Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/909

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Нэргүй,

Улсын яллагч Ц.Майбаяр, /томилолтоор/

Өсвөр насны шүүгдэгч Б.М,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Оргил,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2211 01257 1453 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 Монгол Улсын иргэн, Б.М, 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 өвөө эмээ ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын ..тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Отэй маргалдаж түүнийг гараараа цохих, хазах зэргээр түүний биед зүүн зовхи, хацар, хамрын нуруу, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, бүсэлхий, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Моос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Өсвөр насны шүүгдэгч Б.Моос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд  байх манай найзын гэрт очих гээд явж байсан юм. Тэгээд өглөөний 07 цагийн үед 07 буудлын CU-гээс 0,5 литрийн сэнгүүн нэртэй пиво аваад гадаа ганцаараа уусан. Тэгээд манай найз Ганбатын гэрлүү ороход О, Оюун-Эрдэний найз Хонгорзул нар байсан. Өмнө нь би найз охинтойгоо маргалдсан байсан болохоор гэрлүүгээ авч явах гээд “чи айлд юу хийж байгаа юм бэ” гэтэл “явахгүй” гээд байсан. Энэ асуудлаас болоод маргаан үүсээд Оюун-Эрдэний зүүн шанаа руу гараа атгаж байгаад цохьсон чинь О миний үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би Оюун-Эрдэний гарных нь шуу хэсгээс шүдээрээ хазчихсан чинь тавьсан..” гэсэн мэдүүлэг /хх-49-50/,

Хохирогч Д.Оэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... 2022 оны 02 дугаар сараас эхлээд М бид хоёр манай гэрт хамтран амьдарч эхэлсэн. М нь хамтран амьдарч эхэлснээсээ хойш намайг бусадтай хардаад шалихгүй хэрүүл надтай хийгээд төвөгтэй болсон учраас Мд хандаж би салах тухайгаа хэлтэл М надаас салахаар манай гэрээс хувцас хунараа аваад яваад өгсөн. Тэгээд би бодохдоо манай гэрт дахиад хүрээд ирж магадгүй гэж бодоод өөрийн найз болох Хонгорзулын гэрт нь хэд хоног амьдрахаар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очсон. Ингээд өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 5-ны өдрийн өглөө үүрээр 04 цагийн үед М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн бага зэргийн согтолттой Хонгорзулын гэрт хүрч ирээд Хонгорзул бид 2-ыг унтаж байхад гэр лүү шууд орж ирээд намайг дуудахаар нь би боссон юмаа. Гэтэл М “чи айлд юу хийж байгаа юм бэ? гэр оронгүй хүн бишдээ гэр лүүгээ харья” гэж хэлэхээр нь би “гэр лүүгээ харихгүй” гээд эсэргүүцтэл миний гараас бариад намайг дагуулаад гарах гээд байхаар нь би Мыг өөрөөсөө холдуулах гэж түлхтэл М уурлаад миний үснээс зулгаагаад миний цамцны захаас заамдаж аваад намайг газарт унагаагаад миний зүүн талын хацар луу гараараа 2 удаа цохиод миний толгойны зүүн талын орой хэсэгт Мөнх- Оргил хазаад дараа нь миний баруун гарын бугуй хэсгээс хазчихаад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-9-10/,

 

Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би тухайн өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүрэгт байх гэртээ байхад манай дүү О залгаад “манай найз залуу намайг зодчихлоо” гэхээр нь би гэрээсээ гараад Чингэлтэй дүүрэгт байх 7 буудлын ойролцоох нэг хашаанд очиход тухайн хашаан дотор манай дүү О, дүүгийн найз залуу М гэдэг хүн, бас эмэгтэй хүүхэд байсан...” гэх мэдүүлэг/хх-17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Х 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9558 дугаартай дүгнэлтэд: “..Д.О-ийн биед зүүн зовхи, хацар, хамрын нуруу, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, бүсэлхий, хэвлийд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй..” гэсэн дүгнэлт /хх-21-22/, Өсвөр насны шүүгдэгч Б.Мын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Од учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь хохирогч Д.Отэй маргалдаж улмаар түүнийг гараараа цохих, хазах зэргээр түүний биед зүүн зовхи, хацар, хамрын нуруу, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун шуу, бүсэлхий, хэвлийд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өсвөр насны шүүгдэгч Б.Моос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Мд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.О нь гомдол санал, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч М.Баярмагнайг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мыг 150 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Өсвөр насны шүүгдэгч Б.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР