Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1440

 

 

 

 

 

 

 

 

 

    2022          11          23                                    2022/ШЦТ/1440

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022.11.17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                               

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1968 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа манаач хийдэг гэх, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Нарангийн гол 00-00а тоотод оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Сартуул овогт Огийн М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойтын 00-0 тоот нийтийн байранд оршин суух хохирогч Б.Огийн коридорт угаагаад тавьсан байсан жинсэн өмд, биеийн тамирын өмд, малгайтай цамц, ноосон цамц, подволк, дан цамц зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 385000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Б.Огийн “2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 96-2 тоотод байх нийтийн байрны коридорт өөрийн угаасан хувцсаа хатаах гэж тавиад хонуулсан ба 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 07 цаг өнгөрч байхад угаасан хувцсаа оруулах гээд гарахад миний хатаасан хувцас хулгайд алдагдсан байхаар нь дэлгүүр ажиллуулдаг Ганбаатарт хэлээд хяналтын камер шүүлгэхэд, 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 06 цагийн үед гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд, миний хатаасан хувцсыг аваад гарч байгаа бичигдсэн байсан. Тэгээд тухайн хүнийг Ганбаатар таньж байсан бөгөөд М гээд урд талын гудамжинд амьдардаг гэхээр нь би Ганбаатар ахын хамт гэрт нь очиход нэг эмэгтэй байсан ба Ганбаатарт Хархорин зах руу өглөө эрт гараад явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /х.х-23-24/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.08.29-ний өдрийн 1569 дугаартай “6 нэр төрлийн хувцсыг нийт 385000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /х.х-30-31/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн “Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 96-2 тоотод байрлах нийтийн байрны дотор талд байрлалтай камерын бичлэгийг шүүж үзэхэд тус бичлэг нь нийтийн байрны үүдний хэсгээс коридорын хэсгийг харуулсан байв. Хяналтын камерын цагаар 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 06 цаг 05 минут 02 секундэд хар хөх өнгийн малгай, цэнхэр малгайтай цамц, хар өнгийн куртик, ногоон десант өнгийн өмдтэй эрэгтэй хүн орж ирж байгаа, бичлэгийн 06 цаг 05 минут 32 секундэд хувцас хатаагч дээр байрлах хувцаснуудыг аваад, 06 цаг 06 минут 02 секундэд гарч явж байгаа нь бичигдсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-17-18/,

- Яллагдагч *******ын “Би гэм буруугаа хүлээж байна надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-40/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.Огийн коридорт тавьсан байсан хувцаснуудыг хулгайлан авч явсны улмаас бусдад 385000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Б.Огийн мэдүүлэг /х.х-23-24/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-17-18/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /х.х-30-31/, *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгө..д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 4.3-т “хохирлын хэмжээг дор дурьдсанаар ойлгоно: ”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч *******ын шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан баримтаар хангалтай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Од мөнгөн дүнгээр 385000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.О нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга, журмаар арилгахыг *******аас шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч ******* нь Б.Огийн хувцасны мөнгө болох 385000 төгрөгийг дансаар шилжүүлэн хүлээлгэж өгсөн болох нь хохирогчийн хүсэлт /х.х-113/, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, түүнд хийсэн “хохирол төлбөрт 385000 төгрөг дансаар хүлээж авсан. гомдол саналгүй” гэх тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хор бүрэн арилсан байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өнөөдрийн байдлаар ******* нь бусдад төлбөргүй болсон байна.

Шүүгдэгч ******* нь урьд 7 удаа шүүхээр шийтгүүлж байсан болох нь

- Улаанбаатар гаранзоны шүүхийн 1989 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 134 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 278 дугаар зүйлийн 278.2, 278 дугаар зүйлийн 278.3, 153 дугаар зүйлийн 153.3 дах хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,

- Ажилчдын районы шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 хоног хорих ялаар шийтгүүлж 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Орхон аймгийн шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 60 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 173 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 23 хоног хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар хувь зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 470000 төгрөгөөр торгох ялыг 2019.04.23-ны өдөр эдэлж дуусгасан ба өөр ялын тооцоо байхгүй тул түүний урьд ял шийтгүүлсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулж хохирогчийг гомдолгүй болгосон, бусдад төлөх төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.О нь “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт Огийн Мыг бусдын эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус заасныг баримтлан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогчид 385000 төгрөг шилжүүлэн өгсөн ба бусдад төлөх төлбөргүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Огийн иргэний нэхэмжлэл бүрэн хангагдсан үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, мөн шүүхээс хэрэглэсэн  үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулна гэдгийг *******д мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг *******д холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ