Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 363

 

 

Б.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03344 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М.С” ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 968 776 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийг анхан шатны шүүх ажилд эгүүлэн тогтоосныг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Б.М 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тус компанид сэлбэг захиалгын ажилтны орон тоонд эргэн ажиллах боломжгүйг мэдэгдсэн. Сарын 850 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Нэг өдрийн цалин 37 777 төгрөг болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу ажилдаа эргэн орох боломжгүйг мэдэгдсэн өдөр хүртэл 150 хоногийн цалин 5 968 776 төгрөг нэхэмжилж байна...гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажлын байрыг нь хадгалж байсан. Утас нь холбогдох боломжгүй байсан. Удаа дараа Б.М-ийн төлөөлөгчид ажил нь эгүүлэн томилох хүсэлтийг явуулсан. Өөрөө нэг ч удаа ирж уулзаагүй. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу явсан гэж байна. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх цалин нэхсэн. Ажил дээрээ ирж уулзаагүй байж ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 3 400 000 төгрөг гаргуулах зэрэг шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн... гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М.С” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 699 965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 268 811 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 149 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгч ажилдаа орохгүй гэсэн хүсэлт гаргасан өдөр хүртэлх \2017.05.25\ ажлын 158 хоногоор тооцон 5 968 776 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар хүчин төгөлдөр болсон өдрөөс нэхэмжлэгчийн ажилдаа орохгүй гэсэн хүсэлт гаргасан өдөр хүртэлх цалинг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ажил олгогч нь ажилтныг ажилд нь эгүүлэн авсан бол цалин хөлс нэхэмжлэхгүй нэхэмжлэгч ажлаа хийж цалингаа аваад явах боломжтой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийи 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэмцэх хэмжээний олговор олгоно гэж хуульчилсан байхад анхан шатны шүүх ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг хэсэгчлэн хангаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М хариуцагч “М.С” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 968 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05450 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00333 дугаар тогтоолоор Б.М-ийг “М.С” ХХК-ийн сэлбэг захиалгын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3 400 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3 394 940 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.                                      /хх-9-13, 20-24 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “М.С” ХХК-д “миний бие “М.С” ХХК-ийн сэлбэг захиалгын ажилтны орон тоонд ажиллах боломжгүй болсон тул зохих хууль тогтоомжийн дагуу шийдэж ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 9 577 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан үйл баримт тогтоогджээ.                                                 /хх-28-29 дүгээр тал/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба нэхэмжлэгч нь ажилдаа орох боломжгүй талаар мэдэгдснээр 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг буруу тодорхойлж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс нэхэмжлэгч ажилдаа орох боломжгүй гэсэн хүсэлт гаргах хүртэл буюу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 49 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 1 699 965 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэрээр ажилтаныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгоно.

 

Ажил олгогчийн буруугаас ажилтан цалин хөлсөөр хохирсон тул ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаардаг байна.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд тэрээр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орох боломжгүй гэсэн хүсэлт гаргах хүртэл хугацаанд эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс нэхэмжлэгч ажилдаа орохгүй гэсэн хүсэлт гаргасан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг ажлын 158 хоногоор тооцон 5 968 776 төгрөгийг хариуцагч “М.С” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгож анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/03344 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М.С” ХХК-иас 5 968 776 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-т олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “42 149” гэснийг “110 451” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

           

                             ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ