| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Одонтуул |
| Хэргийн индекс | 105/2022/1502/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1607 |
| Огноо | 2022-11-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Чинзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1607
2022 11 02 2022/ШЦТ/1607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
улсын яллагч Б.Чинзориг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэл,
шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Од холбогдох эрүүгийн 2203 00406 0441 дугаар хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Батлан Хамгаалахын Их сургуулийн баруун замд “Тоуоtа Рrius Alpha” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” мөн дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Үаmasaki” маркийн ... улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж тус мотоциклийн жолооч 15 настай О.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.О өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.921.360 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 07 дугаар сарын 11-ний шөнө манай хүү Төгөлдөр мотоциклтэй явж байгаад осолдсон. 2022 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 00 цаг 15 минутын үед манай хүүхдийн найз нь над руу утсаар мэдэгдсэн. Тэгээд хэргийн газар очиж түргэний машинтай Гэмтэлд аваачсан. Тэгээд эмчилгээ, сувилгааг нь хийлгээд явсан. Нийт 5 хоног хэвтсэн. Оёдол тавиулсан. Тархины цус харвалттай гээд эмчилгээ хийлгэсэн. Одоо хүүхдийн эрүүл мэнд хэвийн байгаа. Хохирол, төлбөрт нийт 6.200.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,
/хавтаст хэргийн 4-1З дахь тал/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...С.Ойг драйгер багаж ашиглан шалгахад 1.47 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” гэх тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт,
/хавтаст хэргийн 14 дэх тал/
Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт,
/хавтаст хэргийн 15 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /Си Ди бичлэг/,
/хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Yamasaki маркийн ... УРА улсын дугаартай мотоцикл миний нэр дээр байдаг миний өөрийн эзэмшлийнх. Би тухайн өдөр мотоцикл жолоодох зөвшөөрлийг хүү Төгөлдөрт өгсөн юм. Мотоциклтой холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 28 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Батлан Хамгаалах Их сургуулийн баруун замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй “Yamasaki” маркийн ... улсын дугаартай мотоциклийг жолоодоод зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан ба нэгдүгээр эгнээнд “Тоуоtа Рrius” маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тэр нэгдүгээр эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл гэнэтхэн миний урдуур буцаж эргэх шиг болсон, тэгээд би юу болсон талаар санахгүй байгаа. Ухаан алдсан байсан. Ухаан ороод харахад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд байж байсан. Зорчих хэсгийн голын цагаан шугам үргэлжилсэн цагаан шугам байсан. Тэр машин гэнэтхэн л миний урдуур зүүн тал руугаа дараад эргэчихсэн. Тухайн осол гарах үед гадаа бороо ороод зам нойтон, үзэгдэх орчин чөлөөтэй байсан.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн ЗЗ дахь тал/
Гэрч Б.Бадмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 20 цаг 30 минутын орчим “Моно” паб ресторанд очиход дотны найз Чулуунцэцэг, нөхөр нь Энхбаяр нар сууж байсан. Тэндээ бид 3 пиво уугаад сууж байтал манай нөхөр С.О 21 цаг 50 минутын үед бага зэрэг архи уусан, машинаа дуудлагын жолоочоор бариулж ирсэн гэсэн. “Тоёота Приус-41” маркийн ... улсын дугаартай машинтай, тэгээд бид нар “Сэнгүр” нэртэй пиво уусан. Нөхөр 1 шилтэй пиво уусан байх, 23 цаг өнгөрч байхад нөхөр бид 2 пабаас гараад нөхөр С.О машинаа жолоодон би хажуу талын урд суудал дээр суугаад төв зам руу ороод зүүн гар тийш эргээд дээшээ өгсөөд явж байгаад буцаж эргэсэн чинь юу болсныг мэдэхгүй, тас түс болоод явсан. Машинаас буугаад хартал мотоцикл манай машиныг мөргөсөн байдалтай, жолооч залуу машины хойд талд хэвтэж байгаа харагдсан, бид 2 тэр хүнийг босгоод явган хүний зам дээр хэвтүүлээд би өөрийн ... дугаарын утсаар 102, 103 дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,
/хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9860 дугаар: “1. О.Төгөлдөрийн биед духны няцарсан шарх, зулгаралт, баруун завьжны цус хуралт, баруун шилбэ, шагайн үений зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн доод хана зөрүүгүй хугарал, баруун талын гайморын хөндийн гадна хана, урд хананы цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 49-50 дахь тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн Шинжилгээний Газрын ахлах шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2387 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн мотоциклийн хурдыг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт,
/хавтаст хэргийн 89-90 дэх тал/
.... регистрийн дугаартай, О.Т-ийн насыг тоолсон тухай тэмдэглэл,
/хавтаст хэргийн 34 дэх тал/
“Арвижих-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: ...”Motorcycle Yamasaki” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нийт 3.921.360 төгрөг.” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт,
/хавтаст хэргийн 82-84 дэх тал/
Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа,
/хавтаст хэргийн 96-97 дахь тал/
.... тус тус шагнасан тухай баримтууд /хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргаж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч 6.200.000 төгрөгийг төлсөн гэдгийг хэлсэн. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тухайн хохирол төлбөрийг авсан гэдгээ хэлсэн. Энэ нь баримтаар тогтоогдож байгаа учраас шүүгдэгчийг хохирол, төлбөрт 6.200.000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд энэ зам тээврийн ослын улмаас 1.702.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирол, төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах ёстой. Учир нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Тухайн зам тээврийн ослын улмаас хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч, улмаар Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.702.000 төгрөгийн төлбөр гарсан болох нь Эрүүл Мэндийн Ерөнхий Газарын лавлагаа баримтаар тогтоогдож байна. Энэ мөнгийг шүүгдэгч С.Оэс гаргуулж Төрийн сангийн холбогдох дансанд төлүүлэх саналыг гаргаж байна.” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр “Манай үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээтэй байна. Хавтаст хэргийг шинжлэн судлахад 15 настай, жолоодох эрхийн үнэмлэхгүй хүүхэд 2500 хүчин чадлын мотортой, өөрөөр хэлбэл 3 секундэд 100 километр цагийн хурд авах чадвартай, тийм хүчтэй мотортой мотоциклийг барьж явсны улмаас осол гарсан болох нь харагдаж байна. Энэ ослын шалтгаан нь манай үйлчлүүлэгчийг согтуу байснаас болж гаргасан гэдэг зүйлийг яриад байна. Энэ согтуу байсан, эрүүл байсан эсэх нь энэ хэрэгт шалтгаант холбоо огт байхгүй. Тухайн үед эрүүл жолооч байсан ч энэ хүүхэд ийм хурдтай, өөрөөр хэлбэл мотоциклын хурдыг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт гарч байгаа юм. Энэ нь удаа явж байсан гэсэн үг биш, маш хурдтай явж байсан. Өнөөдөр бид тэр бичлэгийг харлаа. Тэр цагаан үргэлжилсэн шугамын хажууд тасархай шугам байна. Тэр тасархай шугамын 1 ширхэг шугамын урт нь 3 метр 70 сантметр юм байна. Би хэмжүүлж үзсэн. Бичлэгт харагдсанаар 7 ширхэг тасархай шугам буюу 24 метр урт тасархай шугамыг 1 секунд хүрэхгүй хугацаанд хүрч очиж, ямар ч зогсоох арга хэмжээ авахгүй, өөрт учрах хохирлыг багасгах арга хэмжээ буюу самбаачлах арга хэмжээ авахгүйгээр очиж мөргөж байна. Улсын яллагч мөргөлдсөн гэдэг зүйл яриад байна. Энэ хоёр чинь шал өөр асуудал юм. Гэхдээ очиж мөргөхдөө эсрэг урсгалд өөдөөс ирж яваа тээврийн хэрэгслийг очиж мөргөж байгаа юм. Хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан тэмдэглэл дээр харуулж, бичсэн байна. Энэ нь эсрэг урсгал руу орж мөргөсөн байна гэдгийг гэрэл зургийн бүдүүвчээр тайлбарласан байна. Энэ нь камерын бичлэгтэй тохирч байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой процессын алдаа байна. Тухайн үед шөнийн 01 цагт манай үйлчлүүлэгчийн эхнэрийг согтуу байна гэдэг нотлох баримт авчихаад 02 цаг 10 минутад хойшлуулшгүй тохиолдлоор гээд гэрчийн мэдүүлэг авч байгаа юм. Тэгээд хойшлуулшгүй тохиолдлоор согтуу хүнээс гэрчийн мэдүүлэг авах хуулийн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдлоор гэрчээс мэдүүлэг авах талаар заасан байдаг. Ийм тохиолдол болоогүй. Согтуу байсан хүнээс нөхрийнх нь эсрэг мэдүүлэг авна гэдэг бол Үндсэн хуулийн зөрчил. Энэ бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдол, эсхүл нууцаар явуулахаас бусад тохиолдолд шөнийн цагаар явуулах” гэж заасан байдаг. Шөнийн 02 цагт гэрчийн мэдүүлэг аваад сууж байгаа юм. Манай үйлчлүүлэгчийн эхнэрээс нь шүү дээ. Энэ бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн. Өнөөдөр энэ машиныг эрүүл хүн жолоодож явж байсан ч очиж мөргөнө. Буцаж эргэж байгаа үйлдэл нь зөрчил мөн. Гэхдээ эрүүгийн хэрэг биш захиргааны зөрчил юм. Мөн хавтаст хэргийг судлахаар хэн хэндээ хохирол учруулж байгаа нь харагдаж байна. Энэ хүүхэд өөртөө бас хохирол учруулсан байна. Насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэний улмаас осол гарсан юм. Түүнээс биш согтуу байсны улмаас осол гараагүй байхгүй юу. Насанд хүрээгүй хүүхэд хурд хэтрүүлж давхисны улмаас осол гарсан. Дээр нь энэ хүүхэд тухайн үед ямар ч самбаачлах зүйл гаргаагүй. Хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зураг дээр гарсан байдаг. Ямар ч тормосны мөр байгаагүй. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн байдаг. Ямар ч зогсоох арга хэмжээ аваагүй. Хурдыг тогтоох бололцоо өгөхгүйгээр зүгээр л согтуу хүний буруутай үйлдлээс болж осол гарсан гэдэг ойлголтоор энэ хэргийг шийдэх гэж байна. Энэ хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Процессын алдаатай байгаа учраас манай үйлчлүүлэгч Төгөлдөрт учирсан хохирлыг учруулсан гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Мөргөлдөөгүй болох нь хавтаст хэрэгт харагдаж байна. Мөргөлдөнө гэдэг нь өөд өөдөөсөө мөргөлдөхийг хэлдэг, мөргөнө гэдэг нь зогсож байгаа болон явж байгаа зүйлийг өөрөө очиж мөргөж, цохихыг хэлдэг. Тэгэхээр манай үйлчлүүлэгч мөргүүлээд байгаа. Нөгөө хүн нь өөрөө очиж мөргөчихөөд өөртөө учирсан хохирол нь манай үйлчлүүлэгчээс болсон гэдэг нь өөрөө хуульд нийцэхгүй, шударга явдал биш. Тийм учраас манай үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч С.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Батлан Хамгаалахын Их сургуулийн баруун замд “Тоуоtа Рrius Alpha” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалтад заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган “Үаmasaki” маркийн ... улсын дугаартай мотоциклын жолооч 15 настай О.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Одгэрэлийн өмчлөлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.921.360 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч С.С.Ойн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг тус тус заасан байна.
Шүүгдэгч С.О нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-1З/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 14/, Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/, насанд хүрээгүй хохирогч О.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...мотоциклийг жолоодоод зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан ба нэгдүгээр эгнээнд “Тоуоtа Рrius” маркийн тээврийн хэрэгсэл явж байсан. Тэр нэгдүгээр эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл гэнэтхэн миний урдуур буцаж эргэх шиг болсон, тэгээд би юу болсон талаар санахгүй байгаа. Ухаан алдсан байсан. Ухаан ороод харахад Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд байж байсан. Зорчих хэсгийн голын цагаан шугам үргэлжилсэн цагаан шугам байсан. Тэр машин гэнэтхэн л миний урдуур зүүн тал руугаа дараад эргэчихсэн. Тухайн осол гарах үед гадаа бороо ороод зам нойтон, үзэгдэх орчин чөлөөтэй байсан.” гэх мэдүүлэг /хх ЗЗ/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9860 дугаар дүгнэлт /хх 49-50/, “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 82-84/, Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /хх 96-97/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.С.Ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар өмгөөлөгч Б.Отгонбаяр “Насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, насанд хүрээгүй хүүхэд хурд хэтрүүлж давхисны улмаас осол гарсан. Манай үйлчлүүлэгч мөргүүлээд байгаа. Нөгөө хүн нь очиж мөргөсөн тул цагаатгаж өгнө үү.” гэх дүгнэлт гарган мэтгэлцэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар С.С.Ойн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан болох нь тогтоогдож байгаа тул дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж, 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэлд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Шүүгдэгч С.О нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэлд гэм хорын хохиролд 6.200.000 төгрөгийг /хх118-122/ төлж барагдуулсан, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирол, төлбөрт нийт 6.200.000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд гарсан төлбөр болох нотлох баримтаар тогтоогдож буй 1.702.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Оэс гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгох үндэслэлтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч С.С.Ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийн харгалзан үзэж прокурорын зүгээс ялын санал гаргаж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонбаяр “Манай үйлчлүүлэгчийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн учраас саналаа хэлье. Манай үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдлээс болж энэ хэрэг гарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Мөн манай үйлчлүүлэгч энхийг сахиулах ажиллагаанд оролцдог. Цаашид мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцох гээд бэлдэж байгаа юм билээ. Мөн бага насны 3 хүүхэдтэй. Ийм учраас тээврийн хэрэгслийг 6 сарын хугацаагаар хасаж, мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгч С.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Ойг 1 жилийн хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, шүүгдэгч С.С.Ойн ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.
Шүүгдэгч С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Ойг 1 жилийн хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.О гэм хорын хохиролд 6.200.00 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэлд төлснийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч С.Оэс 1.702.000 төгрөгийг гаргуулан Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, шүүгдэгч С.С.Ойн ВС ангиллын .. дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОДОНТУУЛ