Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1650

 

2022        11             09                                2022/ШЦТ/1650     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Нд холбогдох эрүүгийн 2206 00000 2464 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.Н нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн _ тоотод оршин суух иргэн Б.Н монгол гэрийн бүслүүрийг тасалж, зүүн хатавчны ханыг хугалан хууль бусаар нэвтэрч, “Делл” брэндийн суурин компьютер, унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 436.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 4 дэх тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хавтаст хэргийн 6-8 дахь тал/

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 14-ний 16 цагийн орчимд .. тоотод гэртээ иртэл гадаах хашааны хаалга онгорхой, гэрийн бүрээс, гялгар цаас хууларч хийссэн, зүүн хатавчны хана нь хаалганаас хөндийрч онгойсон, нэг нүд нь хугарсан, цоож нь хэвээрээ байсан. Гэрээ онгойлгоод ортол зүүн талын хатавчны унинууд доошоо газарт ханын толгойноос салж унасан, зүүн хойд хойморт байсан компьютерын шилэн ширээ урагш хөдөлж, тогны утаснууд бүгд салсан, Dell брэндийн компьютерын дэлгэц, гар, ширээний хажууд байсан 4 настай хүүгийн маань унадаг дугуй зэрэг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд .. тоот хаягтай гэрээсээ би нөхөр Нямдорж болон хүүхдийн хамт явж, гэрээ эзгүй цоожтой орхиж хөдөө яваад ирэхэд манай гэрийн хана, хаалга салсан харагдсан. Тэгээд нөхөр бид хоёр сандраад хаалгаа онгойлгоод гэртээ ороход гэрийн унь унасан, гэр нойтон болчихсон байсан тул хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудаад гэртээ орсон. Бид хоёр гэртээ ороод эд зүйлээ шалгахад манай гэрт байсан компьютер, хүүхдийн унадаг дугуй байхгүй байсан тул гэрээсээ гараад гэрийнхээ ойр орчим ул мөр хайхад гэрийн хойно манай гэрт байсан компьютерын процессор гадаа ил газар байсан. Тэгээд гэрийн хашаагаа харахад манай хашааны ертөнцийн зүгээр урд зүгт байх хашааны банз завсар гараад унах шахчихсан байсан. Мөн манай гэрийн хаалга, хана хоёр орчим байсан бүрээс зүсэгдсэн мэт харагдсан. Нөхөр бид хоёр урд талын айлыг дуудаад хэзээ манайд хулгай орсон талаар асуухад урд талын айлын эгч эмэгтэй сандраад манай хүү танайх руу орсон юм шиг байна гэж хэлсэн. Манай нөхөр манай хүүг танайх руу орж байхыг харсан байна гэх утгатай зүйл хэлсэн. Одоо манай компьютерын дэлгэц, кэйбоард, хүүхдийн дугуй байхгүй байна. Гэрийн компьютерын дэлгэц болон компьютерын кэйбоард нь хар өнгийн Dell брендийнх байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 14 дэх тал/

 Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "А.Н нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн бөгөөд тэрээр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд бага насаа өнгөрөөсөн. Манай гэр бүл А.Нг бага байхад нь буюу 5 настай байхад нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот руу нүүж очсон бөгөөд тэндээ А.Н 8 дугаар анги хүртлээ суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. А.Н 2014-2015 он орчим Улаанбаатар хотод орж ирж, надтай хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ орчим амьдардаг байж байгаад сүүлдээ тэрээр Алтантуяа гэх эмэгтэйтэй ханилж, тусдаа гарч 1 хүүхэдтэй болсон. ...Би хэрэг болох үед гэртээ байгаагүй, гадуур ажиллаж байхад над руу манай нөхөр Т залгаад “Н хойд талын айлын бүслүүрийг тастаад зогсож байна” гэх утгатай зүйл надад хэлэхээр нь би түүнд “цагдаад хэл” гэсэн. Өөр мэдэх зүйл байхгүй. Төмөрхуяг нь одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод хувиараа ажил хийж мөнгө олж байгаа. Т өөрөө А.Нг нарийн гудам орчмоос хараад надад хэлсэн гэсэн. Сүүлд гэртээ би А.Нг баригдсаны дараа манай гэрийн хаяанд байсан нүүрсний гялгар уутан дотор компьютерын дэлгэц, кэйбоард гарч ирсэн. Манай гэрт тийм эд зүйлс байдаггүй юм.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 17 дахь тал/

2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйлийг хүлээн авсан “...1 ширхэг компьютерын дэлгэц, 1 ширхэг кэйбоард хүлээн авсан.” гэх  тэмдэглэл,

/хавтаст хэргийн 18-20 дахь тал/

2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн “...1 ширхэг компьютерын дэлгэц, 1 ширхэг кэйбоард хүлээлгэн өгөв.” гэх тэмдэглэл,

/хавтаст хэргийн 21-22 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хавтаст хэргийн 29 дэх тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хавтаст хэргийн 28 дахь тал/

“ХААН” банкны дансны хуулга,

/хавтаст хэргийн 116 дахь тал/

“Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн БЗД2-22-1425 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 436.000₮.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Н нь холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Н мэдүүлэг, гэрч А.Хмэдүүлэг, гэрч Г. мэдүүлэг, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрч Г. 1 ширхэг компьютерийн дэлгэц, 1 ширхэг кейборд зэрэг эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрч А.Х 1 ширхэг компьютерийн дэлгэц, 1 ширхэг кейборд зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч А.Н нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд .. тоотод байрлах хохирогч Б.Н цоожтой байсан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтрэн орсон үйлдэл байх бөгөөд улмаар хохирогчийн гэрт байсан эд зүйлийг шунахайн сэдэлт бүхий ашиг олох зорилгоор өөрийн үйлдлийн нийгмийн аюулын хор шинж байдлыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид материалын хохирол учруулахыг урьдаас хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай үйлдэл байна. А.Нгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н учирсан 436.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй. Шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна.” гэх,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн “Миний үйлчлүүлэгч А.Н нь анх мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Гэм буруугаа үнэхээр чин санаанаасаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэг үйлдсэндээ харамсаж байгаагаа өмгөөлөгчдөө тайлбарлаж мэдэгдсэн. Тийм учраас өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

            Шүүгдэгч А.Н нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Б.Нямдоржийн монгол гэрийн бүслүүрийг тасалж, зүүн хатавчны ханыг хугалан хууль бусаар нэвтэрч “Делл” брэндийн суурин компьютер, унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 436.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” гэж тус тус зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 2.1 дэх заалтад “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч А.Н нь Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-8/, хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 7 дугаар сарын 14-ний 16 цагийн орчимд ... тоотод гэртээ иртэл гадаах хашааны хаалга онгорхой, гэрийн бүрээс, гялгар цаас хууларч хийссэн, зүүн хатавчны хана нь хаалганаас хөндийрч онгойсон, нэг нүд нь хугарсан, цоож нь хэвээрээ байсан. Гэрээ онгойлгоод ортол зүүн талын хатавчны унинууд доошоо газарт ханын толгойноос салж унасан, зүүн хойд хойморт байсан компьютерын шилэн ширээ урагш хөдөлж, тогны утаснууд бүгд салсан, Dell брэндийн компьютерын дэлгэц, гар, ширээний хажууд байсан 4 настай хүүгийн маань унадаг дугуй зэрэг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч А.Хмэдүүлэг /хх 14/, гэрч Г.Ө мэдүүлгүүд /хх 17/, 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тэд “Эд зүйл хүлээлгэн өгсөн, эд зүйл хүлээн авсан” гэх тэмдэглэл /хх 18-22/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн БЗД2-22-1425 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохирол нэхэмжилсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 221.000 төгрөгийг шүүгдэгч А.Н нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Б.Н “ХААН” банкны /хх116/ дансанд шилжүүлж хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогч Б.Нямдорж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “А.Н гуайн хохирол төлбөр болох нийт мөнгийг бүрэн хүлээн авсан, гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх /хх113/ хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэмтгэн 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Тус хэрэгт шүүгдэгч А.Н 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хойшлуулшгүйгээр баривчлагдаж, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг хорих ялд оруулан тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн “Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар 2 дахин багасгаж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн миний үйлчлүүлэгч нийт 99 хоног цагдан хоригдсон байх тул уг цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд орж тооцуулах саналтай байна. Мөн өмнө нь 2022 оны 02 сард тэнсэх ялтай байсан. Мөн тэнсэх ялыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 сар 25 хоногийг нэмж нэгтгүүлээд нийт 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Нд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Н нь бусдад төлөх төлбөргүй, урьд 99 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.                         

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор А.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Нгийн урьд цагдан хоригдсон нийт 99 /ерэн ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                   

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ