Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01218

 

2021           10            12                                          001/ХТ2021/01218

 

 

 

.........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03170 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар магадлалтай,

 

.........ын нэхэмжлэлтэй

........., .........ны .........ТӨААТҮГ-т холбогдох

 

161,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын .........ны харъяа .........ТӨҮГ нь Хаан тайж ресорт буудлын өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг Круйзе интернэшнл ХХК-ийн хувьцаа эзэмшигч .........т худалдахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай Хаан тайж ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013.07.26-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар талууд хувьцаа худалдах үнийн саналыг 405,000,000 төгрөгөөр тохиролцон худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. .........ТӨҮГазрыг 2013 онд Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн ТӨААТҮГазар, 2014 оны Засгийн газрын 63 дугаар тогтоолоор Монгол цэрэг констракшн ТӨААТҮГазар болон хэд хэдэн ТӨААТҮГазрыг нэгтгэн .........ТӨААТҮГазар болгон өөрчилж, .........ны харьяанд байхаар шийдвэрлэсэн учир хариуцагчийг уг байгууллагаар тодорхойлж байна. Хариуцагч нар нь хувьцааны үнэ 405,000,000 төгрөгийг ......... болон хувь хүний дансаар дамжуулан авсан. Уг худалдах-худалдан авах харилцаа нь зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар .........ны сайдын зөвшөөрөл олгогдоогүй гэж үзсэн. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Круйзе интернэшнл ХХК нь шүүхэд ........., .........ТӨААТҮГазарт холбогдуулан хувьцааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.04-ний өдрийн 03678 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн шийдвэрлэхдээ хариуцагч байгууллагын дансанд мөнгө шилжин орсныг үгүйсгээгүй учир хувьцааны үнэд бодитоор төлөгдсөн 405,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 243,850,000 төгрөгийг дансаар хүлээн авснаа зөвшөөрч, уг 243,850,000 төгрөгт ногдох 301,05 ширхэг хувьцааг тус компанийн хувьцаа эзэмшигч .........т шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан компанийн шинэчилсэн дүрэмд хувьцааны эзлэх хувь нэхэмжлэгч ......... нь 75.1 хувь болж, .........ТӨААТҮГ нь 19.9 хувь болж тус тус өөрчлөлт орсон. Иймд хувьцааны үнэд бодитоор төлөгдсөн үлдэх 161,150,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .........ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Худалдах-худалдан авах гэрээ хийхдээ .........наас зөвшөөрөл аваагүй, захирал асан .........нь албан тушаалаа урвуулан ашиглаж, дур мэдэн хувьдаа ашиг олох зорилгоор хувьцааны мөнгийг шилжүүлэн авсан болох нь Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 14, 52 дугаар прокурорын тогтоолуудаар нотлогдож байдаг. Мөн Хаан тайж" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2013.07.26-ны өдрийн хуралдаан, хурлын тогтоол нь эрх зүйн чадамжгүй, хууль бус шийдвэр юм. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2015.03.06-ны өдрийн 9/3039 тоот албан бичигт дурдсанаар Хаан тайж ХХК гэсэн хуулийн этгээд өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэснээр нотлогдож байна. Нэхэмжлэгч нэгэнт эрүүгийн хэргээр нотлогдсон, бусдад хууртан хохирсон асуудлаа өнөөдөр ........., түүний харьяа .........ТӨААТҮГазар руу ор үндэслэлгүйгээр тулгаж, хувьцааг худалдан авахаар шилжүүлсэн гэх төлбөрөө бүхэлд нь буюу 405,000,000 төгрөгөөр нэхэмжилж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч ......... нэхэмжлэлдээ Круйзе интернэшнл ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч А.Бассувдад уг компанийн хувьцааг худалдан авахыг санал болгосон боловч тэрээр татгалзсан гэж дурджээ. Гэвч бодит байдалд хувьцааг худалдан авахаар шилжүүлсэн гэх банкны шилжүүлгүүдийг нягтлан үзвэл ......... нь огт мөнгө шилжүүлж байгаагүй, зөвхөн хувьцаа худалдан авахаас татгалзсан гэх А.Бассувдаас 14 удаагийн Круйзе интернэшнл ХХК гэсэн шилжүүлэг хийгдсэн байна. ......... нь ямар үндэслэлээр шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргах болсон, шүүх яагаад иргэний хэрэг үүсгэсэн болох нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгааг анхаарах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч .........ТӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс 243,850,000 төгрөгийг .........ны дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт, 2018.12.04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон зохигчдын тайлбараар нотлогдож байна. .........ТӨҮГазрын кассын нярав Ч.Ганчимэгийн ХААН банк ХХК дахь 5040064710 хувийн дансанд 146,000,000 төгрөг, иргэн Д.Энхтайвангийн ХААН банк ХХК дахь 5030280020 хувийн дансанд 15,000,000 төгрөг, 2013.12.06-ны өдөр .........ТӨҮГазрын захирал М.Жаргалын өөрийн биеэр очиж авсан 150,000 төгрөг нийт 161,150,000 төгрөг нь хариуцагч нарын дансанд ороогүй байна. Нэхэмжлэлээр шаардсан мөнгө нь .........ТӨҮГазрын дансанд ороогүй, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. .........ТӨҮГазрын захирал .........нь дээрх мөнгийг бусадтай бүлэглэж болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дангаараа хувьдаа завшсан болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03170 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........., .........ны .........ТӨААТҮГазраас 161 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч .........ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 2 182 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт: Хариуцагч нар “тухайн үед “  .........  ” ТӨҮГазрын захирал байсан .........нь албан тушаалаа урвуулан ашиглан уг мөнгийг завшсан, байгууллагын дансанд энэ мөнгө орж ирээгүй” гэх үндэслэл заан татгалзжээ. “Круйзе интернэшнл” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч ......... нь .........ны харъяа “.........” ТӨҮГазар /хуучин нэрээр/-тай 2012.03.05-ны өдөр “Хан тайж” ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах нэртэй, 405,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан байна. Уг гэрээний агуулгаас үзвэл “.........” ТӨҮГазар нь өөрийн эзэмшдэг “Круйзе интернэшнл” ХХК-ийн 50 хувийн хувьцааг мөн тус компанийн хувьцаа эзэмшигч .........т худалдах зорилготой байх ба талууд энэ талаар маргаангүй. Гэрээний дагуу ......... нь хувьцааны үнэ 405,000,000 төгрөгөөс 243,850,000 төгрөгийг .........ны дансанд, 161,150,000 төгрөгийг “.........” ТӨҮГазрын ерөнхий захирал М.Жаргалын заасан данс буюу тус газрын нярав Ч.Ганчимэг, иргэн Д.Энхтайван нарын ХААН банкны дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн мэдээлэл, харилцагчийн дансны хуулга, М.Жаргалд холбогдох эрүүгийн хэргийн материал зэрэг бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна...”. “Анхан шатны шүүх дээрх бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, “нэхэмжлэгч нь хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийг М.Жаргалд шилжүүлсэн боловч гэрээний үүрэг үүсээгүй тул М.Жаргалыг ажиллуулж байсан байгууллага болох .........болон .........наас 161,150,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэгпэжээ...” гэжээ. Шүүх эрх зүйн харилцаанд оролцож гэрээ байгуулсан этгээд нь иргэн ......... болон иргэн .........нарын хооронд үүссэн тул шилжүүлсэн 161,150,000 төгрөгийг иргэн М.Жаргалаас нэхэмжлэх нь зүйтэй гэсэн агуулгаар дүгнэжээ. Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзвэл “.........” ТӨҮГазрыг төлөөлж, гүйцэтгэх захирал .........нөгөө талаас иргэн ......... нар байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, .........ТӨҮГ-ын ТУЗ-ын тогтоолоор М.Жаргалд дээрх хэлцэл хийх гарын үсэг зурах хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг олгосон баримтуудыг шүүх үнэлж, ИХШХШТХ-ийн 40.2- д заасан шаардлагын хүрээнд хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь дүгнээгүйд шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. Шүүх хувьцаа худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг нэхэмжлэгч тал М.Жаргалд шилжүүлсэн гэж дүгнэлтийг зөв хийсэн атлаа ........., .........ТӨААТҮГ-тай гэрээний үүрэг үүсээгүй тул эдгээр байгууллагаас 161,150,000 төгрөг шаардах эрхгүй гэж нэг өгүүлбэрт бие биенээ үгүйсгэсэн, утга агуулгын илэрхий алдаатай үйл явдлын дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч иргэн ........., хариуцагч .........ТӨААТҮГ-тай гэрээ байгуулсан талаар талууд маргадаггүй, энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ биелэгдэх боломжгүй талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, хожим шүүхийн шатанд дээрх гэрээний дагуу хувьцааны төлбөр 243,850,000 төгрөгийг .........ТӨҮГ, .........ТӨҮГ-ын дансанд орж ирснийг хүлээн зөвшөөрч түүнд тохирох “Круйзе интернешнл” ХХК-д эзэмшдэг хувьцаанаас шилжүүлсэн нь үйл баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь дүгнэх ёстой байжээ. Худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн боловч хожим үгүй болсон тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр Иргэний хуулийн 492.1.1-д хуульчилсан нөхцөлтэй хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, үйл явдал тохирч байх тул шүүх үнэлэх шаардлагатай байсан. Хэрэгт авагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 405,000,000 төгрөгийн төлбөр хийх журмыг нарийвчлан тохиролцоогүй, 243,850,000 төгрөгийг “.........” ТӨҮГ, .........ТӨААТҮГ-ын дансанд хийхийг гэрээ хийсэн хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ерөнхий захирал М.Жаргалын шаардсанаар хийсэн. Хэрэгсэхгүй болгосон 161,150,000 төгрөгийг “.........” ТӨҮГазрын бэлэн мөнгөний кассын нярав Б.Ганчимэгийн, Д.Энхтайван нарын Хаан банкны дансанд хийхийг захирал М.Жаргалын хэлснээр шилжүүлсэн энэхүү үйл баримт нь АТГ-ийн мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдож, 2016.02.25-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 13-р тогтоол, .........ны 2014.11.14-ний өдрийн 7/3187 тоот албан бичиг, гэрч Ч.Ганчимэгийн мэдүүлэг зэрэг баримтууд нь хувьцааны төлбөрийг одоогийн “.........” ТӨААТҮГазарт шилжүүлсэн, түүнийг хүлээн авсан болохыг нотлох хангалттай баримтууд юм. “.........” ТӨААТҮГ-ын дотоод зохион байгуулалт, эрх хэмжээ нэхэмжлэгчид хамаагүй бөгөөд нэхэмжлэгч ямар ч хамааралгүй иргэний дансанд хийсэн гэж үзэх боломжгүй юм. Гагцхүү 161,150,000 төгрөгийг олж авсан этгээд нь хариуцагч “  .........” ТӨААТҮГ гэж үзнэ. Нэхэмжлэгч нь 161,150,000 төгрөгийг тухайн үеийн “.........” ТӨҮГазрын гүйцэтгэх захирал М.Жаргал, Бэлэн мөнгөний кассын нярав Б.Ганчимэгийн дансаар дамжуулан албан өрөөндөө хүлээн авч байснаа хэн аль нь хүлээн зөвшөөрдөг, тухайн үеийн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй дээрх этгээдүүдийн мөнгө хүлээн авсан үйлдэл үр дагаварыг хуулийн этгээд хийсэн гэж үзэх үр дагаварыг мөн адил хариуцахаар хуульчилсныг шүүх үнэлээгүй. Гэтэл дээр дурьдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч ......... нь Эрүүгийн хэргээр нотлогдон, бусдад хууртан хохирсон асуудал огт байхгүй байхад хариуцагч нарын зүгээс “Нэхэмжлэгч нэгэнт Эрүүгийн хэргээр нотлогдсон, бусдад хууртан хохирсон асуудлаа өнөөдөр ........., түүний .........ТӨААТҮГазар руу ор үндэслэлгүйгээр тулгаж, хувьцааг худалдан авахаар шилжүүлсэн гэх төлбөрөө бүхэлд нь буюу 405,000,000 төгрөгөөр нэхэмжилж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байна” гэж тайлбарлаж байгаа нь уг тайлбар ор үндэслэлгүй, хариуцагч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болсон ямар нэгэн нотлох баримтыг зааж, хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлж маргалгүйгээр, үнэнээс хэт зөрүүтэй тайлбарыг л өгч маргаж байгаад туйлын харамсаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: А. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зохицуулсан зохицуулалтаас заавал байх гурван үндсэн нөхцөл хангагдсан байхыг хууль тогтоогч шаарджээ. Үүнд: 1. “Будсын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн байх” эхний шинж нэхэмжлэгч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хувьцааны хариу төлбөрийг төлөх үүрэг гүйцэтгэхээр хариуцагч одоогийн “.........” ТӨААТҮГ-т хөрөнгө шилжүүлсэн 19 удаагийн шилжүүлгээр энэхүү нөхцөлийг хангасан байдаг. 2. Хөрөнгө олж авсан этгээд хоёр дахь шинжийг хариуцагч хуулийн этгээд өөрийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал, бэлэн мөнгөний кассын нярав албан тушаалтнаар дамжуулж хэрэгжүүлсэн хууль зүйн үйл явдлаар уг нөхцөл хангагдаж байна. 3. Үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гурав дахь шинж хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хууль зөрчиж хийсэн хэлцэл байсан төдийгүй, уг хэлцэл биелэх боломжгүй болсон тухай Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 323 дугаар магадлалаар дүгнэгдэж уг шинж бүрэн хангагдаж байна. Мөн дээрх магадлал нь ИХШХШТХ-ийн 40.4-д заасан шүүхээр нэгэнт тогтоогдсон нийтэд илэрхий баримтыг дахин нотлохгүй гэсэн нотолгооны онолын зарчим үйлчлэх юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй, нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой харьцангуй альтернатив байдлаар зохицуулсан байдаг тул хууль зүйн үйл явдалд эрх зүйн дүн шинжилгээг хийхдээ шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой байсан болно. Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйлийг эзэмшилдээ байгаа этгээдийг ойлгох ёстой өнөөдрийн байдлаар хариуцагч .........ТӨААТҮГ-ын зүгээс уг шилжүүлсэн хөрөнгө өөрийн хөрөнгө гэж гомдлыг Авлигатай тэмцэх газарт гаргаж, хохирогчоор тогтоогдож улмаар хохирлыг нь ажиллаж байсан албан тушаалтан барагдуулахаа илэрхийлж хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтаар хөрөнгө олж авсан этгээд гэдгийг хангалттай нотлогдож байна. Хэлцэл хийж хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлсэн боловч нөгөө тал биелүүлээгүй, үүргээ биелүүлээгүй талаас тодорхой шалтгааны улмаас үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй болсон тул үүрэг гүйцэтгэсэн нэхэмжлэгч тал өөрийн үүргийн биелэлтийг буцаан шаардах эрхийг хэрэгжүүлсэн үйлдэл юм. Иймд шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хууль зүйн үйл явдалд дүгнэлт өгөхдөө буруу тайлбарлан хэрэглэсэн, эрх зүйн дүгнэлтийг зөв хийж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “Круйзе интернэшнл” ХХК нь ........., түүний харъяа “.........ТӨААТҮГазарт холбогдуулан шүүхэд хандан, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүргийн дагуу “.........” ТӨҮГ-ын эзэмшдэг 50 хувийн хувьцаа, худалдсан баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 323 дугаар магадлалаар “нэхэмжлэгч тал хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлийг баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна...” гэжээ. 2017 онд “Круйзе интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй ........., “.........” ТӨҮГ Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Круйзе интернэшнл” ХХК-ийн хувьцаа худалдаж авсан бичиг баримтыг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хоёр үндэслэлийг заасан. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь БХ сайдад олгогдсон эрх тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хууль зөрчсөн хэлцэл гэж дүгнэсэн. “Круйзе интернэшнл” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд иргэн ......... жинхэнэ нэхэмжлэгч байсан, Нөгөө талаар хэлцэл биелэх бодит нөхцөл боломж байхгүй хувьцаа худалдсан гэрээ нь хэрэгжих боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж иргэн .........аас хариуцагч нарын дансанд тодорхой хэмжээний мөнгө шилжин орсныг үгүйсгээгүй байх тул уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй талаар дүгнэсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн ......... нэхэмжлэл гаргаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 405,000,000 төгрөг гаргуулахаар хандсан. Нэхэмжлэгч .........ын зүгээс 2018.12.18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандан М.Жаргалд холбогдох Эрүүгийн хэргийн материалаас уг хэрэгт авагдсан 2012.03 сарын гэрээ, БХЯ-наас АТГ-т хүргүүлсэн албан бичиг, харилцагчийн дансны хуулга, 195 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг гаргуулан авсан байдаг. Өөрөөр хэлбэл он цаг дарааллын хувьд анхан шатны шүүх хуралдаан болж хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэнээс хойш дээрх нотлох баримтуудыг гаргуулан авсан тул анхан шатны шүүх дээр нотлох баримтуудыг өгөх боломжгүй байдалд хүрч, шүүх хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлэн, үндэслэлийг заан шийдвэрлэсэн байдаг. Шүүх хэрэг маргааныг үр дүнтэй шийдвэрлээгүй, шүүн таслах ажиллагааны чиг үүрэг гажуудсан тухайд: Шүүхийн магадлалын хянавал хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг тул чухал ач холбогдолтой юм. Шүүх хууль хэрэглээний хувьд эрх зүйн хэм хэмжээг хэрхэн зөв оновчтой сонгож хэрэглэх нь гагцхүү шүүхийн бүрэн эрх юм. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.06-ны өдрийн 43 дугаар магадлалын хянавал хэсэг нь маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа нь тодорхойгүй, ямар бодит нөхцөл байдал, нотлох баримтад тулгуурлаж, хуулийн ямар зүйл заалтад үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн гэж хянаж дүгнэж байгаа нь үнэхээр тодорхойгүй, ойлгомжгүй байгаа юм. Энэ нь нөгөө давж заалдах шатны шүүхэд одоогийн процессийн хуулиар олгосон, хэргийг бүхэлд нь хянаснаар шүүн таслах ажлын үр нөлөөг ихэсгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилгыг хангаж ажиллах зорилго маань алдагдаж байгаа нь илтэд харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ, 10.6 шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй, 10.7 Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй, шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд шүүхийн эрхэм зорилгыг тодорхойлсон байх ба 4.1.1-т хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох нь шүүхийн эрхэм зорилго атал нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх бус дордуулсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. ......... гэдэг хүн 161,150,000 төгрөгөөр хохирч үлдэх үү? Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч ......... нь хариуцагч ........., .........ТӨААТҮГ-т тус тус холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 405,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар дансанд орж ирсэн 243,850,000 төгрөгт ногдох хувьцааг .........ын эзэмшилд шилжүүлэхээр харилцан тохирч, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 161,150,000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нар уг мөнгө байгууллагын дансанд орж ирээгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулсан, зохигч мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх ба шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

 

1. Круйзе интернэшнл ХХК-ийн захирал ......... нь .........ны харьяа .........ТӨҮГазар /одоогийн нэр .........ТӨААТҮГазарт/-тай 2012.03.05-ны өдөр “Хан тайж” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 405,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулсан, гэрээний дагуу ......... нь 243,850,000 төгрөгийг .........ны дансанд, 161,150,000 төгрөгийг “.........” ТӨҮГазрын ерөнхий захирал М.Жаргалын заасан этгээд буюу тус газрын нярав Ч.Ганчимэг, иргэн Д.Энхтайван нарын ХААН банкны дансанд шилжүүлсэн боловч хууль зөрчсөн учраас гэрээ хүчин төгөлдөр бус, .........нь эрүүгийн журмаар шалгагдаж, холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон, талууд харилцан тохирч, хариуцагч нар 243,850,000 төгрөгт ногдох хувьцааг .........ын эзэмшилд шилжүүлсэн үйл баримтыг шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэжээ.

Харин 161,150,000 төгрөгийг хариуцагч аваагүй гэж маргасан ба “.........” ТӨҮГазрын дансанд нэхэмжлэгч нь 405,000,000 төгрөг бус 243,858,000 төгрөгийг шилжүүлснээс үзэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. .........нь 161,000,000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн боловч Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Нийслэлийн прокурорын газрын 2016.02.25-ны өдрийн 13 дугаартай тогтоол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргасан шинжээчийн 2015 оны 195 дугаар дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ. /хх-41-43, 199-205/

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч ......... нь хариуцагчид 161,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул шаардах эрхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хоёр шатны шүүх хуулийг зөв тайбарлан хэрэглэсэн байна.

 

2. Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн зөрчсөн талаар хянах үүрэгтэй тул нотлох баримтын үнэлгээ, маргааны үйл баримтын талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын хэсэг хянан хэлэлцэх хүрээ, хэмжээнд хамааралгүй юм.

 

Харин “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг шүүх зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй, шилжүүлсэн хөрөнгөөрөө хохирсон нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэж чадаагүй, хохирсон хэвээр үлдлээ...” гэх гомдлыг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцлүүд, шаардах эрх үүсэх үндэслэл, уг хэм хэмжээний агуулга, зорилгыг тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүссэн боловч “нэхэмжлэгч хөрөнгө шилжүүлсэн” эсэх талаар үндэслэл бүхий нотолгоо, баримтыг заагаагүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан хөрөнгө буцаан шаардах эрх хөрөнгө шилжүүлсэн этгээдэд үүсэхийн тулд тэрээр уг хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх нь шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийн нэг бөгөөд хөрөнгө шилжүүлээгүй бол шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан этгээдэд хүлээлгэн өгнө.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 243,858,000 төгрөгийг “.........” ТӨҮГазрын дансанд, үлдэх мөнгийг ерөнхий захирал М.Жаргалын заасан этгээд буюу тус газрын нярав Ч.Ганчимэгийн дансанд 146,000,000 төгрөг, иргэн Д.Энхтайвангийн дансанд 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч 161,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн, улмаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан “...хуульд заасан этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх” шаардлагыг хангаагүй байх тул 161,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эд хөрөнгийг захиран зарцуулах талаар зохицуулсан, үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх журмыг тусгайлан заасан, хуульд заасан энэ журмыг нэхэмжлэгч мэдэх үүрэгтэй тул үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д заасан журмаар гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2019/03170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...492.1...” гэснийг “492.1.1” гэж өөрчлөн шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 963,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

         

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Х.СОНИНБАЯР

 

                  ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

 

                                                                                   П.ЗОЛЗАЯА

 

                                                                                   Д.ЦОЛМОН

 

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД