Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1618

 

    2022        11          3                                   2022/ШЦТ/1618     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2206 00000 3255 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 38 дугаар байрны гадна зогсоол дээр иргэн Ц.Бтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл,

/хавтаст хэргийн 4 дэх тал/

Хохирогч Ц.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд өөрийн  УАК улсын дугаартай цагаан өнгийн RХ450 загварын тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 38 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын зогсоол дээр байрлуулаад гэртэй орсон. Тэгтэл 20 цаг 10 минутад  дугаараас над руу залгаад “машин хааж тавьсан байна гаръя” гэж хэлэхэд нь би “машин уг нь хаагаагүйдээ, чи аль тоотод байдаг вэ” гэж асуухад “38 дугаар байрны 6 тоотод байдаг хүн байна” гэж хэлэхэд нь би “за одоо гарлаа” гэж хэлээд утсаа тасалж хувцсаа өмсөж байхад 20 цаг 11 минутад дахиж залгаад “писда минь хурдан гараад ир” гэхээр нь би хувцсаа өмсөж байна гэж хэлсэн. Тэгээд гараад очиход 165-170 см өндөртэй жоохон биерхүү залуу зогсож байхаар нь би хажуугаар нь өнгөрч машин руугаа орох гэтэл шууд миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би нүүрээ дархад намайг заамдаж боогоод миний толгойн дээд хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгээд намайг боож байгаад гар нь сулрахаар нь би зугтааж Цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд байж байгаад тухайн залуу яваад өгөхөд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 8 дахь тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13115 дугаар: “1. Ц.Бйн биед баруун дээд нэг дүгээр шүдний эмтрэл, зүүн завж, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 14-15 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        

           Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 38 дугаар байрны гадна зогсоол дээр иргэн Ц.Бтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх4/, хохирогч Ц.Бйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд өөрийн .... улсын дугаартай цагаан өнгийн RХ450 загварын тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 38 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын зогсоол дээр байрлуулаад гэртэй орсон. Тэгтэл 20 цаг 10 минутад ... дугаараас над руу залгаад “машин хааж тавьсан байна гаръя” гэж хэлэхэд нь би “машин уг нь хаагаагүйдээ, чи аль тоотод байдаг вэ” гэж асуухад “38 дугаар байрны 6 тоотод байдаг хүн байна” гэж хэлэхэд нь би “за одоо гарлаа” гэж хэлээд утсаа тасалж хувцсаа өмсөж байхад 20 цаг 11 минутад дахиж залгаад “писда минь хурдан гараад ир” гэхээр нь би “хувцсаа өмсөж байна” гэж хэлсэн. Тэгээд гараад очиход 165-170 см өндөртэй жоохон биерхүү залуу зогсож байхаар нь би хажуугаар нь өнгөрч машин руугаа орох гэтэл шууд миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би нүүрээ дархад намайг заамдаж боогоод миний толгойн дээд хэсэг рүү 1-2 удаа цохисон. Тэгээд намайг боож байгаад гар нь сулрахаар нь би зугтааж Цагдаагийн байгууллагын 102 дугаарт дуудлага өгсөн. Тэгээд байж байгаад тухайн залуу яваад өгөхөд удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх8/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 13115 дугаар дүгнэлт /хх14/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй, 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд “Ц.Б миний бие нь Б.Бд холбогдох хэргийн хохирогч бөгөөд түүнээс нэхэмжлэх хохирол байхгүй, гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба уг сонсгосон ялыг Б.Б хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар /хх34/ тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б.Бгийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                       

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ