Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1418

 


    2022        10          4                                   1418     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц.О,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 2206 02182 2439 дүгээр хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох эхнэр Ц.О-ийг үл ялих зүйлээр шалтаглан толгой, нүүр болон хөл хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, гуя шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажлаасаа буучихаад ээлжийн амралтаа авчихлаа гээд дэлгүүрт ороод эхнэр лүүгээ ярьсан. Хайраа амралтаа авчихлаа, ганц шил архи уучихъя гэсэн. Тэгээд дэлгүүрээс авсан юмаа эхнэртэйгээ хувааж уусан. Хувааж уугаад байж байтал манай С гээд ээжийн дүүгийнх нь хүүхэд байдаг. Хөдөөгөөс орж ирж байна, танайд очоод хоночихъё гэхээр нь тэгээ тэг, дөхөж ирээд хэлчих, гараад авъя гээд тасалсан чинь манай эхнэр өөрийг нь ир гэж хэлээч гэсэн. Тэгээд би юу яриад байгаа юм бэ, хөдөөгөөс хүн ирж байхад гээд тосохоор гарсан. Яг гарах гэтэл цуг явъя гээд бид хоёр хамт явсан. Тосчихоод буцаж орох гэтэл миний тамхи байхгүй байсан. Баянзүрх дүүргийн Товчооны CU ороод тамхи авчихаад буцаад ирсэн чинь А гээд эгчийгээ дуудаад хоёр хүүхэд аваад яваад өгсөн байсан. Тэгээд хоёр хоногийн дараа би ээж аавдаа очиж хэлсэн. Найзуудтайгаа ганц шил юм уучихаад гэртээ орж ирээд гэрээ гаднаас нь түгжчихээд унтаад өгсөн. Тэгээд шөнө унтаж байсан чинь манай эхнэр 1 цаг өнгөрч байхад залгасан. Чи хаана юу хийгээд байгаа юм, гэртээ байхгүй байна гээд залгасан. Юу яриад байгаа юм бэ гэртээ байна, гаднаасаа түгжсэн, ээж, аав ороод ирэхийн болов уу гэж бодсон. Би тэгээд амбаарын цонхоор гараад гаднаас гэрээ онгойлгож өгөөд оруулсан. Тэр өдөр манай эхнэр Ц.О уусан ирсэн. Архи байна уу гэсэн. Хөргөгчид нэг шил задлаагүй архи байсан. Тэрийг задлаад 2-3 уугаад асгасан.  Тэгээд сууж байсан чинь миний амьдралд чиний цалин хүрэхгүй байна, алийн болгон би хямдралтай бараа хайж явах ёстой юм гээд намайг самардахаар нь би ор луу түлхсэн. Тэгээд жоохон уйлагнаж байгаад унтаад өгсөн. Би нэг шил юм аа ууж дуусгачихаад унтаад өгсөн. Тэгээд үүрээр цагдаа орж ирээд аваад явсан.” гэв.

Хохирогч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө би 3 сартай жирэмсэн байж байгаад зулбасан. Тэгээд гэр лүүгээ явсан. Манай нөхөр угаасаа архи уудаг. Одоо энэ ярьж байгаа бүхэн нь худлаа яриад байна. 2 хоногийн өмнө ээлжийнхээ амралтыг авсан гэдэг нь үнэн.  Намайг цуг уусан гэж байна. Өөрөө уусан. Дахиад шунаад байхаар нь чи архи уухаараа яадаг билээ, одоо намайг шөнөжингөө тамлах гэж байгаа юм уу гэсэн чинь тэр ах руугаа яриад мөнгө шилжүүлээд архи авах гээд Товчооны CU руу явсан. Тэр хойгуур нь би эгчийгээ дуудаад хоёр хүүхдээ аваад явсан. Би хувцас болон эм тариагаа авч явж чадаагүй. 4 дүгээр сарын 23-ны шилжих шөнө Товчоо руу очиж авсан. Тэгээд очиход хашаа хаалга нь онгорхой байсан. Яваад орсон хаалгаа түгжсэн, нүдээд байсан, ерөөсөө тайлаагүй. Тэгээд миний хажуугаар хүн гүйж гарсан. Энэ хэн бэ гэхэд намайг үсдээд оруулсан. Чи тэрийг санахгүй байгаа юм биш үү. Архи уусны дараа юмаа санадаггүй. Уучлаарай, хайраа санахгүй байна гэж дандаа тэгдэг. Гэр лүү ороод намайг зодсон. Эхлээд нүүр лүү цохисон. Дахиад цохих гэж байна гэж бодоод гараараа нүүрээ хамгаалсан. Тэгээд хутга гаргаж ирээд би чамайг алчихъя, чи ямар овоо гичий вэ гэсэн. 0.5 литрийн архи уусан сууж байсан. Би архийг нь асгасан. Тал нь үлдээд өөрөө тэрийгээ уусан. Ор луу түлхээд шөнөжингөө хөл гар луу цохисон. Арай гэж би аргалж унтуулсан. Миний утас олдохгүй байсан. Миний утасны дууг хаагаад подушкин доор хийсэн байсан. Би 1 цаг утсаа хайгаад дүү рүүгээ залгаж дуудсан. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудал болохоор намайг тэгж ярьдаг гэж байна. Тэгсэн бол би энийг төлөөд мөнгө төгрөг өгөөд, надаас зөндөө гуйж байсан. Би тэгж хэлдэг байсан бол тэр мөнгийг төлөөд зогсож байхгүй. Ер нь Э.Т архи уудаг. Архины хамааралтай гэж хэлж болно. Уухаараа дандаа би санадаггүй, тэгсэн байна, ингэсэн байна гэдэг. Архи уухгүй амьдрал болоод байдаг. Ярилцдаггүй гэж байна. Би дандаа ярилцдаг.  Хамрын яс хугарсан. Одоо бол амьсгалж чадахгүй тээртэй байгаа. Хөл хөхөрсөн байсан. Одоо бол арилсан. Нийт 1.630.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 6-7 дахь тал/

Хохирогч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сараас эхлэн Эрдэнэбаярын Э.Т-той хамт амьдрах болсон. .... тоотод 2 хүүхдийн хамт, ам бүл 4-лээ амьдрах болсон. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Э.Т архи ууж ирэхээр нь би 2 хүүхдээ аваад ээжийнхээ гэр лүү явсан. Би 2022 оны 03 дугаар сард жирэмслээд хүүхдээ алдсан байсан тул эм ууж байсан. Би гэрээсээ явсанаас хойш 2 хоногийн дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ууж байсан эмээ авахаар гэртээ очиход манай гэрээс 1 эмэгтэй гараад гүйсэн. Би тэр эмэгтэйг барьж авах гээд гүйх гэтэл манай нөхөр Э.Т миний үснээс зулгаагаад намайг чирээд гэрлүү орсон. Гэрт ороод миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод ахиж цохих гээд байхаар нь би нүүрээ хамгаалаад байж байхад хутга гаргаж ирээд “би чамайг алчихна шүү” гээд дайраад байсан. Би тухайн үед энэ асуудлыг чинь мартъя гэхэд хутгаа тавиад намайг ор луу түлхэж унагаад дээрээс гар болон хөл рүү олон удаа гараараа цохиод байсан. Тэгээд хэсэг тайвшираад гэрт байсан архи ууж байгаад унтаад өгсөн. Тэгэхээр нь би төрсөн дүү Бат-Эрдэнэ рүү залгаж Төрөө ах чинь архи уучихаад намайг зодоод байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нартай хамт ирсэн. ...Би Э.Т-той 2019 онд гэрлэлтээ батлуулж байсан. Өмнө нь 2020 оны 07 дугаар сард намайг зодоод 14 хоног баривчилгаанд явж байсан. Мөн 2021 оны 12 дугаар сард бас намайг зодож байсан. Би тухайн үед цагдаад хандаж байгаагүй. ...Миний хамар луу цохисон, 2 хөл хөхөрсөн байсан. Уг гэмтлүүдийг манай нөхөр Э.Т намайг зодож учруулсан. ...Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 18-19 дэх тал/

Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... тоотод аав, ээж нарын хамт амьдардаг. Барилгын ажил эхэлсэн болохоор зарим тохиолдолд ажил дээрээ хонож ажиллаж байгаа. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Цайз 16 орчим баригдаж байгаа барилга дээрээ ажлаа хийгээд байж байхад манай эгч Ц.О надруу залгаад “гэрлүүгээ явж байна, гэрээр орж солих хувцас болон ууж байгаа эмээ аваад Хужирбулан явна” гэж ярьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 04 цагийн үед Ц.О ахиж залгаад “Бат-Эрдэнэ ээ” гэж хэлээд өөр юм ярилгүй уйлж байгаад тасалсан. Би буцаагаад залгатал утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 15 орчим минутын дараа өөр утаснаас залгаад “Төрөө ах чинь намайг зодоод байна, арай гэж унтуулаад ярьж байна, чи намайг ирээд аваадах” гэж хэлэхээр нь би ажлаасаа шууд гараад замдаа цагдаад дуудлага өгөөд Товчооны Сансар худалдааны төвийн гадна талд цагдаа нартай уулзаад, Он гэр лүү очсон. Намайг цагдаа нартай очиход манай эгч Ц.О хашааныхаа гадна талд уйлчихсан, нүүр ам нь улайчихсан, хашаа налаад сууж байсан. Тэгээд цагдаа нар гэр лүү ороод Төрөө ахыг аваад гарч ирээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...намайг очиход Э.Т согтуу гэртээ унтаж байсан. Харин Ц.О архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...тухайн үед манай эгчийн гар болон хөл нь хөхөрсөн, нүүр нь улайсан байсан. Би биеийг нь асуухад толгойгоор хатгаж өвдөөд, хамар амьсгалж болохгүй байна гэж байсан. ...өмнө нь 2 жилийн өмнө шиг санаж байна, наадмаар гэр бүлээрээ салхинд гарчихаад буцаж ирээд байж байхад Төрөө согтуудаа бас О-ийн нүүр лүү цохиж байсан. Би тухайн үед хамт байсан болохоор эгчийгээ өмөөрөөд Э.Ттой маргалдаж зодолдсон асуудал байдаг. Тэр асуудал нь бас цагдаа дээр шалгагдаж байгаад Төрөө 15 хоногийн баривчилгаанд явж байсан. Тэрнээс хойш ер нь архи уучихаараа толгой нүүр лүү нь цохихгүй, дандаа гар, хөл рүү нь цохиж зоддог гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 27-28 дахь тал/

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны 08:30 цагаас 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цаг хүртэл Гачуурт 115 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед надтай цагдаагийн дэд ахлагч Т.Доржпалам хамт үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 23-наас 24-ний өдрийг шилжих шөнө 04 цаг 32 минутанд 90595050 дугаарын утаснаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай эгчийн нөхөр агсам тавиад байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад, .. тоот гэх модон хашаа байх ба намайг очиход дуудлага өгсөн дүү нь гэх залуу машиндаа хүлээгээд байж байсан ба дэд ахлагч Т.Д хамт орж шалгахад гэрийн эд хогшил эмх цэгцгүй, нөхөр Э.Т нь газраар дэвссэн зүйл дээр хэвтсэн байдалтай байсан. Тэгээд Э.Тыг авч явахаар дуудахад босож ирээд эхнэр Ц.Отэй хэрэлдэж маргалдаад байсан тул би Э.Тыг автомашиндаа суулгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн үед Э.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мэдүүлэг тайлбар авах боломжгүй байсан тул ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Харин эхнэр нь гэх Ц.О нь эрүүл байсан, болсон асуудлын талаар үнэн зөв ярих боломжтой байсан тул мэдүүлэг авч ажилласан. ...Намайг уг дуудлагад очиход Э.Тын биед ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй, харин эхнэр нь гэх Ц.Он биед /ал хөлийг нь санахгүй байна/ хөлийн гуя, шилбэ хэсгээр хөхөрсөн байдалтай байсан ба нүүр хэсэг нь улайсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 31 дэх тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6274 дүгээр “1. Ц.Он биед хамар ясны хугарал, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 38-39 дэх тал/

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02/237 дугаар албан бичиг,

/хавтаст хэргийн 54 дэх тал/

Хохирогч Ц.Он гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хавтаст хэргийн 66-68 дахь тал/

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ц.Он хохирогчоор өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхөр Э.Т  ажлаасаа ээлжийн амралтаа авсан гээд 1 шил архи авчирч ирж гэртээ уусан. Удалгүй Э.Т тамхи дуусчихлаа, тамхи авмаар байна гэж уурласан. Би 2 хүүхдээ аваад яваад өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 24-ний шөнийн 01 цагийн орчимд ганцаараа эмээ авах гээд Э.Тынд очсон. Э.Т ганцаараа архи уугаад сууж байсан. Намайг чи хүнтэй унтаж хэвтлээ гээд хэл амаар доромжлоод цохиж зодсон. Мөн утсыг минь аваад шидчихсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 8-9 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хавтаст хэргийн 51 дэх тал/

Шүүгдэгч Э.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч хохиролтой холбоотой баримтыг хавтаст хэрэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад, прокурорын хяналтад гаргаж өгөөгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаа. Яагаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна вэ гэвэл өмнө нь удаа дараа зодсон, удаа дараа зодсоныг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ч гэсэн биед нь хохирол учруулсныг өмнө нь авхуулсан гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Б, Б мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Хутга барьж ална гэж заналхийлсэн. Энэ нь Гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан байна. Яагаад Налайхын АТМ-рүү явсан бэ гэж яриад байна. Мөрдөж, мөшгөөд, заналхийлж байгаагийн нэг шинж. Хохирлын хувьд төлөгдөөгүй. Ядаж толгойны зураг авхуулсан 130.000 төгрөг баримтаар байна, төлөгдөөгүй. Шүүгдэгч нэг ч удаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч руу утасдаж, үр хүүхдээ асууж яриагүй. Тэгэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирол төлбөрийг барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж ярих боломжгүй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь арилаагүй байна. Бага насны хоёр хүүхэдтэй, өөрөө ажил хийх боломжгүй, төлбөр мөнгөгүй учраас хамрын ясны хугарлыг эмчлүүлж чадаагүй, мэс заслын хагалгаанд орох байсан, орж чадаагүй, хүний гоо сайхны асуудал дээр хохирол учруулсан явж байна. Шүүхийн өмнө би гэм буруугүй, Ог цохиогүй гэж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна. Хань ижил, үр хүүхдээ үл хайхарсан. Мөн хутга барьж заналхийлсэн. Тухайн үед хохирогч яагаад цагдаад мэдэгдээгүй байсан бэ гэхээр хань ижил минь засарчих болов уу гэсний улмаас харсан гэж байна. Байнга архи уудаг болсон, уухаар дарамталдаг байсан гэж хохирогч мэдүүлж байна. Хохирол төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргаагүй.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Р.Пүрэвлхам “Миний хувьд зүйлчлэлийг онц харгис хэрцгий аргаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ирүүлснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хохирогч чинь үнэнийг хэлэх ёстой. Хохирогчийн удаа дараа өгч байгаа мэдүүлэг нь өөрөө зөрүүтэй. Нэг бол ганцаараа сууж байсан, эсвэл хүн амьтан байсан. Эсхүл архи уугаад нэг удаа цохисон, олон удаа цохисон гээд зөрүүтэй мэдүүлэг өгөөд байдаг. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал энэ дотор нотлогдсон юм уу гэдэг асуудал. Өөрөө гэмт хэрэг гарсан байдлыг нотолж чадаагүй байна. Өнөөдөр улсын яллагчийн зүгээс онц харгис хэрцгий аргаар удаа дараа учруулсан, олон удаа цохисон. Ийм үйлдлээр харагдлаа гэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Э.Тын биед цээжний цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх зүйл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохилт, даралт механизмаар үүснэ. Хэдийгээр олон удаагийн үйлчлэлээр үүссэн боловч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болохоос биш, өөрөөр хэлбэл хохирогчийн зүгээс энэ хүнд дарамт шахалт үзүүлсэн, маажсан, олон удаагийн үйлдлээр цохисон нөхцөл байдал харагдаад байгаа. Ямар нэгэн онц харгис хэрцгий арга юм уу, тийм нөхцөл байдал үүссэн гэх боломжгүй гэж үзэж байгаа. Үнэхээр хамрын гэмтлийг хаана, ямар байдлаар авсан бэ гэдэг нь нотлогдон тогтоогдоогүй. Түлхсэнээс болж үүссэн байх магадлалтай болохоос биш энэ нь онц харгис хэрцгий аргад орох боломж байхгүй. Архи дарс огт уудаггүй гэдэг юм уу, энэ хүн байнга архи уудаг байсан. Эсхүл дандаа надад гэмтэл учруулж байгаа гээд гаргаад байгаа хавтаст хэрэгт авагдсан тэр зурган баримт яг 2019 оны зураг уу, эсхүл 2021, 2022 оны зураг уу гэдэг нь нотлогдохгүй. Хэзээ, ямар байдлаар, ямар зургийг яаж авсан. Э.Т гэдэг хүнээс үүссэн гэмтэл үү гэдгийг нотлох боломж байхгүй байна. Энийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Энэ хүн хэлээд байгаа, тэр өмнөх шээс рүүгээ яв гээд янз бүрийн байдлаар хараагаад ерөөгөөд байдаг. Үнэхээр энэ хүн ажил амьдралаа залгуулах гээд ажилладаг. Автобусны жолооч гэдэг маш хүнд хөдөлмөр юм байна лээ. Өглөө үүрийн 6 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллана. Одоо энэ хүн ходоодны маш их шархтай, амь зууж амьдрах гээд явж байна. Олоод ирсэн мөнгө нь үнэхээр амьдралд хаа ч хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хаа ч хүрдэггүй, дандаа хямдралтай бараа хайж явна, мөнгө чинь юунд ч хүрдэггүй, чи ер нь хэн ч биш гэсэн ийм доромж үгээр яриад байсан нөхцөл байдал яригдаад байна. Тийм учраас гэмтлийг огт учруулаагүй гэх, хуульчийн зүгээс ч гэсэн цохисон юм уу, нэг удаагийн цохилт юм уу, уналт юм уу, ямар нэгэн байдлаар үүссэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөсөө холдуулахдаа савсан гаранд цохигдсоныг үгүйсгэхгүй. Тэгэхээр онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэдэг энэ нөхцөл байдал үндэслэлгүй байх тул шүүх анхаарч үзээсэй.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар Э.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Ог толгой, нүүр болон хөл хэсэг рүү нь цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогчид учирсан гэмтлүүд тухайн үйл баримт болсон цаг хугацаанд учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6274 дүгээр дүгнэлт, хохирогч Ц.О, гэрч Ц.Б нарын мэдүүлэг, дүрс оношилгооны шинжилгээний хариугаар /хх35/ тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Од учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхыг шаарддаг. 

Мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд Э.Тод холбогдох хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд.” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” тус тус заасан бөгөөд Э.Т нь бие махбодын хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.Он эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “Онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар онц харгис хэрцгийгээр үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх ба энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.  

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Э.Тыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.О нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохиролд толгойн дүрс оношилгооны зардал 130.000 төгрөг, хүүхдийн тэтгэмжид төлсөн 1.000.000 төгрөг, хадгаламжид байсан 500.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэнээс нотлох баримтаар тогтоогдож буй 130.000 төгрөгийг шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд төлсөн болно.

Харин хохирогч Ц.Он ирээдүйд гарах мэс заслын төлбөр болон Э.Тын төлөх ёстой тэтгэлэгт төлсөн, хадгаламжид байсан гэх мөнгийг энэ шүүх хуралдаанаар гэмт хэргийн хохиролд тооцож шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхив. Хохирогч Ц.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Э.Тоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.  Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг “Прокурорын оногдуулж буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зүгээр нэг хүний биед хөнгөн гэмтэл учруулаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 130.000 төгрөг төлснөөр хохирол бүрэн төлсөн гэж авч үзэхээргүй байна. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу тухайн гэм буруутай этгээд урьдчилан төлж барагдуулна гэсэн заалт байгаа. Тэгтэл хохирол төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь шүүх хурал дээр өгч байгаа мэдүүлгээр харагдаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулах боломжгүй байна гэж үзэж байна. Прокурорын өгсөн торгох ял үндэслэлгүй учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Учир нь ажил хийж байх хугацаандаа хохирлыг төлж барагдуулж болох байсан. Гэтэл энэ хүнд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа юм байхгүй. Өчнөөн олон хугацаа өнгөрөхөд нэг ч төгрөг төлөөгүй. Өнөөдөр заавал ажлаа хийж байж хохирол төлнө гэдэг энэ хүн дээр харагдахгүй байна. Зөндөө чөлөөтэй ажлаа хийсэн. Хохирол төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна, би ийм гэмт хэрэг үйлдээгүй гэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Прокурорын гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Харин хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс нэг ч хохирол төлөөгүй гэж байна. Өнөөдөр хэдийгээр энэ хүн гэм буруутай буюу гэм буруугийн асуудлаар маргасан нөхцөл байдал байгаа ч гэсэн ял шийтгэл бол тухайн хүний цаашдаа амьдрах, өөр бусдад тус дэм болох, ажил төрөл хийж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор энэ асуудлыг шийдвэрлэдэг. Нэгэнт хариуцлага хүлээж байгаа юм чинь энд торгуулийн ял авсан нь өөрөө хөнгөрүүлэх нөхцөл байдал биш байна. Харин ч энэ хүн торгуулийн ялаа төлөөд дээрээс нь нэг хүүхдийн тэтгэмж төлдөг. Дахиад 2 хүүхдийн амьжиргааны зардлын нөхцөл байдалтай холбоотой мөнгө төлөх нь гарцаагүй. Мөн түүнчлэн өнөөдөр хохирлыг ерөөсөө төлөөгүй гээд байх юм. Гэр бүл болоод нэг нь тэжээн тэтгээд яг адилхан явж байсан, бусдын буюу нөхрийнх нь өмнөх хүүхдийн тэтгэлгийг төлснийг хохиролд тооцож оруулж ирсэн нь үндэслэлгүй. Энийг шүүх зөв дүгнэж шийдсэн. Мөн түүнчлэн 3.500.000 төгрөгийн хохирол гарсан гээд байх юм. Өнөөдөр Монгол улсын хуулиар уг хохирол өнөөдөр бодитойгоор төлөгдсөн, яг ийм хохирол гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байхыг шаардаж байгаа. Ийм нотолгоо байхгүй. Харин ч үүнийг иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа гэж шүүх дүгнэчихлээ гэж үзэж байна. Прокурорын гаргаж байгаа ялын саналыг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

           Шүүгдэгч Э.Тод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүх шүүгдэгч Э.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

            Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч Э.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хуульд заасан хугацаанд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

           Шүүгдэгч Э.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тод 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар Э.Тод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

            5. Шүүгдэгч Э.Т нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгсөн 130.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлснийг дурьдаж, хохирогч Ц.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Э.Тоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ