Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2021/0189

 

 

2021 03 16 128/ШШ2021/0189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т овгийн Ц Б,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч А.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар эзэмших эрхтэй газрыг Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газрын алба шилжүүлэн авсан бөгөөд орчны газрын хэмжээ, байрлал, бодит байдлын нөхцөл байдлаас шалтгаалан Газрын тухай хууль болон холбогдох журамд заасан эрхийн дагуу цэцэрлэг, орон сууцны зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтаа бүрдүүлж өгсөн.

Ийнхүү миний хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, газрыг цаашид эзэмшүүлэх, төлөвлөлт зохион байгуулалтын асуудлыг бүх талаас нь шалгаж нягталсан шийдвэрт үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар цэцэрлэг, үйлчилгээний гэж зориулалт өөрчлөгдөж, газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн.

2012 оноос өнөөдрийг хүртэл уг газарт зөөврийн байшин байрлуулж гар урлал, Монгол үндэсний хувцас, захиалга оёдлын цех ажиллуулсаар, иргэд оршин суугчдад үйлчилгээ үзүүлж байсан юм. Миний бие 3.168.000 төгрөгийг төлж, холбогдох газрын төлбөр төлөх үүргээ биелүүлж, хууль зөрчөөгүй байтал хууль зөрчсөн гээд газрын эрхийг цуцлах мэдэгдэл өгсөн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01-06/3554 тоот мэдэгдэлд ..таны газрыг иргэд хэл ам хийж гомдол гаргасан, мөн газраа зориулалтын дагуу ашиглаагүй удсан учир газрыг цуцлахаар боллоо гэж тайлбарласан учир зориулалтын дагуу ашиглахын тулд холбогдох зөвшөөрлүүдийг авсан тухайгаа, захиргааны байгууллагаас холбогдох дүгнэлтүүд гарч, тодорхой хэмжээний ажиллагаа хийгдсэн тухай баримт материалаа үзүүлж, гомдлоо ч удаа дараа гаргасан.

Миний эзэмшиж байсан газрын эрхийг цуцалсан тухай 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийн хувийг 10 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар авсан. Гэтэл мэдэгдэлд бичигдсэн үндэслэлээ өөрчлөөд Нийтийн эдэлбэрийн зориулалтын газартай давхцсан, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй гэсэн үндэслэлээр газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн байна. Энэ үндэслэлийн талаар энэ олон жил нэг ч зүйл тайлбарлаж байгаагүй, нөхцөл байдлыг бүх талаас нь шалгаж байна гэж л тайлбарлаж байсан.

Орон нутгийн сонгуулийн танилцуулгадаа энэ газрыг цуцлах шийдвэр гаргана гэж ярилцлага өгч байсан нь олон нийтэд цацагдсан зэргээс үзвэл ард иргэдийн оршин суугчдын санал авахын тулд МАН болон түүний гишүүдийн сонгуулийн сурталчилгаа болгохдоо ашиглаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж иргэний хувьд гомдолтой байна.

Энэ газрыг зориулалтын дагуу ашиглах зорилгод их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулсан, олон байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр, дүгнэлт гарсан, гэрээ хэлцэл хийгдсэн зэрэг иргэний эрх зүйн бодит байдал, төрийн шийдвэр үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, тушаал шийдвэр нь үндэслэлтэй байх гэсэн нөхцөл байдлыг бус сонгуулийн саналын эрх ашгийг илүүд үзэж миний хуулиар хамгаалагдсан газар эзэмших эрхийг хөндсөн учир шүүхээр хянуулахаар шаардлага гаргаж байна.

Иймээс миний бие төрийн үйл ажиллагаа шийдвэрт итгэж, их хэмжээний хөрөнгө мөнгөө зарцуулан захиргааны олон байгууллагад хандаж, холбогдох эрхээ авч, үйлчилгээ эрхлэх нөхцөл байдлаа бүрэн хангаад ирэх үед надад танилцуулаагүй үндэслэлээр, төр захиргааны байгууллага агентлагаараа бүхэлдээ буруу шийдвэр гаргасан байна гэсэн агуулгаар газрын эрхийг цуцалж байгааг шударга бус, хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхээр миний бие болгосон хөрөнгийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх гэж байна.

Иймд энэхүү шаардлагаар Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зөрчигдөж байгааг хянан шалгаж, Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Б*******гийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаартай захирамжийг эс зөвшөөрч, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг маргаан бүхий захирамжийг гаргахдаа хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн, мөн нийтийн эдэлбэрийн зориулалттай ашиглаж байгаа газартай давхацсан гэсэн 2 үндэслэлийг дурдсан байдаг. Анх уг газрыг Д.А*******д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0,02 га газрыг 5 жилийн хугацаатай цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн. Уг газрыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1132 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Ц.Б шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дугаартай захирамжаар зориулалтыг өөрчилж, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн хугацааг сунгасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаартай захирамжид дурдсан үндэслэлийн хувьд нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа гэдэг нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч талаас энэ талаар тайлбар болон холбогдох баримтыг ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй. Мөн хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй гэх үндэслэлийн хувьд мөн баримтаар тогтоогдсон зүйл байхгүй. Эдгээр үндэслэлийг дурдаж, маргаан бүхий захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нотлох баримтаа цуглуулж, сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны байгууллага нь холбогдох нотлох баримтуудыг цуглуулж хуулийн дагуу газар эзэмших эрхийг цуцлах ёстой боловч эдгээр ажиллагааг огт хийгээгүй. Мэдэгдэх сонсох ажиллагааг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 3554 тоот албан бичгээр ирүүлсэн. Энэ албан бичигт тухайн газрыг зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлийг зааж, танай газар эзэмших эрхийг хүчингүй болголоо, холбогдох тайлбарыг 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдье гэж дурдсан байсан. Энэ мэдэгдлийн дагуу холбогдох баримт бичиг, тайлбараа хугацаанд нь ирүүлсэн. Мэдэгдэл, захирамжийн үндсэн агуулга нь хоорондоо уялдаа холбоогүй, зөрүүтэй, төөрөгдүүлсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглахтай холбоотой гэрээ болон Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж байсан. Маргаан бүхий захирамжийн үндэслэлд Хот байгуулалтын тухай хуулийн 12.5, 12.6, мөн Газрын тухай хуулийн 61.1-д заасныг дурдсан байдаг. Гэвч нэхэмжлэгч болон өмнөх Засаг дарга ямар хуулийг зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

Олон нийтийн суурьшлын бүсэд хамаарч байгаа. Маргаан бүхий газар орон сууцны дунд байрладаг. Орц гарцыг хаасан үзэгдэх орчныг хаасан зүйлгүй. Барилгын үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй учраас архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зөвшөөрөл, зураг батлагдаагүй. Хүнсний дэлгүүрийн зориулалтаар үйлчилгээ явуулахаар сэндвичэн барилга барьсан. Сэндвичэн барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар шаардлагагүй гэж үзэж байна. Цэцэрлэг, үйлчилгээний зориулалттай учраас үйлчилгээний зориулалтаар зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж үзэж байна. Эхний ээлжинд 8 нэрийн барааны хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа. Үйлчилгээ гэдэг үндсэн агуулгад хамаарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37.6-д зааснаар эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан хэд хэдэн зарчмыг зөрчсөн байна. Тухайлбал 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1148 дугаар захирамж нь сонсох ажиллагааг огт хийгээгүй. Өмнө нь нэхэмжлэгчид та зориулалтын газраа ашиглаагүй байх тул хүчингүй болголоо гэж мэдэгдсэн боловч дараа нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцсан, мөн хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй гэдэг үндэслэлээр сонсох ажиллагааг огт хийгээгүй. Тухайн үед мэдэгдэл ирэхэд нэхэмжлэгчийн зүгээс оёдлын цехийн орлого, зарлага гэх мэт бүх баримтуудыг гаргаж өгсөн. Нийслэлийн Засаг дарга 15 жилийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгочихоод үндэслэлгүй шалтгаанаар хүчингүй болгож байгаа нь хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчиж байна. Хүчингүй болгосны дараа нийтийн эдэлбэр газарт авахаар саналаа хүргүүлсэн байна. Нийтийн эдэлбэр газар гэдгээ тогтоогоогүй байж хүчингүй болгосон. Хариуцагч талаас гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдсөн талаар баримт гаргуулах гэсэн боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Хүчингүй болгож байгаа 2 үндэслэл нь өөрөө өөрийгөө үгүйсгэж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.А*******д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0.02 га газрыг 5 жилийн хугацаатай цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлснийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 захирамжаар газар эзэмших эрхийг Ц.Б*******д шилжүүлж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэг, үйлчилгээ болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгосон байна.

Гэвч иргэн Ц.Б-ын цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 203 м2 газар нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй байх тул Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Ц.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг 2013 онд шилжүүлж авснаас хойш газрын зориулалтын бусаар ашиглаж байсан. Мөн тухайн газар дээр барилга барьсан тохиолдолд нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас уг захирамжийг гаргасан.

Газар эзэмших гэрчилгээний хугацаа 2018 онд хугацаа дуусаад, тухайн үед зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг мэдэгдэл нэхэмжлэгчид өгсөн, хугацаа сунгах боломжгүй гэсэн Хот байгуулалт, хөгжлийн газрын Газар барилгажилтын зөвлөлийн дүгнэлт гарч, хугацааг сунгахаас татгалзсан боловч Газар барилгажилтын зөвлөлийн гишүүд нь тухайн үед солигдсоноор сунгагдсан байдаг.

Газрын тухай хуулийн 6.2.2, 12.2-т зааснаар Ц.Б-д эзэмшүүлсэн байсан газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж байгаа газар гэж үзсэн. Ц.Б маргаан бүхий газрыг өмчилж аваагүй учраас уг газар нь төрийн өмч. Маргаан бүхий газар нь орон сууцны дунд байрладаг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашигладаг газар гэсэн үндэслэлээр захирамжаа тайлбарлаж байна.

Маргаан бүхий газрыг иргэнд ийм зориулалтаар эзэмшүүлсэн нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцэхгүй, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй Ц.Б-д эзэмшүүлсэн учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг хүчингүй болгосон үндэслэлээ болгосон. 2020 оны газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж үзсэн.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамж нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гарган газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгох сонсох ажиллагаа хийж мэдэгдэл өгсөн боловч хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газарт эзэмшүүлсэн нь буруу гэх өөр үндэслэлээр хүчингүй болгосон, хүчингүй болгосон үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй, хүчингүй болгосон үндэслэл нь тогтоогдоогүй хэмээн маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-ын цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа 203 м.кв газар нь нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж, хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Анх Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тухайн 203 м.кв газрыг иргэн Д.А*******д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, мэдээллийн санд нэгж талбарын 18642310919362 дугаар 5 эргэлтийн цэгтэйгээр бүртгэгдэж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 захирамжаар газар эзэмших эрхийг Ц.Б*******д шилжүүлж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэг, үйлчилгээ болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон ба мэдээллийн сангийн нэгж талбарын дугаар 146050**** болж өөрчлөгдсөн байдаг.

Ц.Б нь уг газарт зөөврийн байшин байрлуулан оёдлын захиалгын газар ажиллуулж байсан гэх бөгөөд 2020 оны 7 дугаар сараас хүнсний дэлгүүр ажиллуулахаар 8м х 14м хэмжээтэй сендвичэн хийцтэй 1 давхар байшин байрлуулж, ажлын байрны дүгнэлт гаргуулж, дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулж, хүнсний дэлгүүр ажиллуулах батламж авсан ч энэ үед Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 01-06/3554 тоот газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болсон-ыг мэдэгдсэн мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 2701 дугаартай газар чөлөөлөх хугацаа тогтоосон шаардах хуудас тус тус хүргүүлж, улмаар маргаан бүхий актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлага болон актын хууль зүйн үндэслэл бүрээр дүгнэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй газар гэж үзсэн нь үндэслэлтэй.

Учир нь газрын нэгдмэл сангийн ангиллын хот, тосгон, бусад суурины газарт хот тосгоны нийтийн эдэлбэрийн газар хамаарахаар, нийтийн эдэлбэрийн газарт хот тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн бус амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг ... зэрэг газар хамаарахаар Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаас үзэхэд тухайн газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй газар гэж үзэхээр, барилгажих талбай буюу иргэн, хуулийн этгээдэд цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газар гэж үзэхээргүй байна.

Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан ирүүлсэн байршлыг өндрөөс харуулсан фото зургаас үзвэл цэцэрлэг, үйлчилгээний зориулалттай 203 м.кв газар нь байршлын хувьд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, орон сууцны хороолол дунд, нийслэлийн 143 дугаар цэцэрлэгийн баруун урд, орон сууцны 25 дугаар байрны хойд талд, 26 дугаар байрны зүүн талд, цэцэрлэгийн хашаа болон орон сууцны доторх авто замын хооронд байршуулан 13.18м, 15.39м хэмжээгээр олгогдсон байх бөгөөд цэцэрлэгийн хашааны баруун урд ногоон байгууламж бүхий тохижуулсан тоглоомын талбайн зүүн талд тулгаж сендвичэн хийцтэй 8м х 14м хэмжээтэй 1 давхар байшинг байршуулсан, сендвичэн байшингийн хойд талд уг байшин болон цэцэрлэгийн хашааны хооронд цэцэрлэгийн хашаа дагуулан хуучин тарьсан моднуудтэй зэрэгцэн явган хүний шороон зам гарсан байна.

Хэдийгээр өмнө нь жижиг зөөврийн байшин бүхий оёдлын цех ажиллуулсан, одоогоор зөөврийн сендвичэн байшинд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэнэ, барилга барих батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл байхгүй гэх ч газар эзэмшүүлсэн зориулалт, хэмжээ, байршлаас үзвэл цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар барилгажих боломжтой төлөвлөгдсөн талбай гэж үзэхээргүй байна. Тодруулбал энэ нь шинэ суурьшлын бүс биш бөгөөд орон сууцны хороолол дундах хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгийн хашаа тойроод бага хэмжээний ногоон байгууламж, явган хүний зам, хороолол доторх авто зам, зогсоол төлөвлөгдөж баригдсан нь хэрэгт авагдсан фото зургаас тодорхой харагдах[1] ба, цэцэрлэгийн хашаа тойроод бага хэмжээний ногоон байгууламж, явган хүний зам бүхий нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдахаар газарт ийнхүү цэцэрлэг, үйлчилгээний зориулалт бүхий давхар барилга баригдах (203 м.кв талбайн 30 хувьд нь барилгажих талбай гэж үзвэл цэцэрлэг болон үйлчилгээний зориулалт бүхий 1 давхар барилга байх боломжгүй), барилгажих нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна.

Тиймээс ч 2013 онд эрх шилжүүлж авснаас хойш газар эзэмших эрхийн гэрчилгээний 5 жилийн хугацаа дуусч, 2018 оны 6 дугаар сарын 14-нд хугацаа сунгуулах хүсэлт гаргахад нийслэлийн Газрын алба 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 02-06/3928 тоотоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлсэн, 2019 оны 12 дугаар сарын 03-нд нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар хүсэлтээ дахин гаргахад Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр хуралдаанаар хэлэлцээд эс зөвшөөрсөн дүгнэлт гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 1 дугаар сарын 31-ний өдөр 02-06/6446 тоотоор газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаас эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсон талаар мэдэгдэл дахин хүргүүлсэн байдаг.

Ийнхүү 2013 оны захирамжаар 2014 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нөхцөл бүрдсэн хэмээн мэдэгдэл өгсөн байдаг ч Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хурлаар дахин хэлэлцээд зориулалтыг өөрчилж цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн дүгнэлт гарснаар, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэг, үйлчилгээ болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, захиргааны байгууллага энэ шийдвэрээ хуульд нийцээгүй, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй газрыг эзэмшүүлсэн нь буруу хэмээн үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлээ болгосныг шүүх буруутгахгүй, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцэж байна.

2. Хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 08/359 тоотоор шүүхэд ирүүлсэн тодруулгаас үзвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баталсан баримт бичгийн төлөвлөлтийн зургаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, тухайн байршил нь засаг захиргаа, олон нийтийн төв байхаар батлагдсанаас өөрөөр тухайн байршилд нэмж төлөвлөлт хийгдээгүй байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 19/33 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд ямарваа зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй[2], өөрөөр хэлбэл цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн хугацаа дууссаны дараа газрын эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөн цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх тохиолдолд тухайн эзэмшүүлэх зорилго, газрын хэмжээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардана.

Учир нь эрх бүхий этгээдээс баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэнд ямар зориулалтаар эзэмшүүлж болохыг, тухайлбал иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, хуулийн этгээдэд аж ахуйн, үйлдвэрлэл үйлчилгээний, орон сууцны барилгын зориулалтаар, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд гэхчилэн дүүрэг, хороогоор байршил, хэмжээг тодорхой тусгасан газрыг эрх бүхий Засаг дарга эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газрын алба гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор газар эзэмших эрх үүсдэг. Түүнчлэн ийнхүү тодорхой зориулалтаар эзэмших эрх авсан тохиолдолд барилгын байршлыг тогтоосон захирамж гарч, уг захирамжийг барилгын зөвшөөрлийн /архитектур төлөвлөлтийн даалгавар/ бичиг баримтуудад үндэслэдэг.

Тиймээс хотын ерөнхий төлөвлөгөөгөөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр багтсан Их тойруу нь засаг захиргаа, олон нийтийн төв байхаар төлөвлөгдсөн, тухайлж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, энэ ерөнхий төлөвлөгөөнөөс өмнө баригдсан нам давхрын орон сууцны хороолол, хороолол дундах хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгийн хашаа тойроод бага хэмжээний ногоон байгууламж, явган хүний зам, хороолол доторх авто зам, зогсоол төлөвлөгдөж хийгдсэн, цэцэрлэг үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэг, үйлчилгээ болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон шийдвэрээ хууль бус гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн, үндэслэлтэй байна.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн хэмээх үндэслэлээр сонсох ажиллагаа хийж мэдэгдэл хүргүүлснийг буруутгахааргүй, шийдвэр гаргахаас өмнө эрх нь хөндөгдөх этгээдэд сонсгох, тайлбар гаргах боломжоор хангах хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.

Анх 2011 онд иргэн Д.А******* тус дүүргийн 1 хороонд орон сууцны 25 дугаар байрны баруун хойд талд 20м х 25м хэмжээтэй газарт хүүхдийн цэцэрлэг, орон сууцны барилга барих хүсэлтийг нийслэлийн Газрын албанд тус дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын нийслэлийн Боловсролын газарт хандсан цэцэрлэгийн хүртээмжийн талаарх албан бичиг, 1, 2 дугаар хорооны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн судалгааг хавсарган гаргасан байдаг бөгөөд энэ байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаатай цэцэрлэг, орон сууцны зориулалтаар Д.А*******д эзэмшүүлсэн, улмаар 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1142 дүгээр захирамжаар Ц.Б******* нь эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар шилжүүлэн авсан байдаг. Гэтэл 2014 оноос хойш эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусах хүртэл гэрчилгээнд заасан цэцэрлэг, орон сууцны зориулалтаар ашиглаагүй, зөөврийн байшинд оёдлын цех ажиллуулсныг цэцэрлэг, орон сууцны зориулалтаар ашигласан гэж үзэхгүй, энэ хугацаанд зориулалтаар нь ашиглаагүй болохоо газар эзэмшигч нь 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөлдөө тодорхой шалтгааны улмаас зориулалтын дагуу ашиглаагүй нь үнэн болно хэмээн хүлээн зөвшөөрч, барилгын эскиз зураг боловсруулж батлуулсан, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан талаар дурдсан байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тухайн газарт эрх бүхий байгууллагаас олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын зураг төсөл байхгүй талаар тайлбарласан бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн газрын хувийн хэрэгт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаартай барилгын байршил тогтоосон захирамжийн дагуу иргэн Д.А*******д Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгогдсон А/490-142 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, орон сууцны барилгад газар олгосныг мэдэгдсэн 141 дугаартай мэдэгдэл, байршлын болон шугам сүлжээний мэдээлэл бүхий зураг ирүүлсэн байх хэдий ч эдгээр нотлох баримт нь маргаан бүхий газарт хамааралгүй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн орчимд төлөвлөгдсөн 0,0184 га газарт хамаарч буйг дурьдах нь зүйтэй.

Газар эзэмших эрхийн гэрчилгээ 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 5 жилийн хугацаагаар олгогдсон бөгөөд эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 14, 2019 оны 12 дугаар сарын 03-нд Нийслэлийн Газрын албанд гаргасан, тухай бүр Нийслэлийн Газрын алба 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 02-06/3928, 2020 оны 1 дугаар сарын 31-ний өдөр 02-06/6446 тоотоор газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн талаар мэдэгдэл хүргүүлж хугацаа сунгахаас татгалзсан байдаг.

Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр хуралдаанаар гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хэлэлцээд эс зөвшөөрсөн дүгнэлт гаргаж татгалзсан байдаг ч 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр эзэмших зориулалтыг өөрчлөх, цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар эзэмших хүсэлтийг дахин хэлэлцээд зөвшөөрснөөр 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/401 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг цэцэрлэг, үйлчилгээ болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 2020 оны 7 дугаар сарын 16-нд 01-06/3554 тоот мэдэгдлийг дээрх агуулгаар дахин хүргүүлж сонсох ажиллагаа хийжээ.

Маргаан бүхий А/1138 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актаа хүчингүй болгох заалтыг барьж гарсан тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж зааснаар хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцээгүй, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газарт эзэмшүүлсэн нь буруу гэх хүчингүй болгосон үндэслэлээр сонсох ажиллагаа хийгээгүй гэж хариуцагчийг буруутгахгүй.

Сонсох ажиллагаа хийх нь тухайн этгээдийн тайлбарлаж болохуйц өөрт нь хамаарах үндэслэлийн талаар тайлбарлах, нотлох баримт гаргах боломж олгох зохицуулалт бөгөөд дээр дурдсанаар нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үндэслэлээр буюу өөрөөр нь тайлбарлуулах шаардлагагүй үндэслэлээр зайлшгүй сонсох ажиллагаа хийх зохицуулалт биш юм. Өөрөөр хэлбэл зориулалтын дагуу ашигласан эсэх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар газар эзэмшигчийн өөрөө тайлбарлах шаардлагатай бөгөөд боломжтой үндэслэлээр газар эзэмшигч иргэнд сонсох ажиллагаа хийсэн нь хуульд нийцсэн, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үндэслэлийн талаар буюу хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн эсэх, нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдах газар мөн эсэхийг газар эзэмшигчээр тайлбарлуулах шаардлагагүй, тиймээс ч энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болохоор хуульчилсан тул сонсох ажиллагаа хийсэн үндэслэлээс өөр үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх, захиргааны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгохгүй.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Б нь 2013 онд Д.А*******аас цэцэрлэг, орон сууцны зориулалттай 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан ч 2020 оныг хүртэл гэрээ, гэрчилгээнд заасан цэцэрлэг, орон сууцны зориулалтын дагуу 2 жил, түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй, мөн газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хугацаа сунгуулах хүсэлт гаргасан ч эрх бүхий этгээдээс татгалзсан байдаг ч ийнхүү зориулалтыг өөрчлөн дахин эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй нийцээгүй, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглагдаж буй газарт цэцэрлэг, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй тул хууль бус шийдвэрээ хүчингүй болгох Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр гаргасан маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж үзлээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******ын Нийслэлийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/1138 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[2] https://land.ub.gov.mn/index.php/all-news/2016-11-16-07-53-02