Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1674

 

    2022        11          11                                 2022/ШЦТ/1674     

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Д.Ч,

хохирогч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чт холбогдох эрүүгийн 2206 00000 2901 дүгээр хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Ч нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа Б.Мтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа мөргөж, хамрын нурууны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Болсон явдал болохоор хохирогчийн өгсөн мэдүүлгээс шал өөр байна. Тухайн үед сагсан бөмбөг тоглож байхад эсрэг баг алдаа ихтэй тоглоод байсан юм. Тэгэхээр нь би “зүгээр аятайхан тоглоё залуусаа” гэж хэлсэн. Тэрийг Хаш-Эрдэнэ, Зоригт хоёр мэдэж байгаа. Эхлээд Б.М миний толгой руу тохойлдсон юм. Үүнээс болж маргалдаан үүсэн хоорондоо барьцалдаж авсан. Зууралдаж байгаад би хохирогчийн хамар луу нэг удаа мөргөсөн. Нэг хормын уураа тэвчээгүйгээс болсон.” гэв.

Хохирогч Б.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 127 дугаар сургуулийн зааланд заал авч байсан. Тухайн үед гурвын эсрэг гурав сагсан бөмбөгийн тоглоом багаараа тоглож байсан юм. Ямар ч байсан алдаатай тоглосон гэдэг нь үнэн байх. Гэхдээ би албаар тохойлдоогүй. Тоглолт дунд болсон зүйл юм. Тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн.  Тэгээд бид хоёр барьцалдаж байгаад шүүгдэгч намайг гэнэт мөргөсөн. Тэгээд миний хамраас цус гарч, миний хамар тэр дороо хавдсан. Тэгээд би Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлсэн боловч хамар хугарчихсан байна гэсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлгээс 1 дүгээр эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд 1 дүгээр эмнэлэгт очиж цаг аван үзүүлэх гэтэл 13 хоногийн дараа цаг авах байсан учраас цаг авч чадаагүй. Тэгээд рентгенээр хараад ямар ч байсан хугарсан байсан. Уг нь бол 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс гарахдаа би шүүгдэгчийн ахад “эмчилгээний төлбөр гарсан байна, энэ төлбөрийг төлөөд өгчих” гэж хэлсэн.  Шүүгдэгчийн ахыг нь манай найзууд таньдаг юм. Тэгээд ах нь “төлж өгнө” гэчхээд эмнэлэгт үзүүлсний дараа утас руу нь залгахад авахгүй байсан. Тухайн үед эмнэлгээс 14 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд цагдаагийн газар очих хүртэл орой 17 цаг хүртэл залгасан юм. Ерөөсөө авахгүй байсан юм. Тэгээд дахиж холбогдоогүй. Тэгээд цагдаад гомдол гаргаж өгсөн.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хавтаст хэргийн 2 дахь тал/

Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний орой 22 цагаас оройн 00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд найз нарын хамт заал авч тоглосон. Тэнд нийт 12-13-уулаа хамт заал авсан, зарим хүмүүсийг нь танина, зарим хүмүүсийг нь танихгүй, найзын найзууд гээд маш олуулаа байсан. Тэгтэл Ганзориг гээд нэг зүс таних залуугийн дүү Д.Ч гээд залуутай би хоёр өөр багт тоглож байгаад бөмбөг булаацалдаад хоорондоо маргалдсан, тэгтэл тэр Д.Ч гээд залуу нь миний нүүр рүү шууд духаараа намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 5 дахь тал/

Гэрч Ө.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн спорт зааланд Сагсан бөмбөг 22 цагаас 00 цагийн хооронд тоглож эхэлсэн. Би тухайн үед Д.Ч, Энх-Амгалан нартай нэг баг болоод манай багийн эсрэг Хаш Эрдэнэ, Зоригоо болон анх удаагаа ирж байгаа үл таних залуу нар тоглож эхэлсэн. Ингээд тоглож байсан чинь талбайн голоос би бөмбөг гаргаж байсан чинь энэ үед манай ангийн Д.Ч нь эсрэг багийн үл таних залуутай маргалдаж эхэлсэн чинь удалгүй бие биеийнхээ хувцаснаас заамдаж авсан, энэ үед ойр орчим байсан хүмүүс салгаж эхэлсэн. Үүний дараа би нөгөө үл таних залууг харсан чинь хамраас нь цус гараад байсан тул угаалгын өрөө рүү яваад удалгүй буцаж ирээд хамар нь хугарсан юм шиг байна гэж ярьж байгаад эмнэлэг явсан. Би тэр үед юу болсон талаар Д.Чоос асуусан чинь надад нөгөө үл таних залуутай маргалдаад нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөчихсөн юм гэж хэлсэн. ...Анх миний анзаарахад нүүрнээс нь лав цус гараагүй байсан. Тэгээд Д.Чтой маргасны дараа харсан чинь хамраас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 10-11 дэх тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 12130 дугаар:

“1. Б.Мод хамрын нурууны хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

4. Дээрх гэмтэл нь нэг хоногийн өмнө үүссэн байна.

5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт,

/хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг болно.

          

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

         

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “Шүүгдэгч Д.Ч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа Б.Мтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь 1 удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй боловч цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч Д.Ч нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа Б.Мтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа мөргөж, хамрын нурууны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 9 дүгээр сарын 01-ний орой 22 цагаас оройн 00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны хажууд байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд найз нарын хамт заал авч тоглосон. Тэнд нийт 12-13-уулаа хамт заал авсан, зарим хүмүүсийг нь танина, зарим хүмүүсийг нь танихгүй, найзын найзууд гээд маш олуулаа байсан. Тэгтэл Ганзориг гээд нэг зүс таних залуугийн дүү Д.Ч гээд залуутай би хоёр өөр багт тоглож байгаад бөмбөг булаацалдаад хоорондоо маргалдсан, тэгтэл тэр Д.Ч гээд залуу нь миний нүүр рүү шууд духаараа намайг мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх 5/, гэрч Ө.Тэмүүлэнгийн мэдүүлэг /хх 10/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 12130 дугаар дүгнэлт /хх 12-13/ болон бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ч нь хохирогч Б.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

Д.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

     

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Чийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.М гэм хорын хохирлоо нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд “Томографын зураг 120.000 төгрөгөөр авхуулсан.” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 120.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох  нь хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие Бат-Очир овогтой Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цаг 08 минутад хамрын зураг авхуулсан 120.000 төгрөгөө 5005887499 тоот дансандаа авсан нь үнэн болно.” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.М цаашид гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна.  Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл үргэлжлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргасан.

           Шүүгдэгч Д.Чт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Д.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа, хохирлоо төлсөн хувийн байдал зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх...” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Чт  оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

         

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 120.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Д.Чт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

            4. Хохирогч Б.М нь цаашид гарах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Д.Чоос жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэм хорын хохиролд 120.000 төгрөг хохирогчид төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                            

                               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ