД Г.С-ын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдол гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА