| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00175/И |
| Дугаар | 155/ШШ2019/00175 |
| Огноо | 2019-02-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2019/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...............тоотод оршин суух, эрэгтэй, ............. дугаар регистртэй, Бөөчүүд овогт Т.Б-ын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .................тоотод оршин суух, эрэгтэй, ............... дугаар регистртэй, Бумбат овогт О.А-т холбогдох
Машины үнэ 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2019/00158/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, түүний өмгөөлөгч Б.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 1 дүгээр сард О.А нь миний эзэмшлийн ХӨВ 89-84 улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авья, та хэдээр надад худалдах вэ гэсэн санал тавьсан. Би уг машины мотор янзлах шаардлагатай гэхэд О.А би уг эвдрэлийг чинь өөрөө засуулья, харин та засварын хөлс, мотор янзлуулахад шинээр авч тавих эд ангийн үнийг өөрөөсөө гаргачих, надад мотор янзладаг сайн засварчин байгаа, уг засварчнаар засуулаад би таны машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авья, машины үнийг би 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 500.000 төгрөгөөр сар бүр төлж байна гэж гуйсан. Би түүний саналын талаар эхнэртэйгээ ярилцаад, хүлээн зөвшөөрч бидний хооронд тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ амаар байгуулагдсан.
О.А машины моторыг засварчнаар янзлуулж, би шинээр тавих бүх эд ангийн үнэ, засварчны хөлс болох нийт 1.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж янзлуулаад машиныг О.А нь өөрөө шалгаж унаж үзээд хүлээж авсан бөгөөд ингэж хүлээж авахад машины эд анги бүрэн бүтэн, ямар нэгэн доголдолгүй, гаднах арьс ямар ч сэвгүй, замаскгүй бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. Тэрээр манайхаас худалдаж авсан машинаар хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ эрхэлж байхад нь олон удаа тааралдаж байсан бөгөөд Орос улс руу байнга явж машины арилжаа наймаа хийдэг гэж хүмүүсээс сонсож байсан. Мөн би машины үнийг нэхэж О.Атай уулзахад машины буруу талын хаалгаар мөргөлдсөн, хаалга нь дахин ашиглах боломжгүй болсон, янзлуулах гэж явна гэж таарсан. Гэвч тэрээр ярилцаж тохиролцсон хугацаандаа машины үнийг сар бүр 500.000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. 2018 оны 10 дугаар сард би машиныхаа үнийг нэхэхэд таны машин эвдэрсэн, Ханх суманд айлын хашаанд байгаа тэр машинаа очиж аваарай, би танд мөнгө өгч чадахгүй гэх болсон. Тэрээр манайхаас худалдаж авсан машинаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 5 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох хугацаанд хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ эрхэлж байхдаа 4 удаа зөрчил гарган торгуулж байсан байгаа бөгөөд уг торгуулиа огт төлөөгүй, торгуулийн төлбөр төлөх шаардлага манайд ирэх болсон. Мөн манай машиныг Ханх суманд айлын хашаанд хаясан байгаа бөгөөд машин маань тоногдон үрэгдсэн байдалтай байна гэж нутгийн хүмүүс ярьж хэлж байна. Иймд О.Ас машины үнэ 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1979 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...............тоотод оршин суух, .............. дугаар регистртэй, Д овогт Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Т.Б-той 2018 оны 1 дүгээр сарын 20-ны үед О.А ирж уулзаад танай Истана маркийн тээврийн хэрэгслийг 5.000.000 төгрөгөөр худалдаж авья гэх санал тавьсныг бид хоёр ярилцаад зөвшөөрч, төлбөрийг тус оны 5 дугаар сараас эхлэн 500.000 төгрөгийг сар бүр төлж байхаар тохирч, аман гэрээ байгуулан, машинаа өгч явуулсан. Манайх машины мотор болон бусад засварын хөлсөнд 1.000.000 төгрөг өгсөн. Машины засвар 2 дугаар сард дуусч О.А ашиглаж эхлэн хот хоорондын болон Орос улс руу тээвэр хийж байсан бөгөөд төлбөрийг өгөхгүй байхаар нь очиж уулзахад 10 дугаар сард бэлнээр нь 2.000.000 төгрөг өгнө гэсэн болохоор хүлээсэн. Тэгээд сүүлдээ мөнгө өгөх боломжгүй, машинаа ав гэх болсон. Манайхаас авсан машиныг Ханх суманд айлын хашаанд орхисон байсан бөгөөд манай нөхөр Т.Б машинаа авахаар О.А-аас түлшний үнэ аваад очиход тоногдсон байсан болохоор аваагүй үлдээсэн. Одоо машиныг буцааж авах боломжгүй. О.А 4.500.000 төгрөгөөр худалдаж авахаар машины үнийг тохирсон гэх тайлбар өгснийг зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр багасгаж байна. Иймд О.А-с Истана маркийн машины үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2018 оны 1 дүгээр сарын үед танил Б-оос 89-84 ХӨВ улсын дугаартай, Истана маркийн тээврийн хэрэгслийг 4.500.000 төгрөгт тооцож авахаар аман гэрээ хийсэн. Би уг тээврийн хэрэгслийг авахад мотор нь эвдэрхий хөдөлгөөнд оролцох боломжгүй, урд талын гупер нь хагарсан, хойд талын хаалга тээврийн хэрэгслээс өөр өнгөтэй буюу ногоон өнгөтэй байсан. Надад зарсан гэх Истана маркийн тээврийн хэрэгсэл нь шар өнгөтэй байсан. Мотор нь эвдэрхий байсан тул эхлээд танил Б-гийн хашаанд тээврийн хэрэгслийг чирч аваачсан ба Болдоо машины моторыг арваад хоног засаад янзлаж хүчрээгүй тул 13 дугаар багт тээврийн хэрэгсэл засдаг /Б бид хоёрын танил/ Н-д аваачсан. Н-д тээврийн хэрэгслийг засуулахаар 7 хонуулсан ба мотор нь зүгээр гээд хөдөлгөөнд ороход машин дахин эвдэрсэн. Би Н-т машиныг засуулахаар 80.000 төгрөг өгсөн. Машин дахин засагдах болсон тул Д-ж, нэрийг нь мэдэхгүй ахад 100.000 төгрөг машин засуулна гэж өгсөн, мөн 180.000 төгрөгийн грешик авч тавьсан. Ингээд засуулаад Улаанбаатар хот руу зорчигч тээвэрлээд явсан ба замдаа машин дахин эвдэрсэн. Улаанбаатар хот руу очин 45.000 төгрөгөөр термистат, 50.000 төгрөгөөр сэнсний мэдрэгч , 80.000 төгрөгөөр 2 ширхэг амаржин аваад Улаанбаатар хотоос машиныг чирч Мөрөн оруулж ирээд бүтэн нэрийг нь мэдэхгүй моторчин Ч гэдэг айлд аваачин машиныг задлуулсан. Ч-д моторыг засуулахад 130.000 төгрөг, кроп засуулахад 70.000 төгрөг, машин шал нь ханзарч няцарсан тул түүнийг засуулахад 120.000 төгрөг өгсөн. Д-д 50.000 төгрөг өгсөн. Мөн машины эд анги болох 3 дугаар арааг 80.000 төгрөгөөр, таап 20.000 төгрөгөөр авсан. Машины дотор засвар хийлгэсний дараа 7 дугаар хороонд байдаг О-д /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ машин засварчин дээр очин машины хормойг эргэн тойрон, хаалга будуулж, дунд хаалганы булангийн төмөр сольсон. Энэ засвар үйлчилгээнд нийт 400.000 төгрөг орсон. Б-с авсан тээврийн хэрэгсэлд маш их засвар үйлчилгээ болон их мөнгө орсон. Машин бүрэн засагдсаны дараа би уг тээврийн хэрэгслээр цөөн удаа хөдөлгөөнд оролцож явсан. Уг тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд ороогүй 2 жил болсон байсан тул үзлэг оношлогоонд оруулсан. Би энэ машин надад ээлээ өгсөнгүй хэн хэндээ түвэгтэй бизээ, энэ машиныг засахад их мөнгө орууллаа гээд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Б- манайд ирэхээр нь хэлэхэд надад ямар нэгэн хариу хэлээгүй, дуугүй гараад явсан. 2018 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймгийн Ханх сумын М- гэдэг залуу Б-оос 600.000 төгрөгийн авлагатай байхдаа Б-оос Истана маркийн машин авсан байгаад энэ нь эвдэрхий байна гээд Б-ын надад зарна гэсэн 89-84 ХӨВ дугаартай Истана тээврийн хэрэгслийг аваад явсан. Мунаа надаас авч явсан тээврийн хэрэгслээр 1 удаа Орос явсан. Энэ үед нь би хамт явсан ба машин бүрэн бүтэн Ханх суманд М-н хашаанд аваачиж тавьсан. М, Б хоёр найз нөхдийн холбоотой хүмүүс юм. Би Б-д машины өртөг төлөх шаардлагагүй. Учир нь би машинд бусдаар маш их үйлчилгээ хийлгэсэн мөн их мөнгө оруулсан. Би энэ машинаа аваач гэж Б-д хэлж байхад машинаа аваагүй дуугараагүй манайхаас гарч явсан. Б нэхэмжлэл-дээ худлаа бичсэн байна. Уг тээврийн хэрэгсэл М-н хашаанд бүрэн бүтэн байгаа. М, Б хоёр хоорондоо байнга холбоотой байдаг. Б, М-р байнга очдог. Б өөрөө уг тээврийн хэрэгслийг бүрэн бүтэн байгааг мэдэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Б манай гэрт буюу Мөрөн сумын ......... тоотоос Б-ын хажууд машинаа очиж авья гээд надаас түлшний мөнгө гэж 130.000 төгрөгийг бэлнээр аваад явсан гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Бнь хариуцагч О.А холбогдуулан машины үнэ 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.
Зохигч Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай автомашиныг 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Т.Б тус машиныг зээлээр худалдаж, үнийг төлөх хугацаа тохирсон боловч өдий хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж авна,
Хариуцагч О.А тус машиныг зээлээр худалдан авахаар тохирсон боловч түүнд их засвар үйлчилгээ хийлгэж, мөнгө их орсон тул төлбөр төлөх боломжгүй, буцааж өгнө гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Тус хэргийн зохигч нь Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авахаар аман гэрээ байгуулж, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж заасан заалтыг зөрчсөн тул тэдний хооронд тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл зохигч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж тайлбарлаж байгаа ч тус гэрээг заавал бичгээр байгуулахаар хуулинд заажээ.
Харин Т.Б, О.А нарын хооронд тухайн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба зохигчийн доорхи тайлбараар хариуцагч О.А-ын буюу нэг талын хүсэл зоригоор тус гэрээнээс татгалзсан байна.
Хариуцагч О.А-ын шүүхэд гаргасан “...Би Б-д машины өртөг төлөх шаардлагагүй. Учир нь би машинд бусдаар маш их үйлчилгээ хийлгэсэн мөн их мөнгө оруулсан. Би энэ машинаа аваач гэж Б-д хэлж байхад машинаа аваагүй дуугараагүй манайхаас гарч явсан...Уг тээврийн хэрэгсэл М-н хашаанд бүрэн бүтэн байгаа...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Б манай гэрт буюу Мөрөн сумын .......... тоотоос Б-О-ын хажууд машинаа очиж авья гээд надаас түлшний мөнгө гэж 130.000 төгрөгийг бэлнээр аваад явсан...” гэх тайлбар, нэхэмжлэгч Т.Б-н шүүхэд гаргасан “...2018 оны 10 дугаар сард би машиныхаа үнийг нэхэхэд таны машин эвдэрсэн, Ханх суманд айлын хашаанд байгаа тэр машинаа очиж аваарай, би танд мөнгө өгч чадахгүй гэх болсон...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Тэгээд сүүлдээ мөнгө өгөх боломжгүй, машинаа ав гэх болсон. Манайхаас авсан машиныг Ханх суманд айлын хашаанд орхисон байсан бөгөөд манай нөхөр Т.Б машинаа авахаар О.А-аас түлшний үнэ аваад очиход тоногдсон байсан болохоор аваагүй үлдээсэн...” гэх тайлбар зэргээс дүгнэхэд хариуцагч нь тус тээврийн хэрэгслийг буцааж өгөх талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж гэрээнээс татгалзсан байх бөгөөд энэ тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа биет байдлаар буцаан өгснөөр үүргийн харилцаа дуусгавар болно.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар О.А- Istana маркийн тээврийн хэрэгслийг Т.Б-д буцааж өгөх үүрэг хүлээнэ. Мөн Т.Б-д тус тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон түүгээр олсон ашгийг О.А-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Зохигч 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгөөр тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах үнийн талаар маргаагүй байна.
Иймд хариуцагч О.А-аас Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4.500.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч О.А-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч О.А-с Istana маркийн ХӨВ 89-84 улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-аас улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА