| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0593/Э |
| Дугаар | 943 |
| Огноо | 2019-09-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 943
2019 09 17 2019/ДШМ/943
Х.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Х.О-, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.О-, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Х.О-т холбогдох 1809030340442 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Х-ын О, Улаанбаатар хотод 1999 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7; эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 391 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000000/
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.
Х.О- нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны гадна хохирогч П.Э-гийн түрийвчтэй бэлэн 475,000 төгрөг, карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 501,800 төгрөг хохирол учруулсан,
2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны 901-6 тоотод үйл ажиллагаа явуулдаг иргэн Е.Оюунчимэгийн хүнсний дэлгүүрийн төмөр хаалтыг хөрөөдөн эвдэж, цонхоор нэвтрэ орж 214,000 төгрөг авсан,
2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-391 тоотод оршин суух П.Гомбодоржийн гээгдүүлсэн түлхүүрээр гэрт нь нэвтэрч “Acer” загварын зөөврийн компьютерыг авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Х.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлйин 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-аас нийт 689,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Е.Оюунчимэгт 214,000 төгрөг, хохирогч П.Э-д 475,000 төгрөг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмрийн хөрөө 2 ширхэгийг устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна ...” гэв.
Шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Б.Чулуунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Х.О- нь хулгайн үйлдлийг өсвөр насандаа үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед илрээгүй 3 үйлдэл юм. Тэрээр бусадтай бүлэглэн үйлдсэн урьдах үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн шүүхээр 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 2 жил 1 сарын хугацаагаар шийтгүүлүүлсэн боловч гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг хойшлуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр Х.О- нь хэзээ хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байхад “...уг ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож ...” гэж дүгнэн хэргийг шийдвэрлэлээ. Х.О- нь шүүхээс оногдуулсан ялыг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Х.О- нь 2018 оны 6 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 501,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн. Гэвч 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсны дараа урьд үйлдсэн гэмт хэрэг нь илэрсэн. Эдгээр гэмт хэргүүдийг өмнөх ял шийтгүүлсэн хэрэгт нь нэгтгэн шалгахад хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах саналтай байна. Учир нь, анхан шатны шүүх дүгнэхдээ 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байх тул гэсэн нь буруу болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн нь үүрэг болгосон заалт биш. Хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Х.О- нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бусадтай бүлэглэн Б.Анхцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч “Samsung galaxy S-5” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
Мөн тэрээр 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр П.Э-гийн түрийвчтэй мөнгийг хулгайлсан, 2018 оны 6 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Е.Оюунчимэгийн хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 214,000 төгрөг хулгайлсан, 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр П.Гомбодоржийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Acer” загварын зөөврийн компьютер хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сар хорих ял эдлэхээр болжээ.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.О-ын холбогдсон хулгайлах гэмт хэргүүд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн байхад анхан шатны шүүх “... шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн ...” гэж илт үндэслэл муутай дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Х.О-ын холбогдсон гэмт хэргүүдэд тус тусад нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхээр шийдвэрлүүлсний улмаас хорих ял оногдуулсан тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 810 дугаар шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүрдээгүй үед биелэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгэжээ.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдээгүй, харин мөрдөн шалгах ажиллагааг тус тусад явуулснаас хорих ял биелүүлэхийг хойшлуулсан шийдвэр үр нөлөө, ач холбогдолгүй болсон байна.
Иймд шүүгдэгч Х.О-т холбогдох гэмт хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.О-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.О-т холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Х.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН