Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0462

 

 

 

 

 

 

                                                                          

      “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

             захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/869 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0309 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б*******, Ц.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0661/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/869 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0309 дүгээр шийдвэрээр: 

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.5, Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Орон сууцны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/869 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

3.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон бөгөөд ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дутуу тодорхойлж, маргааны үйл баримтыг бүрэн үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ хариуцагч болох нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актаа гаргахдаа хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх хангалттай хугацаа өгөөгүй, харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.4.2, 27.5-д тус тус заасныг зөрчиж маргаан бүхий акт гаргахдаа мэдэгдэх сонсох ажиллагааг огт хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн гэж тодорхойлсон.

Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актын тухайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн огноотой 03/4563 тоот мэдэгдэл ирүүлж, уг мэдэгдэлтэй холбогдуулж хариу тайлбар, нотлох баримт ирүүлэх 2 өдрийн хугацаатай албан бичиг ирүүлсэн.

Ирүүлэхдээ "...ямар утга агуулгатай гомдол гаргасан нь тодорхойгүй, гомдол огт хавсаргаагүй, мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлт гаргасан байгаа тухай дурдсан боловч дүгнэлтийг огт хавсаргаагүй байсан. Тиймээс нэхэмжлэгч компаниас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 17/23 тоот албан бичгээр "ажлын хэсгийн дүгнэлтийн хувийг бидэнд өгөхийг хүсч, уг дүгнэлтийн үндэслэлтэй танилцсаны дараа албан ёсны тайлбар, нотлох баримтаа хүргүүлэх хангалттай хугацаа олгож өгөх"-ийг хүссэн.

 Гэтэл хүсэлтийг хүлээж авалгүй, захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг өгөлгүй, шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой хариу тайлбар, нотлох баримт гаргах боломжит хугацаагаар хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3, 27.4.2, 27.5-д тус тус заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэх сонсох ажиллагаатай холбоотой огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн тухайд: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/139 тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, тушаалын 1 дэх заалтаар иргэдээс гаргасан гомдлыг хянан үзэх үүрэгтэй байтал хянан үзэх ажиллагааг огт хийгээгүй, ажлын хэсэг нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдаж, 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлтээ гаргасан байдаг.

Дүгнэлт гаргахдаа бүтэн 1 сар орчим хугацаанд ажиллагаа явуулсан гэх боловч уг ажиллагаа нь дан ганц сонгон шалгаруулалтын комиссын 3 гишүүний гомдлын хүрээнд дүгнэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч талыг огт оролцуулаагүй байж, илтгэх хуудастаа "...гомдолтой холбогдуулан "Э*******" ХХК-иас холбогдох тайлбар, мэдээллийг авсан” гэж худал мэдээлэл оруулсан байдаг.

Ийм байдлаар Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй, хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхолд ноцтой халдсан акт гаргасан талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан.

Мөн 3 иргэний гомдолд дурдсан гарын үсгүүд нь хуурамч /бусдын гарын үсгийг дуурайлган зурсан, худал мэдээлэлтэй болох нь гэрчийн мэдүүлэгт дурдагдсан байдаг/ бөгөөд хариуцагч болох ажлын хэсэг нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7.1.3-т заасан "өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх" гэж заасны дагуу хянаж шалгах үүрэгтэй байтал огт шалгаагүй дүгнэлт гаргасан байдаг.

Гэтэл мэдэгдэх сонсох ажиллагааг огт хийгээгүй, нэхэмжлэгчээс нууцалсан байдлаар шийдвэр гаргасан  ажлын хэсгийн хууль бус ажиллагаа болох Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн тухай "маргааны гол үндэслэл"-ийг шүүхээс огт дүгнээгүй, маргааны зүйл гэж тодорхойлоогүй орхигдуулсан нь буруу дүгнэлт гаргах, улмаар шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байх бөгөөд мөн уг асуудлаас болж, манай компани нь сонгон шалгаруулалтад ялж, ажлаа эхлүүлээд нэлээдгүй хөрөнгө оруулалт хийгдээд явж байгааг шүүх огт харгалзаж үзээгүй орхигдуулсан.

3.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12 дахь хэсэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан..., дээрхээс үзвэл амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй..." гэж нэхэмжлэгч талыг илт үгүйсгэж, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Уг хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч тал оролцсон бөгөөд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй хэрэг юм. Гэтэл гуравдагч этгээдийг тайлбар гаргасан мэтээр дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нэг үндэслэл болгосон нь ойлгомжгүй дүгнэлт болжээ. Мөн "... үнэлгээний хороодын гишүүдийн олонхын саналыг авсан боловч хэрэгжих эсэх нь эргэлзээтэй..." гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгожээ.

Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын материалдаа өөрийн санхүүгийн чадавхыг нотолсон баримтыг бүрэн өгсөн бөгөөд ажлын дадлага туршлага болон "дахин төлөвлөлтийн төслийн дагуу уг ***, ***, *** дугаар барилгуудын хажуугийн байршилд ***, *** дугаар барилгуудыг дахин төлөвлөлтийн төслийн дагуу барьж, ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгч байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүх хуралдаанд хэд хэдэн удаа тайлбарласан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг "...төслөө хэрэгжүүлж чадах эсэх нь эргэлзээтэй" гэх байдлаар дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт өгч, шийдвэр гаргасан байна.

3.4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15 дахь хэсэгт "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт"-д орсныг шалгаагүй байна" гэсэн нь мөн хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс "Э*******" ХХК-ийг "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт"-д орсон гэж тайлбарладаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс уг "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах БГД-13 багц нь тендер биш, харин төсөл сонгон шалгаруулах ажиллагаа болохыг удаа дараалан тайлбарлаж, маргадаг бөгөөд тендер сонгон шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохицуулагддаг, харин төсөл сонгон шалгаруулалт нь тухай аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр барьж бүтээн байгуулах асуудал яригддаг.

Гэтэл шүүхээс уг маргаантай асуудал дээр огт дүгнэлт хийгээгүй бөгөөд харин ч нэхэмжлэгчийг "тендерт оролцох эрхээ хасуулсан" гэж буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ үндэслэсэн нь шүүх хэт нэг талыг барьж, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна.

 Ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон маргаантай асуудлуудыг зөв тодорхойлоогүй, маргаан бүхий үйл баримтуудад бүрэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* эмнэлгийн магадлагаатайн улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт бичгээр гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Сангийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 191 дүгээр тушаалаар “Э*******” ХХК-ийг диплом хуурамчаар үйлдсэнийг улсын байцаагч тогтоосон гэсэн үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан, давж заалдах гомдолд “…одоогийн маргаан тендер сонгон шалгаруулалттай холбоотой бус харин ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах харилцаа тул энэ нь хамааралгүй…” гэх боловч нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан “Төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулах баримт бичиг”-ын 3.1.3-т “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон” бол ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэхээр заасан, дээрх хязгаарлалтын хугацаа 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр байсныг Үнэлгээний хороо 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай ашиглалтын шаардлага хангахгүй ***, ***, *** дугаар орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Э*******” ХХК-ийг шалгаруулахдаа шалгаж тогтоогоогүй, харгалзан үзээгүй байна.

Дээрх байрны нэр бүхий оршин суугчдаас гаргасан гомдлыг хянан үзэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн илтгэх хуудаст энэ талаар, тухайлбал ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа тус компанийн ирүүлсэн материалыг дараагийн шатанд буюу тусгай шаардлага хангасан эсэхийг хэлэлцүүлэхэд ч оруулах эсэх нь эргэлзээтэй байсан тухай тодорхой дурджээ.

2.Түүнчлэн шийдвэрт Үнэлгээний хороо дүгнэлт гаргахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.5-д Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл хэрэгжүүлэх санал тус бүрт 30 хоногийн дотор дүгнэлт гаргана” гэснийг зөрчиж, иргэдээс санал авах боломжгүйгээр төслийн материалыг нээсэн өдрөө дүгнэлт гаргасан нь маргаан үүсэх шалтгаан болсон, мөн хэт давчуу цаг хугацаанаас шалтгаалж дээр дурдсан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан эсэхийг тодруулах боломжгүй байсан талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн, нийслэлийн Засаг даргын 2023 оны А/869 дүгээр захирамж гарахдаа ч энэхүү журмын 4.2-ыг үндэслэл болгосон байна. 

Анх нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/254 дүгээр захирамжаар Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн орон сууцны ***, ****, *** дугаар байрыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Э*******” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон, мөн төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлуулж ажиллахыг даалгасны дагуу хийгдсэн төлөвлөгөөнд 2023 оны 5, 6 дугаар сард оршин суугчидтай уулзалт зохион байгуулахаар, 7-12 дугаар сард 2 болон 3 талт гэрээ байгуулахаар, 9-12 дугаар сард эскиз зураг батлуулахаар, гадна цахилгаан, дулаан, холбоо, цэвэр, бохир усны дэд бүтцийн ажлын зураг хийлгэхээр, 12 дугаар сард барилгын ажлын зураг батлуулахаар тус тус тусгасан, “Э*******” ХХК-иас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсан 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 17/23 дугаар албан бичигт “…төсөл хэрэгжүүлэх калиндарчилсан төлөвлөгөөний дагуу оршин суугчидтай уулзалт зохион байгуулж, 2 болон 3 талт гэрээ хийгдэж, графикийн дагуу үйл ажиллагаа явагдаж байна…” гэх боловч бодит байдалд нэхэмжлэгч талаас 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *** дугаар байрны *** тоотын өмчлөгч Д.Б***тай, 5 дугаар сарын 29-ний өдөр мөн байрны *** тоотын өмчлөгч Б.Б***, Б.Б***, Д.Ц*** нартай тус тус орон сууцны нөхцөл сайжруулах, барилга захиалгын 2 л гэрээ байгуулсан болох нь;

-нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах, шинээр барих төслийн оролцогчид болох нийт 60 орчим оршин суугч, өмчлөгчдөөс бичгээр авсан санал асуулгад  “Э*******” ХХК-тай 2 болон гурван талт гэрээ байгуулаагүй гэсэн нь;

-дээрх Ажлын хэсгээс нэр бүхий 3 орон сууцны оршин суугчидтай 6 дугаар сарын 17-ны өдөр уулзалт зохион байгуулсан, мөн *** дугаар байрны ***, *** дүгээр байрны ***, *** дугаар байрны ***, нийт 57 өмчлөгч, оршин суугчдын саналыг авсан, анх Үнэлгээний хорооны хуралд тус тусын байрыг төлөөлж оролцсон Э.А*******, Д.М*******, Ч.Э******* нараас 2 болон 3 талт гэрээг “Э*******” ХХК-тай байгуулахгүй гэдгээ илэрхийлж, орон суугчдыг төлөөлж төсөл хэрэгжүүлэх санал өгсөн 2 компанийн барилгын төсөлтэй нийт иргэд, оршин суугчдыг танилцуулсаны үндсэн дээр дахин үнэлгээ хийлгэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин зарлуулах талаар төрийн эрх бүхий байгууллагуудад удаа дараа гомдол гаргасан болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

3.Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад гаргасан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гомдолд ***, ***, *** дугаар байрны оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, нийт оршин суугчдын дийлэнх хувь нь “Э*******” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсныг эсэргүүцэж байгаа талаар, мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 10/803 дугаар албан бичигт цаашдаа төсөл хэрэгжүүлэгч болон оршин суугчдын хоорондын гэрээний үндсэн дээр төсөл хэрэгжих эсэх нь шийдвэрлэгдэх талаар тодорхой тусгасан байна.

Иймд төсөл хэрэгжүүлэгчийг сонгосон Үнэлгээний хорооны 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг эсэргүүцсэн оршин суугчдын гомдлын дагуу бодит нөхцөл байдлыг судлан үзэж, хүчингүй болгосон Ажлын хэсгийн санал, дүгнэлт, үүнийг үндэслэж гарсан нийслэлийн Засаг даргын “Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх тухай” 2023 оны А/869 дүгээр захирамжийг давж заалдах гомдлын хүрээнд хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдолд мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэж хариуцагч нарыг буруутгадаг, мөн энэ талаар шийдвэрт огт дүгнэлт өгөөгүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс маргаанд хамаарах бүхий нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах дээрх ажиллагааг явуулсан эсэхээс үл хамаарч бодит нөхцөл байдал өөрчлөгдөхгүй болно.

4.Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэр бүхий иргэд болон “Т” ХХК-ийн гаргасан гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 9525 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосон, өөрөөр хэлбэл ямар ч гуравдагч этгээд татагдаагүй байхад шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т “Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…би олон удаа төслийн гэрээн дээр ажиллаж байгаа, 1 өмчлөгч гэрээ байгуулахгүй бол төсөл цааш хэрэгжих боломжгүй болдог” гэж тайлбарласан” гэсэн нь ойлгомжгүй, гэвч энэ нь давж заалдах гомдлыг хангах үр дагаварт хүргэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН